| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2017/0010/Э |
| Дугаар | 152 |
| Огноо | 2017-03-09 |
| Зүйл хэсэг | 148.2., |
| Улсын яллагч | Л.Мажигсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 152
Л.Содномжамцад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Д.Гансүх, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Л.Мажигсүрэн,
Иргэний нэхэмжлэгч О.Сансар,
Ялтан Л.Содномжамцын өмгөөлөгч И.Чимэдбадам,
Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Л.Содномжамц, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Содномжамцад холбогдох 201625022634 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Хатиган овогт Лхамцэрэнгийн Содномжамц, 1971 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, “Илчит гал дөл” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн гудамжны 15 дугаар байрны 10 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 39 дүгээр гудамжны 200 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй /РД:ИЦ71110614/,
Л.Содномжамц нь цахим сайтад “Арматурын төмөр зарна” гэсэн зарлал, мэдээлэл тавьж утасны дугаараа байршуулснаар 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр “Эм Жэй Эм” ХХК-ийн хангамжийн менежер О.Сансар холбогдон уулзахад тус компанид 20 тн ф12 размерын 12 метрийн урттай 1346 ширхэг арматур, ф8 маркийн 2 боодол, ф10 размерын 1 боодол катангын төмөр нийлүүлнэ гэж төөрөгдөлд оруулан захиалуулж төмрийн үнэ болох 21.945.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны салбараас “Эм Жэй Эм” компанийн дансанд шилжүүлэн авч хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Л.Содномжамцад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Содномжамцыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар түүнийг эд хөрөнгө хураахгүйгээр, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Л.Содномжамцаас 21.945.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч О.Сансарт олгож, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Л.Содномжамцад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Содномжамцад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Ялтан Л.Содномжамц гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Би 2016 оноос хойш арматурын төмөр болон хоёрдогч түүхий эд болох хаягдал төмөр, бусад бараа материал зарж борлуулан ашиг олдог байсан. 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр “Эм Жэй Эм” ХХК-ийн хангамжийн менежер О.Сансар над руу залгаад 20 тн ф12 загварын 12 метрийн урттай 1356 ширхэг арматур, ф8 загварын 2 боодол, ф10 размерын 1 боодол катангын төмөр нийлүүлнэ гэсэн боловч олдоогүй харин ф13 загварын 8 метрийн урттай байсан. Тэгээд О.Сансарт хэлсэн боловч манайд таарахгүй урт нь заавал 12 метртэй байх ёстой гэсэн. Би мөнгийг нь аваад хүнд өгсөн нь миний буруу болсон. Миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа чин санаанаасаа ухаарч гэмшиж, хохирлоо барагдуулсан зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэжээ.
Ялтан Л.Содномжамцын өмгөөлөгч И.Чимэдбадам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Л.Содномжамц нь 2000 оноос хойш арматурын төмөр болон бусад материалыг зарж борлуулж ашиг олж амьдарч байсан. 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр “Эм Жэй Эм” ХХК-ийн хангамжийн менежер О.Сансар утсаар ярьж, 20 тн ф12 размерын 12 метр урттай 1346 ширхэг арматур ф маркийн 2 боодол катанг ф10-1 боодол катанг төмөр нийлүүлээч гэж мөнгөө шилжүүлж, ф13 маркийн 8 метрийн урттай катангыг О.Сансарт авах уу гэхэд манай стандартад нийцэхгүй гэхээр нь өөр хүнд стандартад нийцэх арматур захиад мөнгөө олж авч чадахгүй болсон. Их барилгын салбарын эдийн засгийн хямрал бий болж барилгын компаниуд төдийгүй тэдгээрт материал борлуулдаг иргэд, жижиг аж ахуйн нэгжүүд хүртэл мөнгөний асуудалтай болсон байна. Л.Содномжамц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухааран гэмшиж байгаа, хохирлоо барагдуулахаар амласан тул түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг баривчлах ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгөх тухай гомдол гаргасан боловч 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Л.Содномжамцыг Чулуунцэцэгээс мөнгө залилж авсан хэрэгт яллагдагчаар татаж байцаалт авсан. Энэ хэрэг нь одоо хэлэлцэгдэж байгаа хэргээс цаг хугацааны хувьд өмнө нь үйлдэгдсэн. Хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулбал Л.Содномжамцын эрх зүйн байдал дордох тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.
Иргэний нэхэмжлэгч О.Сансар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг гарснаас хойш хохирол төлөгдөөгүй. Ийм хохирлын асуудлыг нэн даруй шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэв.
Прокурор Л.Мажигсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Л.Содномжамц хохирол барагдуулсан тул оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан байна. Л.Содномжамцад гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлөөгүй. Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон О.Сансарын тухайд “Эм Жэй Эм” ХХК -д хангамжийн менежер ажилтай байсан. Тухайн үед “Эм Жи Эй” ХХК-ийн барьж буй барилга ашиглалтад оруулах дөхсөн, мэргэжлийн байгууллагаас шалгалт ирэх байсан тул яаралтай хэд хэдэн размерын төмөр худалдан авах шаардлага гарч хангамжийн менежер О.Сансар зарын дагуу Л.Содномжамцтай холбогдоход “Өнөөдөр нийлүүлье” гэсэн хариу өгсөн. О.Сансар түүнд итгэж данс руу нь мөнгө шилжүүлснээр уг асуудал үүссэн. “Эм Жэй Эм” ХХК-ийн захирал Ч.Энэбишийг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хохирогчоор тогтоож оролцуулсан. О.Сансарын тухайд өөрийн хайхрамжгүй үйлдлийн улмаас байгууллагад хохирол учруулсан тул 21.945.000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд О.Сансар нь иргэний нэхэмжлэгчээр оролцож Л.Содномжамцаас хохирлоо нэхэмжилж байгаа юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хэд хэдэн шийтгэх тогтоолыг нэмж нэгтгэн ял шийтгэл оногдуулахаар тодорхой зохицуулсан байдаг тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгүй шийдвэрлэх боломжтой. Давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө прокурор О.Мөнхцэцэгтэй холбогдоход “Л.Содномжамцад холбогдох хэрэг нь иргэний хэрэг үү, эсхүл эрүүгийн хэрэг үү гэдгийг ялгах шаардлагатай. Шалгаж байна” гэсэн хариу өгсөн. Тогтоогдоогүй үйлдлийг таамаглаж хэргийг нэгтгэх, ял оногдуулах ёсгүй. Шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Ялтан Л.Содномжамц нь цахим сайтад “Арматурын төмөр зарна” гэсэн зарлал тавьж утасны дугаараа байршуулснаар 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр “Эм Жэй Эм” ХХК-ийн хангамжийн менежер О.Сансар холбогдон уулзахад тус компанид 20 тн ф12 размерын 12 метрийн урттай 1346 ширхэг арматур, ф8 маркийн 2 боодол, ф10 размерын 1 боодол катангын төмөр нийлүүлнэ гэж хуурч мэхлэн төмрийн үнэ болох 21.945.000 төгрөгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн нь:
Хохирогч Ч.Энэбишийн “...Миний бие “Эм Жэй Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай. Компаниа төлөөлж хохирогчоор оролцоно. 2016 оны 10 дугаар сард манай байгууллагын барьж буй барилга дээр арматурын төмрийн хэрэгцээ гарч, арматурын 12-ын хэмжээтэй, катанг төмөр 8 хэмжээтэй төмөр хэрэгтэй болоод менежер О.Сансарт хэлсэн. О.Сансар нь хангамжийн менежер ажилтай бөгөөд эрх үүргийнхээ дагуу хариуцан 21.945.000 төгрөгийг манай байгууллагаас авч яваад захиалсан. Гэтэл арматурын төмөр ирэх цаг хугацаа нь болчихоод байхад ирэхгүй байхаар нь О.Сансар руу холбогдоход арматурын төмөр захиалсан хүн нь арматурын төмөр нийлүүлэхгүй байна гэсэн. Манай байгууллага барилгаа барихын тулд мөнгөний хэрэгцээ маш их хэрэгтэй байсан тул О.Сансараас компаниас авсан 21.945.000 төгрөгөө гаргаж өгөхийг шаардсан. О.Сансар зээл авч, 21.945.000 төгрөгийг төлж барагдуулсан тул түүний хохиролд төлсөн төлбөрийг барагдуулж өгнө үү...” /хх-16-17/,
Иргэний нэхэмжлэгч О.Сансарын “...2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр unegui.mn сайтаар арматурын төмөр зарах зар үзээд сууж байтал 99378889 дугаарт “арматурын төмөр нийлүүлнэ, зарна” гэсэн зар тавьсан байхаар нь өөрийнхөө 99107554 дугаарын утаснаас залгаад бид хоёр “Гурвалжин” худалдааны төвийн орчим уулзахад өөрийгөө Л.Содномжамц гэж танилцуулаад “орой танай байгууллагад хүргүүлчихнэ” гэж тохиролцоод салцгаасан. Уг тохиролцооны дагуу компаний нягтлан бодогч н.Намуунзулд хэлж, 21.945.000 төгрөгийг Л.Содномжамцын өгсөн дансны дугаар луу шилжүүлүүлсэн. Л.Содномжамц нь тохиролцооны дагуу 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр арматурын төмөр манай компанид нийлүүлэх ёстой байсан боловч өдийг хүртэл төмрөө нийлүүлэхгүй, мөнгөө ч өгөхгүй хааяа мессеж бичээд удахгүй мөнгийг чинь өгнө гэсээр өдийг хүрсэн. Сүүлд надад хэлэхдээ манай байгууллагаас авсан 21.945.000 төгрөгөөр тоглоод алдчихсан, надад арматурын төмөр байхгүй гэж байсан. Би байгууллагадаа уг мөнгийг хүнээс хүүтэй зээлж төлсөн...” /хх-18-19/,
Гэрч Б.Баатарпүрэвийн “…Миний бие “Ай Жэй Ти” ХХК-ийг ажиллуулдаг. Манай компани нь төмрийн худалдаа эрхэлдэг. Би Л.Содномжамц буюу "Соёо" гэж дууддаг ахыг танина. Энэ хүн бол арматурын төмөр зарж дундаас нь хэдэн төгрөг унагааж ажилладаг хүн байгаа юм. 2016 оны 10 дугаар сард “Арматурын төмөр худалдах гэсэн юм, манай компани Худалдаа хөгжлийн банкинд данстай Хаан банкны данс байна уу, гүйлгээ хийх хэрэгтэй байна” гэхээр нь зөвшөөрөөд өөрийнхөө компаний 5009391384 дугаарын дансыг өгсөн. Тэгтэл 5 минут ч хүрэхгүй хугацаанд 21.945.000 төгрөг миний данс руу ороод Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын урд талын Хаан банкны салбараас 21.945.000 төгрөгийг аваад Л.Содножамцад өгсөн юм. Тэгтэл Л.Содномжамц надад 700.000 төгрөгийг НӨТ болон аж ахуйн албан татварт тооцон өгөөд Л.Содномжамц ах мөнгөө авчихаад ганцаараа явсан...” /хх-20-22/,
Л.Содномжамцын сэжигтнээр өгсөн: “...2016 оны хавраас эхлэн арматурын төмөр зарна гэсэн зарыг шуурхай зар сонинд өөрийнхөө 99378889 утасны дугаараар тавьж байсан. 2016 оны зунаас хойш өдийг хүртэл 2-3 удаа арматурын төмөр зарж борлуулсан. Би “Үүр-Тээл” ХХК-тай гэрээ байгуулан арматурын төмөр үнээр нь худалдаж авч байсан. 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр “Гурвалжин”-гийн зах дээр байж байтал 99107554 дугаарын утаснаас О.Сансар гэх хүн залгаад “би зарын дагуу ярьж байна та арматурын төмөр зарах уу” гэж асуухаар нь “тийм, арматурын төмөр зарна” гэж хэлээд бид хоёр уулзаад төмөр зарахаар болж зүс таних Т.Баатарпүрэвийн дансны дугаарыг нь өгсөн. Түүний данс руу 21.945.000 төгрөгийг О.Сансараас шилжүүлэхэд би өөрөө 3-4 дүгээр хороололд байрлах Хаан банкны АТМ-ээс мөнгөө авсан. Анхнаасаа О.Сансараас авсан мөнгийг хүүтэй зээлээд хэдэн төгрөг олох бодолтой байсан...” /хх-28-32/ гэх мэдүүлгүүд, төлбөр төлөлтийн хэлцэл /хх-20/, “Ай Жэй Ти” ХХК-ийн Хаан банкны 5009391384 дүгээр дансны дэлгэрэнгүй хуулга /хх-23/, мөнгө шилжүүлсэн баримт /хх-7/, иргэний нэхэмжлэгч О.Сансарын 99107554 дугаарын утасны орсон, гарсан дуудлагын жагсаалт /хх-10-11/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.
Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Л.Содномжамцын гэм буруу, түүний хувийн байдалд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.
Ялтан Л.Содномжамц нь “Арматурын төмөр зарна” хэмээн цахим орчинд зарлал тавьж, улмаар өөрийн утасны дугаараа байршуулсны дагуу “Эм Жэй Эм” ХХК-ийн хангамжийн менежер О.Сансар түүнтэй холбогдоход “арматурын төмөр байна, өнөөдөр хүргүүлнэ” хэмээн хуурч мэхлэн тус компаниас 21.945.000 төгрөгийг бусдын дансаар дамжуулан авсан нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна.
Ялтан Л.Содномжамц нь дээрх гэмт хэрэгт ял шийтгүүлэхээс өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан гэх боловч цаашид хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүйгээс гадна шүүхээр шийдвэрлэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахад ялтны эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөх үндэслэл байхгүй гэж үзнэ.
Анхан шатны шүүх ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Л.Содномжамцын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан, хохирлыг нөхөн төлөөгүй буюу гэм хорыг арилгаагүй, ялтны хувийн байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж заасантай нийцжээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Л.Содномжамцын “...хорих ялыг баривчлах ялаар өөрчилж өгөхийг...”, түүний өмгөөлөгч И.Чимэдбадамын “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Л.Содномжамц, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН
ШҮҮГЧИД Д.ГАНСҮХ
Н.БАТСАЙХАН