Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 033

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е

Орчуулагч, хэлмэрч Ж.А

Улсын яллагч А.Т

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Б

Шүүгдэгч А.Б, Ш.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б, Ш.Б нарт холбогдох 1913000230041 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч А.Б: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Н овогт Ан Б, 1998 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын * дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:БЗ***

Шүүгдэгч Ш.Б: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Б.а овогт Шын Б, 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүх, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, Өлгий сумын**дүгээр сургуульд багш ажилтай, ам бүл 6, эхнэр, ээж, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын *** дугаар багт түр оршин суудаг, урьд л шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:БЗ***.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б, Ш.Б нар нь Ж.Өийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн үед Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өвс тэжээл зардаг хашаан дотор иргэн Ж.Өтэй согтуугаар маргалдан улмаар толгойн тус газарт нь цохисон ба энэ үед Ш.Б нь Ж.Өийн нүдний тус газарт цохиж газарт унагаасны дараа хоёулаа бүлэглэн өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Ж.Өийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хашаанд 3 согтуу хүн орж ирээд тэдгээр залуучуудын цайвар өнгийн ноолууран малгай өмссөн залуу Бын машин хаана байна гэхэд би мэдэхгүй гэж хэлэхэд Б миний толгойны хойд тал руу гараараа цохиход нь би ч гэсэн түүний цээж рүү нэг удаа цохисон. Тэгтэл Бийн хажууд явж байсан цайвар өнгийн ноолууран малгай өмссөн өндөр нуруутай залуу нь миний зүүн талын хацар луу нэг удаа цохиход би газарт доошоо харж унасан юм, тэгтэл тэдгээр 3 залуу намайг бүлэглэж өшиглөж дэвссэн юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

- Хохирогч Ж.Өийн тухайн үед өмсөж явсан хар хөх өнгийн өвлийн куртиканд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 13-р хуудас/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 14-15-р хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаартай “Ж.Өийн биед тархины  битүү гэмтэл  няцралт,  хамрын  зүүн талд,  зүүн  хацарт хавдартай, шархтай, хамрын нурууны муруйлттай, хамрын яс хугарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58 дугаар хуудас/,

- Шүүгдэгч А.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэгтээ: “...Тэгээд архи дуусахад бид нар машинаас буугаад зодоон хийсэн. Миний бие өлөн дээрээ архи уугаад нэлээн согтсон байсан...Миний бие хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн болно, бид хоорондоо сайн дураараа эвдэрсэн тул хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,  

- Шүүгдэгч Ш.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэгтээ: “...Тухайн үед би өлөн дээрээ архи уугаад нэлээн согтсон байсан болохоор яг ямар үйл явдал болсныг санахгүй байна. Гэхдээ би Өнөрбекийг цохиж авах шиг болсон, яг хаана нь цохисноо санахгүй байна. Нэг мэдэхэд миний хамраас цус гарчихсан бид нарыг цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд цагдаа нар авч ирж эрүүлжүүлэгдээд маргааш нь гарсан...Миний бие хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн болно, бид хоорондоо сайн дураараа эвдэрсэн тул хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ болон бусад нотлох баримтуудаар үйлдэл нь нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Мөн шүүгдэгч А.Б, Ш.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Б, Ш.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч А.Б, Ш.Б нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 650 нэгж нь 650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүгдэгч нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Бийн цахим үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг, шүүгдэгч Ш.Бийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг зэргийг өөр өөрт нь буцаан олгож, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэд нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч А.Б, Ш.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н овогт Ан Б, Б.а овогт Шын Б нарыг  “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Ш.Б нарын тус бүрийг 650 “зургаан зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Ш.Б нар нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Бийн цахим үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг, шүүгдэгч Ш.Бийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг зэргийг өөр өөрт нь буцаан олгосугай.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Б, Ш.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.Д