Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/057

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

улсын яллагч, ерөнхий прокурор Т.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н,

шүүгдэгч А.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос “Хулгайлах” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Жт холбогдох 1813002600159 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1995 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, элсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, тус аймгийн Алтанцөгц сумын *дугаар багт оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж овгийн Аийн Ж, регистрийн дугаар БЮ****

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ж нь казах үндэсний хатгамал бүхий орны аравч 3 ширхэг, орны урдуур татдаг тор хөмсөг 2 ширхэг, эсгийн гэрийн хаалганы хатавчинд татдаг гоёл 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Ж нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн орой 21 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт байрлах иргэн Т.Тн өвлийн байшингийн цонхоор, нууцаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч орж гар аргаар оёсон 450.000 төгрөгийн үнэтэй казах үндэсний хатгамал бүхий орны аравч 3 ширхэг, 30.000 төгрөгийн үнэтэй орны торон хөмсөг 2 ширхэг, 60.000 төгрөгийн үнэтэй хаалганы том хатавч 1 ширхэг зэрэг нийт 540.000 төгрөгийн үнэтэй эд зүйлүүдийг хууль бусаар хулгайлсан байна.

 

Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Хулгайн гэмт хэрэг гарсан гэх газар болох үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт байрлах иргэн Т.Тн байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-10 дугаар хуудас/,

- Т.Тн гэрээс хулгайд алдагдсан 3 ширхэг орны аравч, 2 ширхэг орны урд татдаг хөмсөг зэрэг эд зүйлүүдийг “S ” нэртэй дэлгүүрийн эзэн Б.Х-с хураан авч, үзлэг хийсэн тухай тэмдэглэл , үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-19 дүгээр хуудас/,

- Иргэн С.Бы гаргаж өгсөн Т.Тн гэрээс хулгайд алдагдсан эсгий гэрийн хаалганы хатавчинд татдаг гоёл 1 ширхгийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/,

- Хохирогч Т.Тн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...Бид анх байшиндаа ирэхэд унтлагын өрөөний цонх нь онгорхой, гал тогооны өрөөний дунд шалан дээр хүний ялгадас байсан. Тэгэхээр нь хулгай орсон байна гэж бодоод...цагдаа дуудсан. Тэгээд шууд хөлдөөгчийн доторх аравчнууд алга болсон байх гэж бодоод хөлдөөгчийг манай эхнэр онгойлгож үзэхэд дотор нь хөшиг л байсан ба дотор нь байсан 5 ширхэг аравч, 1 ширхэг хаалганы том хатавч, 2 ширхэг орны доод талын тор хөмсөг зэрэг эд зүйлүүд байхгүй байсан. ...хулгай хийсэн этгээд манай байшингийн унтлагын өрөөний цонхоор орсон байсан. Нэгэнт иргэн А.Ж манай байшинд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан нь тогтоогдож надад холбогдох эд мөрийн баримтуудыг хүлээлгэж өгсөн. Надад хэргийн холбогдогчоос нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй тул миний бие цаашид хэргийн шүүх хуралдаанд оролцож чадахгүй гэдгээ нэмж хэлье” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 98-99, 158 дугаар хуудас/,

- Гэрч А.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Би 2018 оны 07  дугаар сарын 24-ний өдрийн орой нэлээн халамцуу “Тирлик” захаас гарч явж байх үед билльярд хамт тоглодог А.Ж гэх залуу тааралдаж гэр лүү явж ирэх таксины мөнгө байна уу гэж хэлсэн. Тэгээд би байгаа гэж хэлээд бид хоёр таксинд сууж Өлгий сумын 3 дугаар багт байрлах нэг эзэнгүй хаалга нь цоожтой байшинд очсон. Байшинд очсоны дараа А.Ж уг байшингийн араар тойрч яваад хэсэг хугацааны дараа нэг шуудайнд юм хийгээд авч гараад ирсэн бөгөөд бид хоёр тэндээс доошлоод 1 дүгээр сургуулийн урдаас такси авч Өлгий сумын 5 дугаар багт байрлах “Алау бар” үйлчилгээний төв дотор байрлах казах үндэсний эд зүйл худалдаж авдаг газарт авч ирж борлуулсан. ...надад 20000 төгрөг өгөөд ... . Ж надад уг байшинг өөрийнхөн байшин гэж хэлсэн. Би өөр хүнийх гэдгийг мэдээгүй. Би хүн харж зогссон асуудал байхгүй. ...Ж бид хоёр аравч, казах үндэсний хээтэй гар аргаар хийсэн хаалганы дээд талын хатавч, мөн адил үндэсний хээтэй орны доод талын тор зэргийг авч ирж борлуулсан. ...эдгээр эд зүйлсээс хатавч гэх зүйлийг маргааш нь 40000 төгрөгөөр худалдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

- Гэрч С.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Би 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Т ” зах руу нөхөр С-ы хамт очсон бөгөөд уг захын хойд талд байрлалтай билльярд тоглоомын газрын тэнд зогсож байхад 2 залуу казах үндэсний гар аргаар хийсэн эсгий гэрийн хатавч зарна гээд барьж зогсож байсан. ...би уг хатавчийг 40.000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуупас/,

- Гэрч Б.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...А.Ж гэгч ирж 3 тооны аравч, 2 тооны орны доод талын хөмсөг зэрэг казах үндэсний гар хийцийн эд зүйлсийг надад 110000 төгрөгөөр худалдаж явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34, 101 дүгээр хуудас/,

Шүүгдэгч А.Жийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “ ...Тухайн үед байшин эзэнгүй байсан ба би Ад “та наанаа байж байгаарай, гэртээ ороод гараад ирье” гэж хэлээд Аыг хашааны гадна үлдээгээд би өөрөө уг байшингийн хашаа руу ганцаараа ороод байшингийн хойд талын цонхыг түлхээд дотогшоо орсон юм. ...би байшин руу цонхоор дотогшоо нэвтэрсэн. Миний цонхоор орсон өрөө унтлагын өрөө байсан ба цаашаа гал тогооны өрөөд очиход хөлдөөгч байсан. Уг хөлдөөгчийг онгойлгоход дотор нь 3 ширхэг аравч, 2 ширхэг орны хөмсөг 1 ширхэг хатавч байсан. Тэгээд би эдгээр зүйлүүдийг ширээн дээр шуудайтай юм байхаар нь доторх зүйлүүдийг асгаад шуудайнд хийж авсан. Тэгээд буцаад орсон цонхоороо гараад хашааны гадна очиход А нь хоёр залуутай цуг архи уугаад сууж байсан. Би Аыг дагуулж аваад ...нөгөө хулгайлж авсан 3 ширхэг аравч, 2 ширхэг орны хөмсгийг 110000 төгрөгөөр худалдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүх шинжлэн судалсан.Үүнд:

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 764 дугаартай “А.Ж /БЮ***/-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 54 дүгээр хуудас/,

- 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр олгосон “РД:БЮ****, овог: Ж, эцэг/эх/-ийн нэр:А, нэр:Ж, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Өлгий, төрсөн огноо:1995-07-29, хаяг:Баян-Өлгий, Алтанцөгц, *-р баг, Баянбулаг, хүчинтэй хугацаа:2020-07-29, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/,

- Шүүгдэгч А.Жийн ХААН банкны дансны хуулга /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

- Шүүгдэгч А.Ж нь Хас банк, Капитал банк, Капитрон банканд ямар нэгэн харилцах, хадгаламж, зээлийн ямар нэгэн дансгүй болохыг тодорхойлсон Хас банк, Капитал банк, Капитрон банкны албан бичгүүд /хх-ийн 60-63 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 344 дугаартай “Иргэн А овогтой Ж /БЮ****/-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар газар бүртгэгдээгүй байна.

- Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын  ** дугаар багийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01/85 дугаартай “А овогтой Ж нь 23 настай, ам бүл 5, аав, ээж дүү нарын хамт амьдардаг, гэрлээгүй, дунд боловсролтой, даруу зантай, архи, тамхи хэрэглэдэггүй, ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор аав нь болох М.С болон өөрийн нэр дээр ямар ч мал тоолуулаагүй” гэх тодорхойлолт /хх-ийн 65-68 дугаар хуудас/,

- Шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Шүүгдэгч А.Ж нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй бусдын гэрт нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог.

Шүүгдэгч нь хууль бусаар олсон эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус  үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдсэнээр хохирогч Т.Тд хохирол учирсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.Ж иргэн Т.Тн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг байшин нь хүн байнга амьдрах орон байранд хамаарна.

Иймд шүүгдэгч А.Жийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул  дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Жийн үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж 450.000 төгрөгийн үнэтэй орны аравч 3 ширхэг, 30.000 төгрөгийн үнэтэй орны торон хөмсөг 2 ширхэг, 60.000 төгрөгийн үнэтэй хаалганы том хатавч 1 ширхэг зэргийг хулгайлснаас хохирогч Т.Тд 540.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 97-98 дугаар хуудас/, эд зүйлсийн зураг зэргээр нотлогдож байх тул учирсан хохирлын хэмжээ үнэн зөв байна.

Хохирогч Т.Тд мөрдөн байцаалтын шатанд орны аравч 3 ширхэг, орны торон хөмсөг 2 ширхэг, хаалганы том хатавч 1 ширхэг зэргийг биет байдлаар нөхөн төлөгдсөн /хх-ийн 15-22 дугаар хуудас/ зэргийг үндэслэл болгож шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Жийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч А.Ж нь үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо биет байдлаар буцаан төлсөн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.2, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн /69 дүгээр/ хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа хэдий ч уг гэмт хэргийг урьдаас төлөвлөж санаатайгаар хийсэн байх тул тохиолдлын шинжтэй гэх нөхцөл байдалд хамаарахгүй учир Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүйг дурдаж байна.

Шүүгдэгч А.Жийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлан гэмшиж буй байдал, хохирол төлбөрийг төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг шүүх харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж...болно”,  1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар гэмт хэрэгт нь хуульд зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Жийн үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байна.

Шүүгдэгч А.Ж нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт 42 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч А.Жийн баривчлагдаж, цагдан хоригдсон 42 хоногийг хорих ялын 42  хоногоор тооцож, ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь хохирогч Т.Тд төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж,  хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Жт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялаас хасах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                    

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овгийн Аийн Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Жийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жийн баривчлагдаж, цагдан хоригдсон 42 хоногийг хорих ялын 42 хоногоор тооцож, түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч А.Ж нь хохирогч Т.Тд төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйл шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

7. Шүүгдэгч А.Жт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-д шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.Д