| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0074/Э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2019-03-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 72
2019 03 28 2019/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуасай овогт Э.Дид холбогдох эрүүгийн 1921001210052 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1967 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн оператор мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, .....................................газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, .......................... регистрийн дугаартай, Хуасай овогт Э.Д.
Шүүгдэгч Э.Д нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар баг “Үрлийн овоот” гэх газарт Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.1-д заасан “жолооч нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, 10.1-д “жолооч хөдөлгөөн эхлэхдээ аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”, 23.9а-д “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно”, 23.9б-д “жолооч тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулагдаагүй хэсэгт зорчигч тээвэрлэхийг хориглоно” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч А.Ганбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч А.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Э.Дийн гэрээс ойролцоогоор 200-300 метрийн зайтай Э.Д мотоциклоо асаагаад Бадрахыг суулгаад зогсож байсан болохоор “та хоёр явж бай” гэж хэлсэн чинь Э.Д намайг “мотоцикл дээр суучих” гэсэн болохоор Бадрахын ар талд нь буюу ачааны хэсэг дээр суусан юм. Ингээд Э.Д мотоциклтойгоо хөдлөх үедээ мотоциклоо цоройлгоод арагш унасан юм. Мотоциклтой унах үедээ сүх, хутга хоёрыг гартаа барьж байсан бөгөөд босож ирсэн чинь баруун хөлний өвдөгний дээд талд хутга иш хүртэл зоогдсон байсан учраас зоогдсон хутгыг сугалаад авчихсан юм. Тэгсэн чинь цус олгойдож гарч эхэлсэн болохоор цусаа хараад газарт хэвтсэн юм. Ингээд шархны дээд талаар төмөр утсаар ороож сумын эмнэлэгт Э.Доор хүргүүлсэн. ...Тухайн үед мотоциклтой цоройж унах үед хутган дээр дараад уначихсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/
Гэрч Д.Эрдэнэбадрах мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Э.Д ах Ганбаатар бид гурав үхрээ цохиж унагаад цусалж орхиод ...Ганбаатар гэр рүү алхаж байхад нь Э.Д ах өөрийн эзэмшлийн мотоциклио унаад би ард нь суугаад Ганбаатарын араас ирээд хажууд нь зогсоод Э.Д ах бид хоёр суучих гэтэл Ганбаатар үгүй би алхаад очно гэхлээр нь Э.Д ах бид хоёр хоёулаа гуравлаад суучих гээд суулгасан. Тэгтэл мотоцикл орилоод цойлоод Ганбаатар бид хоёр газарт унасан. Тэгтэл Ганбаатар би өөрийгөө хутгалчихлаа гэсэн, тэгээд хартал баруун хөлнийхөө гуянд хутга зоогдсон гээд аваад шидчихсэн цус гараад байж байсан. Тэгээд дээд хэсгээр нь бугуйлаар боосон, тэгтэл цус нь тогтохгүй байхаар нь нарийн төмөр утсаар боогоод ...сумын эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 137 тоот дүгнэлтэд: “1. А.Ганбаатарын биед баруун гуянд тахимны артерийн судас, мэдрэлийг гэмтээсэн шарх /баруун гуяны доод хэсгийг тайрах мэс засал/ гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгийг 4.17.103.2-т зааснаар 65%-иар алдагдуулна. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ. /хх-ийн 28/
Дорнод аймгийн Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаартай дүгнэлтэд: 1. Жолооч Э.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.1-д “жолооч нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, 10.1-д “жолооч хөдөлгөөн эхлэхдээ аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”, 23.9а-д “Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно”, 23.9б-д “жолооч тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулагдаагүй хэсэгт зорчигч тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Зорчигч А.Ганбаатарыг тээврийн хэрэгслээр зорчихдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1.б-д “Тээврийн хэрэгслээр зорчигч нь тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт зорчихыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Жолооч Э.Д нь Фикон маркийн мотоциклийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо зорчигч А.Ганбаатарыг тээвэрлэхдээ хүн тээвэрлэхийг хориглосон хэсэгт суулгасанаас тээврийн хэрэгслийн хүндийн жин хойш шилжсэн, хөдөлгөөн эхлэхэд мотоцикл цоройх нөхцөл бүрдсэн, жолооч Э.Д нь фикон маркийн мотоциклийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “жолооч хөдөлгөөн эхлэхдээ аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”, 23.9.а-д “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно”, 23.9.б-д “жолооч тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулагдаагүй хэсэгт зорчигч тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан гэж дүгнэж байна. 3. Зам тээврийн осолд холбогдсон Фикон-150 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Соёл-Эрдэнийн хийсэн техникийн үзлэгээр тухайн тээврийн хэрэгсэлд эвдрэл учраагүй, техникийн хувьд шинжээч бүрэн бүтэн байсан гэх тул уг мотоцикл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна. 4. Асуултанд дурьдагдаагүй шинээр нөхцөл байдал илрээгүй” гэжээ. /хх-ийн 32-33/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15/
-Шүүгдэгч Э.Дийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-40/
-Хохирол барагдуулах талаар хийсэн хэлцэл /хх-ийн 60/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Э.Д нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар баг “Үрлийн овоот” гэх газарт “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.1-д заасан “жолооч нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, 10.1-д “жолооч хөдөлгөөн эхлэхдээ аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”, 23.9а-д “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно”, 23.9б-д “жолооч тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулагдаагүй хэсэгт зорчигч тээвэрлэхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч А.Ганбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Э.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Ганбаатар гэр рүү алхаад хол яваагүй байхад нь Бадрах бид хоёр мотоциклтой байсан болохоор Ганбаатарын хажууд ирж зогсоод ард суучих гэж хэлээд суулгасан юм. Ингээд хөдлөх гэсэн чинь мотоцикл арагшаа цоройгоод унасан юм. Бадрах бид хоёр босоод ирсэн чинь Ганбаатар хөл рүүгээ хутга шаачихлаа гэж хэлж байсан. Хөлөндөа хутга зоочихсон байсныг нь хараагүй бөгөөд Ганбаатар шууд сугалаад авчихсан байсан болохоор хөлнөөс цус гарч байна гэж хэлж байсан...“ гэж /хх-ийн 35-37/, түүнийг давхар нотолсон хохирогч А.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Д мотоциклтойгоо хөдлөх үедээ мотоциклоо цоройлгоод арагш унасан юм. Мотоциклтой унах үедээ сүх, хутга хоёрыг гартаа барьж байсан бөгөөд босож ирсэн чинь баруун хөлний өвдөгний дээд талд хутга иш хүртэл зоогдсон байсан учраас зоогдсон хутгыг сугалаад авчихсан юм. Тэгсэн чинь цус олгойдож гарч эхэлсэн болохоор цусаа хараад газарт хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/, гэрч Д.Эрдэнэбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Д ах өөрийн эзэмшлийн мотоциклоо унаад би ард нь суугаад Ганбаатарын араас ирээд хажууд нь зогсоод Э.Д ах бид хоёр гуравлаад суучих гэтэл Ганбаатар үгүй би алхаад очно гэхлээр нь Э.Д ах бид хоёр суучих гээд суулгасан. Тэгтэл мотоцикл орилоод цойлоод Ганбаатар бид хоёр газарт унасан. Тэгтэл Ганбаатар би өөрийгөө хутгалчихлаа гэсэн тэгээд хартал баруун хөлнийхөө гуянд хутга зоогдсон гээд аваад шидчихсэн цус гараад байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 137 тоот дүгнэлт /хх-ийн 28/, Дорнод аймгийн Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч А.Ганбаатарт учирсан хүнд хохирол нь шүүгдэгч Э.Дийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3, 3.1, 10.1, 23.9.а, 23.9.б-д заасан заалтуудыг болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Э.Дид холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах санал гаргаж байгаа, мөн шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийн төлсөн, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд ял оногдуулбал зохино.
Хохирогч А.Ганбаатар нь шүүгдэгч Э.Доос гэм хорын хохиролд 6000000 /зургаан сая/ төгрөг нэхэмжилсэн ба энэ нэхэмжилсэн гэм хорын хохирлыг төлж барагдуулах талаар хоорондоо бичгээр хэлцэл хийж, энэ хэлцлийн дагуу шүүгдэгч нь хохирогчид 3000000/гурван сая/ төгрөгийг өгсөн, үлдсэн 3000000 /гурван сая/ төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулна гэж хүсэл зоригоо илэрхийлж байх тул үлдсэн 3000000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч А.Ганбаатарт олговол зохино.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид 3000000 төгрөг өгсөн болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Э.Дийн ..................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хуасай овогт Э.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д тус тус зааснаар шүүгдэгч Э.Дийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Э.Дийг тэнссэн хугацаанд оршин суух, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.Дид мэдэгдэж, түүнд авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 3000000 /гурван сая / төгрөг өгсөн болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.Доос нийт 3000000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Ганбаатарт олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доос гаргуулахаар заасан 3000000 төгрөгийг 2019 оны 06 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгчид даалгасугай.
9. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Э.Дийн ................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР