Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/00456

 

  Х-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2023/05502 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х-ын Ж-” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг засварлах зардал 58,206,352 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Ө.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:  “Ж-” ХХК нь Х- дүүргийн Ахмадын сувиллын гадна тохижилтын ажлыг түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй тендерт оролцож 446,274,870 төгрөгөөр уг ажлыг гүйцэтгэхээр шалгарч ХО/75 дугаартай гэрээ байгуулсан. Захиалагчийн зүгээс ажил эхлүүлэх зөвшөөрлийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 09/1831 дугаар албан бичгээр өгсөн. Гүйцэтгэгч 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 121 тоот албан бичгээр ажил бүрэн дууссан тухай мэдэгдэж, дүүргийн ажлын хэсэг 11 дүгээр сарын 16-ны өдөр ажлын талбайд ажиллан үүрэг даалгаврын биелэлтээр 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22/48 дугаар комиссын дүгнэлтээр хүлээн авсан бөгөөд “Ж-” ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 120 тоот албан бичгээр дээрх ажилд 1 жилийн хугацаатай чанарын баталгаа гаргаж өгсөн. Гэтэл гэрээний дагуу гүйцэтгэсэн гадна цахилгаан хангамжийн шугам удаа дараа гэмтэл гарч “Э-” ОНӨААТҮГ хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байна. Уг цахилгаан хангамжийн шугамд удаа дараа гарсан гэмтлийн шалтгаан нөхцлийг тодруулж, дүгнэлт гаргуулахаар захиалагчийн зүгээс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 11/514 тоот албан бичгээр “У-” ХК-д хандсан бөгөөд тус байгууллагаас 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/688 тоот албан бичгээр цахилгааны ажлыг гүйцэтгэгч кабелийн шугамын угсралтын ажлыг технологийн дагуу хийгээгүйгээс удаа дараа тасралт гарах шалтгаан нөхцөл үүссэн тул цахилгааны шугамыг гүйцэтгэгч байгууллагаар солиулах арга хэмжээ авах талаар мэдэгдсэн. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, мөн “Э-” ОНӨААТҮГ-ын гадна тохижилтын ажил гүйцэтгэх ХО/75 дугаар гэрээнд гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн аливаа инженерийн хийц, материал, хийсэн ажилд гологдол, дутагдал илэрсэн тохиолдолд гүйцэтгэгч тухайн доголдлыг арилгах түүнийг солих, засварлах үүрэгтэй байхаар заасан. Х-ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03/613 тоот албан бичгээр “Ж-” ХХК-д доголдлыг арилгах хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн ч гүйцэтгэгч байгууллага заасан хугацаанд хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд “Э-” ОНӨААТҮГ-ын гадна цахилгаан хангамжийн шугамыг дахин шинээр солих, засварлах зардал 60,000,000 төгрөгийг “Ж-” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар татгалзлын агуулга: Манай байгууллага нь Х- дүургийн Засаг даргын Тамгын газраас зарласан тус дүүргийн 8 дугаар хороо, Ж-ын аманд баригдсан Эко ахмадын сувиллын гадна тохижилт, гадна цахилгааны ажлыг хо-75 гэрээ байгуулан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хийж эхэлсэн ба дэлхий нийтийг хамарсан цар тахалт корона вирус Монгол улсад бүртгэгдэн хөл хорио тогтоох 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл шаргуу ажиллан гадна тохижилтын ажлыг 90 хувийн гүйцэтгэлтэй зогсоож гүйцэтгэлээ авсан болно. 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хөл хорио цуцлагдаж гадна цахилгааны зураг 6 дугаар сард батлагдан гадна цахилгааны ажлыг эхлэн бараа материалаа захиалсан боловч Монгол улсын хил гааль зогсонги байдалд орсоноос шалтгаалан 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр материалаа хүлээн аван ажлаа гүйцэтгэж 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр улсын комисс ажилласан болно. Бид “У-” ТӨХК болон Х- дүүргээс өгсөн ажлын тоо хэмжээ, үүрэг даалгаврыг батлагдсан зургийн дагуу чанартай сайн хийж гүйцэтгэсэн. “У-” ТӨХК-аас өгсөн техникийн нөхцөл нь дэд станц КТПН байнаа гэж тусгасан атлаа АТП болгох чиглэл өгсөн. Манай байгууллага үүнээс шалтгаалан 250,000,000 төгрөгөө захиалагч байгууллагаас авч чадахгүй 1 жил өнгөрсөн бөгөөд банк бус санхүүгийн байгууллагад хүү төлбөр төлсөн. Иймээс ажлаа хурдан хийгээд мөнгөө авах нь бидний хувьд амар байсан. /250,000,000х3,5%/ Тус өөрчлөлтийн ажилд компаниас 80,000,000 гаруй төгрөг зарцуулсан. Бид ажлаа батлагдсан зураг төсвийн дагуу гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “Ж-” ХХК-аас 58,206,352 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х- дүүргийн З-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдөхийг дурдаж, хариуцагч “Ж-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 448,982 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: “Ж-” ХХК нь Х-ын захиалгаар тус дүүргийн 8-р хороо, Ж-ын аманд байрлах Эко ахмадын сувиллын гадна тохижилт, гадна цахилгааны ажлыг норм норматив барин ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгч, барилгыг ашиглалтад оруулсан. Бид гэрээний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чанарын баталгааны хугацаанд гэмтэл доголдлыг арилгаж ажиллах болно. Бид Х- дүүргээс гаргасан гомдол саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байгаа болно гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч “Ж-” ХХК болон Х-ын хооронд түлхүүр гардуулах гэрээний нөхцөл бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Х- дүүргийн ахмадын сувиллын гадна цахилгаан хангамжийн ажлыг 2022 онд хүлээн авснаас хойш 4 удаа техникийн эвдрэл, саатал гарсан учраас дүүргийн тогийг тасалсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй. Хариуцагч тал доголдлыг арилгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг боловч кабелийг шинээр солихгүй гэдэг. Манай зүгээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой хэлсэн. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т “...эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх” гэж заасан. Хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хувьд гэмтэл гараад 1 жил болж байна. 2023 оны 04 дүгээр сарын 10-нд мэдэгдэл хүргүүлсэн боловч заасан хугацаанд доголдлыг арилгаагүй. Хариуцагчийн өмгөөлөгч шинжээч томилоогүй гэж тайлбарлаж байна. 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан болоход хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээчийн талаар тодорхой тайлбар хэлдэг боловч хүсэлт гаргаагүй. Үүнээс хойш 1 сарын дараа буюу 12 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдаан болоход шүүгч “та шинжээч томилуулах эрхтэй” гэж хэлсэн. Өнөөдрийг хүртэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхээ хэрэгжүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

                                                                      ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Х- дүүргийн З- нь хариуцагч “Ж-” ХХК-д холбогдуулан “Э-” ОНӨААТҮГ-ын гадна цахилгаан хангамжийн шугамыг дахин шинээр солих, засварлах зардалд 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 58,206,352 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “гэрээний дагуу ажлыг чанартай сайн хийсэн гэдэг үнэлгээгээр улсын комисст хүлээлгэн өгсөн, баталгаат хугацаанд ямар нэгэн гэмтэл гаргасан тохиолдолд засварлах үүрэгтэй, харин кабель шугамыг бүтнээр нь засварлах үндэслэлгүй, гарсан гэмтлийг засварлаад дуусч байгаа” гэж маргасан байна.

 

3. Х- дүүргийн З-, “Ж-” ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хо/75 дугаартай, түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй, ахмадын сувиллын гадна тохижилтын ажлын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр захиалагч нь ажлын гүйцэтгэлийн 446,274,870 төгрөгийг дүүргийн 2020 оны төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр, гүйцэтгэгч нь батлагдсан техникийн тодорхойлолт, зураг төсөв, ажлын тоо хэмжээнд заасан нэр төрлийн дагуу ажлыг гүйцэтгэж, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр эхэлж, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон байна.

Улмаар талууд гэрээний хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хо/87 дугаартай гэрээгээр 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хо/75 дугаартай гэрээгээр 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус тус сунгасан байна. /хх 12-13, 37-40/

           

4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх гэрээнүүд болон талуудын тайлбарыг үндэслэн тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа, шаардах эрхийн талаар хийсэн дүгнэлт нь Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

4.а. Зохигчид гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил, ажлын үр дүнг хүлээн авсан талаарх үйл баримтад маргаагүй, харин гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан эсэх талаар маргажээ.

            4.б. Хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22/48 дугаартай “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ахмадын сувиллын гадна тохижилтын ажлыг хүлээн авах комиссын дүгнэлт”-ээр ажил гүйцэтгэгч “Ж-” ХХК нь ажлыг батлагдсан зураг төсөв болон гүйцэтгэлийн төсвийн дагуу хийж гүйцэтгэж, захиалагч нь гэрээний дагуу гүйцэтгэгчээс ажлын үр дүнг хүлээн авсан гэж тусгасан байна. /хх 17-18/

 

4.в. Х-ын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 11/514 тоот “Дүгнэлт гаргуулах тухай” албан бичгээр “... Дээрх цахилгаан хангамжийн зориулалттай барилга байгууламжийг улсын комисс 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Цах-097/2022 дүгнэлтээр хүлээн авч, мөн оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шинээр баригдсан шугам тоноглолыг түгээх сүлжээнд холбох зөвшөөрлийг танай байгууллага өгсөн байна. Гэтэл дээрх цахилгаан дамжуулах шугам нь ашиглалтад орсноос хойш өнөөдрийн байдлаар 4 удаа гэмтэл гарч цахилгаан тасалдаж, цаашид Э- хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж манай байгууллага өнөөдрийг хүртэл хохирол хүлээсээр байна. Иймд уг цахилгаан хангамжийн шугам техникийн нөхцөл, зургийн дагуу хийгдсэн эсэх, мөн гэмтэл гарч байгаа шалтгаан нөхцлийг тодруулж тодорхой дүгнэлтийг яаралтай гаргаж өгнө үү” гэжээ.

 

4.г. “У-” ТӨХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/688 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт “Х- дүүргийн 8 дугаар хороо Ж-ын аманд байрлах Э- нь 35кВ-ын Зуунмод-А цахилгаан дамжуулах агаарын шугамаас тэжээгддэг бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тус сувиллын гадна цахилгаан хангамжийн дэд өртөөний гүйдэл дамжуулах шон хоорондын зай хэмжээ хэт ойртсоноос 35кВ-ын хүчний кабель шугам нь гэмтэж тасарсан байна. Тухайн үед УБЦТС ТӨХК-иас техникийн мэргэжлийн комисс ажиллаж гэмтлийн шалтгааныг судлан, дүгнэлт гаргаж биелэлтийг хангуулан ажилласан болно. Мөн угсралтын ажлын гүйцэтгэгч компани нь кабель шугамын угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ технологийн дагуу хийгээгүйгээс удаа дараа тасралт гарах нөхцөл байдал үүссэн байна. Иймд гүйцэтгэгч байгууллагадаа хандан кабель шугамыг солиулах арга хэмжээг авч ажиллуулна уу” гэжээ. /хх-45/

 

4.д. “Ж-” ХХК-ийг дээрх гэрээний дагуу ажил гүйцэтгэж байх хугацаанд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Цах-097/2022 дугаартай, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр “Өндөр төвөгшилтэй ангиллын 35 кВ-ын 100м цахилгаан дамжуулах агаарын шугам, 630м цахилгаан дамжуулах кабель шугам 35/0.4 кВ-ын 250 кВА чадал бүхий иж бүрдмэл дэд өртөө /КТПН/ цахилгаан хангамжийн зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гарган, Х- дүүргийн 8 дугаар хороо Ахмадын сувиллын барилгын гадна цахилгаан хангамжийн ажлын дүгнэлтийг баталгаажуулалт хийсэн. /хх 51-53/ Улмаар Ахмадын сувиллын гадна цахилгаан хангамжид 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэмтэл гарч, 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр “Гэмтлийн шалтгааныг судалсан акт №03/2022” үйлдэгдсэн байна. /хх 93-97/

 

4.е.Нэхэмжлэгч Х- дүүргийн З- нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажлыг хүлээн авсан боловч хариуцагч “Ж-” ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэлд доголдол гарсан, “У-” ТӨХК-аас гүйцэтгэгч байгууллагадаа хандан кабель шугамыг солиулах арга хэмжээг авч ажиллахыг мэдэгдсэний дагуу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 03/613 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хариуцагч “Ж-” ХХК-д хүргүүлсэн байна./хх-44/

 

5.Анхан шатны шүүх нэхэмжлэгч буюу захиалагч Х- дүүргийн З- нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. ...” гэж заасан хугацаанд гомдлын шаардлага гаргасан, улмаар хариуцагч “Ж-” ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д “гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх”-ээр шаардлага гаргах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

 

6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Э-” ОНӨААТҮГ-ын гадна цахилгаан хангамжийн шугамыг дахин шинээр солих, засварлах зардлыг төсөвчин Л.Баасангаравын 2023 онд гаргасан “ХУД-н 8 дугаар хороон дахь Ахмадын сувиллын гадна цахилгааны шугамын угсралтын ажлын төсөв”-ийг үндэслэн 58,206,352 төгрөгөөр тодорхойлсон байх ба хариуцагч уг төсвийн баримтыг үндэслэл муутай, хэт өндөр үнэлгээтэй гарсан гэж үгүйсгэсэн баримтыг гаргаагүй байна. /хх 110-115/

 

7. Тодруулбал, хариуцагч “Ж-” ХХК нь гүйцэтгэсэн ажлаа технологийн дагуу хийж гүйцэтгэсэн, гарсан доголдлыг арилгасан гэж тайлбарлаж байгаа боловч татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд цуглуулж өгөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад “мэргэжлийн байгууллагыг оролцуулах, дахин дүгнэлт гаргуулах” хүсэлт гаргасныг, хүсэлт нь тодорхой бус, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэг дуусч байх үе шатанд гаргасан гэж дүгнэн хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй. Учир нь хүсэлт хэлэлцэх шатанд талуудаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байхгүй гэсэн байна. /хх-128/

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2023/05502 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 448,982 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЭНЭБИШ

 

                                                       ШҮҮГЧ                                Д.ЗОЛЗАЯА

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Г.ДАВААДОРЖ