Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/066

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

орчуулагч, хэлмэрч А.Е

улсын яллагч, хяналтын прокурор Х.Ө,

хохирогчийн өмгөөлөгч С.А,

хохирогч А.С,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б,

шүүгдэгч З.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.к овогт Зийн Ит холбогдох 1913000760063 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, Т.к овогт Зийн И, РД:БЮ***, 1992 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, Авто механикийн инженер мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Өлгийн сумын Засаг даргын тамгын газарт жолооч ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дүгээр баг, Б-д оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.И нь эхнэр А.Сыг “хоол халааж өгсөнгүй” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З.И нь 2019 оны 02 дугаар сарын 05-ны шөнийн 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *дугаар багийн нутагт байрлах *** айлын орон сууцанд байрлах гэртээ согтуу үедээ хоол халааж өгсөнгүй гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, түүний баруун нүд рүү гараараа цохиж хүзүүг нь боож, түүний биед тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, хүзүүний урд хэсэг, баруун талын бугалгын хэсгүүдэд захаараа шаргал туяа орж шимэгдэж буй хөх ягаан өнгийн цус хуралт баруун талын нүдний алимын салстыг бүхэлд хамарсан улаан ягаан өнгийн цус харвалт зэрэг гэмтэл буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл санаатай учруулсан байна.

 

Дээрх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд болох:

- Хохирогч А.Сын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Тэгээд шууд миний баруун нүдэн тус газар нударгаараа нэг удаа хүчтэй цохиод хүзүү боож, үсдээд байхаар нь би уйлж, орилоод босож ирэхэд унтаж байсан хадам ээж сэрчхээд нөхөр маань ээжтэйгээ хэрэлдэж байхад цагдаа нар ирж хаалга хэд хэдэн удаа цохисон ба ээж битгий онгойлго гээд нээгээгүй бөгөөд цагдаа нар яваад өгсөн. Надад нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч Х.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Миний нүд рүү цохиж, хүзүүгээр минь боолоо гэж хэлж байсан ба хүзүү нь улайчихсан байсан, мөн гарынх нь шуу нь хөхөрсөн байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,

- Гэрч С.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сыг И зодсон байсан ба түүний нүд нь хавдаж, гар нь хөхөрсөн байсан юм. Харин Сыг И зодож байхыг би харж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,

- Гэрч И.Зханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би хүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/,

- Гэрч З.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Яг аль талын нь нүд билээ, нэг нүд нь хөхөрсөн байсан. Бэрээс И уучлал гуйсан боловч өөрийн аавын гэрт харьчихсан байсан юм. Ер нь И болон С нарын хооронд манай худын талын хүмүүс их оролцдог байсан ба С тэр өдөр манайд орж ирээд цаас бал асуугаад том хүү Е-г И-т үлдээгээд бага хүүгээ өөрөө аваад явсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Бы 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №89 дугаартай “Иргэн А.Сын биед тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, хүзүүний урд хэсэг, баруун талын бугалганы хэсгүүдэд захаараа шаргал туяа орж шимэгдэж буй хөх ягаан өнгийн цус хуралт баруун талын нүдний алимын салстыг бүхэлд хамарсан улаан ягаан өнгийн цус харвалт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 66 дугаар хуудас/,

Шүүгдэгч З.Иийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Намайг гэрт ороход ээж маань унтаж байсан ба эхнэр 2 хүүхдийн хамт намайг хүлээгээд сууж байсан. Тэгээд би гэртээ ороод эхнэртээ надад хоол халааж өг гэж хэлсэнд намайг муу архичин чи өөрөө халааж ид гэж чимхэхэд би зүүн гараа хойшоо савтал миний гар Сын биеийн нэг хэсэгт хүрсэн, яг хаана нь хүрсэн болохыг би харж чадаагүй, тэр үед эхнэр газарт унасан ба босож ирээд намайг архичин, чамаас болж амьдрал минь сүйрч байна гэх үгнүүдээр доромжлоод байхаар нь уурандаа нүүрэн тус газар нь нударгаараа нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/  болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч З.Иийг 3 хүүхэдтэй болохыг тодорхойлсон төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 28-30 дугаар хуудас/,

- Шүүгдэгч З.Иийг урьд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл  маргаан үүсгэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан хэргээр шалгуулж байсан тухай захиргааны зөрчлийн материалын хуулбар /хх-ийн 31-39, 41-43 дугаар хуудас/,

- 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БЮ****, овог:Т.к, эцэг/эх/-ийн нэр:З, нэр:И, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Өлгий, төрсөн огноо:1996-09-05, хаяг:Баян-Өлгий, Өлгий, *-р баг, Ховд гол, *** байр, 27 тоот, хүчинтэй хугацаа:2021-09-05, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн Засаг даргын “2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Тус багийн оршин суугч З овогтой И нь БЮ*** регистрийн дугаартай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Төлөв даруу зантай, найз нөхдийн дунд нэр хүндтэй, багаас зохион байгуулсан олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцдог” гэх тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/305 дугаартай “З овогтой И /БЮ****/-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 77 дугаар хуудас/,

- шүүгдэгч урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон хуудас /хх-ийн 78 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

 

Хохирогч А.Сын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №89 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 66 дугаар хуудас/ тогтоогдож байна.

Шүүгдэгч З.Иийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.И нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Иймд шүүгдэгч З.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хохирогч А.С нь ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул  шүүгдэгч З.И нь хохирогчид төлөх төлбөргүй байна.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч З.Иийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов. Тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэвэл зохих нөхцөл байдал хангагдсан байна гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч З.Ит эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргүүд, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг сонгон, 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 480 нэгж нь 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч З.И нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч З.Ит урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний гадаад паспортыг өөрт нь буцаан олгож шийдвэрлэв. 

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон                                                                                 

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Т.к овогт Зийн Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Иийг 480 “дөрвөн зуун наян” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.И нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл шүүгдэгч З.Ит авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч З.Иийн гадаад паспортыг өөрт нь буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.Д