Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00503

 

Л.Ж-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2023/03998 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Л.Ж-ын нэхэмжлэлтэй

хариуцагч “Г-” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулах, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг бичгээр байгуулахыг даалгах, дутуу олгосон цалин 3,316,000 төгрөг, илүү цагаар ажилласны хөлс 53,667,000 төгрөг, ээлжийн амралтын цалин 4,517,665 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ж-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс “Г-” ХХК-нд тээвэр зохицуулагчаар ажилд орж, 2022 оны 03 сараас хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтны үүргийг хавсран гүйцэтгэсэн. 2022 оны 10 сараас цалинг нэмэгдүүлж 9,000 юань болгосон. Кемп дээр 50-60 хоног ажиллаж, 4 хоног амардаг байсан. Тухайн үед ямар ч амралтгүй ажиллаж байсан тул Хятдын цагаан сарыг тохиолдуулан 30,000 юанийн мөнгөн урамшуулал олгоно гэсэн боловч олгоогүй. Цалин урамшуулал олгохыг хариуцагчаас шаардсан боловч зөвшөөрөөгүй, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Мөн кемп дээр 50-60 хоног ажиллаад 4 хоног амардаг байсан. Бямба, ням гарагт амардаггүй, өдөрт багадаа 12-14 цаг ажилладаг байсан. Шөнийн цагаар болон баярын өдөр ажилласан үед нөхөж амраадаггүй байсан тул илүү цагаар ажилласны хөлс сард 204 цаг, нийт 2598 цаг ажилласан бөгөөд 1 цагийн дундаж цалин 20,657 төгрөг, нийт 53,667,000 төгрөгийг хариуцагчаас шаардана. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмыг

танилцуулаагүй, бичгээр байгуулаагүй, ажилласан хугацааны цалинг дутуу олгосон, ээлжийн амралтын олговрыг олгоогүй. Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооноос нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч хариуцагч шийдвэрийг биелүүлээгүй. Иймд ажилд эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг бичгээр байгуулахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговоргаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, дутуу олгосон цалин 3,316,000 төгрөг, илүү цагаар ажилласны хөлс 53,667,000 төгрөг, ээлжийн амралтын олговор 4,517,665 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нь Л.Ж-той 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, тээвэр зохицуулагчаар ажиллуулж байсан. Л.Ж- нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр ажлын байрыг орхиж, 5 хоног дарааллан ажилдаа ирээгүй, бусад ажилтнаас шан харамж авч, хууль бус ажил хаялтыг зохион байгуулж байгууллагын дотоод журмыг зөрчсөн тул ажлаас чөлөөлсөн. Ээлжийн амралтын олговрыг олгоход татгалзах зүйлгүй, дутуу олгосон цалин хөлсний хувьд нотлогдсон хэмжээнд төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн бусад хэсгийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 158 дугаар зүйлийн 158.2.2, 154 дүгээр зүйлийн 154.2.2, 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1-д тус тус зааснаар хариуцагч “Г-” ХХК-иас дутуу олгосон цалинд 1,936,000 төгрөг, ээлжийн амралтын цалин олговорт 4,517,665 төгрөг, нийт 6,453,665 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Лхагвадоржийн Жигмэдтогтоход олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581,524 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч “Г-” ХХК-иас 118,209 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагчийн гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээ, захирлын тушаал, дотоод журам, ажлаас чөлөөлсөн тушаал, итгэмжлэл зэрэг эрх зүйн бичиг баримтууд нь өөр өөр гарын үсэгтэй байгааг шүүх анхаараагүй. Ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэсэн. 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан хүн ямар хүн болох нь тодорхойгүй, ажил олгогчийг төлөөлөх эрх бүхий этгээд биш. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “Би 04 дүгээр сарын 01-нд ажилд орж, 5 хоногийн дараа энэ хүнтэй уулзахад, илүү цагийн мөнгө 20 сая төгрөг нэхсэн учраас тохиролцоогүй, ажилдаа ороогүй ...” гэж мэдүүлдэг. Ингэж уулзахдаа ажлаас чөлөөлсөн тушаал гарсан тухай яригдаагүй зөвхөн илүү цагийн мөнгө яригдсан болохыг талууд хэлсэн байдаг.

2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шуудангаар ажлаас чөлөөлсөн тушаалыг илгээсэн нь нотлох баримтаар нотлогдсон гэж шүүх дүгнэсэн. Үүнээс харахад тухайн ажлаас чөлөөлөх тушаал 2023 оны 02 дугаар сарын 20-нд гараагүй дараа нь нөхөж хийсэн болох нь тодорхой байна.

Нэхэмжлэгч хөдөлмөрийн дотоод журамтай танилцаж байгаагүй болохоо удаа дараа тайлбарлаж, хариуцагч танилцуулсан гэдгээ нотолж чадахгүй байхад дотоод журамд заасан зөрчлүүдийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан түүнийг зөрчсөн гэж шүүх дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч хэрэгт өгсөн дотоод журмаа нэхэмжлэгчид танилцуулсан болохоо нотлоогүй.

Нэхэмжлэгч нь илүү цагийн мөнгийг байнга ажил олгогчоос шаарддаг байсан. Нэг мөр тооцож өгнө гэж хойшлуулдаг байсан. Мөн энэ асуудлаас болж маргаан үүссэн гэдгийг тайлбарладаг.

Шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар буруу дүгнэсэн. Маргааны гол зүйл болох ажлын байранд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүх нотлох баримтыг дутуу үнэлсний улмаас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гарсангүй. Эрх бүхий албан тушаалтан биш ямар ажил үүрэг эрхэлдэг, тухайн компанид ажилладаг эсэх нь тодорхойгүй хүний гарын үсэгтэй хөдөлмөрийн гэрээний заалтуудыг үндэслэж ажлаас халсан нь хууль ёсны байна гэж шүүх дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд хууль зүйн болон бодит дүгнэлт хийж чадсангүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Туршилтаар ажиллуулах гэрээ болон үндсэн гэрээтэй д нэхэмжлэгч өөрөө   танилцаж, гарын үсэг зурсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Гэрээг ойлгож мэдээгүй, гэрээ байгуулаагүй гэх тайлбар  үүгээр няцаагдана. Нэхэмжлэгч хөдөлмөрийн  гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан. Гэрч н.Анужин  “Тухайн үед нэр бүхий 8 ажилтан нэг дор ажлын байраа орхиж явсан. 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үдээс өмнө 8 ажилтан нь тухайн үед кемпийг хариуцаж байсан Жантай маргалдсан гэж мэдүүлэг байгаа. Үдээс өмнө өрөөнд нь орж ирсэн. Тодорхой маргаан болсон. Буцаж орж ирээд бид ажлаа орхиж явлаа гэж хэлээд явсан” гэж мэдүүлдэг.

Л.Ж- нь компанийн өдөр тутам ашиглагддаг байсан нөүтбүүкийг аваад явсан. Нэхэмжлэгч өөрөө нөүтбүүкийг андуураад авч явсан гэж тайлбарладаг. Бид араас нь ярьж байж нөүтбүүкээ авсан.

Нэхэмжлэгч илүү цаг ажилласан талаар гомдол гаргасан байдаг. 2022 оноос 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймагт Ковидын онцгой нөхцөл байдалтай байсан. Тухайн үед тээврийн компаниуд хуваарийнхаа дагуу ачилтад орох жолооч нараа гаалийн хяналтын талбайд хүргэж өгч, буцааж авдаг. Манай компанийн тухайд сард 3-4 удаа тээвэр хийдэг. Нэхэмжлэгчийг өдөр шөнөгүй илүү цагаар ажиллуулах нөхцөл байдал үүсээгүй. Илүү цагаар ажилласан тохиолдолд илүү цагаар ажилласан гэдгээ хэрхэн нотлох талаар журамд заасан. Энэ журмын дагуу бидэнд мэдэгдэх ёстой байсан боловч мэдэгдээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл нотлох баримтаар нотлогддоггүй. Манайх илүү цагаар ажиллуулаагүй учраас шаардлагыг хангах боломжгүй. Хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулсныг нотлох баримт гаргаж өгсөн. Өмнөговь аймгийн Ханбогд сумын прокурорын газарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг хэрхэн мөрдөж байгаатай холбоотой тодорхой тайлбарыг хүргүүлсэн. Хөдөлмөрийн дотоод журамтай холбоотойгоор ажилчдад сургалт орсон, танилцуулах зэрэг ажиллагаануудыг нэхэмжлэгч өөрөө хариуцаж ажиллаж байсан. Журам болон гэрээг тухай бүрт мэдсэн гэх тайлбарыг хэлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

            2.Нэхэмжлэгч Л.Ж- нь хариуцагч “Г-” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулах, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг бичгээр байгуулахыг даалгах, дутуу олгосон цалин 3,316,000 төгрөг, илүү цагаар ажилласны хөлс 53,667,000 төгрөг, ээлжийн амралтын цалин 4,517,665 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч ажилд эгүүлэн тогтоолгох, түүний үр дагаврыг арилгуулах шаардлагын талаар дүгнэлт хийхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, мөн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

            4.Нэхэмжлэгч Л.Ж- нь 2022 оны 01 сараас хариуцагч “Г-” ХХК-д тээвэр зохицуулагчаар ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. /хх-ийн 85-р тал/

            4.а.Дээрх тушаалд “Л.Ж- нь 2023.02.13-ны өдөр ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр ажлын байрыг орхисон, компанийн хөрөнгийг зөвшөөрөлгүй авч явсан, ажлын байранд 5 хоног ирээгүй, бусад ажилтнаас шан харамж авсан, хууль бус ажил хаялтыг зохион байгуулсан, уриалсан өдөөн турхирч, хөдөлмөрийн гэрээний 9.3.5, 9.3.14, 9.3.24, 9.3.27-т заасан ноцтой зөрчлийг гаргасан” гэх үндэслэлийг заажээ. Нэхэмжлэгч Л.Ж- нь дээрх тушаалыг эс зөвшөөрч “эрх бүхий этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлаас чөлөөлөх тушаалд заасан зөрчлийг гаргаагүй” гэж маргасан.

            4.б.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулж, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Хэргийн 153-156 дахь талд 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр огноолсон хөдөлмөрийн гэрээ авагдсан ба тус гэрээнд ажил олгогчийг төлөөлж Ван Ёон Жун, ажилтныг төлөөлж Л.Ж- нар гарын үсгээ зуржээ. 

            4.в.Гэвч дээрх хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчийг төлөөлж гарын үсэг зурсан Ван Ёон Жун гэх этгээд нь хариуцагч “Г-” ХХК-ийг төлөөлөн хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй эсэхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээгээр ноцтой зөрчлийг тусгайлан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй.

            4.г.Түүнчлэн, ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд заасан “ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр ажлын байрыг орхисон, компанийн хөрөнгийг зөвшөөрөлгүй авч явсан, ажлын байранд 5 хоног ирээгүй, бусад ажилтнаас шан харамж авсан, хууль бус ажил хаялт зохион байгуулсан, уриалсан өдөөн турхирсан” гэх зөрчлийг шалган тогтоосон байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, ажилтан эдгээр зөрчлийг гаргасантай холбоотой цагийн бүртгэл, хяналт шалгалт явуулж зөрчлийг тогтоосон зэрэг баримт хэрэгт авагдаагүй байна.  

            5.Хариуцагч татгалзалдаа “нэхэмжлэгч Л.Ж-ын гаргасан зөрчил нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно” гэх боловч гэрч Н.Анужин, Г.Батаа нар нь ажилтны гаргасан гэх зөрчлүүдийг зааж мэдүүлээгүйгээс гадна эдгээр гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдоогүй, гэрчүүд нь хариуцагч компанийн ажилтан байгаа зэрэг нөхцөл байдлыг харьцуулан дүгнэвэл уг мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байна.

            6.Ажил олгогч буюу хариуцагч “Г-” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөхдөө тушаалын хууль зүйн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар  баримтаар нотолж чадаагүй гэж үзэхээр байна.  

6.а.Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч Л.Ж-ыг хариуцагч “Г-” ХХК-ийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 37,002,726 төгрөгийг хариуцагч “Г-” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Л.Ж-од олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулах, ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагч “Г-” ХХК-д даалгах нь зүйтэй.

            6.б.Нэхэмжлэгч Л.Ж- нь нэг сарын үндсэн цалин 6,000 юаниас 9,000 юань болж нэмэгдсэн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчаас ажилтны үндсэн цалин нэг сарын 6,000 юань байсан талаар гаргасан тайлбарыг үндэслэн ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлох нь зүйтэй. /хх-ийн 151-152-р тал/. Иймд ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг 6,000 юань буюу 2,882,460 төгрөгөөр тооцож, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 1 жил 18 хоногийн цалинд нийт 37,002,726 төгрөгийг хариуцагч “Г-” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

             7.Анхан шатны шүүх дутуу олгосон цалин 1,936,000 төгрөг, ээлжийн амралтын цалин 4,517,665 төгрөгийг хариуцагч “Г-” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Л.Ж-од олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,380,000 төгрөг болон илүү цагаар ажилласны хөлс 53,667,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хэргийн баримтад үндэслэгдсэн, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй бөгөөд шийдвэрийн энэ хэсэгт хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

8.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Л.Ж-ыг хариуцагч “Г-” ХХК-ийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Г-” ХХК-аас дутуу олгосон цалин 1,936,000 төгрөг, ээлжийн амралтын цалин 4,517,665 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 37,002,726 төгрөг, нийт 43,456,391 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ж-од олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулах, нэхэмжлэгч Л.Ж-ын ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагч “Г-” ХХК-д тус тус даалгаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2023/03998 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 154 дүгээр зүйлийн 154.2.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Л.Ж-ыг хариуцагч “Г-” ХХК-ийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Г-” ХХК-аас дутуу олгосон цалин 1,936,000 төгрөг, ээлжийн амралтын цалин 4,517,665 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 37,002,726 төгрөг, нийт 43,456,391 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Ж-од олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулах, нэхэмжлэгч Л.Ж-ын ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагч “Г-” ХХК-д тус тус даалгаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 2 дахь заалтын “... 118 209 төгрөг ...” гэснийг “373,232 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

 

              ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.ДАВААДОРЖ