Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/030

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е

Улсын яллагч Х.Ө

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б

Хохирогчийн өмгөөлөгч Х.З

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т

Шүүгдэгч М.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ат холбогдох 1813003530001 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч М.А: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, С.р овогт Мын А, 1987 оны 10 дугаар сарын 18-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк, санхүүч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт оршин суудаг, урд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:ЕП****.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.А нь тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж явган хүний замаар зорчиж явсан иргэн Х.Н, түүний охин Б.С нарыг мөргөж эрүүл мэндэд нь тус тус хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

   Шүүгдэгч М.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр Сагсай сум руу явах чиглэлийн хатуу хучилттай засмал зам буюу 1 дүгээр бага сургуулийн дөрвөн замын уулзварын ертөнцийн зүгээр зүүн урд талд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн орчим өөрийн эзэмшлийн “Тоёото Хариер” маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж явган хүний замаар зорчиж явсан иргэн Х.Н, түүний охин Б.С нарыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

            - Хохирогч Х.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орой 17 цагийн үе байх бага охин болох Б.Сыг цэцэрлэгээс авахаар гэрээсээ гараад цэцэрлэгт очоод хүүхдээ аваад төв эмийн сан руу явах зам дагуу 4 замын уулзвар өнгөрөөд баруун талын явган хүний замаар хүүхдээ хөтлөөд явж байтал миний хойноос машин ирж мөргөсөн юм. Бид хоёрыг тухайн үед ямар машин ирж мөргөснийг мэдээгүй, ухаан алдсан байсан орой 22 цагийн үед эмнэлэгт ухаан орсон, ухаан орох үед миний зүүн гар, хөл мэдээгүй, их өвдөлттэй байсан. Тэгээд аймгийн эмнэлэгт хоёр өдөр эмчилгээ хийлгээд УБ хот руу онгоцоор очиж гэмтлийн эмнэлэгт үзүүлж охин маань дөрвөн хоног би өөрөө 21 хоног хэвтэж эмчилгээ хийлгээд хоёр удаа хагалгаанд орсон юм. Охины тархины гавлын яс гэмтсэн мөн миний зүүн талын хөлний суүж хугарсан, зүүн талын гарны шууний дээд чөмөг нь хугарч хүнд хохирол учирсан байгаа. Хүүхэд маань одоо зүгээр болсон, би өөрөө одоо болтол босож явж чадахгүй асаргаанд байна. Учирсан хохирол болон бусад эм тарианы зарим баримтуудыг гаргаж өгсөн зарим баримтуудыг авч чадаагүй, 4399374 тегрөгний баримтыг бүрдүүлж өгсөн, яллагдагч М.А нь УБ хотод очиж ирсэн онгоцны зардал бусад гарсан эм тарианы зардал, эмчид үзүүлсэн эмчилгээний зардал, хоол хүнсний зардал болон хэрэглээнд сайн дураараа нийт 16960700 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32 дугаар хуудас/

- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бы мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: “...Би Өлгий сумын 8 дугаар багт эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би Цагааннуур тосгоны чөлөөт бүсэд томилгооны дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан. Уг өдөр орой 18 цагийн орчим байсан байх над руу хамаатан садангийн хүмүүс залгаад эхнэр болон бага охин болох Б.С нарыг машинд мөргүүлсэн одоо эмнэлэгт ирсэн байгаа гэхээр нь чөлөө аваад эмнэлэгт очсон юм. Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт ирэхэд эхнэр охин хоёрт эмнэлгийн анхны тусламж үзүүлж мэс заслын тасагт хэвтүүлэн эмчилгээ хийсэн юм. Би эхнэрээсээ тодруулан асуухад Сагсай сум руу явах чиглэлийн хатуу хучилттай засмал замд буюу 1 дүгээр бага сургуулийн дөрвөн замын уулзварын ертөнцийн зүгээр зүүн урд талд 17 цагийн орчимд явган хүний замаар охиноо дагуулаад явж байхад араас нэг машин маргөсөн гэж хэлсэн юм. Тэгээд аймгийн эмнэлэгт хоёр хоног эмчилгээ хийлгээд УБ хот руу эхнэр хүүхдээ аваачиж гэмтлийн эмнэлэгт охин маань дөрвөн хоног, эхнэр маань 21 хоног хэвтэн эмчилгээ хийлэсэн юм. Би эхнэрийн хажууд сахиулаар хамт байсан юм. Охины тархины гавлын яс гэмтсэн, эхнэрийн зүүн талын хөлний сүүж хугарсан мөн зүүн талын гарны шууний дээд чөмөг нь хугарч тус тус эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан юм. Ямар ямар гэмтэл учирсан талаар эмнэлэгт үзүүлсэн шинжилгээний баримт бичиг, өвчтний түүхэд тусгаж бичсэн байгаа байх. Эхнэр маань одоо болтол босож явж чадахгүй асаргаанд байгаа юм. Хүүхэд арай гайгүй болсон явж байна би эхнэрээ одоо болтол асарч хамгаалж хамт байгаа болно. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх үед гэсэн ч хамт байж асарч байсан юм. Улаанбаатар хот руу эхнэр хүүхэд бид гурав онгоцоор очиж онгоцоор буцаж ирсэн тийзний үнэ бусад эмчилгээ оношлогооны мөнгийг М.А өгсөн байгаа. Бидний зүгээс гомдол санал байхгүй. М.Ат хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсье” гэх мэдүүлэг /хх-ийн 33-37 дугаар хуудас/

- Гэрч Х.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэг өрөөнд хамт суудаг буюу хамт ажилладаг М.А нь 16 цаг өнгөрч байхад байсан байх цагийг тодорхой санахгүй байна миний гар утас руу хэд хэдэн удаа залгахаар нь аваад ярихад М.А ажлын газрын гадна зогсож байна гараад ирээч гэхээр нь гараад очсон. М.А “Турван эрдэнэ" үйлчилгээний төвийн хажуу талд улсын дугаарыг нь мэдэхгүй өөрийн цагаан өнгийн “Харриер” маркийн машин дотор сууж байсан. Би түүний машин орж суусан. М.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь би түүнд хоёулаа “Турван эрдэнэ" зоогийн газарт оръё би чамд хоол аваад өгье, ажлын цаг дуустал 5 цаг хуртэл хоёулаа хоол идэж сууж байгаад 5 цаг гээд ажлаар орж хурууны хээгээ дарж ажлаас бууя гэхэд М.А нь үгүй би хоол идэхгуй, би нэг газар худалдаж авсан юм, тэр газраа чамд үзүүлнэ гэж хэлээд машинаа асааж хөдлөөд явсан. М.А машинаа жолоодож гудамжаар хэсэг явж байгаад Сагсай сум руу явах замын чиглэлд голын эрэг хавьцаа нэг газарт очиж зогсоод тухайн газрыг худалдаж авсан гэж үзүүлсэн. Тэгээд тэр газарт М.А бид хоёр хэсэг хугацаанд ярилцаж суугаад буцаж аймгийн төв рүү орж ирж байх замдаа буюу Сагсай сумаас ирэх замд бага сургуулийн дөрвөн замыг дөнгөж өнгөрөөд замын баруун тал руу замаас гарч зам дагуу хүүхэдээ дагуулаад явж байсан эмэгтэй хүнийг мөргөсөн. М.А нь эмэгтэйг автомашинаар мөргөх үед уг эмэгтэй машины доор унах шиг болсон харин хүүхэд нь юу болсоныг анзаарч харсангүй. М.А нь уг эмэгтэйг мөргөсний дараа машинаа зогсоосон. А бид хоёр машинаас буухад машинд мөргүүлсэн эмэгтэй хүн газарт хэвтэж байсан ба хүүхэд нь хажууд нь зогсож байх шиг байсан. Тухайн үед би айж сандарсан байсан учир уг эмэгтэй нас барсан болов уу гэж бодоод уг эмэгтэйд ойртож очоогүй. Тэгж байхад тэнд гудамжаар явж байсан хүмүүс цугларч тойрон зогссон. Тэгж байтал түргэн тусламжын эмч нар ирсэн ба би машинд мөргүүлсэн эмэгтэй болон хүүхэдтэй нь хамт түргэний машинд суугаад эмнэлэг орсон. М.А Сагсай сумаас аймгийн төв рүү орж ирэх замаар ирж байхад тээврийн хэрэгслийн хурдыг нэг болохоор хурдтай яваад, нэг болохоор хурдаа багасгаж ирж явсан. Яг зам тээврийн осол гарах үед М.А нь тээврийн хэрэгслийг хэдэн километр цагийн хурдтай жолоодож явсаныг анзаарч хараагүй. М.А нь замын хажуу талаар явж байсан явган зорчигчийг мөргөхөөс өмнө тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй. Замын хажуу талаар хүүхэдтэйгээ хамт явж байсан эмэгтэйг мөргөсний дараа тээврийн хэрэгслээ зогсоох шиг болсон. М.А нь тээврийн хэрэгслийг жолоодож ирж байхад 1 дүгээр бага сургуулийн дөрвөн замын уулзвараар гарч явж байгаад замаас хазайж гараад замын хажуу талаар хүүхэдтэйгээ хамт явж байсан эмэгтэй хүнийг мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

- Гэрч Х.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн үед өөрийн **** БӨА улсын дугаартай “Хонда сивик” маркийн тээврийн хэрэгслээр Сансар, Цамбагарав худалдаааны төв талаас буюу баруун дөрвөн замын чиглэлээс ирж Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр болох 1 дүгээр бага сургуулийн дөрвөн замын уулзварт байрлах гэрлэн дохион дээр улаан өнгийн гэрэлд зогсож байхад миний урдаас Сагсай сумын чиглэлээс цагаан өнгийн “Харриер” маркийн тээврийн хэрэгсэл маш хурдтай ирж улаан гэрлээр дөрвөн замын уулзварыг нэвтрэн гарч засмал замын ертөнцийн зүгээр урд талын хашлагыг мөргөж дугуйнууд буудахаар нь би хойшоо эргэж харахад зам дагуух явган хүний замаар цаашаа буюу төв рүү чиглэж явж байсан хоёр хүний араас мөргөсөн. Уг цагаан өнгийн тээврийн хэрэгсэл явган хүний замаар явж байсан хоёр хүний араас мөргөх үед уг хоёр хүн хэрхэн ямар байдалтай унасаныг бол анзаарч хараагүй, тухайн мөчид гэрлэн дохионы ногоон гэрэл ассан тул би зүүн гар тийшээ эргэж яваад үзэж харсан зуйлийн талаар цагдаагийн байгууллага болон эмнэлгийн түргэн тусламжийн утсанд залгаж мэдэгдсэн. Уг хүн мөгөсөн “Харриер” маркийн тээврийн хэрэгсэл нь дөрвөн замын уулзвараар гараад л замын ертөнцийн зүгээр урд талын хашлагыг мөргөж замаас гарч, замын хажуу талын явган хүний замаар цаашаа гараад явж байсан хоёр хүний араас мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

- Гэрч А.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн үед өөрийн **** УБИ улсын дугаартай Тоёота ИСТ маркийн тээврийн хэрэгслээр Өлгий сумын 10 дугаар цэцэрлэгээс хүүхэд авхаар Сансар, Цамбагарав худалдаааны төв талаас буюу баруун дөрвөн замын чиглэлээс ирж явхад Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр болох 1 дүгээр бага сургуулын дөрвөн замын уулзарт байрлах гэрлэн дохионы улаан өнгийн гэрэлд зогсож байхад миний урд талаас буюу Сагсай сумын чиглэлээс цагаан өнгийн “Харриер” маркийн тээврийн хэрэгсэл маш хурдтай ирж улаан гэрлээр дөрвөн замын уулзварыг нэвтрэн гарч миний уулзварт зогсож байсан газрын харалдаа хэсгээс ертөнцийн зүгээр зүүн урд зүг талын замын хашлагыг давсан. Тэр үед уг тээврийн хэрэгслийн дугуй буудах шиг болж шороо боссон ба би машиныхаа гадна зүүн талын толинд харахад уг тээврийн хэрэгсэл явган хүний замаар явж байсан 2 хүнийг мөргөх үед тэр хоёр хүний нэг нь хүүхэд байх шиг харагдсан ба засмал замын гол хэсэг рүү шидэгдэж унасан. Тухайн үед дөрвөн замын уулзварын миний зогсож байсан талын ногоон гэрэл асахаар нь би хөдлөж яваад гар утасаа гаргаж ирж хамгийн түрүүнд эмнэлгийн түргэн тусламжид, дараа нь цагдаагийн байгууллагад өөрийн үзэж харсан зүйлийн талаар мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/

- Гэрч С.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.Н гэгч нь манай нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр жирэмслэлт 12 долоо хоногтой /3 сар/ жирэмсэн, аарцаг ясны хугарал, зүүн бугалга ясны хугарлын дараах оноштой ирж хэвтсэн юм. Х.Н нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр авто осолд орж Улаанбаатар хотод очоод эмчилгээ хийлгэж ирсэн талаар хэлсэн юм. Манай тасагт Х.Н нь шинжилгээ бүрдүүлж шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийлгэж, шинжилгээ бүрдсний дараа маргааш өдөр нь эмч нарын хамтарсан зөвлөгөөнөөр орж, жирэмслэлтийг ургийн заалтаар таслуулах шийдвэр гарч тухайн өдрийн 15 цагт жирэмслэлтийг гар соруулын аргаар жирэмслэлтийг /үр хөндүүлсэн/ таслуулсан юм. Тэгээд маргааш өдөр нь умайг эхо-д харуулж зүгээр байсан болохоор зөвлөгөө өгч гаргаж явуулсан юм. Гэмтлийн улмаас "СТ" авахуулсан жирэмжсний эрт хугацаанд байсан учир урагт ямар нэгэн хэмжээгээр нөлөөлж ургийн гаж хөгжил цаашилбал цусны хавдар үүсэх эрсдэлтэй гэдгийг хохирогч болон нөхөрт нь хэлэхэд өөрсдөө хүлээн зөвшөөрч таслуулах шийдвэр гаргасан юм. Тухайн осолд орох үед хохирогч өөрөө жирэмсэн байсан гэдгээ мэдээгүй байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/

- Гэрч М.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.Н гэгч нь манай нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр жирэмслэлт 12 долоо хоногтой /3 сар/ жирэмсэн, аарцаг ясны хугарал, зүүн бугалга ясны хугарлын дараах оноштой ирж хэвтсэн юм. Х.Н нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр авто осолд орж Улаанбаатар хотод очоод эмчилгээ хийлгэж ирсэн талаар хэлсэн юм. Манай тасагт Х.Н нь шинжилгээ бүрдүүлж шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийлгэж, шинжилгээ бүрдсний дараа маргааш өдөр нь эмч нарын хамтарсан зөвлөгөөнөөр орж, жирэмслэлтийг ургийн заалтаар таслуулах шийдвэр гарч тухайн өдрийн 15 цагт жирэмслэлтийг гар соруулын аргаар жирэмслэлтийг /үр хөндүүлсэн/ таслуулсан юм. Тэгээд маргааш өдөр нь умайг эхо-д харуулж зүгээр байсан бопохоор зөвлөгөө өгч гаргаж явуулсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/

- 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10, 11-13 дугаар хуудас/

- 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зохицуулагчийн магадалгаа /хх-ийн 62 дугаар хуудас/

- 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 568 дугаарт “...Иргэн X.Нийн биед зүүн сүүжний цагирагийн хугарал, тархины доргилт, зүүн атгал ясны битүү хугаралттай, зүүн талын зулайны хэсэгг зөөлөн эдийн цус хуралттай, хавантай, нуруугаар арьс нь зулгарсан шархтай зүүн бугалганд хавдартай гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь амь биед аюултай, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2 заалтыг агуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 569 дугаарт “Иргэн Б.Сын биед тархины битүү гэмтэл няцралт, тархины доргилттой, зулай ясны битүү хугаралт, толгойны дагз орчим хавантай зэрэг гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь амь биед аюултай, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2 заалтыг агуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл” гэх дүгнэлт /хх-ийн 58 дугаар хуудас/

- Зам тээврийн осол, хэргийн шалтгааныг тогтоосон 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №04 дугаартай шинжээчийн “З.Жолооч М.А нь Монгол улсын ЗХД-ийн 2.7.а дахь заалтанд зааснаар жолооч соггууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэсэн заалтыг зөрчиж жолооч М.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. ЗХД-ийн 2.7-ын "е" тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн тайлбай, ой модыг гэмтээх, гол мерөн, нуур булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулахгүй байх гэсэн заалтыг эөрчиж жолооч М.А нь тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давсан. ЗХД-ийн 9.2-т заасан жолооч хедөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэх дүгнэлт /хх-ийн 63 дугаар хуудас/

- Автотээврийн үндэсний төвийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн техникт тогтоосон шинжээчийн №30 дугаартай ослын дүгнэлт /хх-ийн 68 дугаар хуудас/

- Шүүх химийн шинжээчийн №99 дүгнэлт /хх-ийн 74 дугаар хуудас/

- Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн комиссын багийн дүгнэлт /хх-ийн 82-84 дугаар хуудас/

- Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Тын 03 дугаартай дүгнэлт /хх-ийн 50 дугаар хуудас/

- Баян-Өлгий аймгийн Авто тээврийн мэргэшсэн инженер Е.Жы 19 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар хуудас/

- Шүүгдэгч М.Аийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би Өлгий сумын 13 дугаар багт байрлах Цамба-1 **** тоотод эхнэр нэг хүүхдийн хамт амьдардаг байсан юм. Эхнэр болох А.Г хүүхдийн хамт Улаанбаатар хотод байсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэр бүлийн асуудлаас болж сэтгэл санаа тавгүйтэж 16 цагийн үед ажлаас чөлөө аваад гэрт очсон байсан юм. Тэгээд сэтгэл санаа тавгүй, эхнэр бид хоёрын дунд маргаан үүссэн байсан тул  гэрт урд нь байсан хагас шил архийг ганцаараа уусан юм. Дараа нь удалгүй гэрээс гараад өөрийн эзэмшлийн **** БӨТ улсын дугаартай Тоёота “Харриер” маркийн автомашиныг жолоодож ажлын газрын гадна ирж хамт ажилладаг Х.Атай утсаар холбогдож гараад ирээч гэж дуудсан. Тэр үед Х.А ажлаас тараад гэр лүугээ явах гэж байхад нь машиндаа суулгаад Сагсай сум руу явах зам дагуу эзэмшлийн газар байдаг гэж урд нь Х.Ат хэлж байсан бөгеед тэр газрыг үзүүлэхээр болж Сагсай сум руу явах чиглэлд Ховд голын эрэгт байрлалтай газарт очиж газраа үзүүлсэн. Б.А бид хоёр тухайн газарт 5-10 минут газрыг үзэж танилцаад  аймгийн төв рүү буцаж орж ирж байх замд буюу 1 дүгээр бага сургуулийн дөрвен замын уулзварт ирэх үед доошоо харж машины хөгжмийн дууг солиод зам руу хартал дөрвөн замын уулзвараар гарч замын баруун   талын хашлага дайрч гараад явган хүний зам дээр явж байсан хүүхдээ хөтөлсөн эмэгтэй хүнийг мөргөж зогссон юм. Замын хашлага дайрах үед машины баруун талын хоёр дугуй хагарах шиг болоод жолоодлого алдаж явган хуний зам руу гарч хүүхэдтэй эмэгтэйг мөргөж зогссон юм. Машинаас буугаад ирэхэд  мөргөсөн эмэгтэй машины урд талд газарт унаад унаж хэвтэж байхаар нь сандарсандаа уг эмэгтэйг өргөж аваад эргэн тойронд цугларсан байсан хүмүүст түргэн тусламж дуудаад өгөөч гээд орилсон юм. Уг эмэгтэй нь хажууд явж байсан хүүхэд сууж байсан ба удалгуй цагдаагийн алба хаагч нар ирж намайг цагдаагийн газарт авч ирсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаж, явган хүний замаар явж байсан иргэн Х.Н болон хүүхдийг нь мөргөж  эрүүл мэндэд нь тус тус хүнд хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон миний буруу. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ болон бусад нотлох баримтуудаар үйлдэл нь нотлогдож байна.

               Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Мөн шүүгдэгч М.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэснийг баримтлан шүүгдэгч М.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзахаар тогтов. Мөн уг хугацаанд шүүгдэгчид согтууруурах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын хувьд энэ хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглож, Цагдаагийн байгууллага ялын биелэлтэнд хяналт тавих ёстойг тэмдэглэх нь зүйтэй байна.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч нарын биед хүнд гэмтэл учирсан ба прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар хохирогч нарын эмчилгээний болон бусад зардалд 4399374 төгрөгийг зардал гарсан гэж тэмдэглэсэн байна. Гэвч шүүгдэгч А нь өөрийн гэм буруугаа ухамсарлаж сайн дураараа хохирогч Х.Н, насанд хүрээгүй хохирогч Б.С нарын эмчилгээний зардалд гэж нийт 16960700 төгрөгийг хохирлыг төлж өгсөн болох нь хэрэгт авагдсан баримт, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр батлагдаж байна. Мөн шүүгдэгч нар хохирогч нар цаашид эрүүл мэндээ эмчлүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх болно гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Тиймээс шүүгдэгч М.Аээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Аийн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг эрүүгийн хариуцлагын биелэлтийг хангах зорилгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, түүний өмчлөлийн “Тоёото Харриер” маркийн ****БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон                                                                                 

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч С.р овогт Мын Аийг “Согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч М.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д  зааснаар шүүгдэгч М.Ат шүүхээс тэнссэн хугацаанд “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй

6. Шүүгдэгч М.Аээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Аийн эзэмшлийн “Тоёото Харриер” маркийн 1118 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч М.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц М.Аийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, №720290 дугаартай үнэмлэхийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт, №*** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрт нь буцаан олгохыг шүүгчийн туслах С.Еркинд даалгасугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Ат авсан баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      А.Д