Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00690

 

Н.Д-ын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/00488 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Д-ын хариуцагч М.М-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзсаны үр дагавар болон хохиролд нийт 45,810,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Д-, түүний өмгөөлөгч Б.З, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр М.М-аас “Д-” маркийн, 2012 онд үйлдвэрлэсэн, автомашиныг худалдан авсан. Тус машиныг худалдан авах үед хариуцагч М.М- болон Н.О- нар байсан ба би хүүтэйгээ 2-3 удаа очиж үзэж худалдан авсан. Машиныг анх авах үед шинэ сайхан машин байсан бөгөөд хариуцагч М.М- ч эвдрэл, гэмтэл, ямар нэгэн асуудалгүй машин гэж хэлсэн. Машинаа аваад 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойд очихоор явсан. Гэтэл 2023 оны 07 дугаар сарын 10-ны өглөө Солонготын даваа гэх газар машин эвдэрч, хээр 10 гаран хоног болсон, хот руу сэлбэг захисан боловч олдоогүй. Машины доод эд анги зэвэнд идэгдэж цоорсон байсан. Сумын төвөөс 3-4 хүн гуйж хэдэн өдөр нааш, цааш явж гагнуур, таслагч олж машиныг засах бүх арга хэмжээг авсан. 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хот руу орж ирээд машин зарсан хүнтэй ярьж үнэн учрыг хэлэхэд засаад өгнө, буцааж авахгүй гэсэн. Цаашид машин явах боломжгүй, доод эд анги нь бүгд зэвэнд идэгдэж цоорсон нь оношилгоогоор бүрэн тогтоогдсон. Доогуур нь хар будгаар будаж далдалсан байсан. Би уг машиныг аялал жуулчлалын тээвэрт явж, банк бус санхүүгийн байгууллагын зээлээр дарах зорилгоор авсан. Банк бус, санхүүгийн байгууллагад сард 1,160,000 төгрөг төлдөг, одоогоор 2 сар төлөөгүй байна. Иймд М.М-аас машины үнэ 41,000,000 төгрөг, банк бус, санхүүгийн байгууллагын 2 сарын хүү 2,320,000 төгрөг, 4 ширхэг дугуй 550,000 төгрөг, 4 ширхэг обуд 725,000 төгрөг, машины хойд тэвш 250,000 төгрөг, оношилгоо 65,000 төгрөг, Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу явсан зардал 40,000 төгрөг, хээр ажилласан хүмүүсийн хөлс, задлах, угсрах ажил, машины бензин, сум руу 6 рейс явсан зардал 500,000 төгрөг, Их тамираас 2 ширхэг дугуй авсан төлбөр 280,000 төгрөг, нотариатын зардал 80,000 төгрөг, нийт 45,810,000 төгрөгийг М.М-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Н.Д-т 2012 онд үйлдвэрлэсэн мицубиши дедика ди 5 маркийн автомашиныг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан зарсан. Худалдан авагч нь хүү болон бусад хүмүүсийн хамт бүтэн 7 хоногийн турш ирж, машинаа үзэж шалгаж, Японд байх үеийн зураг, гүйлт, бодит зураг мөн Монголын гааль дээр буусан зураг, байцаагчийн дүгнэлт зэргийг үзэж шалгаад харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдаж авсан. Гэвч 1 сарын турш машинаа унаж эдэлж хэрэглэснийхээ дараа хойд тэнхлэг эвдэрсэн гээд ирсэн. Бид 1 сарын дотор машинаа яаж эдэлж хэрэглэснийг мэдэхгүй, уг машин нь 0 гүйлттэй машин биш Япон улсад 11 жил хэрэглэж байсан. Бид 7 жилийн хугацаанд машин худалдан борлуулж байхад ийм асуудал гарч байгаагүй. Япон улсаас жилд 5000-30,000 км явсан, хуучин тээврийн хэрэгсэл Монгол улсад орж ирдэг. Эдгээр хуучин машинуудад Япон улс болон машин зарж байгаа ченж нар ямар нэгэн баталгаа өгдөггүй. Харин шинэ машинд үйлдвэрлэгч болон дилерүүд нь 5000 км замын баталгаа өгдөг. Гаалийн бичигт эвдрэл гэмтэл, унасан, тасарсан, сэв зураас, будсан зэрэг асуудлыг тусгадаг, мөн И-Монголиа аппликэйшн дээр байрлах лавлагааг үзүүлж байсан. Нэхэмжлэгч нь Д- маркийн машиныг бэлнээр авах боломжгүй учир банк бусаар худалдан авах санал тавьж Т- ББСБ-аас зээл гаргуулж, худалдан авсан. Т- ББСБ нь тухайн машиныг үзэж хараад биет байдлын доголдолгүй гэж үзээд машиныг барьцаалан зээл гаргаж өгдөг. Мөн тус тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн оношилгоод орж тэнцсэн. Гэтэл нэхэмжлэгч 3000 км зам явсны дараагаар машинаа буцаана гэдэг нь тухайн үеийн сэтгэл хөдлөл, санхүүгийн тооцооллоо зөв хийгээгүйн улмаас банк бусын төлөлтөө хийж чадахгүй болонгуутаа машиныг солих шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Бид худалдан авагч Н.Д-т тус машиныг заавал ав гэж шахаж албадаагүй, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.7, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч М.М-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 41,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Д-д олгож, үлдэх 4,560,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 53 дугаар зүйлийн 53.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.М-аас 364,200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод, 88,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Д-т тус тус олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч хариуцагч нар нь автомашиныг худалдах, худалдан авах тухайн цаг хугацаанд “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техник хяналтын үзлэгийн төвөөр оношилогоонд оруулж, итгэмжлэгдсэн техникийн хяналтын байгууллагын Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудсаар тус тээврийн хэрэгсэл үзлэгт “тэнцсэн” гэж тодорхойлогдож оношлогдсон. Автомашинд учирсан гэх гэмтэл нь анх худалдан авахад байсан далд доголдлоос үүссэн болох нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч тухайн эвдрэл, гэмтэл далд доголдолтой холбоотой болохыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй атал анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нийцсэн гэж үзэхээргүй байна.

4.а.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 251 дүгээр зүйл буюу худалдсан хөрөнгийн биет байдлын доголдлын талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй, өөрөөр хэлбэл үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй гэж зохицуулсан байна. Нэхэмжлэгчиин худалдан авсан автомашины эвдэрсэн гэх сэлбэг нь нэхэмжлэлд шаардсанаар 250,000 төгрөгийн үнэ бүхий буюу худалдах худалдан авах гэрээний үнэ (41 сая төгрөг)-ийн 0,6 хувьтай тэнцүү нь тухайн тээврийн хэрэгслийг бүхэлдээ доголдолтой гэж үзэх боломжгүй юм. Хариуцагч нь тухайн автомашины эвдэрсэн сэлбэгийг сольж засаж өгөхөө нэхэмжлэгчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас нь өмнө илэрхийлсэн байдаг боловч гэрээний зүйлийг 3.000 км зорчиж ашиглаад бүхэлд буцаах шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжүүлсэн гэж үзэхээр байна. Гэтэл хуульд худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй байхаар зохицуулсан байна. Анхан шатны шүүх хууль зөрүүтэй хэрэглэж хариуцагчийг буруутай гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасантай нийцсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 488 дугаар шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нутгийнхаа 100 жилд орохоор явсан боловч замд машин нь эвдэрсэн. Хот руу буцаж ирэх боломжгүй, амь нас нь эрсдэх хүнд нөхцөлд орсон. Хотод ирээд 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр оношилгоонд оруулахад машины доод эд анги нь бүгд зэвд идэгдсэн учраас ашиглах боломжгүй. Шүүхээс шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гарсан. Хэргийн 84 дүгээр талд шинжээчээс “Энэ машин замын хөдөлгөөнд оролцох боломжтой юу” гэж асуухад шинжээч “Хөдөлгөөнд оролцох боломжгүй” гэсэн байдаг. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий баримт, нотолгоотой. Шинжээчийн дүгнэлтээс үзвэл машинд маш их эвдрэл гэмтэл гарсан. Машиныг хэрэглэх боломжгүй учраас шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           

            1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

            2.Нэхэмжлэгч Н.Д- нь хариуцагч М.М-д холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагавар болон хохиролд нийт 45,810,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, уг шаардлагын үндэслэлээ “тээврийн хэрэгслийг 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, мөн оны 07 дугаар сарын 10-ны өдөр орон нутгийн замд зорчих үед машины хойд тэвш зэвэрсэн хэсгээрээ тасарч, хугарсан, тус тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцох боломжгүй гэсэн оношилгоо, дүгнэлт гарсан тул гэрээнээс татгалзаж, тээврийн хэрэгслийн үнэ болох 41,000,000 төгрөг, хойд тэвш, дугуй, обуд, шатахууны үнэ болон бусад зардалд 4,810,000 төгрөг, нийт 45,810,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэх агуулгаар тодорхойлсон.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “нэхэмжлэгч Н.Д- нь автомашиныг авахдаа хүүтэйгээ ирж, бүтэн 7 хоногийн турш үзэж, шалгаж авсан, тус тээврийн хэрэгсэл нь оношилгоонд орж тэнцсэн, нэхэмжлэгч нь автомашиныг худалдан авснаас нэг сарын дараа буюу 3,000 км явсны дараа буцаах асуудал ярьж байгаа нь үндэслэлгүй” гэж тайлбарлажээ.

 

            4.Зохигчид 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч М.М- нь “Мицубиши делика ди 5” маркийн тээврийн хэрэгслийг 41,000,000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч Н.Д- нь тээврийн хэрэгслийн үнийг төлж, хүлээн авахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 12-р тал/. Улмаар нэхэмжлэгч Н.Д- нь тээврийн хэрэгслийн үнэ болох нийт 41,000,000 төгрөгийг хариуцагч М.М-д 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төлж, тээврийн хэрэгслийг хүлээн авсан болох нь талуудын тайлбар, худалдах, худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.

 

            5.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

            5.а.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “... Mitsubishi Delica D5 загварын, 72-49 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хэвтээ тэнцүүлэгчийн даравч байхгүй, зүүн баруун хойд хөндлөн богино татуургууд хугарч, гагнасан боолт суларсан, зүүн хойд татуурганы боолт зэвэрч суларсан, баруун хойд богино тэнцүүлэгч мултарсан, зүүн ба баруун урд гарны втүлк резин үжирсэн, баруун ба зүүн хойд завин гарны втүлкнүүд зэвэнд идэгдэж, үжирч муудсан, тормосны аппаратууд доод хэсэг зэвэнд идэгдсэн, явах эд анги хойд хэсэг зэвэрсэн эвдрэл гэмтэлтэй” гэжээ. /хх-ийн 81-84-р тал/

 

5.б.Анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн, худалдан авагч нь тээврийн хэрэгслийг худалдан авахдаа доголдлыг мэдэх боломжгүй байсан гэж дүгнэхдээ маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэхээр байна. Тодруулбал, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т “худалдан авагч эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасан.

 

5.в.Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь гэрээ байгуулах эсэхээ хэнээс ч хараат бусаар сонгох эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ хууль буюу гэрээнд заасан үүргийг давхар хүлээх учиртай. Шинжээчийн дүгнэлтэд заасан эвдрэл, гэмтлийг нүдээр хараад шууд тодорхойлох боломжгүй боловч худалдан авагч нь эд зүйлийг шалгаж авах ерөнхий үүргийн хүрээнд эрх бүхий байгууллагаар тодорхойлуулах боломжтой байсан гэж үзнэ.

 

5.г.Дээрх тохиолдолд нэхэмжлэгч Н.Д- нь тээврийн хэрэгслийг шалган авах үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотойгоор Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, тээврийн хэрэгслийн үнэ болох 41,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

5.д.Хойд тэвшний үнэд 250,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд уг шаардлага нь хэргийн 7 дугаар талд авагдсан зарлагын баримтаар тогтоогдсоноос гадна хариуцагч М.М- нь уг төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагч М.М-аас 250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Д-т олгох нь зүйтэй.

 

5.е.Зээлийн хүү, дугуй, обуд, оношилгоо, шатахууны төлбөрт нийт 4,560,000 төгрөг гаргуулах шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй. Иймд иргэний эрх диспозитив зарчмын хүрээнд гомдол гаргаагүй асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

6.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч М.М-аас 250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Д-т олгож, нэхэмжлэлээс 45,560,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/00488 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.М-аас 250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Д-т олгож, нэхэмжлэлээс 45,560,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Д- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.М-аас 8,150 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгчөөс төлсөн 364,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОГТСАЙХАН

 

               ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ