Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/00550

 

Ж.М-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/03781 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.М-ын хариуцагч Б.А-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, орон сууцыг чөлөөлүүлэх, хохиролд 10,320,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

гэрээний төлбөрийг хүлээн авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, алданги 38,184,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч Б.А-тай 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээнд төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор 8,000,000 төгрөг төлөхөөр заасан боловч хариуцагч нь графикийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй, хуваарьт төлбөрийг удаа дараа хугацаа хоцроож үүрэг зөрчсөн. 3 сар 12 хоног төлбөр төлөлт хийгдэхгүй ноцтой зөрчсөний улмаас санхүүгийн байдал хүндэрч, эмчилгээ тасалдан, улмаар дахин эмчилгээ хийлгэх шаардлага бий болсон. Иймд гэрээг дуусгавар болгох мэдэгдлийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн. Хариуцагч тал үл хөдлөх хөрөнгийг өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж ашиглаж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйл 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.М-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021385 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 14 дүгээр байр 05 тоотод байрлах 86 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Б.А-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш орон сууцыг үнэ төлбөргүй,  хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа тул ашигласан төлбөрийг нэг сарын 2,580,000 төгрөгөөр тооцож, нийт 10,320,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие орон сууцны урьдчилгаа төлбөр болох 68,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, улмаар сар бүрийн төлбөрийг хүүгийн хамт төлөх үүргээ шударгаар, зохих ёсоор биелүүлж байсан. Ингээд 2022 оны 07 дугаар сарын төлбөр төлөх ээлжит хугацаа дөхөж байтал Ж.М- надад мөнгө хэрэгтэй болоод байна, үлдсэн төлбөрөө бөөнд нь авъя гэж хэлсэн. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл төлбөр 99,200,000 төгрөг болж байсан. Уг мөнгийг шууд өгөх боломж манай гэр бүлд байгаагүй тул худалдаж аваад удаагүй байсан (73,000,000 орчим төгрөгөөр худалдаж авсан) автомашинаа төлбөрийн зарим хэсэгт нь тооцон өгөх санал хэлэхэд Ж.М- татгалзсан. Энэ хүртэлх хугацаанд миний зүгээс гэрээний төлбөрт нийтдээ 179,150,000 төгрөгийг төлж, гэрээгээр хүлээсэн үүргийнхээ ихэнх хэсэг буюу 2/3-ыг гүйцэтгэсэн байсан. Миний зүгээс сар бүрийн төлбөрөө гэрээнд заасны дагуу зохих ёсоор хийгээд явах бүрэн боломжгүй байсан ч Ж.М- мөнгөө нэг доор өгөхийг шаардсан тул үлдэгдэл төлбөрийг аль болох богино хугацаанд олохоор зорьж, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 50,000,000 төгрөгийг Ж.М-ын данс руу шилжүүлсэн. Үүний дараа үлдэгдэл 49,200,000 төгрөгийг төлөөд үл хөдлөхийн гэрчилгээгээ шууд шилжүүлж авах хүсэлтэй байгаагаа Ж.М-ад хандан илэрхийлсээр байхад хойшлуулсаар 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Баасан гарагийн 16:30 цагт уулзахаар болсон. Энэ үед үлдэгдэл төлбөр болох 49,200,000 төгрөгийг төлөхөөр дансандаа төвлөрүүлэн бэлэн болгосон байсан. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16:05 цагт Ж.М-аас 229,150,000 төгрөгийг байрны төлбөр буцаан олголт утгатайгаар буцаан шилжүүлсэн. Ингээд Ж.М-тай уулзахад тэрээр би эрүүл мэндийн шалтгаантай болсон, чамд байраа худалдах боломжгүй болсон гэх агуулгатай тайлбар хэлсэн. Миний зүгээс Ж.М-ын гэрээнээс татгалзаж буй саналыг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн. Бид хоёрыг уулзаж байхад манай нөхөр ирсэн ба бидний зүгээс 229,150,000 төгрөгийг буцаан авахыг Ж.М-аас шаардсан төдийгүй үлдэгдэл төлбөрийг шууд төлөхийг хүссэн ч тэрээр хүлээж аваагүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт зааснаар ялимгүй зөрчилд гэрээг цуцалж болохгүй гэж заасан. Хэрэв хариуцагчийг үүрэг зөрчсөн гэвэл тэр нь ялимгүй зөрчилд тооцогдоно. Орон сууцыг хууль бусаар хариуцагч эзэмшилдээ аваагүй, гэрээний дагуу хууль ёсоор олж авсан тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Гэрээний дагуу 2022 оны 7, 8, 9 дүгээр сарын хуваарьт төлбөр нийтдээ 20 гаруй сая төгрөг болно. Гэтэл миний бие 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 50,000,000 төгрөг буюу 2022 оны 7,8,9 дүгээр сарын төлөлтөөс 2 дахин илүү хэмжээний төлөлт хийсэн байхад Ж.М- 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээний үүргээ зөрчсөн гэж гэрээнээс татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Миний бие нэхэмжлэгч Ж.М-тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргээ шударгаар, зохих ёсоор биелүүлсэн байхад нэхэмжлэгч Ж.М- үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг хүлээн авах гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээнээс татгалзаж байгаагийн улмаас миний бие үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж, өмчлөх эрхийг түүнээс шилжүүлж авч чадахгүй, эрх маань зөрчигдөж байна. Иймд хариуцагч Б.А-аас төлөх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөр 278,350,000 төгрөгийг хүлээн авч, улсын бүртгэлийн Ү-2203021385 дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 14 байр, 5 тоот хаягт байрлах, 86 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч Б.А-д шилжүүлэхийг нэхэмжлэгч Ж.М-ад даалгаж өгнө үү. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, талуудын хооронд байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.5-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн дүнгээс алданги тооцож шаардаж байна.Нэхэмжлэгч Ж.М- 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг надад шилжүүлж өгөх ёстой ч гэрээний үүргээ зөрчсөөр байна. Иймд 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны хүртэл нийт 148 хоногийн алдангийг (258,000*148) тооцож, алданги 38,184,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 3.2-т зааснаар хариуцагч үлдэгдэл гэрээний үнийг сар бүрийн 05-ны дотор 8,000,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн. Хариуцагч Б.А- гэрээний үүргийг удаа дараа зөрчдөг. Тус зөрчиж буй үйлдэл нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, тус хуулийн 222.8 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр үүргээ хугацаанаас нь өмнө гүйцэтгэсэн бол хугацаа хэтрүүлсэнтэй адилтгаж үзэж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, тус хуулийн 225 дугаар зүйлийн 225.7 дахь хэсэгт зааснаар ... үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт буюу урьдчилан сануулгын хугацаанд гэрээг биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно гэж тус тус заасны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэрээнээс татгалзаж, 229,150,000 төгрөгийг буцаан шилжүүлж, гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдэл хүргүүлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны дотор орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгасан боловч өнөөдөр хүртэлх хугацаанд чөлөөлөөгүй байна. Тус мэдэгдлийг хүлээн авснаас хойш хариуцагч тал гэрээтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргаагүй бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Худалдах, худалдан авах гэрээний 3.5-д хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлнө гэж тохиролцсон. Гэрээний зүйлийн үнэ болох 258,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд үүрэг гүйцэтгэгч тал огт төлөөгүй бөгөөд үүргээ биелүүлээгүй болно. Ямар үндэслэлээр хариуцагч орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан шаардах эрхийн үндэслэл тодорхойгүй. Мөнгийг бөөнд нь өг гэж нэхэмжлэгч шаардаагүй. Хариуцагч сар бүрийн 05-ны өдрийн дотор мөнгөө төлдөггүй, байнга утсаар залгаж нэхүүлж өгдөг. 2022 оны 07 дугаар сарын төлбөрийг төлөөгүй. Нэгэнт гэрээг зөрчсөн тул гэрээнээс татгалзсан. Татгалзсны дараа мөнгө шилжүүлчихсэн байсан. Гэрээ цуцалсан тул алданги шаардах эрхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021385 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 14 дүгээр байрны 5 тоот орон сууцыг нэхэмжлэгчид буцаан өгөхийг хариуцагч Б.А-д даалгаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,320,000 төгрөг гаргуулах хэсгийг, мөн Ж.М-ад холбогдох худалдах худалдан авах гэрээний төлбөр 278,350,000 төгрөгийг хүлээн авч, улсын бүртгэлийн Ү-2203021385 дугаарт бүртгэлтэй хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, алданги 38,184,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.А-ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,631,000 төгрөг, хариуцагчийн төлсөн 2,103,548 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 1,518,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, илүү төлсөн 236,525 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх “зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн гэрээ байна” гэж буруу дүгнэсэн. Учир нь талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан. Энэ гэрээний үндсэн шинж нь худалдан авсан эд зүйлийн үнийг нэг дор биш, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх учраас талуудын хооронд хүү тохирох, ийнхүү тохирсноор гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь “эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинжтэй байдаг.

6.а. Анхан шатны шүүх гэрээнээс татгалзах зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан буруу тайлбарласан. Иргэний хуулиин 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх ёстой гэж заасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах хүсэл зоригоо 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдриин огноотой мэдэгдэгдэл, мөн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн огноотой мэдэгдлээр мэдэгдэж, Иргэний хуулийн 204.1, 204.2 дахь хэсэгт заасан журмыг баримталсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Ж.М- 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр вайбераар 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн огноотой мэдэгдэл өгөхөөсөө өмнө 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16:05 цагт хариуцагчид юу ч мэдэгдэж, хэлэлгүйгээр түүний эд хөрөнгийн үнэд нийт төлсөн 229,150,000 төгрөгийг “байрны төлбөр буцаан олголт” утгатайгаар буцаан шилжүүлж, дансаа хаалгасан байдаг. Энэ үйл баримт нь зохигчдын хооронд вайбераар харилцсан байдал, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогддог. Эндээс үзвэл, нэхэмжлэгч хариуцагчид урьдчилан мэдэгдэл өгөлгүйгээр гэрээнээс шууд татгалзаж, хариуцагчийн эд хөрөнгийн үнэд төлсөн төлбөрийг буцаан шилжүүлсэн нь Иргэний хуулийн 204.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, хариуцагч гэрээнээс татгалзах хугацааг тогтоох боломжийг олгоогүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй.

6.б.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан хүсэл зоригийг буруу тайлбарласан. Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсан хүсэл зоригоо илэрхийлсэн нь үгийн шууд утгаар тодорхой ойлгогдож байхад, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээний чөлөөтэй байдлын зарчмын дагуу үүргийн зөрчилтэй холбоогүйгээр гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: 2017 онд нэхэмжлэгчийн өвчний онош зүрхний шигдээс гэж тогтоогдсон. Ийм учраас тогтвортой эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай болсон. Эмчилгээний баримтыг шүүхэд эх хувиар нь гаргаж өгсөн. Хариуцагч үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Миний биеийн байдал муудсан учраас Эрдэнэт хотод байх боломжгүй болсон. Улаанбаатар хотод байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай учраас байраа зарах сонирхолгүй байна. Өгсөн мөнгөө буцааж ав гэдгээ илэрхийлдэг. Энэ хугацаанд эмнэлэгт хэвтсэн учраас уулзах боломжгүй байгаа гэдгээ илэрхийлсэн. Хариуцагч нэхэмжлэгч эмнэлэгт хэвтсэн учраас уулзаж чадахгүй байна. Бид байрыг худалдаж авсан гэх агуулгыг ярьдаг. Үүнийг албан ёсоор 09 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 02-ны өдөр вайбер /viber/-аар мэдэгдсэн. 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлэхэд Ж.М-ын зүгээс 12 дугаар сарын 01-ний өдөр байраа суллаж өг гэдэг асуудлыг ярьсан. Байрыг зарах сонирхолгүй, эмчилгээгээ хийлгээд Улаанбаатар хотод байнгын оршин суух шаардлага үүссэн гэдгийг удаа дараа илэрхийлж мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн өвчний онош зүрхний шигдээс гэж оношлогдсон учраас үүнтэй холбоотой баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн гэжээ. 

ХЯНАВАЛ:

           

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Ж.М- нь хариуцагч Б.А-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, орон сууцыг чөлөөлүүлэх, хохиролд 10,320,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний төлбөр 278,350,000 төгрөгийг хүлээн авч, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах, алдангид 38,184,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

4.Зохигчид 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ  байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ж.М- нь өөрийн өмчлөлийн хоёр өрөө орон сууцыг 258,000,000 төгрөгөөр худалдах, хариуцагч Б.А- нь урьдчилгаа 68,000,000 төгрөгийг төлж, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл сар бүрийн 05-ны дотор 8,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээний 3.4-т “Худалдан авагч нь төлөгдөөгүй үнээс сар бүр 1,1 хувийн хүүг худалдагчид төлнө.” гэж заажээ. /хх-ийн 6-р тал/.

 

4.а.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь гэрээний зорилго, гол нөхцөл, талуудын хүсэл зориг зэрэг нь эрх зүйн харилцааг тодорхойлох үндсэн шинж болдог. Хариуцагч Б.А- нь орон сууцны урьдчилгаа төлбөрт 68,000,000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг тодорхой хугацаанд хүүгийн хамт хэсэгчлэн төлөхөөр худалдан авагчтай тохиролцсон нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг илүү агуулсан гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь худалдан авсан эд зүйлийн үнийг нэг дор биш, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх учраас талуудын хооронд хүү тохирох, ийнхүү тохирсноор гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнээс нэмэгдсэн шинжтэй байдгаараа худалдах, худалдан авах гэрээнээс ялгаатай.

 

4.б.Нэхэмжлэгч Ж.М- нь хариуцагч Б.А-ыг гэрээний дагуу төлвөл зохих төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан гаргуулах, мөн ашигласан хугацааны төлбөрт 10,320,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

4.в.Хариуцагч Б.А- нь маргааны зүйл болох 5 тоот орон сууцыг бодитоор эзэмшиж буй үйл баримт тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч Ж.М-ад нийт 229,150,000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдсон байна.

 

4.г.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан. Хариуцагч Б.А-ын хувьд сар бүрийн хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөөгүй зөрчил гаргасан байх боловч орон сууцны төлбөрт нийт 229,150,000 төгрөг төлж, үүргийн дийлэнх хэсгийг гүйцэтгэсэн байгааг дээрх хуульд зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч буюу худалдагч Ж.М-ад гэрээнээс татгалзах эрх үүсээгүй гэж үзнэ.

 

4.д.Анхан шатны шүүх гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхээ алдаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим нь гэрээ байгуулах эхний үе шатанд хамааралтай бөгөөд хэдийд ч гэрээнээс татгалзах эрхийн талаар зохицуулсан ойлголт биш юм.

 

4.е.Иймд гэрээнээс татгалзаж, орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Нэгэнт нэхэмжлэгч Ж.М-ад гэрээнээс татгалзах эрх үүсээгүй тул гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирол буюу орон сууцыг ашигласан хугацааны төлбөрт 10,320,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.А- нь нэхэмжлэгч Ж.М-тай байгуулсан гэрээний дагуу орон сууцыг эзэмшиж байх бөгөөд талуудын байгуулсан гэрээгээр худалдан авагч нь орон сууцны үнийг төлөх, худалдагч нь орон сууцны өмчлөлийг шилжүүлэх үндсэн үүргийн тохиролцоотой байх тул орон сууцыг ашигласан хугацааны төлбөрийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй.

 

5.Гэрээний төлбөр 278,350,000 төгрөгийг хүлээн авч, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, алдангид 38,184,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч Ж.М- нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр орон сууцны үнэд төлсөн нийт 229,150,000 төгрөгийг хариуцагч Б.А-д буцаан шилжүүлсэн болох нь Хаан банкны дансны хуулгаар тогтоогдсон.  /хх-ийн 18-р тал/

 

5.а.Хариуцагч Б.А- нь орон сууцны үнийг хүүгийн хамт нийт 278,350,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч Ж.М-ад гэрээнээс татгалзах эрх үүсээгүй” гэж үзсэн тул хариуцагч Б.А-аас 278,350,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.М-ад олгож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021385 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 14 дүгээр байр, 05 тоот, 86 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Б.А-д шилжүүлэхийг нэхэмжлэгч Ж.М-ад даалгах нь зүйтэй.

 

5.б.Алданги 38,184,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч нь уг шаардлагын үндэслэлээ гэрээнд заасан хугацаанд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй тул гэрээний 3.5-д заасны дагуу алданги шаардана гэж тайлбарлажээ. Талуудын байгуулсан гэрээний 3.3-т “төлбөрийг бүрэн төлж дууссанаар өмчлөх эрхийг шилжүүлнэ” гэж заасан байна. Хариуцагч Б.А-ын хувьд гэрээний үүргийн ялимгүй зөрчил гаргасан үйл баримт тогтоогдсон тул түүнд алданги шаардах эрх үүсээгүй гэж үзнэ. Иймд уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

5.в.Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч Б.А-аас улсын тэмдэгтийн хураажид төлсөн нийт 2,099,548 төгрөгийг 2,103,548 төгрөг гэж буруу тусгаж, хуваарилалтыг буруу хийсэн зэрэг алдаа гаргасныг залруулах шаардлагатай.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/03781 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, орон сууцыг чөлөөлүүлэх, хохиролд 10,320,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.А-аас 278,350,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.М-ад олгож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021385 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 14 дүгээр байр, 05 тоот, 86 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Б.А-д шилжүүлэхийг нэхэмжлэгч Ж.М-ад даалгаж, сөрөг нэхэмжлэлээс алданги 38,184,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

2 дахь заалтын “... хариуцагчийн төлсөн 2.103.548 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 1.518.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, илүү төлсөн 236.525 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.” гэснийг “хариуцагчаас төлсөн 2,099,548 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.М-аас 1,447,950 төгрөг гаргуулж, хариуцагч Б.А-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.А-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,317,023 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЭНЭБИШ

 

              ШҮҮГЧ                                      Д.ЗОЛЗАЯА

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ