Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 153

 

Г.Нямсүрэн, Б.Ачгэрэл нарт холбогдох

Эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Д.Гансүх, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Ялтан Г.Нямсүрэн, Б.Ачгэрэл нарын өмгөөлөгч Н.Цэрэндулам, Б.Мөнхгэрэл,

Ялтан Г.Нямсүрэнгийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатар,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Нямсүрэн, Б.Ачгэрэл, тэдний өмгөөлөгч Н.Цэрэндулам нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Нямсүрэн, Б.Ачгэрэл нарт холбогдох 201626012425 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Чандмань боржигон овогт Галбадрахын Нямсүрэн, 1998 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ХААИС-ийн механик инженерийн 1 дүгээр курсын оюутан гэх, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар, 11 дүгээр хорооллын Денверийн гудамжны 12А байрны 1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:НФ98042618/,

Сартуул овогт Баасанжаргалын Ачгэрэл, 1998 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Мандах бүртгэл дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн банкны ангийн 1 дүгээр курсын оюутан гэх, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овооны 1 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:НЫ98042415/,                                                                                                         

Г.Нямсүрэн, Б.Ачгэрэл нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Намуун” пабын үүдэнд Ц.Мөнх-Эрдэнийг “дундуур гарлаа” гэж үл ялих зүйлээр шалтаглан, бүлэглэн зодож биед нь “тархи доргилт, дух, зүүн доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэнд  холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.Нямсүрэн, Б.Ачгэрэл нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Ачгэрэл, Г.Нямсүрэн нарыг бүлэглэн догшин авирлаж танхайрсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Б.Ачгэрэлийг 3 жил 1 сарын хугацаагаар, Г.Нямсүрэнг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Ачгэрэл, Г.Нямсүрэн нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ачгэрэл, Г.Нямсүрэн нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Г.Нямсүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: “...2016 оны 10 дугаар сарын 11-ний орой Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Намуун” пабын өмнө хохирогч Ц.Мөнх-Эрдэнэтэй маргалдан, улмаар түүний биед хөнгөн гэмтэл учруулан танхайрсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Би оюутан, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж хохирогчоос уучлалт гуйсан. Иймд дээрх байдлыг минь харгалзан шүүхээс оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.

Ялтан Б.Ачгэрэл гаргасан давж заалдах гомдолдоо: “...2016 оны 10 дугаар сарын 11-ний орой Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Намуун” пабын өмнө хохирогч Ц.Мөнх-Эрдэнэтэй маргалдан, улмаар түүний биед хөнгөн гэмтэл учруулан танхайрсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, хохирогч Ц.Мөнх-Эрдэнэд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа ойлгон, маш их гэмшиж байна. Би оюутан дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Иймээс шүүхээс оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.

Ялтан Г.Нямсүрэн, Б.Ачгэрэл нарын өмгөөлөгч Н.Цэрэндулам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Нямсүрэн, Б.Ачгэрэл нар бусдын биед хөнгөн гэмтэл учруулан танхайрсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, маш их харамсдаг. Г.Нямсүрэн, Б.Ачгэрэл нар анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид учруулсан эмчилгээний зардал 385.000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлгээс өмнө төлж, шүүх хурлаас хойш 3.000.000 төгрөгийг төлсөн. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, ялтан нарыг хорих ялаас чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн. Мөн Б.Ачгэрэл, Г.Нямгэрэл нар 1 дүгээр курсын оюутнууд, болгоомжгүй байдлаас гэмт хэрэгт  холбогдсон, өөрсдийн гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа учир Г.Нямсүрэн, Б.Ачгэрэл нарт хуульд заасан хөнгөрүүлэх нөхцлүүдийг хэрэглэх боломжтой тул хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Ялтан Г.Нямсүрэнгийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатараас: “...Анхан шатны шүүх Г.Нямсүрэн, Б.Ачгэрэл нарыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн боловч гэрч Г.Алтантогос Г.Нямсүрэн, Б.Ачгэрэл нарыг тус бүр 1 шил 0.33 граммын пиво ууж байгаад дуусгалгүй, тамхи татахаар гарсан гэдэг. Энэ хэмжээ нь хүнийг согтуурлын, хөөрлийн байдалд оруулахаар хэмжээ биш юм. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 13 дугаар зүйлд заасан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болсон. Г.Нямсүрэн, Б.Ачгэрэл нар нотлох баримтын хүрээнд 325.000 төгрөгийг төлсөн бөгөөд анхан шатны шүүх хуралдааны дараа нэмж хохирол төлсөн. Хохирогчийн зүгээс цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн хүсэлтээ ирүүлсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг журамлан Г.Нямсүрэн, Б.Ачгэрэл нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Ялтан Г.Нямсүрэн, Б.Ачгэрэл нарын өмгөөлөгч Б.Мөнхгэрэлээс: “...Ялтан Г.Нямсүрэн, Б.Ачгэрэл нар нь 18 настай байхдаа буюу бие махбодь, сэтгэлзүйн хувьд гүйцэд төлөвшөөгүй байх үедээ гэмт хэрэгт холбогдсон. Тэд өөрсдийн үйлдсэн гэмт хэрэгт  үнэхээр их гэмшиж байгаа тул тэдэнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ялтан Г.Нямсүрэн, Б.Ачгэрэл нар 2016 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Намуун” пабын үүдэнд Ц.Мөнх-Эрдэнийг “дундуур гарлаа” гэж үл ялих зүйлээр шалтаглан, зодож биед нь “тархи доргилт, дух, зүүн доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн нь:

Хохирогч Ц.Мөнх-Эрдэнийн “...2016 оны 10 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Намуун” зоогийн газарт найз Энхбаатартай уулзаж байгаад эхнэртэйгээ утсаар яриад буцаад орох гэж байхад үүдэнд хоёр залуу зогсож байхаар нь дундуур нь гарахад Г.Нямсүрэн гэх залуу нь “яагаад урдуур гараад байгаа юм” гэхээр нь “өөр хаагуур гарах юм бэ” гэж хэлчихээд явсан. Гэтэл араас Г.Нямсүрэн гүйж ирээд мөрнөөс татаад “юу гээд байгаа пизда вэ” гэхэд Б.Ачгэрэл гэх залуу баруун шанаа руу гараараа цохьсон. Г.Нямсүрэн намайг газар татаж унагаагаад толгой, нүүр лүү өшиглөсөн. Б.Ачгэрэл нь мөн миний толгой руу өшиглөсөн. Босох гэтэл Б.Ачгэрэл “наадахаа дарж бай, дахиад өшиглье” гэхэд Нямсүрэн дарах хооронд миний нүүр лүү хоёулаа өшиглөөд байсан. Тэгтэл “Намуун” зоогийн газрын зөөгч гарч ирээд “яагаад зүгээр байгаа хүн зодоод байгаа юм бэ” гэхэд тэд явсан. Би Г.Нямсүрэнгийн гутал дээр нь шүлсээ огт хаяаагүй, тэд худал мэдүүлэг өгч байна. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” /хх-10-11/,

Гэрч Г.Алтансолонгын “...2016 оны 10 дугаар сарын 11-ний орой 21 цаг өнгөрч байхад Б.Ачгэрэл, Г.Нямсүрэн гэх залуус манай пабад орж ирээд караоке асуусан. Тухайн үед караокены өрөө сулраагүй байна гэхэд хүлээхээр болсон. Тэд пиво захиалж ууцгаасан. Тэдний дараа Ц.Мөнх-Эрдэнэ гэх залуу хоёр хүний хамт орж ирсэн. Ц.Мөнх-Эрдэнэ хамт явж байсан хүмүүстэйгээ 0.5 литрийн “Улаанбаатар” архи авч суусан. Б.Ачгэрэл, Г.Нямсүрэн хоёр өрөө хүлээгээд гадаа тамхилж байсан. Ажлаа хийж яваад камер луу харахад Б.Ачгэрэл, Г.Нямсүрэн хоёр хүн зодож байсан. Би гараад “юу болоод байгаа юм бэ” гэхэд тэд явцгаасан. Зодуулсан хүнийг харсан чинь 5 дугаар ширээнд сууж байсан залуу байхаар нь хамт явж байсан хүмүүсийг нь дуудаж өгсөн...” /хх-13-15/,

Гэрч Б.Энхбаатарын “...2016 оны 10 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчим Мөнх-Эрдэнэ, Цаца нартай уулзаад “Намуун” пабад орсон. Мөнх-Эрдэнэ утсаар яриад ирье гээд гарсан. Гэтэл Мөнх-Эрдэнэ над руу залгаад гадаа хоёр залуу намайг зодчихоод явчихлаа” гэхээр нь гараад очтол зодуулсан байдалтай, хамраас нь цус гарсан, нүүрэн дээр нь гуталны мөр гарсан байсан. Буцаж ороод “Намуун” пабын камерийг шүүхэд Мөнх-Эрдэнийг зодож байгаа бичлэг тод бичигдсэн байсан...” /хх-16/,

Шинжээч эмч М.Энхтайваны “...Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Үзлэг хийхдээ хамранд зулгаралт, цус хуралт, зулгаралт, хавдалт зэрэг шинж тэмдэг илрээгүй. Дээрх шинж тэмдэг илрэхгүйгээр хамрын яс хугарахгүй. Хамрын ясны хугарал, таславч мурийлт нь хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт нь дангаараа хөнгөн гэмтэл...” /хх-26-27/,

Б.Ачгэрэлийн сэжигтнээр өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчим Г.Нямсүрэнтэй хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Намуун” пабад орж 1 шил пиво уугаад караоке орох гэсэн өрөө сулрахгүй байсан. Тэгээд үүдэнд нь тамхи татаад зогсож байтал бидний дундуур Ц.Мөнх-Эрдэнэ гарахдаа Г.Нямсүрэнгийн гутал дээр шүлсээ хаясан. Г.Нямсүрэн “яаж байгаа юм бэ пизда минь” гээд Ц.Мөнх-Эрдэнэтэй зууралдахаар нь би Ц.Мөнх-Эрдэнийн шанаа руу нэг удаа цохьсон. Г.Нямсүрэн түүнийг хавирч унагаахад тэрээр хөлнөөс нь зуураад байсан. Г.Нямсүрэн нүүр лүү нь өшиглөсөн, би эгэм, мөр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид хоёр явсан...” /хх-34-35/,

Г.Нямсүрэнгийн сэжигтнээр өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 11-нд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Намуун” пабад найз Б.Ачгэрэлийн хамт 1 шил пиво хувааж уугаад караокед орох гэтэл өрөө байхгүй болохоор нь гарсан. Тэгээд үүдэнд нь тамхи татаад зогсож байтал Ц.Мөнх-Эрдэнэ бид хоёрын дундуур гарахдаа миний гутал дээр шүлсээ хаяад гарсан. Тэгэхээр нь “яаж байна ах” гэхэд “яасан пизда минь, гай болов” гээд явахаар нь араас очоод хүрэмнээс нь татахад яагаад байгаа пизда вэ гээд маргалдаж байтал Б.Ачгэрэл түүний шанаа руу гараараа цохьсон. Би хүрэмнээс нь татаж унагаагаад толгой руу нь өшиглөсөн чинь миний хөлнөөс зуураад базаад тавихгүй байсан. Б.Ачгэрэл нэг удаа толгой руу нь өшиглөсөн. Тэгээд миний хөлийг тавихаар нь би хоёр удаа толгой руу нь өшиглөөд пабын зөөгч гарч ирэхээр нь явсан...” /хх-42-43/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14211 дүгээр шинжээчийн “Ц.Мөнх-Эрдэнийн биед тархи доргилт, дух, зүүн зовхинд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /х-22/ гэх дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-8/ хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хх-119/,  хохирлын мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-120/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Г.Нямсүрэн, Б.Ачгэрэл нарт холбогдох хэргийн талаар шүүх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгаж тогтоосон, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Г.Нямсүрэн, Б.Ачгэрэл нарын гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Г.Нямсүрэнд 3 жил 6 сарын хугацаагаар, Б.Ачгэрэлд 3 жил 1 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Гэвч ялтан Г.Нямсүрэн, Б.Ачгэрэл нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүх хуралдаанаас хойш бусдад учруулсан гэм хорын хохирлоо нөхөн төлсөн, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнээс гадна хохирогч Ц.Мөнх-Эрдэнэ ялтан нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн зэргийг харгалзан ялтнууд, тэдний өмгөөлөгч Н.Цэрэндулам нарын гомдлуудыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэдэнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжтой байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

А. “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Б.Ачгэрэлд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар, Г.Нямсүрэнд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Ачгэрэлийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст, Г.Нямсүрэнгийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр  хэлтэст тус тус даалгасугай.” гэж,

Б. Б.Ачгэрэл, Г.Нямсүрэн нар нь тус бүр 31 хоног цагдан хоригдсоныг дурдсугай гэсэн нэмэлт заалтуудыг оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Б.Ачгэрэл, Г.Нямсүрэн нар нь 3.325.000 төгрөгийн төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, тэднийг нэн даруй сулласугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсвэл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН

                         ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

                                                                                               Н.БАТСАЙХАН