Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
Хэргийн индекс | 101/2016/05625/и |
Дугаар | 1513 |
Огноо | 2016-09-02 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 1513
Т.Отгонтөгсийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2016/00129 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Т.Отгонтөгсийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Ш.Дайриймаад холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1 630 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч Д.Саранчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Отгонтөгс нь Ш.Дайриймаатай 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 2 сарын буюу 60 хоногийн хугацаатай зээлүүлсэн. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ш.Дайриймаа нь зээлийн төлбөрөөс 400 000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 800 000 төгрөг, алданги төлөөгүй байна. 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээгээ сунган 2014 оны 6,7,8 дугаар сарын хүү 240 000 төгрөг, нийт 1 040 000 төгрөг болж байна. Гэрээний 3-т зээлдэгч зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу Ш.Дайриймаагаас хуульд зааснаар 1 040 000 төгрөгийн алданги 520 000 төгрөг, нийт 1 560 000 төгрөг, мөн Ш.Дайриймааг эрэн сурвалжлуулахад гарсан шүүхийн зардал улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 1 630 200 төгрөгийг хариуцагч Ш.Дайриймаагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үүрэгт 600 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 200 000 төгрөг, алдангийн төлбөрт 400 000 төгрөг, учирсан хохиролд 70 200 төгрөг, нийт 1 270 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 360 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 033 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Дайриймаагаас 35 035 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Отгонтөгсөд олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саранчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 360 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. ...Талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээнээс үзвэл 1 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай зээлдүүлсэн харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч ямар ч маргаан үүсгээгүй байхад шүүх хөндлөнгөөс заавал маргаан үүсгэхийг, хүүг бууруулан тооцох талаар хүсэлт гаргасан байхыг шаардаж байна. ...Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж талууд гэрээ байгуулсан бөгөөд шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээний чөлөөт байдлыг үгүйсгэж, гэрээний заалтыг хөндлөнгөөс өөрөөр тайлбарлаж /гэрээний ард гараар тэмдэглэсэн тэмдэглэлээр эргэлзээгүй тогтоогдохгүй байна гэж/ түүнийг шүүхийн шийдвэрээрээ зөвтгөн тулгаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заасан хэргийн материалд цугларсан нотлох баримтанд тулгуурлан шийдвэр гаргах хуулийн заалтыг зөрчиж, хууль дээдлэх зарчмыг алдагдуулж байна. Т.Отгонтөгс нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө болон дуусгавар болсны дараа хариуцагчид гэрээг сунгах саналаа удаа дараа тавьж, санал солилцсон бөгөөд арга ядаад хариуцагчийн иргэний үнэмлэхийн гэрийн хаягаар хэд хэд очсон ч О.Дайриймаа нь 2-3 ажил солиод олдохгүй байсан. Гэвч О.Дайриймаа нь гэрээгээ сунгана, сунгана гээд ирэхгүй байж байгаад сүүлд ирж сунгасан. Хамгийн гол нь хариуцагч О.Дайриймаа нь гэрээний үндсэн хугацаа дуусгавар болохоос өмнө ирж уулзах, гэрээгээ сунгуулах талаар мэдэж байсан, энэ үүргээ биелүүлээгүй болохоо өөрөө хүлээн зөвшөөрч, Т.Отгонтөгс надад зээлийн гэрээнд 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрөө хүү төлөхөө хүлээн зөвшөөрч, өөрийн гарын үсэгтэй, бичгээр сунгалт хийж, үүнийгээ эрх бүхий байгууллага болох нотариатаар батлуулсан баталгаа дардастайгаа байхад шүүхээс хөндлөнгөөс хасч танаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Хариуцагч О.Дайриймаа нь 2014 оны 8 дугаар сараас хойш ямар ч хүү, алданги огт тооцогдохгүйгээр ашиглаад явж байгаа. ...2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шүүх хариуцагч О.Дайриймаад нэхэмжлэлийн хувь гардуулж, мөн өдрөө хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаж өгсөн бөгөөд хариуцагч ойлгосноо хүлээн зөвшөөрч, баримтанд тус тус танилцаж, гарын үсгээ зурсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1-25.1.8, 25 дугаар зүйлийн 25.2.1-25.2.6-д заасан үүргийг хүлээхээр, 26 дугаар зүйлүүдтэй ... тус тус танилцсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дахь хэсэгт нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор заасан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Хариуцагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь талуудын бичгээр байгуулсан мөнгийг шүүх хасах үндэслэлгүй. Дээрх хуулийн заалтуудаас үзвэл хариуцагч О.Дайриймаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Т.Отгонтөгс нь хариуцагч Ш.Даариймаагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 560 000, төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70 200 төгрөг нийт 1630 000 төгрөг гаргуулахар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Т.Отгонтөгс нь 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай хариуцагч Ш.Дайриймаад зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн бөгөөд энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
Хариуцагч нь гэрээний үндсэн хугацаа дуусгавар болохоод тохиролцож бичгээр гэрээ байгуулж, сунгаагүйгээс хүү тооцох эрхээ алдсан гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
Хариуцагч Ш.Дайриймаа нь 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 2014 оны 6, 7, 8 дугаар сарын хүүг зээлийн үндсэн төлбөрийн хамт 2014 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулах талаар зааж нотариатаар гэрчлүүлснийг анхан шатны шүүх 3 сарын хүү 240 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэж, Иргэний хуулийн хэлцлийн зохицуулалтад хамаарах хүсэл зоригйин илэрхийлэл, үр дагавар хоёр нийцсэн байхыг буруу тайлбарласан нь учир дутагдалтай болжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа талууд зээлийн гэрээг сунгаж, гэрээний хугацаанд өөрчлөлт оруулсан үйл баримтын талаар талууд маргаагүй байхад анхан шатны шүүх талуудын энэхүү хүсэл зоригийн илэрхийллийг анхаарч дүгнээгүй байна.
Хариуцагч Ш.Дайриймаа нь зээлийн гэрээний 3-т зааснаар зээл төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн бөгөөд алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 50 хувиас илүү гарч байх тул хуулиар тогтоосон хязгаарт багтаан тооцож, 520 000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.
Зээлийн гэрээний үүргийн дүнг гэрээнд заасан нөхцлөөр тооцоход хариуцагч Ш.Дайриймаа нь үндсэн зээл 800 000 төгрөг, 3 сарын хүү 240 000 төгрөг, алдангид 520 000 төгрөг, нийт 1 560 000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Отгонтөгсөд төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал гэж 70 200 төгрөг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2016/00129 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад “...600 000...” гэснийг “...800 000...” гэж, “...200 000..” гэснийг “...240 000...” гэж, “...400 000...” гэснийг “....520 000...” гэж, “...1 270 000...” гэснийг “...1 630 200...” гэж,
2 дахь заалтад “...35 035...” гэснийг “...41 033...” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдсээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Отгонтөгсөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Д.БАЙГАЛМАА