Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2016/00080

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 17 өдөр

    Дугаар 182/ШШ2016/00080

                    Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.П-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ч.Б-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 6.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчХ.П, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч.Б 2014.04.27-ны өдөр 3.440.000 төгрөгийн төмс, лууван, 2014.05.09-ний өдөр 2.400.000 төгрөгийн төмс, лууван, 2015.04.26-ны өдөр 4.084.000 төгрөгийн төмс, лууван, шар манжин, улаан манжин тус тус зээлээр худалдсан бөгөөд нийт 9.924.000 төгрөг болсон. Үүнээс 2014.04.27-ны өдөр 2.080.000 төгрөгийг бэлэн авч, үлдэгдэл нь 1.360.000 төгрөг, 2014.05.09-ны өдөр 760.000 төгрөг бэлэн авч, үлдэгдэл нь 1.640.000 төгрөг, 2015.04.26-ны өдрийн 4.084.000 төгрөгөөс огт төлөлт хийгээгүй юм. Миний бие ӨН ХХК-иас хүнсний ногоо худалдан авч, өөрийнхөө машинаар явж зарж борлуулдаг. Тухайн үед Б нь Нарантуул-2 зах дээр нөхөр С буюу С-н хамт ажиллаж байсан. Ц гэдэг нь Б өөрөө байгаа юм. Бидний хооронд ямар нэгэн бичгийн хэлцэл байхгүй, итгэлцлийн үндсэн дээр л явдаг. Энэ нь хүнсний ногоог хүлээлгэж өгсөн баримтаас харагдана. Миний худалдсан хүнсний ногоог Б хүлээж авдаг байсан. Харин үлдэгдэл мөнгөө өгөхгүй байсан учир бид төлбөр барагдуулах гэрээг 2015.09.17-ны өдөр байгуулсан, энэ үед Бийн төлөх төлбөр нь 7.000.000 төгрөг байсан, үүнээс хойш 1.000.000 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл нь 6.000.000 төгрөг болсон. Иймд хариуцагчЧ.Бээс 6.000.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

НэхэмжлэгчХ.П нь хариуцагч Ч.Б холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 6.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

НэхэмжлэгчХ.П нь 2014.04.27-ны өдөр хариуцагч Ч.Б 81 шуудай төмсийг 40.000 төгрөгөөр тооцож 3.240.000 төгрөгийн, 20 шуудай лууванг 10.000 төгрөгөөр тооцож 200.000 төгрөгийн үнэ бүхий нийт 3.440.000 төгрөгийн хүнсний ногоог,

2014.05.09-ний өдөр 50 шуудай төмсийг 40.000 төгрөгөөр тооцож 2.000.000 төгрөгийн, 40 шуудай лууванг 10.000 төгрөгөөр тооцож 400.000 төгрөгийн үнэ бүхий нийт 2.400.000 төгрөгийн хүнсний ногоог,

2015.04.26-ны өдөр 90 шуудай төмсийг 40.000 төгрөгөөр тооцож 3.600.000 төгрөгийн, 20 шуудай лууванг 10.000 төгрөгөөр тооцож 200.000 төгрөгийн, шар манжин 200 кг-ыг 1200 төгрөгөөр тооцож 240.000 төгрөгийн, улаан манжин 2 шуудайг 22.000 төгрөгөөр тооцож 44.000 төгрөгийн үнэ бүхий нийт 4.084.000 төгрөгийн хүнсний ногоог тус тус нийлүүлсэн, хариуцагчЧ.Б нь 2014.04.28-ны өдөр 2.080.000 төгрөг, 2014.05.09-ний өдөр 760.000 төгрөгийг тус тус төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зарлагын баримтуудаар тогтоогдсон.

 

Дээрх байдлаас зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээг бичгээр, амаар аль ч хэлбэрээр байгуулж болох бөгөөд зохигчдын хооронд уг гэрээ амаар байгуулагдсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”,

 

42 дугаар зүйлийн 42.1-д “хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар болон бичгээр хийнэ”,

 

43 дугаар зүйлийн 43.1-д “амаар хийсэн хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ”, 43.1.1-д “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” бол гэж тус тус заасантай нийцнэ.

 

            Хариуцагч Ч.Б нь дээрх хүнсний ногооны үлдэгдэл төлбөрт 6.000.000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2015.09.17-ны өдрийнЧ.Б,Х.П нарын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээгээр нотлогдсон тул нэхэмжлэгч Х.Пд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д зааснаар хариуцагч Ч.Бээс хүнсний ногооны үлдэгдэл төлбөрийг шаардах эрх үүсчээ.

 

Шүүхээс хариуцагч Ч.Б нэхэмжлэлийг 2016.05.23-ны өдөр гардуулж, зохигчийн эрх, үүргийг, мөн 2016.06.06-ны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд ирүүлэх үүрэгтэйг танилцуулсан байх боловч хариуцагч талаас тайлбар болон нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагчЧ.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар баримтаар нотлоогүй төдийгүй хэргийн материал танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шүүхээс ямар нэгэн байдлаар саад болоогүй, эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4‑т “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно”, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасны дагуу хариуцагчЧ.Бийг нэхэмжлэгчХ.Пгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд хариуцагчЧ.Бээс 6.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчХ.Пд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүхээс хариуцагч Ч.Б шүүх хуралдааны товыг 2016.06.10-ны өдөр түүний 96090759 дугаарын утсаар мэдэгдсэн, мөн оршин суугаа хаягаар нь мэдэгдэх хуудсыг хүргүүлж, 2016.06.15-ны өдөр С гэж хүн хүлээн авсныг нэхэмжлэгч Х.П нөхөр нь гэж тайлбарласан бөгөөд тэрээр Ч.Бийг шүүх хуралдааны товыг мэдсэн гэж үзнэ.

 

            Харин хариуцагч Ч.Б нь шүүх хуралдааны товыг мэдсэн байх боловч шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон бусад нотлох баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүйг дурдаж байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д зааснаар хариуцагч Ч.Бээс 6.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчХ.Пд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Пгаас тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчЧ.Бээс 110.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Пд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                               Т.ЭНХТУЯА