Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/00552

 

 

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/00381 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Б-ийн хариуцагч У.А-, А.Б-, У.О-, Б.Т-, У.Г- нарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П, Б.Н,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би У.А-тай 2004 онд Х- аймгийн Б- сумын 1 дүгээр баг, - дугаар байрны - тоотод байрлах, 28,9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2,100,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, гэрээний төлбөр 2,100,000 төгрөгийг бэлнээр төлсөн. У.А- надад орон сууцаа суллан бичиг баримтын хамт хүлээлгэн өгсөн бөгөөд нотариат дээр гэрээг бичгээр хийж баталгаажуулах гэсэн боловч дүү У.О- нь Б- суманд байгаагүйгээс гэрээг бичгээр байгуулж чадаагүй. У.А- орон сууцаа худалдах үедээ бичиг баримт шилжүүлэхэд ямар нэгэн асуудал байхгүй, дүүгээ амралтаараа ирэхээр нь гэрээгээ байгуулаад бичиг баримтыг нь шилжүүлж өгье гэж хэлээд өнөөдрийг хүртэл орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй байна. Иймд намайг Х- аймгийн Б- сумын 1 дүгээр багт байрлах - дугаар байр - тоотод байршилтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлд дурдсан орон сууц нь гэр бүлийн 5 гишүүний хамтран өмчлөх дундын хөрөнгө болох нь өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон. 2001 оны 10 дугаар сард У.А-ын дүү, хамтран өмчлөгч У.О- Э- хот руу ажил хийхээр явсан үед У.А- нь нэхэмжлэгч С.Б-т байраа зарахаар болсон. Үүний хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн бусад гишүүд мэдээд байраа зарахгүй гэж эсэргүүцсэнд У.А- хүүхдүүдээ зодож, дүүгээ загнаад хэлцэл хийсэн. Орон сууцыг С.Б-т худалдах үед У.О- Э-эд ажиллаж байсан. У.А-ын хүүхдүүд Б.Т- /17 нас, 6 сартай/, У.Г- /15 нас, 10 сартай/ нар иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байсан. Эдгээр хамтран өмчлөгч нар байраа зарахыг бүгд эсэргүүцэж байсан бөгөөд зөвшөөрөл өгөөгүй. С.Б- нь тухайн орон сууцыг 5 хүний дундын өмч гэдгийг мэдэж байсан ч У.О-ээс зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр аваагүй, түүнчлэн талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдахтай холбоотой хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй бөгөөд одоог хүртэл орон сууцны хууль ёсны өмчлөгч нэр бүхий 5 иргэн мөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4, 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаас үзвэл У.А- нь орон сууцыг хамтран өмчлөгч нарын хууль ёсны ашиг сонирхлын үүднээс, тэдний зөвшөөрөлтэйгөөр С.Б-т худалдах ёстой байсан бөгөөд тухайн хэлцлийг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ёстой байсан. Гэтэл У.А- болон С.Б- нар нь хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн бусад гишүүдийг мэдсээр байж тэдний зөвшөөрлийг аваагүй, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг харгалзаж үзэлгүйгээр орон сууцыг шилжүүлэн авсан байна. Түүнчлэн хэлцэл хийх үед хүүхдүүд болох Б.Т-, У.Г- нар иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай буюу хиймэгц биелэх чанартай хэлцэл хийх, хүсэл зоригоо илэрхийлэх эрхтэй байсан. Иймд талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлцэлд хамаарах бөгөөд 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу У.А-, С.Б- нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, орон сууцыг С.Б-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Би У.А-тай 2004 оны 11 сард Х- аймгийн Б- сумын 1 дүгээр баг - дугаар байрны - тоотод байрлах 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах хэлцэл хийсэн.Тухайн орон сууцыг худалдах үед У.А- нь би хүүхдүүдийнхээ өмнөөс шийдвэр гаргана. Харин дүү У.О-ийн хувьд нэр нь байдаг болохоос өөр хамааралгүй гэж байсан. У.О-тэй утсаар ярихад мөн л миний нэр л байдаг болохоос надад хамаагүй гэж хэлсэн. Ингээд байрны төлбөрөө бэлнээр өгөөд Б- сум дахь нотариат дээр очиход У.О-ийг байх шаардлагатай, хүүхдүүдийг ээж нь төлөөлнө гэж хэлсэн. Тэгэхэд У.А- эгч У.О-ийг зун амралтаар нь ирэхээр байрныхаа бичиг баримтыг нэр дээр чинь шилжүүлээд өгье гээд байраа суллаад түлхүүрээ өгсөн. Бодит байдал дээр намайг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ буюу хувьчлалын товчооноос олгосон гэрчилгээ нь устаж алга болоогүй надад эх хувиараа байсаар байтал нөхөн авах хүсэлтийг Х- аймгийн орон сууц хувьчлах товчоонд гаргаж, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор нөхөн авсан байдаг. Энэхүү нөхөн олгосон гэрчилгээгээ холбогдох бичиг баримтыг нь бүрдүүлж Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн бөгөөд эд хөрөнгийн мэдүүлгийн бүртгүүлэх эрхийн төрөл болон бүртгүүлэх хүсэлт хэсэгт хувьчилсан орон сууц өмчлөх эрхийг анх удаа бүртгэх гэж бичиж бүртгэн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэгч уг хувьчлалын гэрчилгээг баталгаажуулсан байдаг. Үүнээс харахад 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өмчлөх эрх нь үүссэн. Хариуцагч нар нь 2004 оны 11 дүгээр сард орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийснээс хойш намайг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 18 жилийн хугацаанд нэг ч удаа байраа буцааж авах, байраа зарахыг зөвшөөрөхгүй байна гэж хэлж байгаагүй, мөн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.2, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Х- аймгийн Б- сумын 1 дүгээр баг - дугаар байрны - тоот байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр С.Б-ийг тогтоож, Х- аймгийн Б- сумын 1 дүгээр баг - дугаар байрны - тоот байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг С.Б-ийн өмчлөлд бүртгэхийг Х- аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч нарын У.А-, С.Б- нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, орон сууцыг С.Б-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 140,400 төгрөг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Б-т олгуулахаар шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. - тоот орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бөгөөд У.А- нь гэр бүлийн бусад гишүүдийн зөвшөөрөлгүйгээр орон сууцыг зарах, гэрээ байгуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүх С.Б-, У.А- нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4, 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 42 дугаар зүйлийн 42.10, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн зохицуулалтуудыг харгалзан үзээгүй. С.Б- нь орон сууцыг гэр бүлийн бусад гишүүдийн буюу хамтран өмчлөгч нарын хууль ёсны ашиг сонирхлын үүднээс, тэдний зөвшөөрөлтэйгөөр худалдан авах ёстой байсан бөгөөд тухайн хэлцлийг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ёстой байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдож талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэг хүлээдэг. Ийнхүү дээрх заалтууд нь харилцан нэгнээ нөхцөлдүүлж эцсийн дүндээ эрх ашиг нь хөндөгдсөн этгээдийн эрх ашгийг зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээх зорилгыг агуулдаг. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй байхаар зааж өгсөн. Б.Т-, У.Г-, А.Б- нарыг төлөөлөх үедээ тэдгээрийн хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргаж чадаагүй бөгөөд Б.Т-, У.Г- нар нь орон сууцыг худалдах эсэх талаар хүсэл зоригоо илэрхийлэх эрхтэй байсан.

6.а.Хэрэв шүүхээс зохигчдын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа тохиолдолд нэхэмжлэгч талын хувьд ч мөн адил хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал тогтоогдож байна. Гэвч өмнө дурдсанчлан талуудын хооронд гэрээний харилцаа үүсэх боломжгүй буюу хэлцэл хүчин төгөлдөр бус байх тул үүргийн харилцаа үүсээгүй тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй.

6.б.Анхан шатны шүүхийн шийдвэрийн “тогтоох” хэсэгт Х- аймгийн Б- сумын I баг --р байрны - тоот байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг С.Б-ийн өмчлөлд бүртгэхийг Х- аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай гэсэн байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах эрхгүй. Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Орон сууцыг худалдсан эсэх асуудлаар хэн ч маргаагүй. Энэ талаар маргаагүй учраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн. Худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн учраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь байраа хүлээн авч тохиролцсон үнийг төлөх үүргийг хүлээдэг. У.А- байр болон бичиг баримтыг бодитоор хүлээлгэж өгсөн. С.Б-ийн хувьд орон сууцны үнийг төлсөн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн. У.А-ын хувьд эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн ч гэсэн баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй учраас Батбилэг шаардах эрхтэй гэж тодорхойлсон. У.А-ын үйлдэл буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх үүргийг биелүүлээгүйгээс үүдэлтэй гэрээ бичгээр байгуулагдах, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх үйл явдлууд хийгдээгүй учраас анхан шатны шүүхээс гэрээг бичгээр байгуулагдаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй, улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдээгүй гэдэгт хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй. Учир нь У.А-д эд хөрөнгө шилжүүлэх үүрэг байгаа учраас энэ үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй асуудал гарч байгаа. Энэ асуудалд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй. Шүүх логик алдаатай дүгнэлт хийсэн. Эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг бодитоор хүлээлгэн өгсөн гэж хэлчихээд, эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй гэж дүгнэсэн нь алдаатай гэж байна. Эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг бодитоор хүлээлгэж өгөх, өмчлөх эрхийг шилжүүлж өгөх нь хоёр өөр ойлголт. У.А-ын нэр дээрээс шилжүүлээгүй байгаа өмчлөх эрхийн гэрчилгээг Батбилэгт худалдсанаа баталгаажуулж итгэл төрүүлж хүлээлгэн өгсөн үйлдэл. Гэрээгээ нотариатаар баталгаажуулаагүй, Улсын бүртгэлд бүртгүүлж буй процесс ажиллагаа нь ялгаатай. Энэ талаар шүүх ялгаатай тайлбарласан шүүхийн логик алдаа биш гэж үзэж байна. Бүрэн бус чадамжтай Б.Т-, У.Г-, А.Б- нарын хувьд ахуйн чанартай хэлцэл хийх эрхтэй байсан гэж ярьдаг. Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2-т насанд хүрээгүй буюу 14-18 насны этгээд өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцлийг хийх эрхтэй гэж заасан. Өндөр үнийн дүнтэй орон сууц худалдах, худалдан авах, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлцэл нь хиймэгц биелэгдэх ахуйн чанартай жижиг хэлцэл биш. Насанд хүрсэн хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлтэйгөөр хийх хэлцэл учраас У.А- хүүхдүүдээ хууль ёсны дагуу төлөөлөх эрхтэй. У.О-ийн хувьд зөвшөөрлийн асуудал яригддаг. Гэрч М.С-гээс У.О- тухайн үед зөвшөөрч байсан уу гэж асуухад У.О- зөвшөөрч байсан гэж мэдүүлсэн. Хариуцагч Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн гэж тайлбарладаг. Орон сууцыг зарах зорилго нь том хүүгээ оюутан болгоод сургалтын төлбөр төлөх зорилготой гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч С.Б- нь хариуцагч У.А-, А.Б-, У.О-, Б.Т-, У.Г- нарт холбогдуулан Х- аймаг, Б- сум, 1 дүгээр баг, - дугаар байрны - тоотод байрлах, 28,9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

4.Б-ийн уулын баяжуулах үйлдвэрийн орон сууц хувьчлах товчооны хурлын 2001 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Х- аймаг, Б- сум, 1 дүгээр баг, - дугаар байрны - тоотод байрлах, 28,9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг У.А-д хувьчлан олгосон байх бөгөөд тус орон сууцыг хувь тэнцүү дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээр У.О-, Б.Т-, Б.Х- /У.Г- СЩ89012711/, Б.Б- нар бүртгэгдсэн болох нь орон сууц хувьчлах тухай тогтоол, өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /1хх-ийн 4-5, 77-р тал/

 

4.а.Хариуцагч У.А- нь 2004 оны 11 дүгээр сард маргаан бүхий - тоот орон сууцыг нэхэмжлэгч С.Б-т худалдахаар тохиролцон, улмаар эзэмшлийг шилжүүлж, орон сууцны үнэд 2,100,000 төгрөг хүлээн авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Нэхэмжлэгч С.Б-ийн хувьд орон сууцны үнэ болох 2,100,000 төгрөгийг хариуцагч У.А-д төлсөн тул өмчлөгчөөр тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсныг хариуцагч нар эс зөвшөөрч хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийг аваагүй тул тус хэлцэл хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

 

4.б.Дээрх хэлцэл хийгдэх цаг хугацаанд маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгч буюу хариуцагч А.Б-, Б.Т-, У.Г- нар нь насанд хүрээгүй, тэдгээрийг хууль ёсны төлөөлөгч болох У.А- нь төлөөлөн хэлцэл хийсэн гэж үзэхээр байх боловч хариуцагч У.О-ийн хувьд иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байна. Энэ тохиолдолд хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг авсан эсэх асуудал хөндөгдөнө. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн хувьд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3, 108.4 дэх хэсэгт зааснаар бусад өмчлөгчид мэдэгдэж, тэдгээрийн зөвшөөрлийг авах үүрэгтэй.

 

4.в.Гэвч хариуцагч У.А- нь - тоот орон сууцыг нэхэмжлэгч С.Б-т худалдахдаа хамтран өмчлөгч У.О-т мэдэгдээгүй, түүний зөвшөөрлийг авсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд нэхэмжлэгч С.Б-, хариуцагч У.А- нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч С.Б- нь маргаан бүхий - тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

4.г.Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгө худалдахад анхаарвал зохих хуулийн онцлог зохицуулалтыг анхаараагүйгээр нэхэмжлэгч С.Б-ийг маргаан бүхий - тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

 

4.д.Нэхэмжлэгч С.Б-, хариуцагч У.А- нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ дээрх байдлаар хүчин төгөлдөр бус байх тул Х- аймаг, Б- сум, 1 дүгээр баг, - дугаар байрны - тоотод байрлах, 28,9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч С.Б-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.  

 

4.е.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаах үүргийн хүрээнд хариуцагч У.А-аас 2,100,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Б-т олгох нь дээрх хуульд нийцнэ.

 

5.Нэхэмжлэгч С.Б- нь хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “маргаан бүхий орон сууцыг худалдан авснаас хойш 18 жилийн хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд нэг ч удаа шаардлага гаргаж байгаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх агуулгаар тайлбарлажээ.

 

5.а.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт “Хуульд тухайлан заасан бол эд хөрөнгийн зарим эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж заасан. Өмчлөх эрх нь туйлын эрх бөгөөд тодорхой тохиолдолд өмчлөх эрх дуусгавар болохгүй юм. Өмчлөгч нь хэдийд ч өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой тул энэ талаарх нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны 102/ШШ2024/00381 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар Х- аймаг, Б- сум, 1 дүгээр баг, - дугаар байрны - тоотод байрлах, 28,9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б-, хариуцагч У.А- нарын хооронд 2004 оны 11 сард байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Х- аймаг, Б- сум, 1 дүгээр баг, - дугаар байрны - тоотод байрлах, 28,9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг нэхэмжлэгч С.Б-т даалгаж, хариуцагч У.А-аас 2,100,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч С.Б-т олгосугай.” гэж,

 

3 дахь заалтын “… хариуцагч нараас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Б-т олгосугай.” гэснийг “… нэхэмжлэгч С.Б-ээс 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч нарт олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нараас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЭНЭБИШ

 

              ШҮҮГЧ                                      Д.ЗОЛЗАЯА

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ