Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2019/0396/З |
Дугаар | 221/МА2019/0482 |
Огноо | 2019-09-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2019/0482
“МСЭХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0386 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т-ийн давж заалдах гомдлоор, “МСЭХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол банкинд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0386 дугаар шийдвэрээр: “Банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 23 дугаар зүйлийн 23.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “МСЭХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т давж заалдах гомдолдоо: “...шүүх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд гаргасан тайлбарыг үл харгалзан Тагнуулын ерөнхий газарт хандсан асуудлаар ямар нэгэн байдлаар нотлох баримт цуглуулах, нотлох үйл ажиллагаа явуулаагүй. Монгол банкны зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасны дагуу Тагнуулын ерөнхий газарт буй нууц материал буюу нотлох баримтын талаар шүүхэд мэдэгдэж, эх сурвалжийг зааж тайлбарласан боловч анхан шатны шүүхээс уг тайлбарыг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн байна. ...нэхэмжлэгчийн зүгээс ирүүлэх шаардлагатай баримт бичгийг хамгийн сүүлийн байдлаар ирүүлэн хугацаанаас буюу 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 60 хоногийг тооцоход 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Монгол банк эцсийн шийдвэр гаргах хугацаа байсан. Гэтэл нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл Монгол банк хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байхад нэхэмжлэл гаргасан Банкны тухай хуулийн 23.3-т заасан хугацаа дуусаагүй байхад өргөдөл гаргагч өгсөн мэдээллийг эцсийн шийдвэр гэж үзсэн нь үндэслэлгүй буюу Монгол банк аливаа эс үйлдэхүй үйлдээгүй байна. Үүнээс гадна Монгол банк нь өмнө нь дурдсанчлан “МСЭХ” ХХК-иас гаргасан банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулсан бөгөөд Тагнуулын ерөнхий газраас “МСЭХ” ХХК-ийн М банк байгуулах зөвшөөрлийг үндэсний аюулгүй байдлын хүрээнд судалж, дүгнэлт гаргуулах 2019 оны Н/103 тоот албан бичгээр хариу ирж “МСЭХ” ХХК М банк байгуулах зөвшөөрөл нь Үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг судлан тогтоох, шийдвэр гаргах ажиллагааг өнөөдрийг хүртэл явуулж байгаагаар нотлогдоно. ...банк байгуулах хүсэлтийг түдгэлзүүлсэн нь хууль бус биш бөгөөд эдийн засгийн чухал ач холбогдол бүхий шийдвэр гаргаж буй тул хүсэлтийг түдгэлзүүлэн ирүүлсэн баримт бичгийг дахин судлан хянаж үзсэний үндсэн дээр шийдвэр гаргах нь шийдвэрлэхгүй орхигдуулсан хэрэг биш юм. ..Төв банкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар Монгол банкны Ерөнхийлөгч нь шийдвэр гаргахдаа Банкны хяналт шалгалтын хорооны зөвлөмжийг харгалзах шаардлагатай бөгөөд энэ нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой шийдвэрийг Монгол бакны Ерөнхийлөгч нь Банкны хяналт шалгалтын хорооны зөвлөмжийг харгалзсаны үндсэн дээр гаргах шаардлагатай байна. ...Монгол банкны Хяналт шалгалтын хорооны 05 дугаар зөвлөмж нь эцсийн шийдвэр биш бөгөөд банк байгуулах хүсэлтийг түдгэлзүүлсэн нь өргөдлийг шийдвэрлэх ажиллагааг тэр дарай шийдвэрлэхгүйгээр Үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эсэхийг тогтоосны дараа хэлэлцэхээр Монгол банкнаас шийдвэр гаргах ажиллагааг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн явдал бөгөөд харин эрх зүйн үр дагавар бүхий үйл ажиллагаа буюу аливаа хууль бус эс үйлдэхүй биш болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Монгол банк хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор хуульд заасан шаардлага хангасан эсэхийг тогтоосны үндсэн дээр банк үүсгэн байгуулагчид тусгай зөвшөөрөл олгох, эсхүл олгохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргах үүрэгтэй, ийнхүү тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахад банк үүсгэн байгуулагчид тавигдах шаардлага, банк үүсгэн байгуулахад бүрдүүлэх баримт бичгийн бүрдэл дутуу гэж үзвэл нэмэлт материал шаардан авах эрхтэй бөгөөд банк үүсгэн байгуулагчаас уг нэмэлт материалыг бүрдүүлж өгсөн өдрийг өргөдөл хүлээн авсан өдөрт тооцохоор мөн хуулийн 23.2-т зохицуулжээ.
Монгол банк нь банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн “МСЭХ” ХХК-ийн өргөдлийг анх 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаас хойш банк үүсгэн байгуулагчид тавигдах шаардлага, банк үүсгэн байгуулахад бүрдүүлэх баримт бичгийн бүрдэл дутуу үндэслэлээр холбогдох материалуудыг нэхэмжлэгчээс хамгийн эцсийн байдлаар 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр авсан, уг өдрийг өргөдөл хүлээн авсан өдөрт тооцсон болохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.
Ийнхүү нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан үзээд Монгол банкнаас 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг түдгэлзүүлж” шийдвэрлэсэн, уг үндэслэлээ “...Тагнуулын ерөнхий газраас үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг судлан тогтоох ажиллагаа явуулах шаардлагатай болсон” гэж тайлбарлажээ.
Банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-т зааснаар банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, бусад баримт бичгийг Монгол банк хянан үзээд нэмэлт материал шаардлагагүй гэж үзсэн бол тухайн банк үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг өргөдөл хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор тогтоох, хэрэв тухайн асуудлыг хянан үзэхэд нэмэлт материал шаардлагатай бол банк үүсгэн байгуулагчаас холбогдох материалыг шаардан авах эрхтэй, харин нэмэлт материал шаардлагагүй гэж үзээд өргөдлийг хүлээн авсан өдрийг тооцсон бол үүнээс хойш тусгай зөвшөөрөл олгох эсэхээ шийдвэрлэх зохицуулалттай.
Гэтэл Монгол банк 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авсан өдөрт тооцсон хэрнээ тухайн банк үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг тогтоох шаардлагатай гэсэн үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн нь банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үйлдэл болжээ.
Өөрөөр хэлбэл, Монгол банк банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан үзээд нэмэлт материал шаардлагагүй гэж үзээд эцсийн байдлаар өргөдлийг хүлээн авсан бол 60 хоногийн хугацаанд тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг гаргах үүрэгтэй, энэ хугацаанд өргөдөл шалган шийдвэрлэх ажиллагааг “түдгэлзүүлэх” шийдвэр гаргах эрхийг Монгол банканд хуулиар олгоогүй, хэрэв өргөдлийг хянан үзэхэд тодорхой асуудлаар буюу тухайлбал тухайн банк үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг тогтооход нэмэлт материал шаардлагатай гэж үзсэн бол нэмэлт материал авах, шаардлагагүй бол 60 хоногийн хугацаанд тухайн асуудлыг шалгах эрхийг л хуулиар олгосон байх тул хариуцагчийн “өргөдлийг шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж буй нь шийдвэрлэхгүй гэсэн үг биш, энэ бол эцсийн шийдвэр биш” гэх агуулгатай гомдол үндэслэлгүй.
Иймд Монгол банк нь хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлж, хуульд үндэслээгүй “тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” шийдвэр гаргасан нь хууль бус учраас анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Хариуцагчаас “нэхэмжлэгчийн зүгээс ирүүлэх шаардлагатай баримт бичгийг хамгийн сүүлийн байдлаар ирүүлэн хугацаанаас буюу 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 60 хоногийг тооцоход 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Монгол банк эцсийн шийдвэр гаргах хугацаа байсан. Гэтэл нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэж маргах боловч нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Монгол банк одоог хүртэл шийдвэрлээгүй байгаа нөхцөл байдлаас үзвэл хариуцагчийг эс үйлдэхүй гаргаагүй гэж дүгнэх боломжгүй.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Монгол банкнаас банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан эсэхийг л дүгнэх учраас “нэхэмжлэгчийн байгуулах гэж буй банк нь Үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эсэхийг Тагнуулын ерөнхий газарт хандан тогтоолгож” байгаа нь хуульд нийцэх эсэхийг дүгнэхгүй, энэ талаарх баримтыг цуглуулах нь хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй тул анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах ёстой гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс “өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг хүссэн” агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохоос “банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” гэсэн шаардлага гаргаагүй, шүүхээс хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн “өргөдлөө зохих журмын дагуу шийдвэрлүүлэх эрх” нь зөрчигдсөн гэсэн дүгнэлт хийсэн нь нэхэмжлэгчид шууд тусгай зөвшөөрөл олгоно гэсэн ойлголт биш болохыг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0386 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН