Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/00476

 

“М-” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Б- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2024/00242 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М-” ХХК-ийн “М-” ХК-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй,

үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгчид олгохыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, хариуцагчийн өмгөөлөгч Ө.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “М-” ХХК нь Б- дүүрэг, 2 дугаар хороо, 2 хороолол, Сөүл гудамж - тоотод бүртгэл бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийг давхар бүрээр нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж бусдад худалдаж, түрээслэх чиглэлээр үйл ажиллагааг явуулж байна. Тус компанийн өмч болох үл хөдлөх хөрөнгийн 6 дугаар давхрын 88 м.кв талбай бүхий - тоотод “М-” ХК нь 2020 онд нүүн орж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд компанийн зүгээс тухайн компанитай ямар нэгэн үүрэг бүхий гэрээ хэлцэл хийгээгүй, гэрээний харилцаанд ороогүй тул өөрийн өмчлөлийн 88 м.кв талбай бүхий - тоот өрөөг суллаж өгөхийг шаардсан боловч шаардлагыг хүлээн авахгүй, манай өмчийг хууль бусаар эзэмшиж, тог цахилгаан хэрэглээний зардлаа ч төлөхөө больсон. Тухайн 88 м.кв талбай бүхий - тоот өрөө манай өмч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдоно. Гэтэл хариуцагч нь “Н-” ХХК-тай байгуулсан гэрээг үндэслэн чөлөөлөхгүй гэж маргадаг. “Н-” ХХК нь манай компанитай 2018 онд Тоног төхөөрөмж нийлүүлж суурилуулах гэрээ байгуулж бид төлбөрийг бартераар төлөх аман тохиролцоотой байсан тул 2020 онд “Н-” ХХК нь “М-” ХК-ийг оруулчих гэснээр оруулсан боловч одоог хүртэл ажлаа дүгнэж актаар хүлээлцээгүй, манайх гэрээний төлбөрийг мөнгөөр төлөх албан бичгээ хүргүүлж манай өрөөг сулла, энэ компаниа гарга гэхэд “Н-” ХХК нь хариуцагч “М-” ХК-тай байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж албан бичгээ хариуцагчид хүргүүлсэн боловч өрөөг суллаж өгөөгүй. “Н-” ХХК болон “М-” ХК-ийн хооронд Э- төсөлд оролцох тухай гэрээ байгуулагдаж энэ гэрээтэй холбоотой үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Тэр гэрээгээр “М-” ХК нь төслөө хэрэгжүүлээгүй, “Н-” ХХК нь гэрээний маргаантай асуудлаас шалтгаалж “Н-” ХХК-д гэрээнээс татгалзах саналаа хүргүүлсэн байдаг. Иймд Б- дүүрэг, 2 дугаар хороо, сөүл гудамж - байр, 6 давхар, - тоот өрөөг хариуцагч “М-” ХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Н-” ХХК-тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Б- дүүрэг, 2 дугаар хороо, сөүл гудамж - байр, 6 давхар, - тоот өрөөг 290,000,000 төгрөгөөр тохиролцон 100 хувь хувьцаагаар бартерын гэрээ хийж худалдаж авсан. Тухайн үед гэрчилгээ гараагүй тул гэрчилгээ гармагц гэрээний дагуу 50 хувийн хувьцааг буцааж авах нөхцөлтэй хийгдэж манайх гэрээний үүргээ биелүүлж 100 хувь шилжүүлж өгсөн. Үүнийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв буюу хувьцаат компаниудын бүртгэл, хадгалалт, шилжүүлгийг хариуцдаг улсын байгууллагад бүртгүүлж Улсын бүртгэлийн ерөнхий газарт баталгаажуулсан. Худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа “Н-” ХХК нь ажлын гүйцэтгэлдээ бартераар авсан одоогоор үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх асуудал нь Нийслэлийн Прокурорын газарт хориглогдсон байгаа гэж тайлбарласан. Тэгээд “М-” ХХК, “Н-” ХХК-ийн зохих хүмүүс байлцаж - тоот оффисын талбайг хүлээлцэж манайх орсон. “М-” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг манайд шилжүүлэхэд татгалзахгүй гэсэн албан бичиг ирүүлж байсан. Энэ үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан нь өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа. Манайх “Н-” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр актаар хүлээлцэж оффисын талбайд орсон. Манайх Прокурорын газарт хандахад шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй гэсэн хариу өгсөн. Бид гэрээний дагуу эзэмшиж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б- дүүрэг, 2 дугаар хороо, сөүл гудамж - байр, 6 давхар, - тоотод байрлах 88 мкв талбай бүхий оффисын талбайг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Н-” ХХК-тай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж бартераар худалдаж авсан. “Н-” ХХК нь тус талбайг бартераар “М- “ХХК-иас ажлын хөлсөнд авч 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №970/20 тоот ТУЗ-ийн шийдвэрээр гүйцэтгэх захирал Б.Даваадоржид зөвшөөрөл олгон манай компанид зарсан ба бартерийн төлбөрийг манай талаас 290,000,000 төгрөгөнд дүйцэх “М-” ХК-ийн хувьцаагаар 100 хувь төлж барагдуулан харилцан тохиролцсон нөхцөлөөр гэрээ хийж хувьцаагаа шилжүүлж баталгаажуулсан. Тухайн үед үл хөдлөхийн гэрчилгээ нь гараагүй байгаа тул барилгыг барьсан “М-” ХХК-иас 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр худалдах, худалдан авах гэрээг хүлээн зөвшөөрсан тухайгаа мэдэгдэж тус давхарын 306 мкв үл хөдлөхийн хөрөнгийн гэрчилгээний хуулбар, мөн манайд шилжүүлэх талбайн зураг, оффисын өрөөг хүлээлцсэн акт, уулзалтын тэмдэглэл үйлдэн талууд гарын үсэг зурж албан ёсоор хүлээлгэн өгч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж хүлээлгэн өгөхөөр тохирсон. Шилжүүлэх хөдөлгөөн хүлээлттэй байгаа тул бид Прокурорт хандахад шилжилт хөдөлгөөн хийхгүй гэсэн хариу өгсөн. Иймд Б- дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, сөүл гудамж - тоот барилгын 6 давхарын - тоот хаягт байрлах 88 мкв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, тус үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг нэхэмжлэгч “М-” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Б- дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, сөүл гудамж - тоот барилгын 6 давхар нь 306 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205069909 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө. Үл хөдлөх хөрөнгө худалдах, шилжүүлэх гэрээг өмчлөгч болон худалдан авагч бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулж улсын бүртгэлийн байгууллагад өгснөөр хүчин төгөлдөр болдог. “М-” ХХК нь хариуцагч “М-” ХК-тай гэрээний ямар ч харилцаанд ороогүй тул хариуцагчийн өмнө үүрэг хүлээхгүй. Өөрөөр хэлбэл бидний дунд компаний өмчийн өмчлөлийг шилжүүлэх гэрээ байхгүй байхад бусдын өмчийг өөрийн өмч болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нь “Н-” ХХК-тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж Улсын бүртгэлийн газраар баталгаажуулж тус гэрээнд хамаатуулж гурвалсан гэрээ байгуулсан гэсэн үндэслэлгүй тайлбар гаргаж байна. “М-” ХХК нь энэ хоёр компаний хооронд байгуулагдсан гэрээнд гэрээний нэг тал болж оролцоогүй, ямар нэгэн гэрээнд гарын үсэг зурж, үүрэг хүлээгээгүй. Тэгээд ч “Н-” ХХК, “М-” ХК-ийн хооронд хийгдсэн Бартераар үл хөдлөх хөрөнгө худалдах гэрээнд хоёр талын төсөлд оролцох гэрээ нь хэрэгжээгүй тул “Н-” ХХК Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар гэрээнээс татгалзаж шилжүүлсэн хувьцаагаа буцаан авах тухай мэдэгдсэн. “М-” ХК нь хэрэгжүүлэх ёстой “Э-” төслийг хэрэгжүүлж уг төсөлд “Н-” ХХК нь давуу эрхээр оролцоогүй гэх шалтгаанаар татгалзсан албан бичиг хэрэгт баримтаар байна. Ер нь ч тэгээд бусдын өмчлөлийн хөрөнгийг хоёр компани хоорондоо гэрээ байгуулсан гэдгээр шийддэг асуудал биш. “Н-” ХХК-д манай өмчлөлийн байрнаас энэ компаниа гаргаарай гэхэд бидэнд танилцуулсан Эко залуудын хороолол барих төслийг үндэслээд гэрээ хийгдэж хувьцааг нь шилжүүлж авсан боловч төсөл нь хэрэгжээгүй, ямар ч үнэ цэнэгүй хувьцааг нь авчихсан тул буцааж ав гэрээнээс татгалзлаа гэсэн албан бичиг өгсөн гэж тайлбарладаг. Танай хоёрын хооронд байгуулагдсан гэрээнээс үүдэн гарах үр дагавраа шүүхээр шийдвэрлүүлж эрхээ сэргээлгэх чинь нээлттэй. “Н-” ХХК нь “М-” ХХК-тай байгуулсан гэрээний ажлыг гүйцэтгэж байхдаа танай компанийг оруулчих гэж гуйснаар А.С- захирал бичиг хийж өгч оруулсан боловч танай хоёрын гэрээ хэрэгжээгүй тул ийм нөхцөл үүсээд байгааг ойлгох хэрэгтэй. “Н-” ХХК-тай байгуулсан манай хоёрын гэрээ тусдаа асуудал. Бид төлбөрийг мөнгөөр төлөхөөр тохироод зарим нэг асуудлаас болж хойшлогдож байгаа. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М-” ХК-ийн хууль бус эзэмшлээс Б- дүүрэг 2 дугаар хороо 2 дугаар хороолол сөүл гудамж - тоот барилгын 6 давхрын - тоот хаягт байрлах 88 мкв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “М-” ХК-иас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч” М-” ХК-нд олгож,  Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М-” ХХК-д холбогдох Б- дүүрэг 2 дугаар хороо 2 дугаар хороолол сөүл гудамж - тоот барилгын 6 давхарын - тоот хаягт байрлах 88 мкв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахыг даалгах хариуцагч “М-” ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,678,200 төгрөгнөөс 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 1,537,800 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч “М-” ХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

6.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна. Миний бие шүүх хуралдаан болох өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хурал давхцаж байгаа талаар хурлын товыг хүргүүлсэн ба итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Доржпагмад энэ тухай мэдэгдэж өмгөөлөгчтэй оролцох тухай хүсэлтээ гаргахыг зөвлөсөн. Гэтэл шүүх хариуцагч компанийн захирал ирсэн байна төлөөлөгчийг оролцуулахгүй гэсэн үндэслэлээр миний хүсэлтийг хэлэлцэлгүй шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг нь хангалгүй шууд хуралдааныг явуулсанд гомдолтой байна.

6.а.Шүүх хуулийг буруу тайлбарлан хэргэлсэн тухайд хариуцагч нь маргаан бүхий оффисийг “Н-” ХХК-с худалдан авсан ба “Н-” ХХК нь нэхэмжлэгчээс ажлын бартераар авсан үйл баримт тогтоогддог. Энэ гэрээ өнөөрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа ба “Н-” ХХК нь тухайн бартерт авсан талбайг худалдан борлуулах эрхтэй гэдэг дээр шүүх дүгнэлт хийгээгүй. Хэдийгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь “М-” ХХК-ийн нэр дээр байгаа ч гэрчилгээг шилжүүлэн өгөх боломжгүй түр зуурын нөхцөл байдал нь “М-” ХХК “Н-” ХХК нарын гэрээ байгуулах үед болон манай компанитай “Н-” ХХК гэрээ байгуулах үед ч байсан илэрхий үйл баримт тул энэ талаар гэрээний аль аль талууд хүлээн зөвшөөрч гэрээндээ тусгасан байдаг. Нөгөө талаас хэлцэл хийх үед нэхэмжлэгчийн талаас бүрэн зөвшөөрч байгаагаа илэрхийлж 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр албан бичиг ирүүлсэн. /хх-ийн 25, 55 хуудас/.

6.б.Сөрөг нэхэмжлэлийн хамтран хариуцагчаар “Н-” ХХК-ийг оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан ч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй. Өмчлөх эрхийн гэрчилгээ нь нэхэмжлэгч “М-” ХХК-д байгаа ч захиран зарцуулах эрх нь “Н-” ХХК-д байсан. Нэхэмжлэгч нь хариуцагчаа сонгох эрхтэй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

6.в.“Н-” ХХК нь хариуцагчтай байгуулсан бартерын гэрээг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэн гүйцэтгэх захирал Б.Даваадаржид худалдан борлуулах эрх олгосон ба харин “Монголын марктинг менежментийн оюуны нэгдэл” ХК-тай хийсэн гэрээг цуцлах талаар эрх олгоогүй байдаг. Гэтэл эрх олгоогүй байхад Б.Даваадорж нь өөрийн саналаар гэрээ цуцлах тухай албан бичиг өгснийг гэрээг цуцалсан байна гэж шүүх дүгнэх нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Миний бие анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Тухайн хуралд хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцсон. Шүүгч шүүх хуралдаан болохоос өмнө хурлын дэг журмын дагуу хариуцагч талаас “Шүүх хуралдаанд гаргах хүсэлт байна уу” гэж тодорхой асуусан. Хариуцагч талаас өмгөөлөгчтэй оролцох, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаагүй. Шүүх хуралдааныг үргэлжлүүлэх байр суурьтай оролцсон нь хурлын тэмдэглэлээс харагдана. Тухайн маргааны зүйл болж буй үл хөдлөх хөрөнгийг манай компани 2018 оны 10 дугаар сарын 27-нд улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хүчин төгөлдөр, үнэн зөв. “Н-” ХХК нь тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах гэрээ байгуулсан. Манай барилгад холбооны тоног төхөөрөмж суурилуулсан. Компанид үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх талаар гэрээ хэлцэл хийгээгүй. Гол үндэслэл нь үл хөдлөх хөрөнийг бусдад шилжүүлэх, өмчлөгчийг дараагийн өмчлөлд шилжүүлэх асуудлыг заавал бичгээр гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулж улсын бүртгэлд бүртгүүлж өгснөөр хүчин төгөлдөр болдог. Манай компанитай огт гэрээ байгуулаагүй байж “Н-” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр энэ манай өмч гэж нэхэмж, шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. “Н-” ХХК нь хариуцагч компанитай байгуулсан гэрээнээс татгалзсан, уг татгалзсан баримт нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Гэрээнээс татгалзсанаас үүдэн гарах хохирол төлбөрийг “Н-” ХХК-тай ярих эрх нь нээлттэй. Манай компани гэрээний нэг тал болон оролцоогүй. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн юм шиг байна. Манай компанитай гэрээ хэлцэл хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлсэн. Хэрэгт цугларсан баримтуудыг зөв үнэлж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч “М-” ХХК нь хариуцагч “М-” ХК-д холбогдуулан Б- дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Сөүл гудамж, - байр, 6 дугаар давхрын - тоот, 88 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч тус - тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж өгөхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4.Нэхэмжлэгч “М-” ХХК нь “Н-” ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Тоног төхөөрөмж нийлүүлж суурилуулах” гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч буюу “Н-” ХХК нь дотор цахилгаан, дотуур холбоо, хяналтын камерын систем, сүлжээ, кабелийн телевиз, галын дохиоллын системийг нийлүүлэх, захиалагч буюу “М-” ХХК нь гэрээний төлбөр болох 212,985,889 төгрөгт Б- дүүрэг дэх офиссийн зориулалттай, барилгаас 88 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гүйцэтгэгчийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, “Тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах” гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 91-94-р тал/  

 

4.а.Улмаар “Н-” ХХК нь хариуцагч “М-” ХК-тай 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, дээрх “Тоног төхөөрөмж нийлүүлж суурилуулах” гэрээний дагуу авахаар тохиролцсон 88 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 290,000,000 төгрөгөөр худалдах, “М-” ХК нь гэрээний төлбөрт нэг бүр нь 100 төгрөгийн үнэ бүхий 2,900,000 ширхэг энгийн хувьцааг шилжүүлэхээр тохиролцож, маргаан бүхий Б- дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Сөүл гудамж, - байр, 6 дугаар давхрын, 88 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн байна. /хх-ийн 19-23-р тал/

 

4.б.Маргаан бүхий 88 м.кв талбай нь нийт 306 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсэг байх бөгөөд нэхэмжлэгч “М-” ХХК нь тус хөрөнгийн өмчлөгчөөр 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. /хх-ийн 8-р тал/

 

4.в.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... “Н-” ХХК нь “Тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах” гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, манай компанийн өмчлөлийн хөрөнгийг бусдад худалдах эрхгүй, мөн манай компани “М-” ХК-тай гэрээ байгуулаагүй, хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байна.” гэх агуулгаар тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч “... “Н-” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг бүрэн биелүүлж, үнийг төлсөн, мөн нэхэмжлэгч “М-” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг манай компанид шилжүүлэхийг зөвшөөрсөн.” гэжээ.

 

4.г.Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч “М-” ХХК нь “Н-” ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан “Тоног төхөөрөмж нийлүүлж суурилуулах” гэрээний үүрэгт 88 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, “Н-” ХХК нь ажлын хөлсөнд авсан 88 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч “М-” ХК-д худалдахаар тохиролцсон үйл баримт тогтоогдож байх боловч талууд эдгээр гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.  

Тодруулбал, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу нэхэмжлэгч “М-” ХХК нь гүйцэтгэгч “Н-” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй гэж маргаж байгаа тохиолдолд хариуцагч “М-” ХК-ийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч “М-” ХК нь өмчлөгч бус этгээд буюу “Н-” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан явдалд нэхэмжлэгч “М-” ХХК-ийг буруутай гэж үзэх үндэслэлгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

5.Анхан шатны шүүх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгчид олгохыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

6.Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “шүүх хариуцагч талыг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй, “Н-” ХХК -ийг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг хангахгүй орхисон нь үндэслэлгүй” гэх агуулгыг заажээ.

 

6.а.Шүүх хуралдаанд “М-” ХК-ийн гүйцэтгэх захирал буюу тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.Пүрэв-Очир оролцсон байх бөгөөд тэрээр өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд гаргаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

6.б.“Н-” ХХК-ийг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг хангахгүй орхисон нь үндэслэлгүй гэх гомдлын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 73.3 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийг зөвхөн нэхэмжлэгчид холбогдуулан гаргах, тус шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох учиртай. Энэ хэргийн хувьд нэхэмжлэгч нь “М-” ХХК байх тул сөрөг нэхэмжлэлийн хариуцагчаар “Н-” ХХК-ийг оролцуулах боломжгүй юм. Иймд уг хүсэлтийг хангахгүй орхисон шүүхийн ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

7.Хариуцагч “М-” ХК-ийн хувьд гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор зохих этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2024/00242 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

              ШҮҮГЧ                                      Э.ЭНЭБИШ

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ