Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/039

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Д даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

улсын яллагч, ерөнхий прокурор орлогч А.Т,

шүүгдэгч К.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогтой Кгийн Тид холбогдох 1937000050051 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, С.с овогт Кгийн Т, 1981 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс казах. Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Булган сумын** дугаар багт, Х-д оршин суух үндсэн хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй. ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, РД:БД***

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч К.Т нь үл таних хүнээс ховор амьтан болох хойлог шувуу 1ш-ийг 90 000 төгрөгөөр худалдан авч, тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч К.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Тирлик захын гадна үл таних хүнээс хойлог шувууны мах нь янз бүрийн өвчинд сайн гэхээр нь ховор амьтан болох 1 ширхэг хойлог шувууг 90.000 төгрөгөөр худалдан авч, Ховд аймгийн Булган сумын Яарантын боомтод ажилладаг Тилекберген гэх найздаа өгөхөөр тээвэрлээд явж байх замдаа буюу 2019 оны 01 дүгээр сарын 14-ний шөнийн 02 цагийн үед Ховд аймгийн Булган сумын Б багийн нутаг дэвсгэрт УАЗ-2206 маркийн, **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч А.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хойлог шувуу нь ховор амьтны жагсаалтад орсон байгаа. Энэхүү шувууны экологи, эдийн засгийн үнэлгээ нь Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад 130.000 төгрөгөөр тогтоосон. Харин нөхөн төлбөрийн хувьд уг шувууны экологи, эдийн засгийн үнэлгээг 2 дахин нугалж төлөх ёстой. К.Т нь манай Байгаль, орчин аялал жуулчлалын газрын дансанд 260 000 төгрөгийг тушааж, хохирол, нөхөн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна. Өөр нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

- Гэрч Н.Чын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 14-ний орой 19 цагийн үед Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат К.Тйн эзэмшлийн **** БӨТ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслээс гарч ирсэн хойлог шувууг хэн агнасныг мэдэхгүй байна. Тэгээд машинд үзлэг шалгалт хийхэд хойлог гарч ирлээ гэж ярьж байсныг сонссон гэснээр /хх-ийн 37-38-р хуудас/,

- Гэрч Т.Нн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ховд аймгийн Булган сумын төвд ирэхэд цагдаагийн хоёр алба хаагч зогсоож жолоочийн бичиг баримт, тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхэд машин дотроос ууттай хойлог шувуу гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, - Гэрч Х.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ховд аймгийн Булган суманд орж ирээд хонох айл хайгаад явж байхад бидний зорчиж явсан тээврийн хэрэгслийг зогсоож 2 цагдаагийн алба хаагч жолоочийн бичиг баримт, тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхэд бидний зорчиж яваа тээврийн хэрэгсэл дотроос ууттай хойлог шувуу гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

- Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтэд “... 1 ш шувуу нь Алтайн хойлог мөн болно. Хэрхэн агнасныг тогтоох боломжгүй, Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1-р хавсралтаар ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн, 2014 оны Монгол Улсын улаан номд орсон...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцогдсон хойлог шувуу 1 ш /хх-ийн 25 дугаар хуудас/,

- Шүүгдэгч К.Тйн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Миний бие 2019 оны 01 сарын 05-нд Ах дам захын доод талд байдаг дугуй засварын газарт машиныхаа дугуйг янзлуулаад өөрөө Москва нэртэй дэлгүүр ороод гараад машин руугаа явж байтал хөдөөгийн нэг хүн надад ирээд казах хэлээр надад “Хойлог шувуу авах уу” гэхээр нь би хэдэд өгөх юм гэж асуухад 100,000 төгрөгөөр өгнө гэсэн, тэгэхлээр нь би 90.000 төгрөгт асуухад нөгөө хүн зөвшөөрөөд, тэгээд би уг шувууг 90.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед бид хоёр машины хажууд зогсож байсан бөгөөд уг шувууг нөгөө хөдөөгийн хүн уутанд хийгээд авсан байсан бөгөөд хөлдөөж хадгалсан шувуу байсан. Тэгээд би 2019 оны 01 сарын 07-ны өдөр Булган сум руу гарсан. Сум руу гарах үед миний машинд 3 хүн болон ачаа ачаад гарсан байсан. Булган суманд очоод тэнд 6 хоноод Булган сумаас БНХАУ-ын Ташкент хот руу гарахаар болоод Булган сумаас Ташкент орох 2 хүн суулгаад, Ховд аймгийн Булган сум орох 3 хүн, нийтдээ 5 хүн суулгаж аваад 2019 оны 01 сарын 13-ны өдрийн орой нь гарсан. Тэгээд Ховд аймгийн Булган суманд 2019 оны 01 сарын 14-ний шөнө 02 цагийн үед орсон. Ховд аймгийн Булган сум руу ороод төв гудмаар нь явж байхад намайг тус сумын цагдаагийн алба хаагч нар зогсоогоод миний бичиг баримт болон тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийгээд миний үл таних хүнээс худалдаж авсан “Хойлог” шувууг гаргаж ирсэн. Уг шувууг хориотой гэдгийг мэдээгүй, тэгээд ч урд өмнө цахим хуудсанд хойлог шувуу авна гэсэн зар, энэ тэр харж байсан болохоор хориотой гэдгийг нь мэдсэнгүй. Миний бие учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн болно, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:  

- шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/,

 - Баян-Өлгий аймгийн Булган сумын 5 дугаар багийн Засаг даргын “К овогтой Т нь БД81041839 регистрийн дугаартай, тус багийн байнгын оршин суугч” гэх тодорхойлолт /хх-ийн 57 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “улсын бүртгэлийн дугаар:г****, хаяг:Баян-Өлгий, Булган,**-р баг, Жаргалант, зориулалт:гэр бүлийн хэрэгцээний, талбайн хэмжээ:2800 мкв, хөрөнгийн төрөл:газар, эрхийн төрөл:өмчилсөн, өмчлөгчөөр бүртгүүлсэн огноо:2013-01-28, өмчлөгчөөр бүртгүүлсэн үндэслэл:төрөөс хувьчилсан газрын өмчлөх эрхийг баталгаажуулах, өмчлөгчийн тоо:1,

- улсын бүртгэлийн дугаар:Ү****, хаяг:Баян-Өлгий, Булган, *-р баг, Жаргалант, зориулалт:хувийн сууц, талбайн хэмжээ:146 мкв, хөрөнгийн төрөл: үл хөдлөх, эрхийн төрөл:өмчилсөн, өмчлөгчөөр бүртгүүлсэн огноо:2013-01-29, өмчлөгчөөр бүртгүүлсэн үндэслэл:газраас бусад ҮХЭХ-ийг анх удаа бүртгэж, баталгаажуулах, өмчлөгчийн тоо:1” гэх лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/,

- 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БД8*****, овог:С.с, эцэг/эх/-ийн нэр:К, нэр:Т, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Булган, төрсөн огноо:1981-04-18, хаяг:Баян-Өлгий, Булган, *-р баг, Хужирт, хүчинтэй хугацаа:2026-04-18, хэд дэх:1, ГП:****, огноо:2017-05-29” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, холбогдох байгууллагаас хяналтаа сул тавьсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч К.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Тирлик захын гадна үл таних хүнээс ховор амьтан болох хойлог шувуу 1 ш-ийг 90 000 төгрөгөөр худалдан авч, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний шөнийн 02 цагийн үед Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт УАЗ-2206 маркийн, **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Алтайн хойлог шувуу нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7-р тогтоолын 1 дүгээр хавсралтын 2 дугаар хэсгийн 17-д зааснаар ховор зэрэглэлийн шувууд бүртгэгдсэн байна.

Ховор амьтны түүхий эдийг худалдан авсан гэдэгт бусдын шунахайн сэдэлтээр, зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн зүйлийг өөхшүүлж, мөнгөн төлбөр төлж авсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч К.Тйн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Ховор амьтныг худалдан авсан, тээвэрлэсэнгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Амьтны экологийн эдийн засгийн үнэлгээг тогтоох” тухай 23-р тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэг бодгаль Алтайн хойлогийн экологи-эдийн засгийн үнэлгээг 130.000 төгрөгөөр тогтоосон бөгөөд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцохоор заасны дагуу шүүгдэгч К.Тээс Төрийн сангийн ****тоот дансанд нийт 260.000 төгрөгийг хохирлын төлбөрт төлсөн байх тул хохирогчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.  

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус дурдав. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул энэ хэрэгт битүүмжлэгдэн шүүгдэгчийн УАЗ-2206 Фургон маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч К.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзлээ.

Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн учруулсан аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй байгаа, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан зэргийг болон шүүх хуралдаанд талуудын гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Алтайн Хойлог шувууны түүхий эд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримтын хадгалах зориулалттай өрөөнд хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн байгууллагатай хамтран устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн шүүгдэгчийн УАЗ-2206 Фургон маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч К.Тохсанекээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч К.Тйн иргэний цахим үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг эрүүгийн хариуцлагын биелэлтийг хангах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч С.с овогт Кийн Тийг “ховор амьтны түүхий эдийг худалдан авсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Тйг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

      3. Шүүгдэгч К.Т нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Алтайн Хойлог шувууг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн байгууллагатай хамтран устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, битүүмжлэгдсэн УАЗ-2206 Фургон маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигчид нь буцаан олгосугай. 

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц К.Тйн иргэний цахим үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг өөрт нь олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.Д