| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2018/0160/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/029 |
| Огноо | 2019-02-22 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2019/ШЦТ/029
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Хэлмэрч А.Е,
Улсын яллагч Х.Ө,
Арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,
Шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Сд холбогдох 1813002850192 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, яс үндэс казах, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт оршин суух хаягтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, С ургийн овогт Мн С, регистрийн дугаар СШ****
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.С нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт **** БӨТ улсын дугаартай “Кристал” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад 6 настай хүүхэд Б.Аийг мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.С нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Баян-Өлгий аймгийн Сагсай сум руу явах засмалд **** БӨТ улсын дугаартай “Кристал” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэлийг аюул саад бий болохыг мэдсэн үедээ зогсоох арга хэмжээ авалгүй зам тээврийн осол гаргаж, явган зорчигч 6 настай хүүхэд Б.Аийг мөргөж түүний эрүүл мэндэд тархины битүү гэмтэл, гавлын ясны баруун талд шулуун хугарал, зүүн чамархай ясны ар хэсэг рүү үргэлжилсэн хугарал зэрэг гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна.
Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд болох:
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Мгийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн амаар гаргасан зөрчлийн талаарх гомдол /хх-ийн 15 дугаар хуудас/,
- Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “...Харин баруун урд талын крыло гол хэсгээрээ хотойлт үүссэн түүний гол хэсэгт үл ялиг газарт будаг нь халцарсан будаг халцарсан хэсгийн төмөр нь зэвэрсэн байдалтай байв. Мөн баруун урд талын толины ирмэг хэсэгт зурагдалт үүссэн байв.” гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-иин 18-20 дугаар/,
- Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Тын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны...Тухайн осол гаргасан жолооч М.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.2-т заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн тус тус заалтыг зөрчсөн байна” гэх магадлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч Х.К “...гэртээ сууж байхад эмээ Тилеу надад нэгж аваад ир гэж явуулсан. Тэгээд би гэрээс ганцаараа гараад явж байхад М хашааны гадна талаас Б.А гараад миний араас дагаж явж байгаад машинтай шүргүүлсэн. ...цагаан өнгийн машин шүргэсэн үед Б.А унасан. Тэгээд шүргэсэн машинаас эмэгтэй хүн бууж ирээд Б.Аийг хүчээр эмнэлэг рүү авч явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 343 дугаартай “...Иргэн Б.Аийн биед нэмэлт шинжилгээгээр дух, хамрын нуруу, дээд уруулын хэсэгт хүрэн өнгийн тав тогтсон зулгарсан 2 талын нүдний дээд доод зовхинд болон зүүн талын өвдөгний хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт, дух ясны баруун талд баруун нүдний ухархайн дээд ирмэг, хана дайрсан шугаман хугарал. Тархины баруун дух хэсэгт хугарлын төвшинд цусархаг няцрал зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн, хэрэг учрал болсон хугацаанд учирсан байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 62-63 дугаар хуудас/,
- Цагдаагийн газрын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “...Жолооч М.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасан, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчиж зогсоох арга хэмжээ аваагүй байна. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.а-д тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-д заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгслийн болон холбогдол бүхий эд юмсыг байрнаасаа хөдөлгөхгүй байх арга хэмжээ авч, аль ойр байгаа цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй зөрчил тус тус гаргасан байна.” гэх шинжээийн дүгнэлт /хх-ийн 101 дүгээр хуудас/,
Шүүгдэгч М.Сгийн өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “..2018 оны 05 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Тухайн өдөр Сагсай сум руу гарах зам дагуу байдаг “Монрад” шатахуун түгээх станцаас наашлаад аймгийн төв рүү өөрийнхөө **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ирж байгаад засмал замаар явж байтал хоёр хүүхэд гэнэт зам руу гүйгээд гараад ирсэн. Тэр үед би машинаа зүүн тийш нь дараад зогсоход нөгөө хоёр хүүхдийн нэг нь миний машины жолооч талын баруун талын толинд цохигдох шиг болсон. Би уг засмал зам дээр зогссон байсан. Тэгээд машинаасаа буух үед хоёр хүүхэд замын зүүн талаар дээшээ гүйгээд явж байхаар нь би хойноос нь явган очоод миний машинд дайруулсан хүүхдийг суулгаж аваад шууд аймгийн нэгдсэн эмнэлэгт очоод нөгөө хүүхдийг хүлээн авахад үзүүлж тэндхийн бүх эмч нарт үзүүлж анхан шатны тусламж үзүүлсэн. Би эмнэлэг рүү явж байх замдаа цагдаа руу залгаж, хүүхэд шүргэчихлээ гэж дуудлага өгсөн. ...хүүхэд машинд дайруулахдаа яг хэдэн километрийн хурдтай явж байснаа санахгүй байна. Гэхдээ би машинтай явахдаа аяархан явдаг. Миний бие Б.Аийн эмчилгээний мөнгө гээд 2 сая төгрөг өгсөн. ...Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 дугаар хуудас/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч М.Сгийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:
-Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Мн С /****/-ийн нэр дээр Өлгий сумын ** дугаар багт байршилтай, 1-36 айлын орон сууцны 01 тоотод орших 37 м.кв талбайтай хоёр өрөө **** тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууц бүртгэгдсэн байна” гэх албан бичиг /хх-ийн 114 дүгээр хуудас/,
-2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “***, овог: С, эцэг/эх/-ийн нэр: М, нэр: С, яс үндэс: казах, хүйс:эмэгтэй, төрсөн газар: Баян-Өлгий, Дэлүүн, төрсөн огноо: 1975/08/15, хаяг: Баян-Өлгий, Өлгий, 2-р баг, Цагаан эрэг, 17 гудамж, 11 тоот, хүчинтэй хугацаа:2020/08/15, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 115 дугаар хуудас/,
-жолооны үнэмлэхийн дугаар: **** ангилал: В, төлөв: хүчинтэй, регистр: ***, овог: С, эцэг/эх/-ийн нэр: М, нэр: С, төрсөн огноо: 1975/08/15, эмэгтэй, хаяг: Баян-Өлгий, Өлгий, 2-р баг, Ах жар, цусны бүлэг: 2, жолооч болсон огноо:2016/01/22, үнэмлэх олгосон огноо:2016/01/22, хүчинтэй хугацаа:2026/01/22, тэмдэглэл: ангилал өөрчлөх: Шинээр ангилал авсан, ЖЗБ Оноо: 9” гэх жолоочийн лавлагаа /хх-ийн 116 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн авто тээврийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “М овогтой Сгийн /***/ нэр дээр *** БӨА улсын дугаартай, Toyota Pruis маркийн, **** БӨТ улсын дугаартай, CHRYSLER COUNTRY маркийн тээврийн хэрэгслүүд бүртгэлтэй байна.” гэх тодорхойлолт /хх-ийн 118 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн Засаг даргын “М овогтой С нь СШ75081501 тоот регистрийн дугаартай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт 13-16 тоотод оршин суугч бүртгэлтэй. Даруу төлөв зантай, ард иргэдэд зөв боловсон харьцдаг хүн.” гэх тодорхойлолт /хх-ийн 118 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч М.С нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 121 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээгүй, тохиромжит хурдыг сонгож яваагүйд санаатай, харин тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авалгүй, хүүхдийг дайрч осол гаргахдаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуульд заасанчлан гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
Гэмт хэрэг гарахад бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй байдал, Замын хөдөлгөөний тухай хууль дүрмийг үл биелүүлсэн шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг шалгах, уг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Аийн мэдүүлэг, эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 39 дүгээр хуудас/, гэрэл зураг /хх-ийн 41 дүгээр хуудас/, өвчний түүхийн хуулбарууд /хх-ийн 45-55 дугаар хуудас/, эмчийн дүгнэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/, арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Мгийн мэдүүлэг /хх-ийн 98 дугаар хуудас/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 82-93 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн Б.Аийн биед үүссэн дух, хамрын нуруу, дээд уруулын хэсэгт хүрэн өнгийн тав тогтсон зулгарсан 2 талын нүдний дээд доод зовхинд болон зүүн талын өвдөгний хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт, дух ясны баруун талд баруун нүдний ухархайн дээд ирмэг, хана дайрсан шугаман хугарал. Тархины баруун дух хэсэгт хугарлын төвшинд цусархаг няцрал зэрэг гэмтлүүд нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2-т зааснаар “амь насанд аюултай, амь тэнссэн, гэмтлийн улмаас үлдэц, уршигтай, хөдөлмөрийн чадвар алдалтад удаан нөлөөлөх”, 3.1.2-т зааснаар “амь насанд аюултай гэмтэлд гавлын ясны хугарал, чамархайн ясны хугарал” зэргээр хүнд зэргийн гэмтлийн шалгуур шинжүүдэд хамаарч байх тул түүний биед хүнд гэмтэл учирсан, энэхүү гэмтлийн улмаас хойшид хохирогч Б.Аийн тархинд өөрчлөлт орж, сэтгэхгүйд нь нөлөөлөх боломжтой гэж дүгнэн түүний биед хүнд хохирол учирсан гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.Сгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Уг гэмт хэргийн улмаас арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Аийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан ба хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэргийн улмаас 2.000.000 төгрөгийн бодит хор уршиг учирсан, хойшид мөн үлдэц хор уршигтай байна. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2.000.000 төлж барагдуулсан /хх-67, 68, 109-110 дугаар хуудас/ байна. Иймд шүүгдэгч М.Сг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.
Бага насны хүүхдийн тархинд учирсан гэмтлийн улмаас түүний тархи, сэтгэхгүйд өөрчлөлт орох зэргээр үлдэц, хор уршиг хойшид илэрч болзошгүй ба түүнд нь зориулж эмчилгээ хийлгэх шаардлагатай болбол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн эрүүл мэндийг эмчлүүлэхэд гарах шаардлагатай хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Сгаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Сгийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч М.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “эцэг эх 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” тухай үүргийг биелүүлээгүй эцэг эхийн буруутай үйл ажиллагааг шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ.
Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн учруулсан аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй байгаа, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан, хойшид гарах эмчилгээний зардлыг төлж өгөхөө илэрхийлсэн зэргийг болон шүүх хуралдаанд талуудын гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч М.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Сд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын хувьд энэ хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаанд хүчингүй болгож, холбогдох байгууллага, албан тушаалтан нь ялын биелэлтэнд хяналт тавих ёстой.
Шүүгдэгч М.Сгийн *** дугаартай “В” ангиллын жолооны үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж байна.
Шүүгдэгч М.С нь хохирогчид төлөх төлбөргүй тул прокурорын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 5/71 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.С нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Сгийн иргэний үнэмлэх, гадаад паспорт, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг эрүүгийн хариуцлагын биелэлтийг хангах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч С ургийн овогт Мн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч М.Сгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Сд тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Сд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч М.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэхүү тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн жолоочийн үнэмлэх шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч М.Сгийн *** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид хохирогчийн эрүүл мэндийг эмчлүүлэхэд гарсан зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Шүүгдэгч М.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Сгийн иргэний үнэмлэх, гадаад паспорт, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдөр, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.Д