| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0086/Э |
| Дугаар | 0082 |
| Огноо | 2019-03-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 0082
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Ц.И
Хохирогч Д.Б
Шүүгдэгч П.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Г-т холбогдох эрүүгийн 1925000650051 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, П.Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч П.Г нь 2018 оны 12 сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд баг баруун задгайн 24-3 тоот Д.Б-н гэрт архи ууж байхдаа эрэгтэй хүний хурган дотортой дээл, эмэгтэй хүний хурган дотортой дээл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч П.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр Батцоож, Сүхээ хоёртой Төгөл дэлгүүрийн урд таарч 2 шил архи аваад Батцоож ахын гэрт очиж уусан. Тэгээд Сүхээ ах яваад өгсөн. Би гарч явахдаа орон дээр нь байсан 2 үстэй дээлийг нь аваад гарсан. Эмэгтэй дээлийг нь зах дээр очоод 140.000 төгрөгөөр зарсан. Эрэгтэй дээлийг нь хүнд 60.000 төгрөгөөр өгсөн байсныг буцааж авч хохирогчид өгсөн. Үлдэгдэл дээлний үнийг төлнө. Хэргийн хувьд маргах зүйлгүй. Урьд авсан торгуулын ялыг мөнгөгүйн улмаас биелүүлээгүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Д.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид 2 шил архи аваад манайд уусан. Би согтоод унтсан байсан. Сэрэхэд хэн ч байгаагүй. Тэгээд маргааш нь хот яваад 3-4 хоноод ирсэн. Тэгтэл 2 үстэй дээл алга болсон байсан. Энэ 2 дээлийг Ганбаатар авсан байсан. 1 дээлээ буцааж авсан. Нөгөө дээлний үнэ 900.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг,
-Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Нөхрийгөө Улаанбаатар хот руу явсан хойгуур гэр орноо цэвэрлэж янзлаж байсан чинь авдарт байсан нөхөр бид хоёрын үстэй дээлийг боосон хоёр даавуу байхаар нь гайхаад авдар дотор байсан хоёр дээлээ үзсэн чинь алга болсон байсан. ...Ганбаа гэж хүн нь манай нөхөртэй хамт архи ууж байгаад согтоод унтахаар нь авдарт байсан 2 дээлийг авсан талаараа хэлсэн бөгөөд манай нөхрийн дээлийг 2019 оны 01 сарын 25-ны өдөр манай гэрт авчирч өгсөн гэсэн мэдүүлэг /хх 13 ху/,
-Гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...П.Ганбаатар манай гэрт ирэхдээ архи уучихсан халамцуу ирсэн. П.Ганбаатар хүрэн өнгийн хурган дотортой дээл өмсөж ирсэн. ...П.Ганбаатарын өмсөж ирсэн дээл нь хүрэн өнгөтэй, хурган дотортой, орчин цагийн мөнгөн товчтой эрэгтэй хүний дээл байсан. П.Ганбаатар манай гэрээс явахдаа тэр дээлээ өмсөөд явсан гэсэн мэдүүлэг /хх 17 ху/,
-Гэрч Р.Х-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 1 сарын 20-ны орчим намайг ажил дээрээ байхад Хүлэг зах дээр мах эвдээд байдаг гар муутай залуу хурган дотортой эрэгтэй хүний дээл авч ирээд мөнгөний хэрэг болоод байна зарах гэсэн юм гээд яваад байсан. ...Та 60.000 төгрөгөөр авчих гээд гуйгаад байхаар нь би тэр дээлийг 60.000 төгрөгөөр авсан. Надад дээл зарсан залуу хэд хоногийн өмнө ирээд би дээлээ зарахаа болилоо гээд надад зарсан дээлээ аваад миний 60.000 төгрөгийг өгөөд явсан гэсэн мэдүүлэг /хх 19 ху/,
-Эд зүйлийн үнэлгээ /хх 25-27 ху/
-П.Г-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 32-35 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 44 ху/
-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 06-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 46-47 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч П.Г нь 2018 оны 12 сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд баг баруун задгайн 24-3 тоот Д.Б-н гэрт архи ууж байхдаа эрэгтэй хүний хурган дотортой дээл, эмэгтэй хүний хурган дотортой дээл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ганбаатарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би гарч явахдаа орон дээр нь байсан 2 үстэй дээлийг нь аваад гарсан. Эмэгтэй дээлийг нь зах дээр очоод 140.000 төгрөгөөр зарсан. Эрэгтэй дээлийг нь хүнд 60.000 төгрөгөөр өгсөн байсныг буцааж авч хохирогчид өгсөн“ гэсэн, хохирогч Д.Батцоожийн “...2 үстэй дээл алга болсон байсан. Энэ 2 дээлийг Ганбаатар авсан байсан” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Б.Батжаргал /хх 13 ху/, гэрч Ж.Батбэх /хх 17 ху/, гэрч Р.Хуягбаатар /хх 19 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /хх 25-27 ху/, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч П.Г-г Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч П.Г урьд нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 06-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн байх бөгөөд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулах хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.
Энэ хэргийн улмаас хохирогчид 1.500.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд үүнээс шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 600.000 төгрөгөөр үнэлэгдсэн эрэгтэй хүний хурган дотортой дээлийг бодит байдлаар хүлээлгэн өгсөн байна. Харин эмэгтэй хүний хурган дотортой дээлийг бусдад зарсан гэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс 900.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-г 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1, 6.9 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Г-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 06-ны өдрийн 87 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ганбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.Ганбаатараас 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д олгосугай.
7. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА