Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 296

 

 Ц.П-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 53 дугаар магадлалтай, Ц.П-д холбогдох хэргийг прокурор Б.Энхмэндийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймаг, *** тоот хаягт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, М овогт Ц-н П-.

Ц.П- нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр багийн нутаг дэвсгэр нүүрс тээврийн Гашуун Сухайт авто замын “***” уурхайгаас урагш 35 дахь километрт үйл ажиллагаа явуулдаг “**” ХХК-иас итгэмжлэн хариуцаж авсан 354 литр түлшийг 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 24-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр завшиж, 789,420 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх Ц.П-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Ц.П-д холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон өршөөн хэлтрүүлж,

Шүүгдэгч Ц.П- нь 789,420 төгрөгийн үнэ бүхий 354 литр түлшийг ч “**” ХХК-нд буцаан өгсөн, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, өршөөн хэлтрүүлсүгэй” гэснийг “эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Прокурор Б.Энхмэнд хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Өршөөлийн хуулийг буруу тайлбарлан, хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Давж заалдах шатны шүүх Ц.П-ийн үйлдсэн гэмт хэрэг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарагдаж, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогчид нөхөн төлсөн тул Ц.П-ид холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ гэсэн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тоогдсонгүй гэж дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлд заасан Өршөөлийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Дээрх дүгнэлт нь зөвхөн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан хуулийн шаардлагыг дүгнэж бичсэнээс биш, тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн бол ...эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэсэн заалтыг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг өсвөр насны хүн үйлдсэн бол хорих ялаас хоёр жилийг хасахаар зааж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Энэ хуулийн үзэл баримтлалд хорих байгууллагуудад хоригдож буй хоригдлын тоог бууруулах, хорихоос өөр төрлийн ялыг нэмэгдүүлэх, коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, ФАТФ-ын зөвлөмжийн 3, 5, 35 болон шууд хэрэгжилтийн 7-д нийцүүлэн мөнгө, угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, авилга, хүрээлэн байгаа орчны эсрэг зэрэг гэмт хэргийг өршөөн хэлтрүүлэхгүй байхаар тусгасан байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.П-ид холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хоёр шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Ц.П-ид холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон. Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-д зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ хуулийн 4.2-д заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж хуульчилсан. Шүүгдэгч Ц.П-ид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, хэсэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д багтсан буюу хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих гэсэн зүйл, хэсэг байгаа. Анхан шатны шүүх Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгыг барьж, хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурор Б.Энхмэндийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ц.П-ид холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх Ц.П-ид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Учир нь анхан шатны шүүх шүүгдэгч Ц.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ямар ял шийтгэл оногдуулах талаар дүгнэлт хийж, шийдвэр гаргалгүйгээр 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, өршөөн хэлтрүүлжээ. Давж заалдах шатны шүүх хорих ял оногдуулаагүй учир шүүгдэгчийг хорих ял эдэлж байгаа ялтан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнээд шийтгэх тогтоолд найруулгын шинжтэй өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд тодорхойлсон өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд багтаагүй, түүнчлэн өмнө батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулиудын үйлчлэлд шүүгдэгч хамрагдаагүй байгааг дүгнэж үзвэл нийтлэг үндэслэл ёсоор Ц.П-ид өршөөл үзүүлэхгүй нөхцөл байдал, хориглолт байхгүй гэж үзнэ.

Уг хуулийн 2 дугаар бүлэгт өршөөл үзүүлэх хэлбэрийг тодорхойлохдоо зарим гэмт хэрэг үйлдсэн хүний ялыг өршөөн хасах /6 дугаар зүйл/, зарим гэмт хэргийн улмаас хорих ял шийтгүүлсэн хүний ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих /7 дугаар зүйл/ байдлаар, харин эдгээрээс бусад хэлбэрээр өршөөлд хамрагдах хүмүүсийн хувьд үндсэн болон нэмэгдэл ялаас бүрэн өршөөн хэлтрүүлэх /4 дүгээр зүйл/, түүнчлэн зарим хэргийг, мөн хорих ялыг тэнссэн болон хугацаанаас өмнө тэнсэж хяналт тогтоосон, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, албадлагын арга хэмжээ авсан хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох /5 дугаар зүйл/-оор тогтоосон байна.          

Хууль тогтоогчийн зүгээс уг хуулийн 7 дугаар зүйлийн зорилгыг Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх гэж тодотгосон, үүнтэй уялдан уг зүйлд нэрлэн заасан хэргүүдэд ял шийтгүүлсэн хүмүүсийн хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж тогтоосон байх бөгөөд тухайн зүйлийн зорилго, нэршил, томъёоллын агуулгыг дүгнэж үзвэл зөвхөн хорих ял эдлэхтэй холбоотой буюу хорих ангид үүсэж болзошгүй нягтаршилийг бууруулахад чиглэсэн тусгайлсан зохицуулалт болох нь тодорхой байна.

Энэхүү нарийвчилсан зохицуулалт нь уг 7 дугаар зүйлд нэрлэн заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс гэмт буруутайд тооцогдож, хорихоос өөр бусад хөнгөн төрлийн ял шийтгүүлсэн хүмүүсийг өршөөн хэлтрүүлэхийг хориглосон, хязгаарласан агуулгыг ямар нэг байдлаар илэрхийлээгүй байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тодорхой үе шатанд Өршөөл үзүүлэх тухай хуулийн агуулга, зорилгод нийцүүлэн өршөөл үзүүлэх хэлбэрийг сонгон хэрэглэвэл зохино.

Дээрх байдлыг дүгнэж үзвэл, нэгэнт Ц.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул шүүхээс эрүүгийн хариуцлагын зорилго, түүнийг хүлээлгэх үндэслэл, журамд нийцүүлэн шүүгдэгчид оногдуулахаар тухайлан сонгосон ял шийтгэлийн төрөл, хэмжээнээс шалтгаалан Өршөөл үзүүлэх тухай хуулийн өөр, өөр зүйл заалтыг хэрэглэхээр хууль тогтоогч тодорхойлсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 зүйлд зааснаар тухайн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, харин шүүх хорихоос өөр төрлийн ял оногдуулж шийдвэрлэвэл тус хуулийн 4 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамруулан шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Иймд прокурор Б.Энхмэндийн бичсэн эсэргүүцлийн “хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” талаарх хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 53 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ц.П-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

                ДАРГАЛАГЧ                                             Ч.ХОСБАЯР

                ШҮҮГЧ                                                      С.БАТДЭЛГЭР

                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Б.ЦОГТ

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН