| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2019/0022/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/032 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2019/ШЦТ/032
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Орчуулагч, хэлмэрч А.Е,
Улсын яллагч М.Ф,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Т,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,
Шүүгдэгч М.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ад холбогдох 1813003520002 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч М.А: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ш.с овогт Мы А, 1985 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ам бүл 5, нөхөр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт оршин суудаг, урд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:БК****
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.А нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зам хөндлөн гарч явсан 6 настай Б.Быг мөргөн зам тээврийн осол гаргаж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.А нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нөхрийн эзэмшлийн саарал өнгийн **** БӨТ улсын дугаартай “Мазда” маркийн тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож яваад Өлгий сумын 5 дугаар багт байрлах “Д” дэлгүүрийн зүүн талын засмал зам дээр явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан 6 настай Б.Быг мөргөн зам тээврийн осол гаргаж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.
Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Хэргийн газарт үзлэг болон зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 9-13 дугаар хуудас/,
- Зохицуулагчийн магадалгаа /хх-ийн 14 дүгээр хуудас/,
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 16 дугаар хуудас/,
- Цагдаагийн газрын цахим бүртгэлээс гаргаж авсан жолоочийн лавлагаагаар яллагдагч М.А жолооны үнэмлэхгүй болохыг нотолсон байдал /хх-ийн 17 дугаар хуудас/,
- Бага насны хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би гэртээ ээж, аав, дүү нартай байж байгаад эгч Туяагийн гэр лүү явахаар гарсан. Би аав, ээж, дүү нартай хамт явж байхад хурдан машин ирээд намайг дайрсан. Эхлээд нэг дугуй нь гараад би хөлөө авах гэхэд дахиад нэг дугуй дайраад хөл тас гээд өвдөөд би уйлсан. Тэгээд аав намайг аваад эмнэлэг явсан. Би засмал замаар цагаан өнгийн зураастай гарцаар явж байсан. Баруун талын хөл гэмтсэн. Орой болохоор хөл байнга өвдөөд байдаг юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 45 дугаар хуудас/,
-Гэрч Ч.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэртээ нөхөр Баярхүү, 6 настай хүү Б.Б, 4 настай хүү Бат-орших, 12 настай охин Ц нарын хамт байсан. Тэгээд бид нар гэрээсээ гараад дүү Мгийн гэр лүү явсан. Тэгээд алхаад Д дэлгүүрийн зүүн талын явган хүний гарц руу явж байхад манай нөхөр хуучин хамт ажиллаж байсан хүмүүстэй юм яриад зогссон би бага хүү Б-О.г хөтлөөд явсан. Миний хойноос хүү Б, охин Ц нар цуг явж байсан. Тэгээд би Д дэлгүүрийн урд талын гарцаар бага хүү Б-О.г хөтлөөд гарсан. Тэгээд би явж байхад хүн орилохоор нь эргээд харсан чинь манай нөхөр Баярхүү Быг өргөж байхаар нь гүйгээд очсон чинь хүү Бын хөл хугараад унжсан байсан. Тэгээд бид нар шууд эмнэлэг авч явсан" гэх мэдүүлэг./хх-ийн 46 дугаар хуудас/,
- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний бие ажлын газрын хоёр залуутай ярьж зогсож нь байтал хүмүүсийн орилж, машины сигналдсан дуу чимээ гарахаар нь би зам руу харахад явган хүний гарцан дээр манай хоёр хүүхдийн жижиг нь Б машинд шүргүүлсэн хүн хэвтэж байсан. Тухайн үед би сайн харж чадаагүй. Тэгээд шууд гүйгээд гарцан дээр очиж байхад нөгөө жижиг машин дахин хөдлөөд зогссон. Би замын хажууд очиход явган хүний гарцанд саарал өнгийн жижиг машин зогсож байсан ба манай хүүхэд хаана байгаа нь харагдахгүй байсан. Тэгээд арай гэж нэг машиныг зогсоогоод зам хөндлөн гарахад манай хүү машины хойд талын дугуйны ард хэвтэж байсан ба баруун хөлийн дээрээ уг машины дугуй нь гараад явсан байсан мөр харагдаж байсан ба хүүхдийн хөлийн яс нь хугараад ил харагдаж байсан. Тэгээд би шууд жижиг машины жолооч талын хаалгыг татаад дотор нь байсан жолооч эмэгтэйд “чи хүн дайрчихлаа, зогсооч” гэж хэлээд уг машинд хүүхдээ суулгаж аваад шууд эмнэлэгт очсон. Миний хүүгийн эрүүл мэндэд учирсан хохирол болох 3950000 төгрөгийг төлж өгсөн үлдсэн 800000 төгрөгийг 3 дугаар сарын сүүлээр төлж өгөхөөр болж тохирсон. Иймд бидний зүгээс гомдол санал байхгүй тул шүүгдэгчид хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсье” гэх мэдүүлэг, /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч Б.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний бие тухайн үед дүү Быг дагуулаад ээж гарсан гарцаар гарах гээд хоёр талаа харахад ямар ч машин байхгүй байсан ба дүү бид хоёр гарцаар хөндлөн гарах үед манай дүү миний гараас бариад гарцаар гарч байтал саарал өнгийн жижиг машин гэнэт гарч ирээд манай дүүг шүргээд өнгөрсөн. Тэгээд дүү зам дээр унаад би дүүгээ өргөх гэтэл манай аав хүрч ирээд дүүг машинд суулгаад эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,
- Гэрч У.Егийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...0165 дугаар анги эргэн гурван замын уулзварын хяналтын камерын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагаас 17 цаг хүртэлх дүрс бичлэгийг шүүхэд 16 цаг 30 минутын орчмын үед тус гурван замын уулзвар дээр Д дэлгүүрийн зүүн хойд талаас ХААН банкны салбар луу засмал замаар гарах явган хүний гарцаар хоёр жижиг хүүхэд уг цагаан зурвас бүхий явган хүний гарцаар Д дэлгүүр талаас ирээд гарч байтал уг хоёр хүүхдийн нэгийг нь саарал өнгийн “Мазда демио” маркийн тээврийн хэрэгсэл ирээд гарцан дээгүүр хүүхдийг шүргэж унгаасан. Тэгээд дахин хөдлөөд гарц өнгөрөх дайтай зогссон” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Номинцэцэгийн 218 дугаартай шинжээчийн дүгнэлт “...1. Б.Бын биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 67 дугаар хуудас/,
- Б.Бын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 68-76 дугаар хуудас/,
- Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мын 18 дугаартай шинжээчийн дүгнэлтээр иргэн М.А нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнийг тогтоосон дүгнэлт /хх-ийн 80 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн Е.Жы 33 дугаартай ослын: “...Тээврийн хэрэгслийн техникийн байдал осол гарах шалтгаан болоогүй ба жолоочийн жолоодлогын алдаанаас болж осол гарсан байж болзошгүй” гэх дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
Шүүгдэгч М.Аийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 16 цаг өнгөрч байхад нөхрийнхөө машиныг жолоодоод “Н ” дэлгүүрийн урдаас хөдлөөд хойшоогоо гүүр тал руу засмал замаар ирж байтал явган хүний гарц, замын хажууд аавтайгаа нэг хүүхэд зогсож байсан бөгөөд би уг хүүхдийг замаар гарахгүй байх гэж бодоод аяархан ирж байтал явган хүний гарцаар өнгөрөөгүй байхад уг хүүхэд нь гэнэт гүйгээд гарч ирэхэд би тоормос дарж зогссон. Тэр үед уг хүүхэд миний машины хойд талын рамыг түлхээд зогссон ба нэг мэдэхэд хүүхэд байхгүй болчихсон байсан, тэгж байхад яаж хөдөлснөө мэдсэнгүй, машинаа хөдөлгөөд удалгүй зогсоод харахад уг хүүхэд уйлаад замын голд хэвтэж байхаар нь сандраад хүүхдийг өргөж аваад машиндаа суулгаж шууд эмнэлэг очсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирлыг төлж өгсөн. Одоо үлдсэн 800000 төгрөгийг энэ оны 3 сарын сүүлээр төлж өгөхөөр болж тохирсон. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ болон бусад нотлох баримтуудаар үйлдэл нь нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ Замын хөдөлгөөний тухай хууль дүрмийг буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй тээврийн хэрэгслийг барьж замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлдээ санаатайгаар, харин тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авалгүй, хүүхдийг дайрч осол гаргахдаа болгоомжгүй хэлбэрээр хандсан нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
Гэмт хэрэг гарахад бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй байдал, Замын хөдөлгөөний тухай хууль дүрмийг үл биелүүлсэн шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа, уг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон буруутай үйл ажиллагаа, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг шалгах, уг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Бын мэдүүлэг /хх-ийн 43-45 х/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67 х/, өвчний түүхийн хуулбарууд /хх-ийн 68-76х/, шүүгдэгчийн мэдүүлэг /хх-ийн 85-86 х/ зэргийг үндэслэн Б.Бын биед үүссэн баруун шаант, тахилзуур ясны далд хугарал зэрэг гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-т зааснаар “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” зэргээр хүндэвтэр зэргийн гэмтлийн шалгуур шинжүүдэд хамаарч байх тул түүний биед хүндэвтэр гэмтэл учирсан гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үед тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Уг гэмт хэргийн улмаас арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Бын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэргийн улмаас 2.541.900 төгрөгийн бодит хор уршиг учирсан, хойшид мөн үлдэц хор уршигтай байна. Шүүгдэгч нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3.950.000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдсэн 800.000 төгрөгийн хохирлыг 2019 оны 3 дугаар сарын сүүлээр төлж өгөхөөр болж хоорондоо тохирсон байна. Энэ нь хавтаст хэргийн 108 дугаар хуудас болон шүүхэд гаргаж өгсөн нотариатаар баталгаажуулсан баримтуудаар батлагдаж байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.
Прокуророос шүүгдэгч М.Аийн нэг удаагийн үйлдлээр үйлдэгдсэн зам тээврийн ослын хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахаар давхар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй тул яллах дүгнэлтийн тухайн хэсгийг хэрэгсэхгүй болгож, дүгнэлтийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Аийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч М.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзлээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “эцэг эх 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” тухай үүргийг биелүүлээгүй эцэг эхийн буруутай үйл ажиллагааг шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ.
Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн учруулсан аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй байгаа, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан, хойшид хор уршгийг барагдуулах үүрэгтэй зэргийг болон шүүх хуралдаанд талуудын гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасан нөхцөлийг хангасан тохиолдолд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болохоор зохицуулсан боловч нэмэгдэл ялаас чөлөөлөх зохицуулалт хуульчлагдаагүй тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тухайн зүйл, ангид заасан хэмжээгээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын хувьд энэ хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаанд хүчингүй болгож, холбогдох байгууллага, албан тушаалтан нь ялын биелэлтэнд хяналт тавих ёстой.
Шүүгдэгч М.Аээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч М.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Аийн гадаад паспорт, иргэний цахим үнэмлэх зэргийг эрүүгийн хариуцлагын биелэлтийг хангах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ш.с овогт Мы Аыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үед тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, яллах дүгнэлтийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч М.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн ялтан М.Ад хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аээс 800000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд олгосугай.
7. Шүүгдэгч М.Аээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдож байгаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц М.Аийн гадаад паспорт, иргэний цахим үнэмлэх зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Д