Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 301

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “...Чингэлтэй дүүргийн Засаг даргын цуглаан зохион байгуулах мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болгохыг тогтоолгох, цуглааныг бүртгэхийг Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.О нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Б.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Иргэн Б.Б миний бие барилга угсралтын “Б ” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд 2013 онд “Сант” бүрэн дунд сургуультай тус сургуулийн өргөтгөлийн барилга барих барилга угсралтын гэрээг хийж, барилга угсралтын ажил, заслын ажлыг хийж гүйцэтгэж байтал 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр барилга угсралтын гэрээг “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжин цуцалж, манай компанийн ажилчдыг барилгын талбайгаас хөөсөн билээ. 

Ийм  учраас  манай  компанийн  зүгээс  “Сант”  сургуульд  2013 оны 10 дугаар 

сарын 25-ны өдөр 13/125 дугаар албан бичгээр ажлаа хүлээлгэн өгөх комиссыг томилж мэдэгдсэн боловч “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжин нь ажлаа хүлээж авалгүй хөөсөн юм. 

Гэтэл “Сант” сургуулийн захирал Д.З нь ажил гүйцэтгэх гэрээний 10.3-т заасны дагуу ажлаа хүлээж авалгүй гэрээгээ зөрчин, гэрээг цуцаллаа гэдгийг утсаар хэлж, энэ өдрөөс манай ажилчдыг барилгын талбайд оруулаагүй хөөсөн билээ. 

Манай “Б ” ХХК нь “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын барилга угсралтын гэрээний нийт ажлын 80 гаруй хувийг хийж гүйцэтгэсэн учраас ерөнхий гүйцэтгэгчээр ажиллан улсын комисст өгөх үүрэгтэй юм. Гэтэл “Сант” сургуулийн захирал нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын улсын комисст ажилласан гишүүдтэй хуйвалдан 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр улсын комиссыг хуралдуулж, өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад өгсөн байдаг. 

Үүнийг бид 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Сант” сургуулийн зүгээс гаргаж өгсөн баримтуудаас мэдсэн. 

“Б ” ХХК-ийг “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын ерөнхий гүйцэтгэгч байсныг баталсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02-07/3904 дүгээр албан бичиг байдаг. Нийслэлийн Засаг дарга болон холбогдох удирдлагууд Монгол Улсын Барилгын тухай хуулийг зөрчсөн ажилчдаа шалгаж, арга хэмжээ авалгүй хамгаалж байсан тул нийтэд мэдээлэх зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүсэлт гаргасан. 

Гэвч бүртгэхээс хууль бусаар татгалзсан хариуг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 3/644 дүгээр албан бичгээр мэдэгдсэн. Миний хүсэлтэд хариуг өгөхдөө Засаг даргадаа огт танилцуулаагүй 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ажлын цаг дууссан дараа надад хариу өгсөн. 

2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр дахин хүсэлт гаргаж, Засаг дарга Ж.Э-ттай уулзахад миний 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хүсэлтийн талаар огт мэдээгүй гэдгийг хэлсэн. 

Ингээд миний бие 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргад дахин цуглаан бүртгүүлэх тухай албан бичиг өгсөн боловч 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1/666 дугаар албан бичгээр бүртгэх боломжгүй тухай мэдэгдсэн. 

Уг татгалзсан шалтгаан нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан үндэслэлүүдээс өөр шалтгаанаар татгалзсан тул миний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дугаар заалт, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан эрх зөрчигдөж байгаа тул шүүхэд хандаж байна. 

Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын цуглаан зохион байгуулах мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болгохыг тогтоож, цуглааныг бүртгэхийг Засаг даргад даалгаж өгнө үү” гэв. 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Иргэн Б.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүдний урд талд 4 дүгээр сарын 12-14 өдрийн хооронд өдөр бүр 08 цаг 30 минутаас 15 цаг 30 минут хүртэл 30 хүний бүрэлдэхүүнтэй хууль зөрчсөн албан тушаалтны үйл ажиллагааг нийтэд мэдээлэх зорилгоор хүсэлт гаргасан байдаг. 

Хүсэлтийг судлан үзээд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 3/644 дүгээр албан бичгээр хариу өгсөн. 

Иргэн Б.Б 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Засаг даргын Тамгын газрын дарга А.Д-ийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 3/644 дүгээр албан бичгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар дурдсан байсан. 

Хүсэлтийн дагуу 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 3/660, 1/666 дугаар албан бичгээр тус тус хариу өгсөн ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад, нэхэмжлэгч Б.Б ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч Б.Б нь Чингэлтэй дүүргийн Засаг даргад “цуглаан бүртгүүлэх тухай” мэдэгдлийг 2017 оны 4 дүгээр сарын 07 , 2017 оны 4 дүгээр сарын 12 -ны өдрүүдэд тус тус гаргасан байх бөгөөд уг хүсэлтийн хариуг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 3/644 дүгээр албан бичгээр  “...Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүдний урд талбайд 30 гаруй хүн цуглан үзэл, бодлоо илэрхийлэх зам талбай байхгүй бөгөөд ногоон байгууламжийн бүрэн бүтэн байдал, явган хүний хөдөлгөөнд саад учруулах, замын хөдөлгөөний түгжрэл үүсгэх, зам тээврийн осол гэмтэлд өртөх эрсдэлтэй тул таны хүсэлтийг хүлээн авч бүртгэх боломжгүй байна....”, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 3/660 дугаар албан бичгээр  “...Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийн талаарх гомдлыг дээд шатны байгууллагад гаргах хуулийн зохицуулалтын дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 3/644 дүгээр албан бичгийн талаарх гомдлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандан гаргах нь зүйтэй...” хэмээн хариуг тус тус өгсөн байна. 

Б.Б 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “...Иргэн Б.Б миний бие нь Үндсэн хуульд заагдсан эрхээ эдэлж, цуглаан хийх тул 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл бүртгэж өгнө үү. Миний хийх цуглаанд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлд заагдсан татгалзах үндэслэл байхгүй байгаа болно...” хэмээн цуглаан бүртгүүлэх хүсэлтийг  Чингэлтэй дүүргийн Засаг даргад гаргасны дагуу хариуцагч 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 1/666 дугаар албан бичгээр  “...Сонгуулийн ерөнхий хорооны 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар Аймаг, нийслэлийн Сонгуулийн хороо байгуулагдсан бөгөөд таны цуглаан зохион байгуулах хүсэлт гаргасан Нийслэлийн Засаг даргын Тамгын гаүрын байранд нийслэлийн Сонгуулийн хороо байрлаж байгаа тул Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.17 дахь заалтыг үндэслэн хүлээн авч бүртгэх боломжгүй байна...” гэж хариу өгчээ. 

Хариуцагч “...Б.Б ийн гаргасан хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд нийслэлийн Сонгуулийн хороо байрлаж байгаа тул Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.17 дахь заалтыг үндэслэн хүлээн авч бүртгэх боломжгүй... гэж хариу өгсөн нь техникийн алдаа гаргасан бөгөөд 3/644 дүгээр албан бичгээр хариу өгсөн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан” хэмээн маргаж байна.  

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйл “Монгол Улсын иргэн дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй. Жагсаал цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэсний дагуу Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг хууль тогтоогчоос баталж, уг хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг “цуглаан” гэж тодорхойлжээ.

Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д “Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 70.5.17-д “төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, хүмүүнлэгийн, буяны болон шашны байгууллага, санал авах байр болон сонгуулийн байгууллагын ажиллах байранд сонгуулийн сурталчилгаа явуулах” гэж тус тус заасан бөгөөд уг хуулийн зохицуулалт нь Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд буюу нэр дэвшигч иргэнд хамааралтай байна. 

Нэр дэвшигч иргэн гэж Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “...энэ хуульд заасан журмын дагуу тухайн сонгуульд нэр дэвшиж бүртгүүлсэн, нэр дэвшигчийн үнэмлэх авсан иргэнийг” хэлнэ гэж зохицуулсан байх тул уг хуулийн зохицуулалт иргэн Б.Б т хамаарахгүй байхад дээрх хуулийн заалтыг хэрэглэн мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д “Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга дор дурдсан үндэслэл байвал түүнийг хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулагчид бичгээр мэдэгдэнэ:  1/ шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогсоогдсон буюу татан буугдсан, эсхүл албан ёсны бүртгэлгүй улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргасан бол; 2/ энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан газарт жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол; 3/ энэ хуулийн 8 дугаар зүйлээр хориглосон жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол” гэж тус тус заасан хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна гэж шүүх үзлээ. 

Жагсаал,  цуглаан  хийх  журмын  тухай   хуулийн  7  дугаар  зүйлээр  жагсаал, цуглаан хийхийг хориглох газруудыг тусгайлан зааж өгсөн бөгөөд үүнд: нисэх онгоцны буудал, төмөр замын бүх өртөө, буудал, нийслэлийн зорчигч тээврийн төв буудал, цэрэг, цагдаагийн болон төрийн хамгаалалтад байгаа газар, радио телевизийн нэвтрүүлэг явуулдаг байгууллага, аймаг, нийслэл дэх төв холбооны газар, Олон Улсын буюу үндэсний яармаг, үзэсгэлэн зохион байгуулж байгаа байгууллага, хот суурин газрын хүнсний болон барааны зах, эмнэлгийн байгууллага, нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн Төрийн ордны нутаг дэвсгэрт хамаарах хэсэгт тус тус жагсаал, цуглаан хийхийг хориглосон газарт энэхүү тохиолдол хамаарахгүй байна. 

Мөн хуулийн 8 дугаар зүйлээр жагсаал, цуглаан болон өлсгөлөн зохион байгуулахыг хориглох нөхцөл байдлуудыг тусгасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүдний урд талбайд 30 гаруй хүн цуглан үзэл, бодлоо илэрхийлэх зам талбай байхгүй бөгөөд ногоон байгууламжийн бүрэн бүтэн байдал, явган хүний хөдөлгөөнд саад учруулах, замын хөдөлгөөний түгжрэл үүсгэх, зам тээврийн осол гэмтэлд өртөх эрсдэлтэй тул таны хүсэлтийг хүлээн авч бүртгэх боломжгүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Жагсаал,  цуглаан  хийх  журмын  тухай хуулийн 15 дугаар зүйлийн 11-д “Жагсаал, цуглааны үеэр нийгмийн хэв журам зөрчсөн, эмх замбараагүй байдал бий болгосон, хүний амь нас, эрүүл мэнд, бусдын өмч хөрөнгөд хохирол учруулсан этгээдэд хуульд заасан тохиолдолд эрүүгийн болон бусад хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байх бөгөөд уг хуулийн зохицуулалт нь жагсаал, цуглаан хийх үед дээрх нөхцөл байдлыг бий болсон тохиолдолд хариуцлага хүлээлгэх талаар зохицуулсан байтал хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан мэдэгдлийг цуглаан хийхээс өмнө “...Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүдний урд талбайд 30 гаруй хүн цуглан үзэл, бодлоо илэрхийлэх зам талбай байхгүй бөгөөд ногоон байгууламжийн бүрэн бүтэн байдал, явган хүний хөдөлгөөнд саад учруулах, замын хөдөлгөөний түгжрэл үүсгэх, зам тээврийн осол гэмтэлд өртөх эрсдэлтэй...” гэж үзэн татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ. 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга нэхэмжлэгч Б.Б ийн цуглаан бүртгүүлэх хүсэлтийг хууль бусаар татгалзаж нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул Б.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Б ийн цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхийг даалгаж шийдвэрлэж, үүнтэй холбоотой цаг хугацаа өнгөрсөн өөрчлөлтийг харгалзаж,  Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч цуглаан хийх тухай урьдчилан мэдэгдэж, цаг хугацааг тохирох үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.1.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Б.Б ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын цуглаан зохион байгуулах мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Б ийн цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.САЙХАНТУЯА