| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0080/Э |
| Дугаар | 103 |
| Огноо | 2019-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2019/0080/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,
Улсын яллагч Г.Яндаг,
Хохирогч Б.З,
Шүүгдэгч А.Т, Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт А.Т, Б овогт Ж.Б нарт холбогдох эрүүгийн 1818009270028 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Б овогт А.Т /РД: /, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 5, эх, эхнэр, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
2. Монгол Улсын иргэн, Б овогт Ж.Б /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь шүүгдэгч А.Т, Ж.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч А.Т нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн орчим “...” цэнгээний газрын гадна, хуучин хорооллын 16 дугаар байрны хажууд иргэн Б.Зын толгойн тус газарт оргилуун дарсны шилээр цохиж Б.Зын эрүүл мэндэд нь зулайн хуйхны баруун дээд хэсэгт 6 см мэс заслын 7 оёдол бүхий хөнгөн хохирол,
шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн орчим “...” цэнгээний газрын шатан дээр иргэн Б.Зын дагз руу нэг удаа алгадсанаар Б.З нь шатны уруу унаж, Б.Зын эрүүл мэндэд нь духны баруун дээд хэсэгт үсний захад 4 см мэс заслын 3 оёдол бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч А.Тын өгсөн: Манай нэг ажилтан доор нь орчихсон байсан. Сэтгэл хөөрөлдөө автаад шилээр цохисон. Эмчилгээний зардлыг төлнө гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ж.Бын өгсөн: Хохирогчийн толгойн дагз хэсэгт гараараа цохиход хохирогч нь доош шатаар унаж хана мөргөж зогссон. Би ямар ч гэсэн хохирол төлбөрийг барагдуулна гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Зын өгсөн: Би шүүгдэгч нарыг танихгүй. Садан төрлийн холбоо байхгүй. 2018 оны 12 дугаар сарын сүүлд “...” цэнгээний газарт найзуудтайгаа архи уусан. Гараад явж байхад шатан дээр Ж.Бтой муудалцсан. Ж.Б нь араас түлхээд би доошоо унаад толгойгоо хагалсан. Намайг аваад явж байсан чинь хойноос А.Т нь оргилуун дарсны шилээр цохисон. Цагдаа ирээд А.Тыг авч яваад би найзын хамт эмнэлэгт очсон. Маргааш нь цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгсөн. Одоо шүүгдэгч нараас эмчилгээний зардал 485.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Шүүгдэгч нар нь надад уг гэмтлийг учруулсан учраас нэхэмжилж байгаа. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Гэрч Б.Мын өгсөн: ...Б.З нь шатаар бууж байхад нөгөө шүргэлцсэн ах дээд талын шатан дээрээс Б.Зын дагз руу нэг удаа алгадсан. Тэгэхэд Б.З нь эрчээрээ шатны уруу буугаад хана мөргөөд унасан. Тэгтэл Б.Зын духных нь баруун дээд талд нь шалбараад цус гарч байсан. ...Хуучин хорооллын 16 дугаар байрны хажууд бөөн зодоон болж байхаар нь харсан чинь дунд нь Б.З явж байх шиг харагдахаар нь гүйгээд очиход А.Ш нь нэг танихгүй залуугийн араас тэвэрчихсэн, тэр залуу нь гартаа оргилуун дарсны шил барьсан байсан. Тэгэхээр нь би “юу болсон бэ?” гэж асуухад А.Ш нь “Золжаргалын толгой руу шилээр цохисон залууг би бариад авлаа” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
Гэрч А.Шын өгсөн: ...Б.Зтай мөргөлдсөн залуу нь шатны дээр гараад Б.Зын дагз руу нэг удаа алгадаад авсан. Тэгэхэд Б.З тэр чигээрээ шатаар уруудаад баарны шатны эсрэг талын ханыг очиж мөргөсөн. Б.З өөрийг нь цохисон хүнийг ална гээд агсараад байхаар нь Б.М бид 2 Б.Зыг хүчээр аваад гарсан. Тэгээд 16 дугаар байрны хажуугаар явж байхад араас хэдэн залуучууд цагдаагаас зугтаад ирсэн. Тэгтэл Б.З нь тэр залуучуудыг намайг цохисон залуучууд мөн үү гээд урдаас алхсан. Тэгэхэд нэг танихгүй залуу Б.Зын толгой руу хоёр удаа оргилуун дарсны шилээр цохиод авахаар нь би тэр залууг бариад авсан юм. Б.З нь шатнаас урагшаа унахдаа духных нь баруун дээд тал нь язарсан, гараад шилээр цохиулахдаа дагзандаа гэмтэл авсан гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Гэрч С.Уын өгсөн: ...би тамхи татчихаад буцаад ортол Б.З нь хээтэй хорооллын Бо гэж дууддаг залуутай маргалдаад Б.Зын нүүр цус болсон байсан. Би ойлгохдоо Бо нь Б.Зыг шатны уруу түлхсэн гэж ойлгосон. Тэгээд би Б.Зыг өмөөрөөд Ботай хэсэг юм яриад зогсож байхад Б.М хүрч ирээд Б.З дахиад хүнд толгойгоо хагалуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд очтол А.Ш нэг залууг барьчихсан байсан ба тэр залуу нь гартаа оргилуун дарсны шил бариад зогсож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Шинжээч эмч Э.Отгончимэгийн өгсөн: Б.Зын биед үүссэн зулайн хуйхны баруун дээд хэсэгт 6 см мэс заслын 7 оёдол бүхий гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духны баруун дээд хэсэгт үсний захад 4 см мэс заслын 3 оёдол бүхий шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд Б.Зын биед үүссэн баруун гар атгахдаа муу 3, 4 дүгээр хурууны 2 дугаар үе бага зэрэг хавантай гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх мэдүүлэг /хх-ийн 24/,
Шүүгдэгч А.Тын гэрчээр өгсөн: ...16 дугаар байрны хажууд манай ажын газрын Н мөлхөж байхаар нь би босгосон. Тэгтэл хажууд нэг танихгүй залуу бас мөлхөж байхаар нь би тэр залууг Нг зодсон залуу юм байна гэж ойлгоод толгой руу нь оргилуун дарсны шилээр 2 удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Шүүгдэгч Ж.Бын өгсөн: Би 2018 оны 12 дугаар сарын 05-ны орой “...” цэнгээний газрын шатаар өгсөхөд нэг танихгүй залуу миний урдаас уруудаж ирээд миний цээж рүү нэг түлхээд “холдооч пизда минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би холдсон чинь тэр залуу шатаар уруудаж байхдаа намайг “гараад ир пизда минь” гэхээр нь би уур хүрээд дагз руу нь нэг алгадахад тэр залуу чигээрээ шатаар уруудаад шатны урд талын хана мөргөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 4 дугаартай “Б.Зын биед хуйхны шархнууд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Зын биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч А.Тын 2018 оны 12 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн орчим “...” цэнгээний газрын гадна, хуучин хорооллын 16 дугаар байрны хажууд иргэн Б.Зын толгойн тус газарт оргилуун дарсны шилээр цохиж Б.Зын эрүүл мэндэд нь зулайн хуйхны баруун дээд хэсэгт 6 см мэс заслын 7 оёдол бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл, шүүгдэгч Ж.Бын 2018 оны 12 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн орчим “...” цэнгээний газрын шатан дээр иргэн Б.Зын дагз руу нэг удаа алгадсанаар Б.З нь хана мөргөж эрүүл мэндэд нь духны баруун дээд хэсэгт үсний захад 4 см мэс заслын 3 оёдол бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Зын биед хуйхны шархнууд бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.З нь шүүгдэгч нараас эмчилгээний зардалд 485.120 төгрөг нэхэмжилж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргажээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч А.Т, Ж.Б нараас тус бүр 242.560 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа хохирол төлөх зорилгоор завсарлага авч, хохирогчид нийт 490.000 төгрөг төлсөн болох нь ял эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Хохирогч Б.Зын нэхэмжилсэн 490.000 төгрөгийг А.Т, Ж.Б нар нь тус бүр 245.000 төгрөг төлж хохиролгүй болголоо” гэх мөнгө хүлээлцсэн баримтаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч А.Т, Ж.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.Т, Ж.Б нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч А.Т нь анх удаа гэм хэрэг үйлдсэн, “.......” ХХК-нд цахилгаанчингаар ажилладаг бөгөөд сарын үндсэн цалин нь 450.000 төгрөг, шүүгдэгч Ж.Б нь урьд Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Дархан-Уул аймгийн “........” ХХК-ийн “..........” зочид буудалд хамгаалагчаар ажилладаг, сарын үндсэн цалин нь 480.000 төгрөг болох нь хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-46/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 47-51/, “.......” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаартай албан бичиг /хх-ийн 37/, “........” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19/017 дугаартай албан бичиг /хх-ийн 38/, Ж.Бын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 41/ зэргээр тус тус нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч нарт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох санал гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.
Иймд шүүгдэгч А.Т, Ж.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Ж.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.Т нь “......” ХХК-нд цахилгаанчингаар ажилладаг бөгөөд сарын үндсэн цалин нь 450.000 төгрөг, шүүгдэгч Ж.Б нь “.....” ХХК-ийн “.........” зочид буудалд хамгаалагчаар ажилладаг, сарын үндсэн цалин нь 480.000 төгрөг тул тэдний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч А.Тт оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Ж.Бод оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А.Т, Б овогт Ж.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ж.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тт оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Ж.Бод оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т, Ж.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Т, Ж.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР