Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/00559

 

“С- ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/04411 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “С- ББСБ” ХХК-ийн хариуцагч А.О-д холбогдуулан гаргасан, зээлийн гэрээний үүрэгт 127,781,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Иргэн А.О- нь тус байгууллагад хандан зээл хүссэн бөгөөд хүсэлтийг нь хүлээн авч 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан 20,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэйгээр авсан. Зээлдэгч дахин зээл авах хүсэлт гаргасан бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж 39,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлсэн. А.О- нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээл болон хүүг товлосон хугацаанд төлөөгүй. Зээлдэгч нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг тус тус төлсөн. Төлсөн мөнгө нь хуримтлагдсан хүүний төлбөрөөс хасагдсан. Иймд А.О-гээс үндсэн зээл, зээлийн хүү нийт 127,781,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: А.О- нь “С- ББСБ” ХХК-аас зээл аваагүй. Харин иргэн Б.Мөнхтуулаас зээл авсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь 2017 онд байгуулагдсан иргэд хоорондын зээлийн гэрээг хожим шалгалт ирэх болоод банк бус санхүүгийн байгууллагаар хийсэн гэж байна. “С-” ББСБ дээр бүртгэлтэй зээл А.О-д байхгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээл авсан бол буцаан төлөх үүрэгтэй. Б.Мөнхтуул зээл өгсөн байхад шаардах эрхийг шилжүүлэн авсан нь нотлогдохгүй тул нэхэмжлэх эрхгүй этгээд болно. 2017 оны зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.О-гээс 127,781,000 төгрөг гаргуулахыг хүссэн “С- банк бус санхүүгийн байгууллага” ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 868,334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: “... Анх иргэн А.О- нь “С- ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтуултай 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 8 хувийн хүүтэй зээлсэн. Уг гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгч А.О- нь үндсэн зээлийн төлбөрт 15,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 500,000 төгрөг, нийт 15,500,000 төгрөгийг төлсөн. Дараа нь хариуцагч А.О- 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт төлж, өөр төлбөр төлөөгүй. Дараа нь зээлдэгч А.О- нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өөрийн өмчлөлийн автомашиныг барьцаалан, 10,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 4 хувийн хүүтэй зээлсэн. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөгийг дансаар, 10,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг хариуцагч А.О-гийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээнүүдийг шинэчлэн 2019 оны 07 дугаар сарын 06, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн хуудсан дээр компанийн нэр өөрчлөгдсөн тухай тэмдэглэгээ хийгдсэн байхад анхан шатны шүүх энэхүү нотлох баримтыг олж хараагүй, үнэлээгүй.

4.а.Анхан шатны шүүх зээлүүдийг зөвхөн Б.Мөнхтуулын данснаас олгосон гэх үндэслэлээр Иргэний хуулийн хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ гэж үзсэн нь үндэслэлгүй. 2019 оны 07 дугаар сарын 06, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийг манай байгууллагын зүгээс гүйцэтгэх захирал Б.Мөнхтуул гэх хүний данснаас олгож байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, ач холбогдол бүхий хэргийн нотлох баримтыг үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн учраас шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: 2019 оны 07 дугаар сарын 06, 07 дугаар сарын 10-ны өдрүүдэд 39,000,000 төгрөг, 20,000,000 төгрөгийг тус тус бэлнээр өгсөн байхад мөнгө бэлнээр өгсөн асуудлыг шүүх үндэслэлгүйгээр дүгнэсэн гэж байна. Гэтэл тус мөнгийг өгөөгүй гэдгийг анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан. Хэргийн 90 дүгээр талд бэлнээр өгсөн мөнгө нь өмнөх иргэд хооронд байгуулсан гэрээ болон “С- ББСБ” ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрүүдийг нэгтгэн дахин гэрээ хийсэн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй тус хоёр гэрээний дагуу мөнгө өгөөгүй гэдгийг тодорхойлсон. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг үнэн бодитойгоор шийдсэн. Нэхэмжлэгч 2019 оны 07 дугаар сарын 06, 07 дугаар сарын 10-ны өдрүүдэд байгуулсан зээлийн гэрээний дагуу мөнгөө шаардсан. Тус зээлийн гэрээний дагуу мөнгө шилжээгүй гэдэг нь хэргийн 90 дүгээр талд авагдсан баримт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нотлох баримтаар нотлогдоно. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрээний дагуу мөнгө аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Компанийн нэр өөрчлөгдсөн гэж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь “С- ББСБ” ХХК-тай байгуулсан 2017, 2018 онд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэлээ гаргаагүй учраас энэ талаар маргаагүй. Нэхэмжлэгч тухайн гэрээний дагуу нэхэмжлэл гаргаагүй учраас миний үйлчлүүлэгчид хамааралгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 07 дугаар сарын 06, 10-ны өдөр байгуулсан гэрээний дагуу шаардаж байгаа учраас нэхэмжлэгч шаардах эрхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2.Нэхэмжлэгч “С- ББСБ” ХХК нь хариуцагч А.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 127,781,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

4.Нэхэмжлэгч “С- ББСБ” ХХК нь хэргийн 6-13 дугаар талд авагдсан зээлийн гэрээ болон бэлэн мөнгөний зарлагын баримтыг тус тус үндэслэн хариуцагч А.О-гээс зээл, хүүд нийт 127,781,000 төгрөг нэхэмжилсэн. Гэвч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон дээрх зээлийн гэрээ болон бэлэн мөнгөний зарлагын баримтад зээлдүүлэгч нь “С- ББСБ” ХХК гэжээ.

4.а.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг бөгөөд хариуцагч А.О-тэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй этгээд нь хэн болохыг тодруулах шаардлагатай. Учир нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.5 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд өөрийн нэртэй байх бөгөөд нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ.

4.б.Гэрээний нэг тал болох “С- ББСБ” ХХК нь нэрээ өөрчилсөн эсэх эсхүл “С- ББСБ” ХХК нь шаардах эрхийг шилжүүлэн авсан эсэхтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна.

4.в.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд дээрх нөхцөл байдлыг тодруулах боломжтой байсан гэж үзнэ.

4.г.Нотлох баримт бүрдүүлэх эрхийг давж заалдах шатны шүүхэд хуулиар олгоогүй тул маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/04411 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 796,855 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЦОГТСАЙХАН                                                                      

                            ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ            

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ