Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 183/2023/03273/И |
Дугаар | 210/МА2024/00737 |
Огноо | 2024-04-10 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2024/00737
“П-” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/04049 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “П-” ХХК-ийн хариуцагч “У-” ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт нийт 109,082,590 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, түүний өмгөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Талууд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, V2, V4 маркийн тулаас төмрийг түрээслэхээр тохиролцсон. Хариуцагч нь нэмж тулаас төмөр авах хүсэлт гаргаж, нийт V2-5892, V4-3753 ширхэгийг тус тус түрээсэлсэн. Хариуцагч нь хүлээн авсан түрээсийн зүйлээс V4-3251, V2-4320 ширхэгийг буцаан өгч, V2-оос 1572, V4-өөс 502 ширхэгийг дутааж буцаан өгөөгүй, мөн түрээсийн төлбөрийг бүрэн төлөөгүй. Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 8,222,590 төгрөг, дутаасан төмрийн үнэ 100,860,000 төгрөг, нийт 109,082,590 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нь нэхэмжлэгчтэй байгуулсан түрээсийн гэрээний дагуу V4-3700, V2-2150 нийт 5850 ширхэг тулаас төмөр түрээсэлсэн. Түрээсийн нийт төлбөр 62,012,900 төгрөг болж, үүнээс 58,702,860 төгрөгийг төлж, үлдэгдэл 3,310,040 төгрөг байгаа. Нэхэмжлэгч талтай тооцоо нийлэх хүсэлт гаргасан боловч хариу өгөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэлд дурдсан 109,082,590 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч “У-” ХХК-аас 26,941,000 төгрөг гаргуулж, нэхэмжпэгч “П-” ХХК- д олгож, үлдэх 82,141,590 төгрөгийн нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Упсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгч П- ХХК ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 703,362 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “У-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 292,655 төгрөгийг “П-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Талууд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, барилгын тулаас төмөр /сапуд/-ыг түрээслэхээр харилцан тохиролцсон. Гэрээг анх байгуулахад 30 хоногийн хугацаатай байгуулсан. Түрээсийн зүйлийг ашигласан хоногоор төлбөрийг тооцон авдаг бөгөөд тулаас төмрийг хүлээлгэн өгсен болон хүлээн авсан орлого, зарлагын баримтуудыг үндэслэн тооцдог. Нэхэмжлэлд хавсаргасан тооцооллоор 65,425,600 төгрөгийг түрээсийн төлбөр дээр тээврийн зардал болох 1,500,000 төгрөг, нийт 66,925,450 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн 58,702,860 төгрөгийг хасаж, үлдэх 8,222,590 төгрөгийн түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн байхад хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 3,310,040 төгрөгийг гаргуулж, үлдэх түрээсийн төлбөрийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа талаараа дүгнэлт хийгээгүй. Хариуцагч нь түрээсийн төлбөрөөс 4,912,550 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй байхад түрээсийн төлбөрийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэгт авагдсан баримтаар 5892 ширхэг V2 төмрийг “У-” ХХК-д хүлээлгэн өгсөн байхад 4,845 ширхгийг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна гэж хэрэгт авагдсан баримтыг дутуу үнэлсэн. Түүнчлэн V4 төмрийг 5050 ширхгийг “У-” ХХК-д хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа 502 ширхгийн үлдэгдэлтэй болохоо нотлоогүй гэж нотлох үүргийн хуваарилалтыг буруу дүгнэж, “У-” ХХК-ийн буцаан өгөөгүй V4 төмрийн үнийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэгт авагдсан баримтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч гэрээ байгуулсан өдөр V4-1,300 ширхэг, V2-650 ширхэг төмөр авсан мэтээр нэхэмжлэл гаргаж шүүхэд ханддаг. Гэтэл хэрэгт нотлох баримтаар 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр V2-1300 ширхэг, V4-650 ширхэг буюу 1950 ширхэг төмрийг хүлээлцэж авсан баримт байдаггүй. 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл V4 маркийн 2453, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5242 ширхэг төмрийг манайх авч, ашигласнаа хүлээн зөвшөөрсөн. Шүүх 1950 ширхэг төмрийн үнийг ямар үндэслэлээр гаргуулж шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Нэг удаа тохирч оруулсан зүйлийг 2022 оны 02 дугаар сарын 16-нд хүлээн авсан мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Талууд гэрээний дагуу тулаас төмрийг хүлээлцэхдээ барилгын талбай дээр байгууллагын эрх бүхий нярав, нягтлан нар нэг бүрчлэн тоолж хүлээлцсэн нь баримтаар тогтоогдож байгаа. Гэтэл нэхэмжлэгч “П-” ХХК-ийн захирал Цэвээн нь “Юү Ди Эй Эм констракшн” ХХК-ийн оффис дээр ирж урьдчилгаа төлбөр авах гэсэн юм нэхэмжлэхгүй ирсэн байна гарын үсэг зураад өгөөч гэж гуйж тус компанийн инженер Э.Мөнгөнөөр /2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 850 ширхэг, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 650 ширхэг нийт 1500 ширхэг тулаас төмрийг баримт дээр гарын үсэг зуруулж авсан байдаг бөгөөд тухайн баримтаа инженер Э.Мөнгөнд бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгсөн мэтээр тайлбарлаж нотлох баримт болгон шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ талаар хариуцагчийн зүгээс баримтуудыг давхардуулж нэхэмжлэл гаргаад байна гэдгийг шүүхэд удаа дараа тайлбарласан. Гэтэл шүүх тухай баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөлгүй нэг талын баримтад тулгуурлан шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7.Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч “П-” ХХК нь хариуцагч “У-” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 8,222,590 төгрөг, дутаасан төмрийн үнэд 100,860,000 төгрөг, нийт 109,082,590 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч “У-” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу V2 маркийн тулаас төмөр 5892 ширхэг, V4 маркийн тулаас төмөр 3753 ширхэгийг тус тус түрээсэлсэн. Хариуцагч нь V2 маркийн тулаас төмрөөс 4320 ширхэг, V4 маркийн тулаас төмрөөс 3251 ширхэгийг буцаан өгч, V2 маркаас 1572 ширхэг, V4 маркаас 502 ширхэгийг тус тус дутаасан буюу нийт 2074 ширхэг тулаас төмрийг буцаан өгөөгүй тул үнийг түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөрийн хамт гаргуулна” гэх агуулгаар тодорхойлсон байна.
4.Хариуцагч “У-” ХХК нь түрээсийн гэрээний дагуу V2 маркийн тулаас төмөр 4343 ширхэг, V4 маркийн тулаас төмөр 3337 ширхэгийг тус тус түрээсэлж, V2 маркийн тулаас төмрөөс 4323 ширхэгийг, V4 маркийн тулаас төмрөөс 3330 ширхэгийг буцаан өгч, нийт 27 ширхэг төмрийн үлдэгдэлтэй, мөн манай компанийн тооцоогоор түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр 2,615,160 төгрөг байгаа гэжээ. /хх-ийн 45, 54-р тал/
5.Талууд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өмнөх гэрээнд өөрчлөлт оруулан тулаас төмрийг нэмэлтээр түрээслэхээр тохиролцсон байх бөгөөд тус гэрээнүүдийн дагуу тус бүр хэдэн ширхэг тулаас төмөр түрээсэлж, хэдийг буцаан өгсөн нь маргаантай байна. /хх-ийн 3-6-р тал/.
Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээний дагуу төлвөл зохих нийт төлбөрийн хэмжээ болон түрээсийн зүйл болох тулаас төмрөөс хэдэн ширхэгийг дутаасан нь талуудын маргааны зүйл болжээ. Анх хүлээлцсэн тулаас төмрийн тоо ширхэгийн талаар талууд харилцан өөр тайлбар гаргасан байх бөгөөд энэхүү үйл баримтыг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.
5.а.Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэргийн 9-14 дүгээр талд авагдсан орлого, зарлагын баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон боловч эдгээр баримтууд шийдвэрийн үндэслэх хэсэгт бүрэн тусгагдаагүй, мөн зарим баримтууд давхцаж байгаа талаар хариуцагч талаас шүүх хуралдаанд тайлбарласныг талуудаас тодруулаагүй, энэ талаар талууд хангалттай мэтгэлцээгүй байна. Тодруулбал, хэргийн 10 дугаар хуудасны ар талд V2-650 ширхэг гэсэн 2 баримт, V4-1300 ширхэг гэсэн 2 баримт, 15 дугаар талд V4-650 ширхэг гэсэн 2 баримт байгаа нь давхацсан эсхүл тус тусдаа эсэхийг тодруулах шаардлагатай.
5.б.Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлээс “29,941,000 төгрөг”-ийг хангаж шийдвэрлэсэн талаар дүгнэсэн боловч тогтоох хэсэгт “26,941,000 төгрөг” гэж бичсэн буюу шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсгүүд зөрүүтэй байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
5.в.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргадаг. Маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, эргэлзээ бүхий нөхцөл байдлын талаар талууд хангалттай мэтгэлцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/04049 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 568,658 төгрөг, хариуцагчаас төлсөн 307,655 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ