Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 00145

 

 

 

 

 

 

 

 

Х.Үүрцайхын нэхэмжлэлтэй,

хариуцагч С.Жаргалд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар :

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1014 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : Х.Үүрцайхын нэхэмжлэлтэй,

Хариуцагч : С.Жаргалд холбогдох,

 

2.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч С.Жаргалын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч С.Жаргал, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Үүрцайх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“С.Жаргал бид 2 олон жил хамт ажиллаж байгаа бөгөөд 2014 оны 01 дүгээр сараас хойш надаас их бага хэмжээгээр мөнгө зээлдэж авдаг байсан ба энэ зээлүүдийнхээ тооцоог 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлж 2 500 000 төгрөгний үлдэгдэлтэй болох талаар тохиролцоод энэ төлбөрөө 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэхэд бүгдийг нь төлж тооцоо дуусгахаар болсон. Гэтэл элдэв шалтаг хэлсээр өнөөдрийг хүрлээ. Иймд С.Жаргалаас 2 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч С.Жаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би тухайн үед 1 000 000 төгрөг авсан. 2 000 000 төгрөг аваагүй. Бид хоёр баримт өгөлцөж аваагүй. Би энэ мөнгийг 2013 онд авсан. Бүтэн нэг жил визагаа өгөөд цалингаасаа мөнгө төлсөн. Аваанз ерөөсөө аваагүй. Би авсан мөнгөө өгсөн гэсэн бодолтой явж байсан. Түүнээс хойш би визагаа хаалгасан” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1014 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч С.Жаргалаас 2 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Үүрцайхд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 54 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 54 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Жаргал давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.25-ний өдрийн 142\ШШ201б\01014 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй гарсангүй гэж үзэж байгаа бөгөөд нэг талыг баримталж шийдвэрлэгдсэн юм.

Би нэхэмжлэгчээс 5 сая төгрөг авч байгаагүй ба анх 2013 онд 1 сая төгрөгийг амаар харилцан тохиролцож зээлсэн болно. Бичгээр ямар нэгэн гэрээ хэлцэл хийж байгаагүй ба дараа нь 2015.06.15-ний өдөр нэг бичиг дээр гарын үсгээ зур гээд шахаад байхаар нь аргагүй эрхэнд зурсан. Гэхдээ төлбөр барагдуулах тухай гэрээнд гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй.

2013 онд хүүхдээ япон явуулна гээд 5 сая төгрөг зээлсэн тухай шүүх хуралд би хүлээн зөвшөөрөөгүй, харин энэ мөнгийг би аваагүй тухай хэлж байхад шүүхийн шийдвэртээ намайг хүлээн зөвшөөрч байсан мэтээр ташаа ойлгуулж бичсэнд гомдолтой байна.

Харин 2013 онд 1 сая төгрөгийг зээлсэн тухайгаа бол хүлээн зөвшөөрч байгаа ба энэ мөнгийг би хангалттай төлж барагдуулсан гэж бодож байна. Би цалингийнхаа виза картыг нэхэмжлэгч Х.Үүрцайхад бараг 1 жил өгч 1 жилийн турш аваанзаа өгч төлөлтөө хийж байгаад 1 жилийн дараа картаа хаалгасан юм. Би аваанз 220.000 төгрөг авдаг болно.

Би шүүх хуралд дээр хууль зүйн туслалцаа авах хүсэлтэй байгаа тухай хэлсэн боловч энэ талаар шүүх хангаж шийдвэрлээгүй ба мөн хэргийн материалтай бүрэн танилцаж чадаагүйгээр шүүх хурлаас өмнө гарын үсэг зуруулж орсон. Энэ нь шүүх хуралд оролцогч миний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрээр 2.500.000 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэнд гомдолтой байгаа ба шүүх хуралд оролцогч миний мэтгэлцэх эрх зөрчигдөж нэг талын мэтгэлцээнийг үндэслэж шийдвэрлсэнд гомдолтой байна.

Иймд 2016.07.25-ний өдрийн 142\ШШ2016\01014 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х.Үүрцайх нь хариуцагч С.Жаргалд холбогдуулан зээлийн үүргийн гүйцэтгэл 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Хариуцагч дараах үндэслэлээр давж заалдсан гомдол гаргажээ.

Би нэхэмжлэгчээс 5 сая төгрөг авч байгаагүй ба анх 2013 онд 1 сая төгрөгийг амаар харилцан тохиролцож зээлсэн болно. Бичгээр ямар нэгэн гэрээ хэлцэл хийж байгаагүй ба дараа нь 2015.06.15-ний өдөр нэг бичиг дээр гарын үсгээ зур гээд шахаад байхаар нь аргагүй эрхэнд зурсан. Гэхдээ төлбөр барагдуулах тухай гэрээнд гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй гэх боловч тэрээр 2015 оны 06 дугаар сарын 15 ны өдрийн “ Төлбөр барагдуулах гэрээ” гэгчийг үйлдэж 2 тал гарын үсэг зурж баталгаажуулсан нь хуульд нийцжээ. /х/х-ийн 5 дугаар хуудас/,

Харин 2013 онд 1 сая төгрөгийг зээлсэн тухайгаа бол хүлээн зөвшөөрч байгаа ба энэ мөнгийг би хангалттай төлж барагдуулсан гэж бодож байна. Би цалингийнхаа виза картыг нэхэмжлэгч Х.Үүрцайхад бараг 1 жил өгч 1 жилийн турш урьдчилгаа цалингаа өгч төлөлтөө хийж байгаад 1 жилийн дараа картаа хаалгасан юм. Би урьдчилгаа цалин  220.000 төгрөг авдаг болно гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч үүнийгээ нотолж чадаагүй байна.

Би шүүх хуралд дээр хууль зүйн туслалцаа авах хүсэлтэй байгаа тухай хэлсэн боловч энэ талаар шүүх хангаж шийдвэрлээгүй ба мөн хэргийн материалтай бүрэн танилцаж чадаагүйгээр шүүх хурлаас өмнө гарын үсэг зуруулж орсон. Энэ нь шүүх хуралд оролцогч миний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 06 дугаар сарын 27 ны өдөр гардаж авсан ба хариу тайлбараа 07 сарын 18 ны өдөр шүүхэд өгөх байсан энэ хугацаанд болон шүүх хуралдаан болохоос өмнө хариуцагч хариу тайлбараа гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна. Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Хариуцагч нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь  хавтаст  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй мөн  анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой  зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг  буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд хариуцагчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1014 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч С.Жаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧИД                                    С.УРАНЧИМЭГ

                                                                                 Б.БАТТӨР