Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 32

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Тунгалаг даргалж, тус аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б/107 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хайрхан багийн Засаг даргаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон унааны зардал гаргуулах шаардлага бүхий иргэн Т.*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.******* нь 1964 онд төрсөн, ******* сумын Хайрхан багт эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2013 оны 4 дүгээр сард Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлаар багийн Засаг даргын сонгуульд олонхийн саналыг авч 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр сумын Засаг даргын Б/17 дугаар захирамжаар Хайрхан багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан. Энэ хугацаанд миний бие эрхэлсэн ажилдаа хариуцлага алдаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж сайн ажиллаж ирсэн. Гэтэл ******* сумын Засаг дарга Н.******* нь багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулж багийн Засаг даргын сонгууль явуулалгүйгээр бүрэн эрхийн хугацаа дууссан гэж үзээд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б/107 дугаар захирамж гаргаж ажлаас халсан нь хууль бус хэмээн үзэж байна. Би 2016 оны 11 дүгээр сард ээлжийн амралтаа авсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр дуусах байсан боловч жилийн эцсийн малын тооллого явагдах болсон тул 2016 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн ажилдаа орж 12 дугаар сарын 6-ны өдрөөс хөдөөгийн хэсэгт тооны ажилд явж эхлэн 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тооны ажил явагдаж дууссан. Гэтэл 12 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөх захирамж гарсан байсан тул би өнөөдөр хүртэл ажиллаж байгаа. Шүүхэд 12 дугаар сарын 20-ны өдрөөр захирамжаа гаргаад өгчих гэтэл өмнөх захирамжаа өөрчлөн 12 дугаар сарын 15-ны өдрөөр болгон захирамж гаргаж өгсөн. Миний оронд манай Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга О.*******г үүрэг гүйцэтгэгчээр томилон, намайг О.*******гийн оронд багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар ажиллуулахаар болсон тул би багийн иргэдийн тэргүүлэгч биш учир иргэдийн Нийтийн Хурлын дарга болж болохгүй шүүхдэнэ гэж хэлсэн боловч авч хэлэлцээгүй сольсон. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.5, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасныг зөрчиж байна гэж үзэж байна. Энэ талаар 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр аймгийн Засаг даргад хүсэлт гарган өөрийн биеэр уулзахад сумын Засаг даргад чинь захиргааны шугамаар хариуг нь өгнө гэсэн боловч сумын Засаг дарга өнөөдрийг хүртэл хариу шийдвэр гаргаж өгөхгүй байгаа тул танай шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: ******* сумын Засаг даргын Б/107 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг сарын 622316 төгрөгөөр тооцож гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, унааны зардал гаргуулах гэжээ.

Нэхэмжлэгч, шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэндээ: Завхан аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б/107 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хайрхан багийн Засаг даргаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон унааны зардал гаргуулах шаардлага бүхий 2017 оны 2 дугаар сарын 24-ны өдөр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б/107 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хайрхан багийн Засаг даргаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон унааны зардал гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул түүний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан иргэн Т.*******ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б/107 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хайрхан багийн Засаг даргаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон унааны зардал гаргуулах шаардлагууд бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгч Т.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар захирамжинд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ