Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/00475

 

“Б-” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2023/05010 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Б-” ХХК-ийн хариуцагч Ц.Т-, Ш.Н- нарт холбогдуулан гаргасан, зээлийн гэрээний үүрэгт нийт 11,248,812 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай байгууллага Ц.Т-, Ш.Н- нарын автомашин худалдан авах зорилготой зээл авах хүсэлтийг хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, тэдэнд сарын 2.79 хувийн хүүтэйгээр 12,950,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай олгосон. Зээл олгохдоо зээлдэгч Ц.Т-ын хүсэлтээр Хаан банкны 5018379195 тоот данс руу 12,950,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор Ц.Т-тай 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулж, тэдний худалдан авч буй 37-27 УАМ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг өмчлөлдөө шилжүүлж авсан. Зээлдэгч Ц.Т- нь зээлийн гэрээний хавсралт 1-т заасны дагуу сар бүрийн 15-ны өдөр үндсэн зээлийг хүүгийн хамт төлөх үүрэгтэй байсан боловч хугацаа хэтрүүлж, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 1,410,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн бөгөөд үүнээс хойш 1 жилийн хугацаанд ямар ч төлөлт хийхгүй явсан тул бид “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-ний дагуу Тоёота приус маркийн авто машиныг өмчлөлдөө шилжүүлэн авч, 10,000,000 төгрөгөөр Л.Даваа гэх хүнд худалдан борлуулж, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөгийг зээлд суутгасан. Иймд хариуцагч Ц.Тайванжаралаас үндсэн зээлийн үлдэгдэл 6,664,062 төгрөг, зээлийн хүү 3,820,625 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 764,125 төгрөг, нийт 11,248,812 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ш.Н-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагдсан. 2019 оноос эхлэн Ковид 19 цар тахал Монгол улсад тархсантай холбоотойгоор зээлийн хүү, зээлийн хуваарьт төлөлт, түрээсийн гэрээтэй холбоотой төлбөрийг төлүүлэхгүй байх арга хэмжээ авах хууль гарсан. Тус хуулийн хүрээнд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй байх үүрэгтэй. Уг үүргээ зөрчсөн. Зээлдэгч нь зээлийн хувиараа төлөхгүй бүтэн жил явсны дараа  нэхэмжлэгч талаас тээврийн хэрэгслийг хураан авч зарж борлуулан хохирлоо барагдуулсан асуудлын тухайд Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2.1-д зааснаар зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй боловч энэ нь зөвхөн хөдлөх эд хөрөнгөд хамаарна. Гэтэл нэхэмжлэгч тал гэрээний хугацаа дуусаагүй байхад хөрөнгийг бусдад худалдан борлуулж, шилжүүлсэн нь хууль зөрчсөн байна. Ингээд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг зөрчиж хариуцагчаас төлбөр нэхэж байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед нэхэмжлэгч байгууллагаас хариуцагчтай уулзаж, машиныг хураан авч, зээлийг бүрэн хаана гэх тайлбар өгсний үндсэн дээр машиныг өгч явуулсан. Энэхүү гэрээ нь хууль зөрчиж байгуулагдсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Т-аас 11,248,812 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Б-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б-” ХХК нь хариуцагч Ш.Н-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Талуудын байгуулсан зээлийн гэрээгээр зээлдэгч Ц.Т- нь өөрийн авсан үндсэн зээл 12,950,000 төгрөг дээр 24 сарын хугацаанд төлөх зээлийн хүү 4,563,409 төгрөг, нийт 17,513,409 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр хүлээн зөвшөөрсөн. Гэтэл Ц.Т- нь “Б-” ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хавсралт №1-д заасны дагуу сар бүрийн 15-ны өдөр үндсэн зээлийг хүүгийн хамт төлөх үүрэгтэй байсан ч эхний төлөлтөөсөө эхлээд хугацаа хэтрүүлж, 2020 оны 09 дүгээр сарын 24-нөөс 2020 оны 10 дугаар сарын 24-ний хооронд 1,410,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш бүтэн 1 жилийн хугацаанд ямар ч төлөлт хийхгүй явсан тул “Б- ББСБ”-аас “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-ний дагуу шилжүүлэн авсан “тоёота приус” маркийн автомашиныг авч, 10,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, 10,000,000 төгрөгийг хариуцагчийн зээлд суутгасан. Зээлийн төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй тул үндсэн зээлийн гэрээний дагуу шаардах эрх дуусгавар болох боломжгүй. Зээлийн гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээлийн төлбөр, хүүгийн төлбөр болон гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүрэг нь гэрээний хугацаа дууссан ч хэвээр үргэлжлэх юм.

4.а.Зээлийн гэрээний 4.9, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 2.2.5-д заасны дагуу фидуцийн зүйлийг худалдан борлуулж, зээлийн төлбөрт шилжүүлсэн ч зээлийн төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй бол Ц.Т- нь зээлийн үлдэгдэл төлбөрөө бүрэн төлж барагдуулах үүргийг гэрээгээр хүлээсэн атал анхан шатны шүүх хуулийн ямар үндэслэлээр хариуцагчийг гэрээгээр хүлээсэн зээлийн үлдэгдэл төлбөр төлөх үүргээс  чөлөөлсөн нь тодорхойгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт, тайлбар хийгээгүй, хэт нэг талыг барьж шийдэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч “Б-” ХХК нь хариуцагч Ц.Т-, Ш.Н- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 11,248,812 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Н-д холбогдох нэхэмжлэлээс татгалзсан байна.

 

3.Нэхэмжлэгч “Б-” ХХК нь хариуцагч Ц.Т-, Ш.Н- нартай 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “Б-” ХХК нь 12,950,000 төгрөгийг, сарын 2,79 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ. Улмаар зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 12,950,000 төгрөгийг зээлдэгч нарын дансанд шилжүүлсэн болох нь “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон байна. /хх-ийн 11-р тал/

 

3.а.Мөн өдөр талууд эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор 37-27 УАМ улсын дугаартай, “Тоёота приус” маркийн автомашины өмчлөлийг нэхэмжлэгч “Б-” ХХК-д шилжүүлжээ. /хх-ийн 6-9-р тал/

 

4.Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээл болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн байна.  

 

4.а.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “... банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан тул талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.

 

5.Нэхэмжлэгч “Б-” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “зээлдэгч нар нь сар бүр төлвөл зохих төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул 2021 оны 11 сард фидуцийн зүйл болох автомашиныг хураан авч, 10,000,000 төгрөгөөр бусдад худалдсан, мөн зээлдэгч нар нь гэрээний үүрэгт бэлнээр нийт 1,410,000 төгрөг төлсөн, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 6,664,062 төгрөг, зээлийн хүү 3,820,625 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 764,125 төгрөг, нийт 11,248,812 төгрөгийг хариуцагч Ш.Тайванжаргалаас гаргуулна.” гэжээ.   

 

5.а.Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 1.2-т 37-27 УАМ улсын дугаартай “Тоёота приус” маркийн автомашины үнэлгээг 18,500,000 төгрөг гэж фидуцийн зүйлээр хангагдах үүргийн хэмжээг тодорхой тусгасан байна. /хх-ийн 8-р тал/

 

5.б.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.” гэж заажээ.

 

5.в.Нэхэмжлэгч “Б-” ХХК нь зээлдэгч нарын үүргийн зөрчилтэй холбоотойгоор фидуцийн зүйл болох автомашиныг 2021 оны 11 сард бодитойгоор гаргуулан авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд ингэснээр фидуцийн гэрээ дуусгавар болж зээлийн гэрээний үүрэг хангагдсан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч “Б-” ХХК нь автомашиныг 10,000,000 төгрөгөөр бусдад худалдаж, энэ хэмжээгээр зээлийн гэрээний үүргийг тооцсон гэж тайлбарлах боловч хариуцагч нар нь автомашиныг энэ үнийн дүнд тооцуулахыг зөвшөөрсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Б-” ХХК нь фидуцийн зүйлийг хураан авах үед автомашины үнэ зах зээл дээр унаж үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй болсон гэдгийг зээлдэгч нарт мэдэгдэж, зээлдэгч нар үүнийг хүлээн зөвшөөрч үлдсэн мөнгийг төлөхийг зөвшөөрсөнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ тохиолдолд “зээлийн гэрээний үүргийг фидуцийн зүйл болох автомашинаар төлж гэрээний үүрэг дуусгавар болсон” гэх хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзнэ. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.  

 

5.г.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ гэрээний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэсэн, мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг орхигдуулсан, мөн нэхэмжлэгч нь хариуцагч Ш.Н-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэхдээ техникийн шинжтэй алдаа гаргасан байна.

Тодруулбал, нэхэмжлэгч “Б-” ХХК нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр шаардсан байхад анхан шатны шүүх тогтоох хэсгийн 1 дэх заалтад зөвхөн үндсэн үүргийн талаар зохицуулсан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийг баримталж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг орхигдуулсан, нэхэмжлэгч нь хариуцагч Ш.Н-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлахдаа холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүйг залруулах боломжтой гэж үзлээ.

 

6.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2023/05010 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 451.1 ...,” гэсний дараа “452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1,” гэж нэмж,

2 дахь заалтын “... баталсугай.” гэснийг “баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,940 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЭНЭБИШ

 

              ШҮҮГЧ                                      Д.ЗОЛЗАЯА

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ