| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 100/2021/0000/Э |
| Дугаар | 271 |
| Огноо | 2021-09-15 |
| Зүйл хэсэг | 082.1., |
| Улсын яллагч | Ц.Батцэнгэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 271
Д.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Завхан аймгийн Ардын шүүн таслах газрын 1938 дугаар оны тогтоолтой гэх Д.Т-д холбогдох ц-7770 дугаартай эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2020 оны 09 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1948 оны байдлаар: Д овогтой Т, нас 38, Завхан аймгийн Нөмрөг сумын 1 дүгээр багийн харьяат, Ойгон, Баян-Айраг хэмээх газраа үргэлж нутаглах.
Д.Т- нь хувьсгалыг эсэргүүцэн ард олны дунд үймээн шуугиан гаргах зорилгоор буюу ардын хувьсгалт засгийн итгэмж хүндийг бууруулахад хүргэж болох худалч хуурамч үг, цуурхал тараасан гэмт хэрэгт холбогджээ.
Завхан аймгийн он, сар, өдөр нь тодорхойгүй 48 дугаар тогтоолоор Д.Т-ыг Шүүх цаазын бичгийн 48 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж 10 жил хорих ял шийтгэж, 1947 оны Дотоод явдлын яамны Хорих цагдах газрын 7 дугаар тогтоолоор уг ялыг эдэлж дуусаад суллагдсан байна.
Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн болон шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “...Хэргийг шалгах явцад түүнийг улс төрийн хэрэгт таслан шийтгэсэн гэх тогтоол олдоогүй ба түүний хорих ял эдэлж байсныг тогтоосон баримтууд нь:
Д.Т- нь Завхан аймгийн шүүхийн он, сар, өдөр нь тодорхойгүй 48 дугаартай тогтоолоор Шүүх цаазын бичгийн 48 дугаар зүйлээр 10 жил хорих ял шийтгүүлж, биеэр 8 жил 9 сар 1 хоног, ажлын хоног 1 жил 2 сар 29 хоног авч, нийт 10 жил хорих ялаа эдэлж дуусаад 1947 онд БНМАУ-ын Дотоод явдлын яамны Хорих цагдах газраас суллагдсан 7 дугаар тогтоол, хуучин монгол бичгээр /гараар бичсэн/ зам явах хуудас, түүн дээр цохолт хийсэн 2-3 байгууллагын тамга, тэмдэг бүхий цохолт зэргээр түүнийг шүүхийн тогтоолоор 10 жил хорих ял шийтгүүлж, эдлээд суллагдсан болох нь тогтоогдож байна. 14/05 дугаартай хэргийн 6,7, 39-40 дүгээр хуудасны баримтууд/
Хохирогч Т.Н-гээс 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлэг гаргуулахад, "... миний аав, Цэцэрлэг сумын харьяат Балдангийн Гомбодорж, овог мэдэхгүй Наранмандах энэ 3 хүн хамт хоригдож байсан гэдэг, яг хамт баригдсан эсэхийг мэдэхгүй. Лам болоод л баригдсан байх. Аль шүүхээр шийтгэгдсэнийг мэдэх юм алга, шууд ачигдаад хот руу явсан гэдэг ...” гэж мэдүүлсний дагуу Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивт дээрх нэр дурдагдсан хүмүүсийн хэрэг, материал байгаа эсэх, цагаатгагдсан эсэхийг шалгахад, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар тогтоолоор шийтгүүлсэн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Балдангийн Гомбодорж, Дамдины Нармандах ... нарын 62 хүнд холбогдох хэргийг Монгол Улсын Дээд Шүүхээс цагаатгасан магадлал олдсон.
Монгол Улсын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 137 дугаар магадлалд үзлэг хийхэд: дэс дугаарын 35-д: Хөвсгөл. Цэцэрлэг, 40 настай, гүрэмч, Балдангийн Гомбодорж, 37-д: Хөвсгөл. Цэцэрлэг, 39 настай, гүрэмч, Дамдины Нармандах, ... нарын 25 хүнийг 10 жил хорих, бусад 37 хүнийг буудан алах ялаар шийтгэсэн Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүй болгон, тэднийг цагаатган хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 14/05 дугаартай хэргийн 61-71 дүгээр хуудас/
Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын “Төв хорих ангиудад хоригдож байгаа хоригдлуудын бүртгэл /аймгаар/” гэх хн-366 дугаартай 36 хуудас бүхий хадгаламжийн нэгжийн 34-36 дугаар хуудсанд “Завхан аймаг” гэж улаан өнгийн бэхээр бичээд 109 хүнийг овог, нэр, үндсэн захиргаа, эрхлэх ажил, шийтгэгдсэн он, ялын хэмжээг жагсаан бичсэн бүртгэлийн дэс дугаарын 67-д: “Дэжид, Доржжаргал, Нөмрөг, лам 38/10/ ” гэжээ. 14/05 дугаартай хэргийн 93-97 дугаар хуудас/
Энэхүү Нөмрөг сумын харьяат Дэжидийн Доржжаргал нь шалгагдаж буй Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат Дэжидийн Төржаргалтай овог, аймаг, сум, баригдсан он, шийтгэгдсэн ялын хэмжээ зэрэг нь тохирч байх ба нэг хүн гэж үзэх үндэслэлтэй байна.
Д.Т-тай хамт хорих ял эдэлж байсан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат, Б.Гомбодорж, Д.Нармандах нар улс төрийн хэрэгт хилсээр шийтгэгдэж цагаатгагдсан байна.
Д.Т- нь улс төрийн хэрэгт Шүүх цаазын бичгийн 48 дугаар зүйлээр 10 жил хорих ял шийтгүүлсэн, ялаа эдэлж дуусаад суллагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Д.Т-ын гэм буруутайг нотолсон эрүүгийн хэрэг, ялын төлөвлөгөө, таслан шийтгэсэн баримт архивын баримтуудаас олдоогүй ба улс төрийн хэрэгт холбогдуулан ял шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг/... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн .../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.
Иймд Завхан аймгийн Ардын Шүүх таслах газрын 1938 оны тогтоолоор Д.Т-ыг Шүүх цаазын бичгийн 48 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар улс төрийн хэрэгт хилсээр шийтгэж, ялыг эдлүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Дэжидийн Төржаргалыг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Д.Т-ыг ардын хувьсгалыг эсэргүүцэн ард олны дунд үймээн шуугиан гаргах зорилгоор засгийн итгэмж хүндийг буруулахад хүргэж болох худал үг, цуурхал тараасан буюу Шүүх цаазын бичгийн 48 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутган Завхан аймгийн Ардын шүүн таслах газрын он, сар, өдөр нь тодорхойгүй 48 дугаар тогтоолоор 10 жил хорих ял оногдуулж хилс хэрэгт ял шийтгүүлсэн гэж прокуророос дүгнэлт ирүүлжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд Д.Т-ыг улс төрийн хилс хэрэгт холбогдуулан шийтгэсэн гэх боловч түүнд холбогдох хэрэг, шүүхийн тогтоол, шийдвэр олдоогүй, гагцхүү тухайн зүйлд заасан гэмт хэрэгт 10 жил хорих ял шийтгүүлж, уг ялаас биеэр 8 жил 9 сар 1 хоног эдэлж, ажлын хоног 1 жил 2 сар, 29 хоногийг авч, нийт 10 жил хорих ялаа эдэлж дуусан суллагдсан талаарх баримтууд авагдсан байна.
Түүнчлэн прокурор дүгнэлтдээ Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын “Төв хорих ангиудад хоригдож байгаа хоригдлуудын бүртгэлийг аймгаар нь шалгахад Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат Дэжидийн Доржжаргал нь хилс хэрэгт шийтгүүлсэн гэх Дэжидийн Төржаргалтай овог, аймаг, сум, баригдсан он, шийтгэгдсэн ялын хэмжээ зэрэг нь тохирч байх ба нэг хүн гэж үзэх үндэслэлтэй гэж дурдсан хэдий ч тэрээр өөрийн нэрээр, эсхүл Д.Д- гэх нэрээр шийтгүүлсэн байж болох тодруулгыг нэг мөр хийгээгүй, энэ талаар холбогдох ажиллагааг хийж шалган тогтоогоогүй, ямар шийдвэрээр, хэдийд хэрхэн шийтгүүлсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.
Өөрөөр хэлбэл Д.Т-, Д.Д- нар нь нэг хүн эсэх талаар холбогдох лавлагаа, мэдээлэл, баримтуудыг цуглуулж, бэхжүүлээгүй, эдгээр хүмүүсийг ямар нотлох баримтад үндэслэн нэг хүн болох талаар ажиллагаа хийгдээгүй учир Д.Т-д холбогдох хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянаж, түүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн эсэхийг тогтоох боломжгүй байна.
Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Д.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгуулахаар бичсэн Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 4/10 дугаартай дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг прокурорт буцаасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН