| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0070/Э |
| Дугаар | 0081 |
| Огноо | 2019-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 0081
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Ц.И
Насанд хүрээгүй хохирогч С.Х
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С
Шүүгдэгч С.Б
Өсвөр насны шүүгдэгч Б.Д, Б.М
Өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч Б.Б, Б.Э
Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.О, Д.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б, Б.Д, Б.Мр нарт холбогдох эрүүгийн 1925000020044 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, С.Б
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Д
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч С.Б өсвөр насны шүүгдэгч Б.Д, Б.М нар нь бүлэглэн 2018 оны 12 сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘Эврика” барилгын материалын дэлгүүрийн урд насанд хүрээгүй С.Хатанбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр бид нар ангийнхантай нийлсэн. Ингээд нийлдэг найзуудаараа нийлээд байхад Б.Дашдорж гараад явсан. Тэгээд бид гурав буцаж гарч нөгөө хэдтэйгээ нийлээд эвээр учраа олох гээд байж байтал гэнэт цохилцож зодолдсон. Тэгээд хүрээд ир гээд дуудахаар нь араас нь очсон.Тэгээд очтол С.Хатанбаатар ганцаараа зугтахаар нь араас нь гүйгээд барьж авсан. Нэг нэг цохиж өшиглөсөн. Тэгээд найзууд дээр нь очье гээд авч явсан. Хатанбаатарыг зодсон үйлдлээ хүлээн зөвөшөөрч байна. Би куртикыг нь урсан нь үнэн. Хохирол 100.000 төгрөг төлсөн. Хохиролд 40 гаран мянган төгрөг дутуу байгаа. Дахин ийм асуудал гаргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
-Өсвөр насны шүүгдэгч Б.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 12 сарын 21-ний өдөр С.Хатанбаатарын биед гэмтэл учруулсанаа хүлээж байна. Уучлалт гуйж байна. Мөнхтамир бид хоёр зогсож байхад Хатанбаатар болон түүний найзууд ирээд зодсон. Юунаас болсныг сайн мэдэхгүй. Хохиролд 100.000 төгрөг төлсөн. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Бага ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,
-Өсвөр насны шүүгдэгч Б.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр бид нар ангиараа гарч вара вараа гэх газар караокед орсон. Ингээд манай ангийнхан тарж өмнө нийлдэг байсан найзуудаараа юм ярих гээд үлдээд сууж байсан. Манай ангийн Анхболор охин Ваня гэх бандийг өөрийгөө ирээд авчих гэсэн. Тэгэхээр бид нар хүргээд өгчихье хүн дуудаж яах гэсэн юм гэж хэлсэн. Удалгүй би 00 орох гээд гартал нөгөө хэд ирж байсан. Ингээд би Доржоог дуудаад тамхилсан. Тэгээд байж байтал 2 банди ирээд Доржоог учир зүггүй цохиод байсан. Тэгээд би очоод салгатал С.Хатанбаатар намайг цохихоор нь би зөрүүлээд цохисон. Манай ангийнхан бүгд гарч ирж араас нь очиж зодолдсон. Манай ангийн охидууд салгаад байж байтал байрны булан дахь шороон дээр гарч ирээд одоо үзэлцье хүрээд ир гээд байхаар нь бид гурав араас нь хоёр машин аваад явсан. Тэгээд хөлбөмбөгийн талбайн тийшээ бид гурав С.Хатанбаатрын араас явж зодсон. Хохиролд 100.000 төгрөг төлсөн. Одоо хохирогчийг эрүүл саруул явж байгаад баярлаж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна. Цаашдаа найзууд явцгаая гэж хэлмээр байна гэсэн мэдүүлэг,
-Насанд хүрээгүй хохирогч С.Х-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид 2018 оны 12 сарын 21-ний өдөр хичээл амарсан гээд орой нь ангиараа “Орших” кино театрт кино үзсэн. Ингээд 6-7 цагийн үед багшийн байрны урдуур гараад явж байтал Ванягийн хамаатны охин намайг хүрч ирээд аваадах гэж Ваня руу залгасан байсан. Тухайн үед Ваня руу залгахад юу болсон талаар нь мэдээгүй. Тэгээд Ваняг нэг хүүхэд дээрэлхсэн байсан. Би болон Даваа-Эрдэнэ бид хоёр очиж юм юм ярих гэж байтал Даваа-Эрдэнэ нэг бандийг цохиод авсан. Тэгээд би нөгөө банди руугаа эргээд хартал нөгөө банди намайг цохихоор нь би эргээгээд цохисон. Тэгээд цаашаа “Жүр үр” бэйкеригийн ард цэцэрлэгийн урд явж байтал өөрсдөө хүрч ирж Ваняг өшиглөсөн. Өшиглөөд цаашаа явж байгаад өндөр шар банди нь намайг 2-3 удаа цохисон. Тэгээд би цаашаа “Эврика” барилгын дэлгүүрийн тийшээ буюу хөл бөмбөгийн талбайн тийшээ явж байтал ирж намайг цохисон. Одоо орой унтаж байхад зүүн талын хөмсөгний дээд талд өвддөг. Хамар өвдөж байгаа. Шүүгдэгч нараас эмчилгээний зардлаа гаргуулмаар байна. Эмчилгээний зардал 1.200.000 төгрөг болсон. 3 сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод очиж эмчлүүлнэ. Шүүгдэгч нар 300.000 төгрөгийг өгсөн. Дэнж багийн 3 байрны тэнд байдаг аптекаас 200 гаруй мянган төгрөгийг эм авсан. Уг баримтыг хаясан учраас шүүх хуралдаанд авчраагүй гэсэн мэдүүлэг,
-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Сүхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирол 1.200.000 төгрөг болсон. Үүнээс 300.000 төгрөгийг өгсөн Үлдэгдлийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,
-Өсвөр насны шүүгдэгч Б.Д-н хууль ёсны төлөөлөгч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хүүхэд маань гэмшиж байгаа. Хохирлыг нь төлнө. Гол нь нотлох баримттай байх хэрэгтэй гэсэн мэдүүлэг,
-Өсвөр насны шүүгдэгч Б.М-н хууль ёсны төлөөлөгч Б.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирлыг барагдуулна гэсэн мэдүүлэг,
-Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Хатанбаатарыг байхгүй болохоор нь буцаж очтол Эврика барилгын материалын хажуу талд байрлах хаалганы дотор талд Хатанбаатарыг 10 гаруй хүүхэд тойрчихсон тал талаас нь цохиж байгаа нь харагдсан гэсэн мэдүүлэг /хх 45 ху/,
-Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Эврика барилгын материалын дэлгүүрийн хажуу талд байрлах том хашааны дотор талын модны цаахан талд 3 банди 1 хүүхдийг газар унагаачихсан тал талаас нь өшиглөж байгаа харагдсан. Тулгаа бид хоёр машинаасаа бууж очоод тэр 3 бандийг болиулсан гэсэн мэдүүлэг /хх 51 ху/,
-Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...нэг өндөр банди нь хөлбөмбөгийн талбай руу ороод ганцаараа зугтаагаад тэр хүүхдийн араас Дорж хамт явж байсан 1 бандитай хамт хөөж байгаад барьж аваад тэр гурав нийлээд цохиж зодоод газар унасан хойно нь бас тал талаас нь өшиглөж байхаар нь Тулга, Бямба бид гурав очиж салгасан гэсэн мэдүүлэг /хх 53 ху/,
-Гэрч Д.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би тухайн үед тэр охидуудыг машинаасаа буулгаад буцаад гарах гээд хаалга руу машинаа эргүүлээд хөдлөх гэтэл хашааны дотор талд байрлах модны доор нөгөө ганцаараа зугтаагаад байсан /Хатанбаатар/-ыг газар унагаачихсан 2 хар куртиктэй хүүхэд мөн шар куртиктэй өндөр банди энэ гурав нийлээд Хатанбаатар гэдэг хүүхдийг тал талаас нь гар хөлөөрөө цохиж зодоод байхаар нь би найз Бямбаатай явж очоод тэр гурван хүүхдийг салгасан. Тэгээд би зодуулсан хүүхэд болох Хатанбаатарыг дагуулаад машиндаа суулгатал тэр хар куртиктэй банди нөгөө Хатанбаатар гэдэг хүүхдийг хэд хэдэн удаа цохиж байгаа нь сонсогдсон. Хатанбаатар ёо гэж орилоод больё гээд хэлж байхыг нь сонссон гэсэн мэдүүлэг /хх 55 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 39 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. С.Х-н биед тархи доргилт, зүүн талд духны хөндийн ясны өмнөд хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Тархи доргилт, зүүн талд духны хөндийн ясны өмнөд хананы хугарал, хамрын таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
6. Шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх 21 ху/,
-Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Дашдорж, Мөнхтамир бид гурав машинаасаа буугаад тэд нарын хойноос хөөтөл Хатанбаатар ганцаараа хөл бөмбөгийн талбай руу ороод бусад хүүхдүүд нь “Цах” маркет худалдааны төвийн чигт зугтаасан. Мөнхтамир, Дашдорж бид гурав Хатанбаатарын хойноос хөөж гүйж байгаад “Эврика” барилгын материалын дэлгүүрийн хажууд байрлах том хаалганы дотор талд Хатанбаатарыг барьж аваад нүүрэн тус газар нь бид 3 нэг нэг удаа цохиод газар унахаар нь бас тал талаас нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг /хх 157 ху/,
-Өсвөр насны шүүгдэгч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Дашдорж бид хоёр Х-н хойноос хөөж гүйж байгаад “Эврика” барилгын материалын дэлгүүрийн хажууд байрлах том хаалганы дотор талд Хатанбаатарыг барьж аваад би нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохитол хажуу талаас Билгүүн, Дашдорж хоёр газар унангуут нь бид гурав тал талаас нь нуруу цээж рүү нь хөлөөрөө цохисон. Тэгээд Хатанбаатарыг машинд суулгаад би Хатанбаатартай машины ард хамт сууж байхдаа нүүр рүү 1 удаа алгадсан гэсэн мэдүүлэг /хх 167 ху/,
-Өсвөр насны шүүгдэгч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би араас нь алхаад явж байхад Мөнхтамир, Хатанбаатарыг барьж аваад зодолдож байсан ба би явж очоод Хатанбаатарыг өшиглөөд газар унагахад араас Билгүүнээ хүрч ирээд бид нар Хатанбаатарыг өшиглөөд зогсож байхад жолооч Ганбат хүрч ирээд больцгоо пизда нар минь гээд миний хөл рүү нэг удаа өшиглөөд больсон гэсэн мэдүүлэг /хх 178-179 ху/,
-Эд зүйлийн үнэлгээ /хх 29-31 ху/
-Өсвөр насны хохирогч С.Х-н амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 59-64 ху/
-Хохирлын баримт /хх 65-69 ху/
-С.Б-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 155-158 ху/
-Б.М-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 163-167 ху/
-Б.Д-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 173-180 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 70, 72, 74 ху/
-Хохирол төлсөн баримт /хх 208, 209 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч С.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Д, Б.М нар нь бүлэглэн 2018 оны 12 сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эврика барилгын материалын дэлгүүрийн гадна насанд хүрээгүй С.Хатанбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч С.Билгүүний “Тэгээд очтол С.Хатанбаатар ганцаараа зугтахаар нь араас нь гүйгээд барьж авсан. Нэг нэг цохиж өшиглөсөн” гэсэн, өсвөр насны шүүгдэгч Б.Дашдоржийн “2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр С.Хатанбаатарын биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна” гэсэн, өсвөр насны шүүгдэгч Б.Мөнхтамирын “...хөлбөмбөгийн талбайн тийшээ бид гурав С.Хатанбаатарын араас явж очоод зодсон” гэсэн, насанд хүрээгүй хохирогч С.Хатанбаатарын “Жүр үр бэйкерийн ард цэцэрлэгийн урд явж байтал өөрсдөө хүрч ирж Ваняг өшиглөсөн. Өшиглөөд цаашаа явж байгаад өндөр шар банди нь намайг дээрэлхээд байна гээд намайг 2-3 удаа цохисон. Тэгээд би цаашаа “Эврика” барилгын дэлгүүрийн тийшээ буюу хөл бөмбөгийн талбайн тийшээ явж байтал намайг ирж цохисон” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Б.Ариунболд /хх 45 ху/, Ц.Бямбасүрэн /хх 51 ху/, Б.Ганбат /хх 53 ху/, Д.Тулга /хх 55 ху/ нарын өгсөн\ мэдүүлгүүд, хохирогчийн биед тархи доргилт, зүүн талд духны хөндийн ясны өмнөд хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 39 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч С.Билгүүн, өсвөр насны шүүгдэгч Б.Дашдорж, Б.Мөнхтамир нарыг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул тэднийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Д, Б.М нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өсвөр насны шүүгдэгч Б.Д, Б.М нарыг хохиролоо төлж барагдуулсан зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Насанд хүрээгүй хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг нэхэмжилж нотлох баримтаар эм тарианы үнэ 102.600 төгрөг, эмнэлгийн үзлэгийн төлбөр 170.000 төгрөгний баримтыг ирүүлсэн байх ба шүүгдэгч нар нь тус бүрдээ хохиролд 100.000 төгрөгийг төлсөн байна.
Шүүх хохирлын баримтыг шинжлэн судлахад нотлох баримтын дагуу эм тарианы үнэ, эмнэлгийн үзлэгийн төлбөр нийт 272.600 төгрөг, куртикны үнэ 70.000 төгрөг, нийт 342.600 төгрөгийг шүүгдэгч нар төлж барагдуулах үндэслэлтэй байна. Иймд эмчилгээний зардал 272.600 төгрөгийг 3 хувааж нэг шүүгдэгчийг 90.900 төлөхөөр, шүүгдэгч Билгүүн нь куртикны үнийг дангаар хариуцан төлөхөөр тус тус тооцож, өсвөр насны шүүгдэгч Б.Мөнхтамир, Б.Дашдорж нар нь хохиролд тус бүрдээ 100.000 төгрөгийг төлсөн тул тэднийг энэ удаад хохирол төлбөргүй гэж үзэв. Харин шүүгдэгч С.Билгүүн нь хохиролд 160.900 төгрөг /90.900+70.000/ төлөхөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 100.000 төгрөгийг хасч тооцон үлдэх 60.900 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, үлдэх /1.200.000-360.900/ 839.100 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг хариуцан төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч талаас нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, өсвөр насны шүүгдэгч Б.Д, Б.М нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Д, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-Г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Д-г 120 /нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Б.Мөнхтамирыг 120 /нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 8.3 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.Билгүүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар, өсвөр насны шүүгдэгч Б.Д, Б.Мнарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Д, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.Б-с 60.900 /жаран мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С-т олгож, гэм хорын нэхэмжлэлээс 839.100 /найман зуун гучин есөн мянга нэг зуу/ төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.
6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, өсвөр насны шүүгдэгч Б.Б, Б.М нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА