Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00950

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 06 өдөр Дуга 210/МА2024/00950

 

 

Л ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 07-ны өдрийн 102/ШШ2024/00735 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.М д холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 150,941,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаяр, Г.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Л ХХК болон С.М нарын хооронд 2019 оны 07 сарын 26-ны өдөр 19/17, 19/18, 19/19 дугаартай, нийт 756,772,000 төгрөгийн үнэ бүхий Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд 120,000,000 төгрөгийг бэлнээр, хххх хотхоны 82,15 м.кв талбай бүхий 4 өрөө байрыг 197,160,000 төгрөг, ххх хотхоны 72,2 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 140,790,000 төгрөг, нийт 457,950,000 төгрөгийн төлбөрийг төлсөн.

1.2. Тооцоог 2020 оны 02 сарын 17-ны өдөр болон 2022 оны 03 сарын 07-ны өдөр хийсэн, тооцооны 3 дахь хэсэгт энэ талаар тусгасан. 2019 оны 07 сарын 26-ны өдрийн 19/17, 19/18, 19/19 дугаар Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний зүйл болох 7 орон сууцны 1 орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Л ХХК-ийн нэр дээр гаргуулсан ба бусад 6 орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу хураан авсан.

1.3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 102/ШЗ2021/08658 дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар 7 орон сууцыг худалдан борлуулах шийдвэр гарсан байсан. Эндээс үзвэл С.М болон Л ХХК-ийн хооронд Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө манай компанийн худалдан авсан 7 орон сууц нь барьцаалагчийн эрхээр хязгаарлагдсан, эрхийн доголдолтой хөрөнгө байсан.

1.4. С.М нь А ХХК-аас 2017 оны 09 сарын 20-ны өдөр ЗГ09192017 тоот Зээлийн гэрээ, БГ09192017 тоот Барьцааны гэрээгээр 350,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж, хххх тоотод байрлах, 4185 м.кв бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгыг бүхэлд нь барьцаалсан байна. Уг барилга нь манай компанийн худалдан авсан 7 орон сууцны барилга юм.

1.5. С.М тай байгуулсан гэрээний 2.5 дахь хэсэгт зааснаар Энэхүү гэрээг байгуулахдаа худалдаж байгаа эд хөрөнгийн талаар хөлслөгч, барьцаалагч, түрээслэгч зэрэг гуравдагч этгээд байхгүй болохыг гэрээний энэхүү заалтаар баталгаажуулсан гэх боловч эрхийн доголдолтой үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан нь манай компанийн эрх ашгийг ноцтой зөрчөөд зогсохгүй, гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах боломжгүй болсон.

1.6. Иймд гэрээнээс татгалзаж, иргэн С.М тай байгуулсан гэрээгээр шилжүүлсэн бүх зүйлээ буцаан гаргуулах, гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдсэн үүргийн зөрчил, хохирлоо шаардаж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний хувьд худалдан авагч тал болох Л ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний төлбөрт мөнгөн дүнгээр 457,950,000 төгрөгийн төлбөр төлсөн. Үүнээс 150,941,500 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж С.М гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Л ХХК-тай нийт 488,24 м.кв талбайтай 7 ширхэг 2-3 өрөө орон сууцыг арматурын төмрөөр солих гэрээг байгуулж эхний нэг орон сууц болох хххх тоот орон сууцыг өмчлөх гэрчилгээг гаргаж өгсөн.

2.2. Гэвч Л ХХК нь бараа материал нийлүүлээгүй бөгөөд надад 457,950,000 төгрөгийг надад төлөөгүй. хххххх хотхоны 82,15 м.кв 4 өрөө орон сууц нь Л ХХК бас арматур нийлүүлэхээр тохирч авсан боловч нэг ч тонн төмөр аваагүй учир цуцлагдсан.

2.3. Мөн 2019 оны 09 сард нийт 64,000,000 төгрөгийн үнэлгээтэй 2 автомашин авснаа дурдаагүй байна. Л ХХК-аас болж миний бие А ХХК-д үлэмж хэмжээний хүү алдангийг төлөхөөр болж үүнийг зогсоохын тулд 2021 оны 06 сард эвлэрлийн гэрээ байгуулахаас өөр аргагүй байсан.

2.4. Энэ талаар Л ХХК-д тухай бүрт мэдэгдэж байсан боловч сүүлдээ надтай холбогддог хүн байхгүй болсон. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.О нь тухайн үед Л ХХК-д ажиллаж байсан, бүгдийг мэдэж байгаа. Нэхэмжлэгчээс 5,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг миний дансанд орж байгаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.М гаас 150,941,500/нэг зуун тавин сая есөн зуун дөчин нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулыг хүссэн Л ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 912,657 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. С.М болон Л ХХК-ийн хооронд байгуулагдсан № 19/17, 19/18, 19/19 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-ний төлбөрт нь Л ХХК-аас арматур төмөр нийлүүлэх агуулгатай байсан. Арматур төмрийг компанийн зүгээс нийлүүлэх боломжгүй болсон тул талууд гэрээний агуулгыг өөрчилж, гэрээнд заасан 7 орон сууцыг авдгаараа авч, харин эдгээр 7 орон сууцны үнийг төлөхөөр тохиролцож гэрээнд өөрчлөлт орсон. Энэ талаар С.М болон нэхэмжлэгч талаас маргаагүй.

4.2. Анхан шатны шүүх үндэслэлийн 2.3 дахь хэсэгтээ ... Харин Л ХХК нь С.Л тэй № 19/17, 19/18, 19/19 тоот гэрээг байгуулаагүйгээс гадна, түүний зээлсэн 120,000,000 төгрөгийг хариуцаж төлөхөөр үүрэг хүлээсэн Л ХХК нь С.М гаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэж дүгнэлээ. Түүнчлэн С.Л гийн зээлсэн гэх 120,000,000 төгрөгийг С.М д бэлнээр шилжүүлсэн нь баримтаар тогтоогдоогүй байна. Гэрч Н.Н ...2019 онд компанид ороход нэлээн өртэй, С.Л , н.У , С.М нарт өртэй, мөнгөө нэхээд байсан, С.Л гийн нэр дээр зээлийг гаргуулж, мөнгийг шилжүүлсэн, н.У д хххх байрлалтай 72.2 м.кв байрыг, С.М Яармагт байрлалтай 3 өрөө байрыг авсан... гэж мэдүүлсэн байх ба үүнээс дүгнэвэл, 120,000,000 төгрөгийг С.М д шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор нэхэмжлэгчээс хангалттай тодорхой нотлох баримтуудыг гаргаж өгсөөр байтал үндэслэлдээ үүний талаар дурдаагүй, дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн.

4.3. 2020 оны 02 сарын 14-ний өдөр Н.Гхххх болон С.Л нарын хооронд Зээлийн гэрээ, тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулагдсан. Энэхүү зээлийн гэрээгээр С.Л нь Н.Гхххх оос 120,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлсэн байх бөгөөд барьцаанд ххххх дахь таун хаусыг барьцаалсан. Энэхүү зээлийн эргэн төлөлтийг Л ХХК бүрэн хариуцахаар болж 2020 оны 02 сарын 13-ны өдөр, С.Л болон Л ХХК нарын хооронд Баталгааны гэрээ байгуулагдсан.

Өөрөөр хэлбэл С.Л болон С.М нар нь ашиг сонирхол нэг этгээдүүд бөгөөд дээрх зээлийн гэрээний үнэ болох 120,000,000 төгрөгийг С.М нь № 19/17, 19/18, 19/19 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-ний төлбөрт авсан байдаг.

4.4. Мөн дээрх нөхцөл байдал нь тухайн үед Л ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Н ийн гэрчийн мэдүүлэг болон С.М гийн Л ХХК-д 2020 оны 01 сарын 30-ны өдөр ирүүлсэн хүсэлт, хавтаст хэргийн 18 дугаар хуудсанд авагдсан С.М үйлдэж, гарын үсгээ зурсан тооцоо нийлсэн акт зэргээр нотлогдоно.

4.5. Мөн шүүгч нэхэмжлэлийн энэ хэсгийг үндэслэх хэсгийнхээ 2.4-т дүгнэхдээ Г.П нь 2021 оны 11 сарын 15-ны өдөр Д.Б тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хххх тоот, 72.2 м.кв 2 өрөө сууцыг 40,000,000 төгрөгөөр худалдан авсан, 2022 оны 02 сарын 21-ний өдөр Г.П нь Ц.О т энэ сууцыг 50,000,000 төгрөгөөр худалджээ. Гэрч Г.П мэдүүлэхдээ ... Л ХХК С.М д өртэй байсан, Г.О утсыг нь блоклосон байсан, тодорхой хэмжээний төлбөр төлөх ёстой гэж би хэлсэн. Л ХХК өөр хүнээс орж ирсэн байрыг С.М д шилжүүлсэн, түүний нэр заасан хүн рүү төлбөрт тооцож шилжүүлсэн гэжээ. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэвэл, Л ХХК нь С.М д төлбөртэй байсан, төлбөрт тооцож эд зүйл шилжүүлсэн нь түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь огтоос үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

4.6. ххх хотхоны 72.2 м.кв 2 өрөө байр нь анх Г ХХК-ийн өмчлөлд байсан бөгөөд Г ХХК болон Т ХХК-ийн хоорондын хэлцлийн үндсэнд байрны өмчлөх эрх Т ХХК-д шилжсэн. Үүний дараагаар тус 72,2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Т ХХК-аас Л ХХК-д шилжүүлэхээр талууд харилцан тохиролцож төлбөрийн баримт үүсгэсэн ба Л ХХК-ийг төлөөлж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг тухайн үед компанийн хуульчаар ажиллаж байсан Г.П ын нэр дээр шилжүүлсэн Дээрх төлбөрийн баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн.

Өөрөөр хэлбэл ххх хотхоны 72.2 м.кв 2 өрөө байр нь Л ХХК-ийн өмч хөрөнгө байсан.

4.7. Дээрх байрыг Л ХХК-аас С.М д Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-ний төлбөрт бодон өмчлөх эрхийг шилжүүлсэн. Ингэхдээ манай компаниас С.М гийн нэр заасан хүн болох Ц гийн О т 2022 оны 02 сарын 21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах. худалдан авах гэрээ-ний дагуу шилжүүлсэн. Энэхүү нөхцөл байдал нь гэрч Г.П ын мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримт болох 2022 оны 03 сарын 07-ны өдрийн Л ХХК, С.М нарын тооцоо нийлсэн актын 3 дахь хэсгээр нотлогдоно.

4.8. Л ХХК-аас С.М д 2019 оны 12 сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 10 сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр буюу С.М гийн данс руу шилжүүлсэн байдаг. Энэ нь 2020 оны 08 сарын 06-ны өдөр болон 2020 оны 09 сарын 18-ны өдрүүдэд С.М гаас Л ХХК-д ирүүлж байсан мэдэгдэл, 2020 оны 02 сарын 17-ны өдөр болон 2022 оны 03 сарын 07-ны өдрийн тооцоо нийлсэн актуудаар нотлогддог.

4.9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэслэлээ нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Гэтэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан, татгалзсан талаар нэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй.

Түүнчлэн, 2023 оны 11 сарын 09-ний өдрийн 102/ТМ2023/06366 дугаартай Л ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, гуравдагч этгээдээр С.М , А ХХК-ийн оролцсон шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтын шаардлага хангах байдлаар шүүхэд нотлох баримт болгон өгсөн. Тус шүүх хуралдааны тэмдэглэлээр С.М нь Л ХХК-д төлбөр төлөх ёстой талаар мэдүүлсэн байдаг бөгөөд энэ талаар шүүгч нэг ч дүгнэлт хийгээгүй.

4.10. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэгт заасны дагуу С.Л гээс орон сууцыг хэрхэн бэлэн мөнгөөр авсныг нь тодруулж гэрчээр асуух хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч хэрэгт хамааралгүй гэх байдлаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ С.Л гээс нэхэмжлэх ёстой гэх байдлаар дүгнэлт гаргасан. Уг дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл байна.

Иймд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 07-ны өдрийн 102/ШШ2024/00735 дугаартай шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Л ХХК нь хариуцагч С.М д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 150,941,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодруулаагүй, хэргийн оролцогчдын хэрэгт ач холбогдолтой хүсэлтийг хангаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй.

 

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан С.Л г гэрчээр асуулгах тухай хүсэлтийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 сарын 24-ний өдрийн 102/ШЗ2024/02184 дугаар захирамжаар хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй. /хх-139,144-145/

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт С.Л тэй холбоотой дүгнэлтийг хийсэн атлаа С.Л гийн гэрчийн мэдүүлэг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж татгалзсан нь үндэслэл муутай болжээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

 

3.2. Мөн нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн 2020 оны 02 сарын 17-ны өдрийн тооцоо нийлсэн акт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй талаар зохигч талуудад тайлбарлах нь талуудын зарчимд харшлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

4. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 07-ны өдрийн 102/ШШ2024/00735 шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 912,657 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР