Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/050

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

орчуулагч, хэлмэрч А.Е,

улсын яллагч, хяналтын прокурор М.О,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З,

шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас “Хууль бусаар мод бэлтгэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ат холбогдох 1913000440052 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1993 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 04 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 4, аав, ээж дүү нарын хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Т овгийн Аы А РД:ББ9**********

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А нь зохих зөвшөөрөлгүйгээр 2.9 м/куб/ /сийрэг шоо метр/ хус мод бэлтгэн байгаль орчинд 174.000 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.А нь өөрийн гэрийн гал түлэх хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хар арал” гэх нэртэй газрын ойгоос 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр, сүх ашиглан хууль бусаар 2.9 м/куб/ /сийрэг шоо метр/ хус мод бэлтгэн байгаль орчинд 174.000 төгрөгийн бодит хохирол учруулсан байна.

 

Дээрх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Иргэний нэхэмжлэгч М.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...шинжээч М.Ны гаргасан дүгнэлтээр 174.000 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 2.1, 4.1 дүгээр зүйлүүдэд зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлөх буюу 522.000 төгрөг нэхэмжилж байгаа болно. ...Манай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хар арал” гэх газар нь хус модтой ойн сав газар байдаг. Уг ойн сав газраас мод бэлтгэх үед заавал байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авч мод бэлтгэх учиртай. Гэтэл А.А нь ямар нэгэн эрхийн бичиг авахгүйгээр ойн сав газраас мод бэлтгэсэн ба өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэгэнт ойн сав газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн нь хууль бус үйлдэл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/.

- Гэрч С.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний бие 2019 оны 01 сарын 12-ны өдөр 10 цагийн үед байгаль орчны хяналтын Улсын байцаагч М.Нтэй хамт тус сумын Хар арал гэх газарт хяналт шалгалт хийж явахад тус сумын 4 дүгээр багийн иргэн А.А нь эрхийн бичиггүй түлээний хус мод бэлтгэсэн байсныг өөрийг нь дагуулж ирж хүлээн зөвшөөрүүлж, өөрөөр нь Зил-130 тээврийн хэрэгслээр ачиж ирж тус сумын Засаг даргын Тамгын газрын манаач Ж.Бд хүлээлгэн өгч, улсын байцаагч М.Н зөрчлийн тэмдэглэл хөтөлж харьяаллын дагуу шилжүүлсэн. Иргэн А.Аийн мод гурван хэсэг байсан өөрөө зааж өгөөд ачуулсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/.

- Гэрч М.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Миний бие энэ өдөр байгаль хамгаалагч С.Бын хамт ...”Хар арлын” ойн сав газарт хяналт шалгалт хийх хугацаанд Алтанцөгц сумын 4 дүгээр багийн иргэн А.А нь эрхийн бичиггүй салхинд унасан хус бургас модыг түүж 3 хэсэг хурааж бэлтгэсэн байсныг шалгалтын тэмдэглэл хөтөлж хураан авч Засаг даргын Тамгын газрын хашаанд буулгаж манаач Ж.Бд хүлээлгэж өгсөн. ...мод ачиж байхад иргэн А.А нь ирж миний моднууд байгаа юм гэж хүлээн зөвшөөрч, надад ирээд би бэлтгэж дуусгачхаад зөвшөөрөл авах гэж байсан юм. Би сум орж зөвшөөрөл авах гэхээр зав гарахгүй байсаар байгаад ийм юм болчихлоо гээд ирээд мод ачилцаж өгөөд явсан” /хх-ийн 28 дугаар хуудас/.

- Хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн “1. ...сийрэг эзлэхүүнийг тодорхойлоход тухайн нягт хураагдсан модны дундаж өндийг урт, өргөнд нь үржүүлэх замаар тодорхойлно. 0,95 см өндөр х 2,90м урт х 1,05м өргөн=2.93м3 / Сийрэг шоо метр/. Тухайн бэлтгэсэн мод нь хус мод байна. З.Бэлтгэж авч ирсэн моднууд байгалийн жамаар хатаж хуурайшсан байгалийн жамаар унасан хуурай мод байна. 6. А.А нь Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 29 дүгээр зүйлийн 29.1.7, 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна. 7....модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 2,9м3х60000х1.0=174.000 төгрөгийн бодит хохирол учруулсан байна” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/.

- А.Аийн хууль бусаар мод бэлтгэсэн гэх газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10-12 дугаар хуудас/.

- А.Аийн хууль бусаар бэлтгэсэн модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл. үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-16 дугаар хуудас/.

- Шүүгдэгч А.Аийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ...Энэ модыг гэртээ түлш хийхээр бэлдээд хоёр хонож байсан. Байгаль хамгаалагч нараас модоо бэлдэж дуусаад зөвшөөрлийн бичиг авна гэж бодоод модоо бэлтгэж дуусаагүй байсан юм. Энэ хооронд тус сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч М.Н, байгаль хамгаалагч С.Б нар миний бэлдсэн 3 овоо модыг хурааж аваад ачих гэж байхад миний бие өөрөө очиж бэлтгэсэн гурван овоо модоо зааж өгөөд ачилцаж өгөөд явуулсан. ...Миний бие байгалийн жамаар салхинд унасан хус мод байхаар нь сүхээр тайрч аваад бэлтгэсэн. Ямар нэгэн ургаа мод тайраагүй. Миний бие байгаль орчинд учруулсан хохирлоо төлж өгсөн. Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шинжлэн судалсан. Үүнд:

-Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Иргэн А.А нь тус багийн иргэн, ам бүл 1, малчин өрх. 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 3, үхэр 3, хонь 50, ямаа 15, нийт 71 мал тоолуулсан. Төлөв даруу зантай, урьд нь ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-ийн 45-47 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Иргэн А.Аийн өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/,

- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “А.А ББ93033131/ -ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх лавлагаа, /хх-ийн 49 дүгээр хуудас/,

- шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/,

- 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр олгосон “РД:ББ93033131, овог:Т, эцэг/эх/-ийн нэр:А, нэр:А, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Алтанцөгц, төрсөн огноо:1993-03-31 хаяг:Баян-Өлгий, Алтанцөгц, 4-р баг, Цагаан, түнгэ, хүчинтэй хугацаа:2038-03-31, хэд дэх:1, ГП:Е1586535, огноо:2015-11-10” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, дээр дурдагдсан зүйлээс өөрөөр хууль зөрчсөн зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо хамааралтай, үгүйсгэх нотлох баримт байхгүй шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг хангасан, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил, тогтсон ажил хөдөлмөр, орлого байхгүй, эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч А.Ат нь шунахайн сэдэлтээр, өөрийн гэрийн гал түлэх хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд “Хар арал” гэх нэртэй газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн сүх ашиглан хууль бусаар 2.9 м/куб/ /сийрэг шоо метр/ хус модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэснээр хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, бэлтгэсэн модоо зааж өгөөд ачилцаж Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын Тамгын газарт буулгаснаар гэмт хэрэг тус тус төгссөн байна.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой зааж тусгана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч А.А нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын “Хар арал” гэх нэртэй газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 2.9 м/куб/ /сийрэг шоо метр/ хус мод бэлтгэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр уг газраас хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй болох нь нотлогдсон.

Иймд шүүгдэгч А.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гарал үүслийн гэрчилгээгүй хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Аийн үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас ойн санд 522.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч М.Нийн мэдүүлэг зэргээр, мөн экологи эдийн засгийн үнэлгээгээр уг хохирлыг 3 дахин төлүүлдэг хууль журмыг баримтлан учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Аийн зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх үйлдлийн улмаас ойн санд нийт 522.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч энэхүү учруулсан хохирлоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж 522000 төгрөг болгож төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан ХААН банкны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, хөдөлмөрийн чадвар алдалт, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон хамгийн бага хэмжээгээр буюу 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа ухамсарлан гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.2, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь урьдаас төлөвлөж уг гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдалд хамруулаагүйг дурдаж байна.

 

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 тэнцэх юм.

Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан модон иштэй сүхийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж зөвшөөрөлгүй бэлтгэсэн 2.9 м.куб хус модыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, улсын орлого болгохыг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гардуулах зэргээр дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгч А.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т овгийн Аы Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гарал үүслийн гэрчилгээгүй хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат 460 “дөрвөн зуун жаран” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэг,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй сүхийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж зөвшөөрөлгүй бэлтгэсэн 2.9 м.куб хус модыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, улсын орлого болгохыг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлэх хүртэл шүүгдэгч А.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Аийн иргэний үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.

8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         А.Д