Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/043

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

улсын яллагч, хяналтын прокурор Х.Ө,

шүүгдэгч Т.Жын өмгөөлөгч Х.Б,

шүүгдэгч Т.Ж, О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.с овогт Тын Ж, Б овогт Оы Б нарт холбогдох 1813003850050 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын харьяат, Б.с овогт Т овогтой Ж, РД: ****, 1993 оны 02 дугаар сарын 12-ний өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, АШУҮИС-ийн *дугаар дамжааны оюутан гэх, Баян-Өлгий аймгийн Толбо сумын *дугаар баг, Хөх толгойд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

2. Монгол Улсын харьяат, Б овогт Оы Б, РД: ХА7****, 1975 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн * дугаар хороо *** дүгээр хороолол, эрхүүгийн гудамж * байр, * тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т овогтой Ж нь О.Бтой ярьж тохиролцон иргэн А.Бын хүү болох Б.Аг Хууль сахиулах их сургуулийн ахлагчийн сургуульд цагдаагийн дамжаанд оруулж өгнө гэж түүнийг хууран мэхэлж 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т овогтой Ж нь өөрийн танил О овогтой Бтой ярьж тохиролцон түүнийг Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багийн иргэн А овогтой Бт Хууль сахиулах их сургуульд багшаар ажилладаг, цагдаагийн дэд хурандаа цолтой гэж танилцуулан утсаар яриулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн А.Бын хүү болох Б.Аг тус сургуулийн ахлагчийн сургуульд цагдаагийн дамжаанд оруулж өгнө гэж түүнийг хууран мэхэлж 2.500.000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгч О.Бийн Хаан банкин дахь **** дугаартай данс руу шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Хохирогч А.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний хүү болох Б.А нь энэ жил буюу 2018 оны хавар тус аймгийн Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийг төгссөн юм. Би 2018 оны 03 дугаар сарын үед хөрш айлын хүүхэд болох Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг Т овогтой Жтай утсаар холбогдож хүү болох Б.А нь энэ оны хавар ерөнхий боловсролын сургууль төгсөх юм, цагдаа болох хүсэл зорилготой байгаа, цагдаагийн сургуульд оруулж өгөхөөр таньдаг хүн байгаа эсэхийг асуухад Т.Ж нь “Хууль сахиулахын их сургууль”-д ажилладаг таньдаг хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 07 дугаар сард миний хүү Б.А ерөнхий боловсролын сургуулийг төгсөж шалгалт өгсний дараа буюу 2018 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих өдөр аймгийн төвд их, дээд сургуулиудын хувиар тараасан юм. Тэр үед би Т.Жтой дахиж утсаар холбогдож “Хууль сахиулахын их сургууль”-д ажилладаг гэх танил хүн чинь байгаа юу, хүү Б.Аг тус сургуулийн цагдаагийн сургуульд оруулах гэсэн юм гэхэд Т.Ж надад “Хууль сахиулахын их сургууль”-д ажилладаг О.Б гэж хүний **** дугаарыг өгч, та нар өөрсдөө яриад үзээрэй гэж хэлсэн. Би өөрөө Монгол хэл сайн мэдэхгүй учир хамаатан болох Тавилтай гэдэг хүнээр Б гэгчийн **** дугаарын утсанд залгаж “Хууль сахиулахын их сургууль”-ийн цагдаагийн сургуульд энэ жил ерөнхий боловсролын сургууль төгссөн хүү Б.Аг оруулж өгч чадах эсэх талаас яриулсан. Тэгэхэд Б гэгч өөрийгөө “Хууль сахиулахын их сургууль”-д ажилладаг, сургуульд орох гэж байгаа хүүхдүүдээс ур чадварын шалгалт авч байна, ерөнхий боловсролын сургууль эсхүл 9 дүгээр анги төгссөн хүүхэд байсан ч болно, Монгол хэл мэдэх юм уу, тус сургуульд оруулж өгч болно, холбогдох материалыг явуулаарай гэсний дагуу маргааш өдрийн онгоцоор хүү Б.Ан ерөнхий боловсролын сургууль төгссөн гэрчилгээ, хувийн хэрэг, ерөнхий боловсролын сургууль төгсөхөд өгсөн шалгалттай холбоотой материал, 3 хувь цээж зураг, гурван үеийн намтар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг холбогдох материалыг Т.Ж руу явуулсан. Т.Ж нь миний явуулсан баримт бичгийг авсны дараа О.Бт хүргэж өгсөн гэж хэлсний дагуу Бтой ярихад танай хүүхдийн материалтай танилцлаа, болох юм байна, одоо гэмт хэрэгт холбогдож байгаагүй талаар цагдаагийн байгууллагын тодорхойлолт аваад явуулаарай бусад холбогдох материалыг би өөрөө бүрдүүлж өгөх болно. “Хууль сахиулахын их сургууль”-ийн цагдаагийн сургуулийн төлбөрийн талаар Т.Жт хэлсэн байгаа, тэрнээс асуугаарай гэж хэлсэн. Тэгээд Т.Жтой ярьж О.Б төлбөр нь хэдэн төгрөг гэж байгаа талаар асуухад 2.500.000 төгрөг гэж байна гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр О.Б өөрөө холбогдож “Хууль сахиулахын их сургууль”-д танай хүүг оруулахаар болж материалыг бүртгүүлсэн байгаа. Одоо сургуулийн төлбөрт 2.500.000 төгрөгийг Т.Жын дансанд шилжүүлээрэй гэж хэлсэн. Би О.Бт Т.Жын дансанд мөнгө шилжүүлэхгүй, та өөрийн дансыг өгөөрэй гэхэд тэгвэл **** дугаартай данс руу шилжүүлээрэй гэж хэлсний дагуу 2.500.000 төгрөгийг дээрх дансанд шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш О.Бт залгаж холбогдоход танай хүүг “Хууль сахиулахын их сургууль”-д оруулахаар болж бүх зүйлийг нь цахимд оруулсан байгаа, санаа зоволгүй байж байгаарай, би өөрөө амралтад явлаа гэж хэлсэн.Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 10-ны үед О.Бтой ярихад одоо удахгүй карентинд гарах болно, тэр үед би Т.Жт хэлэх болно гэж хэлсэн. 2018 оны 08 дугаар сарын 20-ны үед Т.Жтой ярихад одоо удахгүй карентин эхлэх болно, танай хүүхдийг Улаанбаатар руу ирж байгаарай гэж байна гэсний дагуу 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүү Т.Жыг Улаанбаатар хот руу явуулсан юм. Түүнээс хойш О.Б миний хүүг “Хууль сахиулахын их сургууль”-д оруулж өгөлгүй худал ярьж, сүүлд утсаа ч авалгүй алга болсон. Надаас 2.500.000 мянган төгрөгийг хуурч, худал хэлж авснаа Т.Ж надад учраа хэлж уучлалт гуйсан байгаа. Одоо хохирлоо бүрэн төлүүлж авсан, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36-39 дүгээр хуудас/,

- Гэрч Б.Х /Б.К/-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Улаанбаатар хотын 10-р хорооллын Цамбын буудлын ТҮЦ-нд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр сууж байхад хамаатан болох Т.Ж өөрийнхөө дугаараас над руу залгаж “Танд Хаан банкны данс байна уу?. Та дансаа өгөөч хүнээс мөнгө авах гэж байгаа, танд хийлгүүлээд дараа танаас очоод авъя гэхээр нь би өөрийн ***** дугаартай дансаа Т.Жт хэлж өгсөн юм. Удалгүй миний гар утсанд 500.000 мянган төгрөг орлоо гэх мессеж ирсэн юм. Тэгээд хэд хоногийн дараа над дээр Т.Ж ирээд миний виз картыг аваад нөгөө 500.000 мянган төгрөгөө гаргаж аваад яваад өгсөн юм. Яг хэдэн хоногийн дараа ирснийг санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

- Гэрч С.Т /С.Т/-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Өнгөрсөн зун 07 сард А.Б хүү болох Агийн хичээлийн хуваарь тараалтын үеэр манай гэрт ирсэн байсан юм. Яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Манай гэрт байхдаа А.Б хэлэхдээ хүүхдээ цагдаагийн дамжаанд оруулах гэж байгаа, би Монгол хэл сайн мэдэхгүй байгаа тул та энэ хүнтэй яриад өгөөч гэхээр нь би Монгол хэл мэддэг учир Улаанбаатар хотод байдаг нэг хүнтэй утсаар ярьсан. Цагдаагийн дамжаанд оруулж өгөх талаар асуухад утсаар ярьсан хүн болно, болно гэж зөвшөөрч байсан. Тэгээд түүнээс цааш юу гэж ярьснаа сайн санахгүй байна. Надад хэн гэдгээ ч хэлсэн байх, би одоо санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

- Шүүгдэгч О.Бийн эзэмшлийн Хаан банкин дахь **** дугаартай, яллагдагч Т.Жын эзэмшлийн Хаан банкин дахь ***** дугаартай, иргэн Б.Х-н эзэмшлийн гэх Хаан банкин дахь **** дугаартай депозит данснуудын дэлгэрэнгүй хуулгууд болон Хаан банкны орлогын мэдүүлгээр /хх-ийн 117- 129, 133 дугаар/,

- Шүүгдэгч Т.Жын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би 2017 оны 02 дугаар сард амралтаараа Толбо сумын төвд байдаг гэртээ ирэхэд манай хөрш А овогтой Б намайг гэртээ урьж цай өгөхдөө миний хүү Б.А энэ хавар 12 дугаар ангиа төгсөх гэж байгаа юм. Цагдаа болно гээд байна, чи цагдаагийн дамжаанд оруулж өгөх боломж байна уу, чамд таньдаг хүн байна уу гэхээр нь би асуугаад хэлье гэж хэлсэн байсан. Тэрнээс хойш А.Б надтай холбоо барихгүй байж байгаад 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр над руу аавынхаа **** гэх дугаараас миний **** гэх дугаар луу Б.А залгаж намайг цагдаагийн курст оруулж өгөх боломж байгаа юу гэхээр нь нэг хүнээс асуугаад хариу хэлье гээд ТҮЦ-д сууж байхдаа танилцаж байсан О.Б ах руу залгаж манай нутгийн дүү цагдаа дамжаанд сурах хүсэлтэй байна гэдгээ хэлэхэд О.Б болох байлгүй, би таньдаг хүнээс асууя гэсэн. Тэгээд би О.Бт таны ****гэх дугаарыг А.Б гэх хүнд өгчихье, тань руу А.Б гэх хүн залгавал би цагдаад ажилладаг таны хүүхдийг оруулж өгье гэж хэлээрэй, цагдаа дамжаанд оруулахад 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг болно гээд та Хаан банкны дансаа өгөөрэй гэж хэлэхэд О.Б за тэгье гэсэн. Ямар нэгэн асуудал болбол 2018 оны 09 дүгээр сарын 01-нээс өмнө зохицуулаад буцаагаад А.Бт 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг өгчих болно гэж О.Бт хэлсэн. Тэгээд би А.Бын **** гэх дугаар луу залгаж та ****гэх дугаартай Б гэх хүн рүү залгаарай гэж хэлсэн юм. Тэгээд над руу А.Б залгаад хэдэн төгрөг хийх юм бэ гэхээр нь би О.Б хэлэхдээ 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг болох байх гэж байна гэж хэлсэн юм. Тэгээд А.Б О.Б руу залгахад миний хэл гэсэн зүйлсийг ярьсан байсан. Тэгээд удалгүй О.Б над руу залгаж миний дансанд 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг орчихлоо гэхээр нь би О.Бийн амьдардаг СБД-н 1*** дүгээр хорооллын автобусны буудал дээр очиж О.Бтой уулзаж, * дүгээр хороололд байдаг Хаан банкны экспресс үйлчилгээний төвд очоод О.Бийн Хаан банкны дансанд орсон 2.500.000 /хоёр сая таван зуун мянган / төгрөгөөс өөрийн **** дугаартай данс руу 1.500.000 нэг сая таван зуун мянган төгрөгийг шилжүүлэн авч, 500.000 таван зуун мянган төгрөгийг эгч Б.Хийн дансыг утсаар залгаж аваад, дараа танаас очиж авъя гэдгээ хэлээд шилжүүлсэн. Үлдсэн 500.000 /таван зуун мянган/ төгрөгийг О.Бийг дансанд үлдээгээд дараа авъя гээд явсан юм. Тэгээд би О.Боос 10 сард бэлнээр 500.000 мянган төгрөгийг авсан юм. Тухайн үед Толбо сумын 80 жилийн ой болох гээд мөнгө хэрэгтэй байсан, тэгээд ч миний ажиллуулж байсан ТҮЦ-д бараа цөөрсөн байсан учраас А.Баас мөнгө аваад авсан мөнгөө ТҮЦ-дээ эргэлт хийж мөнгөө өсгөөд буцаагаад 2018 оны 09 дүгээр сарын 01-нээс өмнө Б.Аг цагдаагийн дамжаанд оруулж өгч чадахгүй юм байна гээд мөнгийг нь А.Бт буцааж өгье гэж бодоод мөнгийг нь хэрэглээд буцааж олж өгч чадсангүй” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч О.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр миний **** гэх дугаар луу Т.Ж залгаж одоо чам руу А.Б **** гэх дугаараас залгаж “хүүхдээ цагдаагийн дамжаанд оруулах гэсэн юм” гэж хэлбэл би цагдаад ажилладаг, таны хүүхдийг оруулж өгье гэж хэлээрэй, цагдаа дамжаанд оруулахад 2.500.000 / хоёр сая таван зуун мянган/ төгрөг болно гээд та Хаан банкны дансаа өгөөрэй гэж хэлсэн тэгэхээр нь би “за” гэж хэлээд гэрээсээ гараад Т.Жын ТҮЦ дээр очоод Т.Жоос ямар нэгэн асуудал болохгүй биз дээ гэхэд Т.Ж санаа зоволтгүй, танд ямар ч хамаа байхгүй миний сайн таньдаг хүн байгаа юм, би асуудал гарвал өөрөө хариуцах болно, би өөрөө зохицуулчихна гэж хэлсэн юм. Удалгүй миний **** гэх дугаар луу ****гэх дугаараас над руу залгаж Т.Жын хүн байна, хүүхдээ цагдаагийн дамжаанд оруулах гэсэн юм гэхээр нь би оруулж өгч болно болно надад хууль сахиулах их сургуульд таньдаг багш байгаа, сургуульд оруулахад мөнгө хэрэгтэй гээд би өөрийн **** гэх дугаартай Хаан банкны дансаа утсаар ярихдаа өгсөн юм. Хүүхдийнхээ холбогдох бичиг баримтыг Т.Жтой яриад өгөөрэй гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд Т.Ж бид хоёр 11 дүгээр хороололд байдаг Хаан банкны 24 цагийн экспресс үйлчилгээний төв дээр очоод хүлээж байх хугацаанд Т.Ж А.Бтай утсаар яриад байсан удалгүй миний ***** гэх дугаартай Хаан банкны дансанд 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг орж ирсэн. Гэтэл Т.Ж өөрийнхөө **** дугаартай данс руу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг шилжүүлэн аваад 500.000 /таван зуун мянган/ төгрөгийг өөр данс руу хийлгэсэн юм. Тэгээд миний дансанд 500.000 /таван зуун мянган/ төгрөг үлдээж дараа авна шүү гэж Т.Ж хэлээд би өнөө маргаашгүй Баян-Өлгий аймаг Толбо сум руу гэр лүүгээ явна намар 9 сард ирээд энэ мөнгөний асуудлыг би хариуцаад зохицуулчих болно гэж хэлээд яваад өгсөн түүнээс хойш бид хоёр уулзаагүй байж байгаад над руу Т.Ж 2018 оны 10 сарын үед залгаж 500.000 /таван зуун мянган/ төгрөгөө нэхээд байхаар нь би бэлнээр Жт 500.000 /таван зуун мянган/ төгрөгийг өгсөн юм. 2018 оны 07 сарын 04-нөөс хойш над руу А.Б залгахаар нь сургууль эхлээгүй байна болоогүй байна та хүлээж бай болох байх гэж хэлсэн юм. Түүнээс хойш А.Б над руу хэд хэдэн удаа залгахаар нь би утсаа авахгүй Ж руу залгаж Б над руу залгаад байна яах уу? гэхэд Ж “та утсаа битгий ав” гэхээр нь би огт утсаа аваагүй юм. Би өөрийнхөө дансыг А.Бт өгч А.Бтай утсаар ярьж, хүүхдийг нь сургуульд оруулж өгнө гэж худал хэлсэн минь үнэн, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Жын үгэнд орж Жтой хамтарч бусдаас мөнгө залилж авсандаа гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч О.Бийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:

- Шүүгдэгч О.Бийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 93, 116-117 дугаар хуудас/,

- Шүүгдэгч О.Бийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 97 дугаар хуудас/,

-Шүүгдэгч О.Бт холбогдох захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 102 дугаар хуудас/,

- Шүүгдэгч О.Бийг харилцах, хугацаагүй болон зээлийн дансгүй болохыг тодорхойлсон Хас банкны захирлын албан бичиг /хх-ийн 99 дүгээр хуудас/,

- 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр олгосон “РД:ХА****, овог:Б, эцэг/эх/-ийн нэр:О, нэр:Б, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Улаанбаатар, Сүхбаатар, төрсөн огноо:1975-10-28, хаяг:УБ, Сүхбаатар, 7-р хороо, * хороолол, Эрхүүгийн гудамж,* байр, * тоот, хүчинтэй хугацаа:2020-10-28, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 83 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “О овогтой Бийн нэр дээр өнөөдрийн байдлаар ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 109 дугаар хуудас/,

- Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон шалгах хуудас /хх-ийн 93 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Мөн шүүгдэгч Т.Жын хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:

- Шүүгдэгч Т.Жын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 118-123 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багийн Засаг даргын “Т овогтой Ж нь ам бүл 4, тус багийн байнгын оршин суугч мөн” гэх тодорхойлолт /хх-ийн 76 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Т.Ж нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон шалгах хуудас /хх-ийн 78 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Т.Ж нь Төрийн банканд 4,435.92 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлсон Төрийн банкны албан бичиг /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Т.Жыг харилцах, хугацаагүй болон зээлийн дансгүй болохыг тодорхойлсон Хас банкны салбарын албан бичиг /хх-ийн 81 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Т овогтой Жын нэр дээр өнөөдрийн байдлаар ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 82 дугаар хуудас/,

- 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр олгосон “РД:БЙ****, овог:Б.с, эцэг/эх/-ийн нэр:Т нэр:Ж, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Толбо, төрсөн огноо:1993-02-12, хаяг:Баян-Өлгий, Толбо, *-р баг, Хөх толгой, хүчинтэй хугацаа:2038-02-12, хэд дэх:3” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 83 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Т.Жын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 84-92 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

 Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Гэмт хэрэг гарахад хохирогчоос бусдад шан харамж өгч, өөрт давуу байдал бий болгон хүүхдээ сургуульд оруулах гэсэн хууль бус санаа зорилго, шүүгдэгч нарын амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэл зэрэг нөлөөлсөн байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу тус хэргийн хүрээнд дүгнэлт гаргалаа.

Залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, санаатайгаар бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжийг агуулдаг.

Шүүгдэгч Т.Ж, О.Б нар нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэн Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багийн иргэн А овогтой Бт Хууль сахиулах их сургуульд багшаар ажилладаг, цагдаагийн дэд хурандаа цолтой гэж танилцуулан утсаар яриулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн А.Бын хүү болох Б.Аг тус сургуулийн ахлагчийн сургуульд цагдаагийн дамжаанд оруулж өгнө гэж түүнийг хууран мэхэлж, 2.500.000 төгрөгийг шүүгдэгч О.Бийн Хаан банкин дахь **** дугаартай данс руу шилжүүлэн авч, хохирогчид 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг илэрхийлж байна.

Хавтаст хэргээс үзвэл урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан, мөн хуурч мэхэлсэн байна.

Шүүгдэгч Т.Ж, О.Б нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарах тул “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Т.Ж, О.Б нарын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.Ж, О.Б нарын үйлдсэн залилангийн гэмт хэргийн улмаас хохирогч А.Бт учирсан 2.500.000 төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан байх тул  шүүгдэгч нарыг түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Ж, О.Б нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Ж, О.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, тус бүрийг нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

Гэмт үйлдлээ урьдаас төлөвлөж санаатайгаар үйлдсэнийг шүүх “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзээгүй болно.

Шүүгдэгч нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.Ж, О.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч Т.Ж, О.Б нарт урьд нь хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Т.Жын иргэний үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.с овогт Тын Ж, Б овогт Оы Б нарыг “Бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж, О.Б нарын тус бүрийг 500 “таван зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж, О.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Т.Ж, О.Б нарт урьд авсан хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Жын иргэний үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Ж, О.Б нарт авсан хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.Д