Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/01030

 

Ч.Э ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 01-ний өдрийн 102/ШШ2024/01666 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.Э ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Б т холбогдох,

 

Орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай нэхэмжлэлтэй, 2017 оны 12 сарын 04-ний өдөр Д.Г , Ч.Э нарын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч П.Б , хариуцагчийн өмгөөлөгч Б.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ч.Э ийн төрсөн ах Д.Г нь Нүхтэд байр авсан тул дүүдээ байраа 50,000,000 төгрөгөөр зарах санал тавьсан. Учир нь тухайн үед Ч.Э байр авахаар мөнгөө цуглуулж байсан тул 2017 оны 12 сарын 04-ний өдөр Ч.Э , Д.Г нар Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хххх м.кв, 3 өрөө орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдаж авсан.

1.2. Төлбөрийг төлөхдөө 25,000,000 төгрөгийг бэлнээр, 19,500,000 төгрөгийг зээл авч өгөөд үлдэх 5,000,000 төгрөгийг хувааж төлж дуусгасан. Тухайн үед Ч.Э төрөх дөхсөн байсан тул Д.Г түлхүүрээ өгөөд манайхыг Нүхт рүү нүүсний дараа нүүж ороорой гэсэн байдаг.

1.3. Байрны төлбөр төлөгдөж өмчлөх эрхийн гэрчилгээ шилжсэний дараа байр чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч П.Б сүүлдээ утсаа авахаа больсон. Ахаараа дамжуулж нэг удаа хэлүүлэхэд 50,000,000 төгрөгийг нь буцаан өгч байраа авч үлдмээр байна гэсэн хариу өгөөд суллаж өгөхгүй байх тул 2022 оны 04 сард шүүхэд хандаж байна.

1.4. Ч.Э нь яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус орон сууцыг С.Л т худалдаж, өмчлөл шилжсэн. Нэхэмжлэл гаргах үед өмчлөгч нь Ч.Э байсан тул С.Л т худалдсан гэрээний үүргээ биелүүлж шаардлага гаргасан. Иймд хариуцагч П.Б ийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууцыг нөхөр Д.Г 2009 оны үед Бэлэглэлийн гэрээгээр зөвхөн өөрийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж авсан боловч тухайн орон сууцанд гэр бүлээрээ амьдардаг.

2.2. Ч.Э т 2017 онд орон сууцны өмчлөлийг шилжүүлсэн байдлаа гэр бүлийнхэндээ хэлээгүй. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.4-т зааснаар гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө байна гэж зааснаар Д.Г ын гэр бүлийн дундын хөрөнгө юм.

2.3. 2017 оны 12 сарын 19-ний өдөр Ч.Э О ХХК-аас 30,000,000 төгрөгийн зээл авч орон сууцны үнэд төлсөн гэдэг боловч энэ нь эргэлзээтэй. Учир нь Д.Г нь 2015 оны 08 сард бусдад зодуулсны улмаас хүнд гэмтэл авч 2016-2017 онуудад хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан.

2.4. Нэхэмжлэл гаргах цаг хугацаанд орон сууц Ч.Э ийн өмчлөлд байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад 2022 оны 05 сарын 13-ны өдөр О.А , С.Л нарын дээр шилжсэн, О.А , С.Л нар нь байраа худалдаж авахдаа өөрсдөө ирж байраа үзээгүй. Шаардах эрх үүссэн этгээдийн хууль ёсны ашиг сонирхол болон өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмших, өмчлөх, захиран зарцуулахад бусад этгээд саад болж байгаа тохиолдолд уг зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд шаардах эрх буюу нэхэмжпэгчийн байр сууриар оролцох эрх, үүрэгтэй.

2.5. Нэхэмжлэгчийн тайлбараас Ч.Э нь орон сууцны өмчлөлийг О.А , С.Л нарт шилжүүлсэн боловч шаардах эрх нь хэвээрээ гэж ойлголоо. Гэхдээ Ч.Э тухайн байрны өмчлөгч биш учир албадан гаргуулах нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Тухайн үл хөдлөх хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогоороо авсан шинээр бий болсон үл хөдлөх хөрөнгө бөгөөд уг орон сууц нь гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч юм.

3.2. Д.Г эх нэгтэй, эцэг ондоотой өөрийн төрсөн дүү Ч.Э т 2017 оны 12 сарын 04-ний өдөр 50,000,000 төгрөгөөр худалдсаныг нь шүүхэд нэхэмжлэл гаргах үед мэдсэн.

3.3. Д.Г нь 2015 онд хүнд зодуулсны улмаас эхнэр, хүүхдээ танихгүй болж үйлдлийнхээ учир холбогдлыг мэддэг байсан эсэхэд шүүхийн шинжилгээний байгууллагаас дүгнэлт гаргаагүй ч энэ хуралд өгсөн эмчлүүлэгчийн картанд хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гэж тодорхойлсон. Тархиндаа гэмтэл авч гавлын яс нь гэмтчихсэн байсан тул гэрээ байгуулах үед үйлдлийнхээ учир холбогдлыг мэдэхгүй байх магадлалтай. Тиймээс гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгийг дур мэдэн бусдад худалдсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн сөрөг нэхэмжлэл гаргасан.

3.4. Д.Г нь 2016, 2018, 2020 онд яаралтай тусламжийн төвд ухаан алдан очдог байсан баримтыг хэрэгт өгсөн. Энэ хүн өвчнөө мартахын тулд архи уудаг байсан. Тэр үед нь Ч.Э ирээд үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан байх магадлалтай. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2017 оны 12 сарын 04-ний өдрийн Д.Г , Ч.Э нарын хооронд байгуулсан ххххх мкв 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:

4.1. Хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 5.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлаж байна.

4.2. Улсын Дээд шүүхийн 20 дугаар тогтоолын 5.1-т Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасан гэр бүлийн гишүүдийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг авна гэх заалт нь тухайн үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн насанд хүрсэн гэр бүлийн гишүүний бичгээр гаргасан зөвшөөрөлгүй бол үл хөдлөх хөрөнгийг худалдах боломжгүй гэсэн заалт байгаа.

4.3. Тухайн байрыг худалдсан гэдгийг П.Б мэдэх боломжтой, мэдэж ч байсан. Хамтран өмчлөх эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан бол тэр нь гэр бүлийн гишүүд хоорондын асуудал. Д.Г нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, сэтгэцийн өвчтэй гэх шинжээчийн дүгнэлт болон бусад баримт хэрэгт байдаггүй. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ заавал нотариатаар орж баталгааждаг. Д.Г нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож байсан учир нотариат баталж улсын бүртгэлийн газар бүртгэсэн.

4.4. Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар орон сууцны өмчлөгч Ч.Э болсон. Д.Г байраа зараад БНХАУ руу П.Б болон хүүхдүүд рүүгээ байр, сургалтын мөнгө гэж шилжүүлж байсан талаар өмнөх шүүх хуралдаанд гэрч нар тайлбарладаг. Иймд сөрөг нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Гуравдагч этгээд О.А , С.Л нарын сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга:

5.1 Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ талийгаачийг согтуу байсан гэсэн гэж тайлбарлаж байна. Улсын бүртгэлд согтуу хүн очоод гэрээ бүртгүүлээд байх боломжгүй байх. Өвчнөө мартахын тулд архи уудаг байсан гэх тайлбараас үзэхэд Д.Г өөрийн үйлдлийн учир холбогдлыг мэдэх чадамжтай, хэрэг хариуцах чадвартай байсан гэж дүгнэхээр байна.

5.2. Мөн нотариатч хэлцлийг хүчин төгөлдөр хэмээн баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан байхад Д.Г ыг согтуу байсан эсвэл согтуу байдлыг нь ашиглаж улсын бүртгэлд хэлцлийг бүртгүүлсэн гэдэг нь үндэслэлгүй тайлбар. Тайлбар нь нотлогдохгүй байна. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан заалтад үндэслээд нотлох баримтуудаа яриад байгаа боловч үндэслэж байгаа заалтаасаа өөр хуулийн заалтуудыг сөрөг нэхэмжпэлийн шаардлагадаа оруулж ирээд байгаа тул сөрөг нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч П.Б т холбогдох ххххх мкв 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэгч Ч.Э ийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан нэхэмжпэгч Ч.Э т холбогдох 2017 оны 12 сарын 04-ний өдрийн Д.Г , Ч.Э нарын байгуулсан ххххх мкв 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах хариуцагч П.Б ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Нэхэмжлэгч Ч.Э нь хххх тоотод байрлах 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэхийг хүсч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

7.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 05 сарын 12-ны өдөр өөрийн нөхөр буюу хамтран амьдрагч О.А , болон бусад этгээд болох С.Л нарт 40,000,000 төгрөгөөр худалдаж, дээрх нэр бүхий этгээдүүд 2022 оны 05 сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөгчөөр тогтоолгосон байна.

Өмнөх өмчлөгч буюу Ч.Э ийн өмчлөх эрх Иргэний хуулийн 109 дүгээр зүйл, 110 дугаар зүйлд зааснаар дуусгавар болсон тул тухайн орон сууцыг албадан чөлөөлүүлэхийг хүссэн шаардах эрх үүсэх боломжгүй болсон байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар Ч.Э ийн хуулиар хамгаалдагдсан ашиг сонирхолд хариуцагч П.Б хохирол учруулаагүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлтэй.

7.3. Ч.Э нь 2017 оны 12 сарын 04-ний өдөр өөрийн төрсөн ах Д.Г оос тухайн орон сууцыг худалдан авсан, 2017 оны 12 сарын 19-ний өдөр О ХХК-аас хэрэглээний зориултаар 30,000,000 төгрөгийн зээл авсан.

7.4. Хэргийн 109 талд тухайн зээл Ч.Э ийн Хаан банкны харилцах дансанд орж ирсэн, тухайн зээлийн мөнгөн дүнгийн зарцуулалтаас харахад орон сууцны үнийг тухайн зээлээр төлөөгүй нь харагддаг бөгөөд орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлсэн, зээл авсан цаг хугацааг анхан шатны шүүх анхаараагүй.

7.5. Хэрэгт тухайн орон сууцыг 2009 онд худалдан авахдаа бэлэглэлийн журмаар авсан боловч татвар төлөхөөс зайсхийх журмаар бэлэглэлийн гэрээ байгуулан авсанаас биш Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т зааснаар нэг гэр бүлийн гишүүн буюу Д.Г од бусад этгээдээс бэлэглэлийн гэрээний журмаар албан ёсоор бэлэглэсэн ойлголт биш юм. 2009 оны 06 сарын 09-ний өдөр маргаан бүхий орон сууцыг талийгаач Д.Г өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Тухайн цаг хугацаанд Д.Г ын эхнэр П.Б хүүхдээ аваад БНХАУ-д байсныг гэрчилсэн гадаад паспортыг хэрэгт хавсаргасан байдаг.

7.6. Орон сууцыг бэлэглэлийн, худалдах, худалдан авах, арилжааны хэлбэрээр авсанаас үл шалтгаалан тухайн орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд тооцогдох учиртай. 2022 оны 09 сарын 09-ний өдрийн №210МА2022/01684 дугаар магадлалд Г.Б , Г.Г нарын эрх зүйн байдлыг тодорхойлох ажиллагааг гүйцэтгэх шаардлагатай, хариуцагч П.Б ийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан, нэмэгдүүлсэн шаардлага гаргах эрхийг зөрчсөн, нэмэгдүүлсэн шаардлагыг уг маргаантай хамт шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.

Сөрөг нэхэмжлэгчийн зүгээс Д.Б .Д.Г нарын эрх зүйн байдал буюу талийгаач Д:Г ын хүүхдүүд мөн болох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэн боловч анхан шатны шүүх хүлээнавахаас татгалзаж сүүлд Н.Б ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх эрхийг ноцтой зөрчсөн.

7.7. Гэр бүлийн гүшүүдийн хамтран өмчлөх хөрөнгө болохыг тогтоолгох гухай шаардлага нь гэрлэгч, гэр бүлийн гишүүдийн хооронд гэр бүлийн харилцаатай холбоотой шаардлага гэжээ. Гэр бүлийн гишүүдийн дундын өмчийг Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэхь хэсэгт зааснаар гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгоө дур мэдэн бусдад шилжүүлсэн тогтоодвол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсон эрхээ сэргээлгэх эрхтэй бөгөөд гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөлгүйгээр худалдсан байдаг тул энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргахаас өөр нөхцөлгүй юм.

Өөрөөр хэлбэл энэхүү Ч.Э тэй байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахаар байна.

7.8. Тухайн үл хөдлөх хөрөнгийг эхнэр, нөхөр болох Д.Г , П.Б нар зээлийн барьцаанд тавьж зээлийн харилцаанд оролцож байсан, эцэг ондоотой дүү Ч.Э т тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгө нөхөр Д.Г ын нэр дээр өмчлөх эрх бүртгэлтэй байгаа гэж итгэснээс бус бусдад шилжүүлсэн талаар мэдээгүй явдалд П.Б ийг буруутгах үндэслэлгүй юм.

7.9. Хариуцагч нь маргаж буй орон сууцны өмчлөгчөөр П.Б , Г.Г , Г.Б нарыг тогтоолгох тухай шаардлага гаргасан боловч Г.Г , Г.Б нар нь нэхэмжлэл гаргах, шаардах эрхийг итгэмжлэлээр олгоогүй гэжээ. 2022 оны 05 сарын 18-ны өдрийн 1405 бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр Г.Г , Г.Б нар нь Ч.Э т холбогдуулан гаргасан нэхэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэгчийн эдлэх бүх эрх, үүргийг П.Б т олгосон бөгөөд энэхүү итгэмжлэлээ сөрөг нэхэмжлэлийн шаардагатай цуг өгсөн байдаг.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 01-ний өдрийн 102/ШШ2024/01666 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар нэмэлт өөрчлөлт оруулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч П.Б т холбогдуулан Орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2017 оны 12 сарын 04-ний өдөр Д.Г , Ч.Э нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

 

3. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй.

 

3.1. Хариуцагч нь анх гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 04 сарын 07-ны өдөр өөрчилж, Д.Г , Ч.Э нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардсан, анхан шатны шүүх уг шаардлагыг шийдвэрлэжээ.

 

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцох шаардлага нь дангаар нэхэмжлэлийн шаардлага болж чадахгүй ба хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагатай хамт уг хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсоны үр дагаврыг шүүх шийдвэрлэх учиртай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй тул шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэнэ.

 

Иймд анхан шатны шүүх Д.Г , Ч.Э нарын хооронд 2017 оны 12 сарын 04-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулсны үр дагаврыг хэрхэх талаар тодруулах, энэ талаар зохигч талуудыг мэтгэлцүүлсний үндсэн дээр маргааныг шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

 

3.2. Мөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Э нь өөрийн нөхөр болох гуравдагч этгээд О.А болон гуравдагч этгээд С.Л нартай 2022 оны 05 сарын 12-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу маргаан бүхий орон сууцыг С.Л , О.А нарын өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгэгджээ.

Энэхүү хэлцэл хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай.

 

Өөрөөр хэлбэл, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь хххх тоот сууцыг өмчлөлдөө авах гэсэн үндэслэлээр тайлбарлаж байхад дээрх хэлцэлтэй холбоотой шаардлага гаргах эсэхийг тодруулах нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцнэ.

 

3.3. Тус шүүхийн 2022 оны 09 сарын 09-ний өдрийн 210/МА2022/01684 дугаар магадлалаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах талаар дурдаж байсан болохыг дурдах нь зүйтэй.

 

4. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 01-ний өдрийн 102/ШШ2024/01666 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР