Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2018/0622/З |
Дугаар | 221/МА2019/0438 |
Огноо | 2019-08-22 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2019/0438
“М” ХХК-ийн гомдолтой
зөрчлийн хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Ж, хариуцагч Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0422 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор “М” ХХК-ийн гомдолтой, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0422 дугаар шийдвэрээр: “Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулах шаардлагатай байх тул Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах газрын гаалийн улсын байцаагч нарын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0123051 дугаартай Шийтгэлийн хуудсыг дахин шинээр акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.
Хариуцагч Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б давж заалдах гомдолдоо: “...Дээрх шийдвэрийг судлан үзэхэд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасны дагуу “гаалийн үнээс хувиар", мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна гэж тус тус заасан байна. Дээрх холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн импортын барааны гаалийн үнийг тодорхойлсны дагуу гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тарифын хувь хэмжээгээр татварыг ногдуулж барагдуулдаг юм. Иймд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.3-т гаалийн үнийг тодорхойлохдоо “тухайн барааг үйлдвэрлэх, Монгол улсад экспортлохтой холбогдуулан ашиглахаар худалдан авагчаас худалдагчид, эсхүл үйлдвэрлэгчид шууд болон шууд бус хэлбэрээр үнэ төлбөргүй, эсхүл хямдруулсан үнээр нийлүүлсэн бараа ажил, үйлчилгээний өртгийн зохих хэсэг" болох зардлыг гадаад худалдаа, санхүү нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуулан нэмж тооцохоор заасан байна. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “гадаад улсаас Монгол улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ"-нд албан татвар ногдуулахаар заасан байна. Өөрөөр хэлбэл “М” ХХК-ийн БНХАУ-аас худалдан авсан бараа болон түүнийг суурилуулахтай холбоотой үйлчилгээний хөлсөнд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг тус тус ногдуулж барагдуулахаар тов тодорхой заасан байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0422 дугаар шийдвэр нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр дээрх асуудлыг шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0123051 дугаартай шийтгэлийн хуудсаар “М” ХХК нь “2013-2017 онд БНХАУ-аас худалдан авсан 9 232 828 032 төгрөгийн сэлбэг, хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй” зөрчил гаргасныг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулжээ.
Хариуцагч гаалийн улсын байцаагч дээрх шийтгэлийг ногдуулах болсон үндэслэлээ “...“М” ХХК-ийн БНХАУ-аас худалдан авсан бараа болон түүнийг суурилуулахтай холбоотой үйлчилгээний хөлсөнд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах ёстой” гэж тайлбарласан байна.
Анхан шатны шүүхээс маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хянаж үзээд, “... гаалийн улсын байцаагчийн шийтгэлийн хуудас үндэслэлтэй байх боловч гаалийн улсын байцаагч шийтгэл ногдуулахдаа хилийн чанадад хийгдсэн үйлчилгээг Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д тодорхойлогдсон бараа гэх ойлголттой ижил мэтээр тайлбарлаж, хилийн чанадад авсан үйлчилгээг импортлогдсон бараа гэж тодорхойлсон нь алдаатай байх тул гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгджээ. Учир нь, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д тодорхойлогдсон бараа гэх ойлголтод хилийн чанадад хийгдсэн засвар, үйлчилгээ хамаарахгүй, уг засвар, үйлчилгээ нь импортоор оруулж ирсэн бараа биш байна гэж дүгнэх үндэслэлтэй байна” гэж дүгнээд шүүхээс хилийн чандад хийгдсэн засвар үйлчилгээний талаар баримтуудыг нөхөн шалган тогтоох боломжгүй байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв байна.
Хариуцагчаас шүүхийн шийдвэрийн “...хилийн чанадад авсан үйлчилгээг импортлогдсон бараа гэж тодорхойлон холбогдох зөрчилд шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй” гэсэн дүгнэлтийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ““гаалийн татвар” гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн тарифын дагуу ногдуулах, хураах, төлөх албан татварыг” гэж, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг” ойлгоно гэж тус тус заажээ.
Үүнээс үзвэл, гомдол гаргагч “М” ХХК-ийн БНХАУ-д тээврийн хэрэгслүүддээ хийлгэсэн засварын үйлчилгээг Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д нэрлэн заасан бараатай адилтган үзэх үндэслэлгүй, авто машины засвар, үйлчилгээ нь бараанд тооцогдох боломжгүй учраас уг ажил үйлчилгээнд холбогдуулан “М” ХХК-д төлбөр ногдуулсан шийтгэлийн холбогдох хэсэг үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Түүнчлэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Энэ хуулийн 10.1-д заасан аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн бөгөөд гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан дараахь зардлыг нэмж тооцно”, 10.3.3-т “тухайн барааг үйлдвэрлэх, Монгол Улсад экспортлохтой холбогдуулан ашиглуулахаар худалдан авагчаас худалдагчид, эсхүл үйлдвэрлэгчид шууд болон шууд бус хэлбэрээр үнэ төлбөргүй, эсхүл хямдруулсан үнээр нийлүүлсэн бараа, ажил, үйлчилгээний өртгийн зохих хэсэг” гэж заасан ба гомдол гаргагч “М” ХХК-ийн тээврийн хэрэгслүүддээ хийлгэсэн засвар үйлчилгээ болон сэлбэг хэрэгслийг суурилуулсан үйлчилгээ нь дээрх тохиолдолд хамаарахгүй юм.
Мөн хариуцагчаас давж заалдах гомдолдоо “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “гадаад улсаас Монгол улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ"-нд албан татвар ногдуулахаар заасан тул татвар ногдуулах ёстой” гэх гомдлын тухайд, гомдол гаргагч хуулийн этгээд нь дээрх үйлчилгээг БНХАУ-ын нутаг дэвсгэрт авсан, тэрчлэн шийтгэлийн хуудсанд “М” ХХК-ийн гаргасан “2013-2017 онд БНХАУ-аас худалдан авсан 9 232 828 032 төгрөгийн сэлбэг, хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй” гэх зөрчил үйлдсэн нь тогтоогдсон[1] талаар дурдсанаас бус “импортолсон үйлчилгээг гаалийн байгууллагад мэдүүлээгүй” гэх зөрчлийн талаар огт дурдагдаагүй тул энэ талаарх тайлбар үндэслэлгүй.
Дээр дурдсанчлан анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хариуцагч гаалийн улсын байцаагч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсанд “М” ХХК-ийн БНХАУ-аас худалдан авсан сэлбэр хэрэгслийн болон тус улсад авсан үйлчилгээний төлбөрийг тусгайлан дурдаагүйгээс шүүхээс тусад нь ялган зааглаж дүгнэх боломжгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагчид тухайн актыг шинээр хуульд нийцүүлэн гаргах боломжийг олгосон нь зөв байна.
Харин анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заасан байхад тусгаагүй, түүнчлэн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагчийн нэрийг буруу бичсэн байх тул шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0422 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “...Бүрдүүлэлтийн дараахь газрын...” гэснийг “...Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын...” гэж, 1 дэх заалтын дараа “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргахгүй бол Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0123051 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай” гэсэн 2 дугаар заалтыг нэмж, шийдвэрийн тогтоох 2 дугаар заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
[1] Хх-1-94