Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 040

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Е,

Улсын яллагч, хяналтын прокурор М.Ф

Шүүгдэгч Т.Ө нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.х овогтой Тгийн Өт холбогдох 1913000320028 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, Цөмийн физикч мэргэжилтэй, “Эко” ХХК-ны захирал ажилтай, Төв аймгийн Зуун мод** дүгээр баг, Номт манзушир өргөө, ** дугаар байр ***тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Ж.х овогтой Тгийн Ө, регистрийн дугаар БЖ****.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Ө нь Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр аймгийн театрын урд зогсоолоос 2019 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 02 цагийн үед Б.Зийг таксинд авч яваад таксины мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас түүний нүүрний тус газарт гараар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Ө нь Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр аймгийн театрын урд зогсоолоос 2019 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 02 цагийн үед Б.Зийг таксинд авч яваад таксины мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас түүний нүүрний тус газарт гараар цохиж, түүний биед тархины доргилттой, духны зүүн талд хавдартай, хоёр хөмсөг засвар хэсэгт хавдартай, цус хуралттай хамрын нуруунд дээд хэсэгт хавдартай, зүүн нүдний дотор буланд цус хуралттай, хавдартай, зүүн хацарт хавдартай, цус хуралттай зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахмад К.Хын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56 дугаар хуудас/,

- Хохирогч Б.Зийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгэхэд нь би түүнд хандаж чи ямар эрх юм бэ, надад эрхлээд байгаа юм уу, шөнө 02 цагаас эхлээд надад эрхэллээ, миний машинд тамхи татлаа, пиво уулаа гэж хэлэхэд миний цамцнаас татаад чи миний аав юм уу гэхэд би миний цамц сэтэрчихлээ, яах гээд байгаа юм бэ гэж хэлэхэд тухайн залуу миний нүүр лүү нэг удаа гараараа цохисон, тэгээд дараа нь миний толгой руу цохисон, тэгэхэд нь би доошоо хараад суусан. Тухайн үед миний хамрын арьс зулгараад цус гараад надаас уучлал гуйгаад буугаад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар хуудас/,

- Гэрч С.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тухайн өдөр миний бие жижүүрийн үүрэг байсан бөгөөд шөнийн 04 цагийн үед иргэн Б.З бусдад зодуулж гомдол гаргаж ирсэн бөгөөд таксигаар үйлчлүүлсэн хоёр залуугаас мөнгөө нэхэхэд минь миний хамар руу таксины урд сууж байсан залуу цохилоо гэж хэлсэн.... Хамар нь хавдаад хамраас нь цус гарсан байсан, өөр ямар нэгэн ил харагдах шар сорви байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,

- Гэрч Ж.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Ө жолоочид хандаж та дансаа хэлчих, мөнгийг интернет банкаар хийчихье гэхэд надад данс гэдэг зүйл байхгүй, мөнгөө бэлнээр өг, та нар ер нь яах гээд байгаа юм бэ гэж хэлээд уурлаж эхэлсэн. Тэгэхээр нь Ө дансгүй хүн байх уу, та болилдоо гэхэд та нар яах гээд байгаа юм бэ гэж хэлээд Өийг заамдаж барьж аваад цээж юм уу, ам руу нь юм уу нэг удаа цохингуут Ө та яагаад байгаа юм бэ гэж хэлээд жолоочийн нүүрнээс нь хойшоо түлхэнгүүт Өийн хумс нь жолоочийн нүүрэнд хүрэх шиг болсон бөгөөд жолооч нүүрээ дараад доошоо хараад суусан юм. Хэсэг сууснаа би та нарыг цагдаад өгнө гэхээр нь Ө тэгье гэж хэлсэн ба тэр хоёр газарт ярилцаад Ө тухайн жолоочийн мөнгийг дансаар шилжүүлэхээр болоод тохиролцоод Ө гэртээ буугаад жолооч намайг буулгаж өгөөд харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Т.Өийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд жолооч надад заавал байх алба байхгүй, чи муу, эцгийн чинь толгой гэх мэтээр хэлэхээр нь би жолоочид уурлаж, яагаад хүн тээвэрлээд уурлаад байгаа юм, хууль ярих юм бол та шөнийн цагаар таксинд явах эрх байхгүй, та улсад татвар төлөхгүй байгаа биз дээ гэхэд жолооч зөндөө такси явж байгаа биз дээ, чи намайг мэдэх юм уу гээд жолооч уурлаж, миний цээжний баруун хэсэг рүү баруун талын гараараа нэг удаа цохиод, дахин цохих гээд гараа далайхаар нь би түүний нүүрнээс нь хойшоо нэг удаа гараараа түлхчихсэн юм. Намайг түлхэнгүүт түүний хамрын арьснаас нь цус гарсан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 67-68 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:

- шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Т овогтой Ө /БЖ****/-ийн нэр дээр ямар нэгэн хуулийн этгээд бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 78 дугаар хуудас/,

- Шүүгдэгчийн ХААН банк, Голомт банк, Төрийн банк, Хас банкнуудад байрших дансны хуулгууд /хх-ийн 71-77, 79-80 дугаар хуудас/,

- 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр олгосон “РД:БЖ****, овог:Ж.х, эцэг/эх/-ийн нэр:Т нэр:Ө, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Дэлүүн, төрсөн огноо:1994-05-130 хаяг:Баян-Өлгий, Өлгий, 3-р баг, Бөхөн уул, **гудамж, *** тоот, хүчинтэй хугацаа:2019-05-30, хэд дэх:2, ГП:****, огноо:2018-04-05,

Өөрчлөлт: Төв аймгийн Зуунмод *дүгээр баг, Номт манзушир өргөө,*дугаар байр* тоот” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн үл ойлголцох нөхцөл байдал, бусдыг хүндэтгэх, бусадтай харилцах харилцааны соёл, өөрийн сэтгэл хөдлөл, уур омгоо удирдан жолоодох чадвар дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн сэдэлтээр, бусдыг үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Зийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 42 дугаартай  дүгнэлт /хх-ийн 56 дугаар хуудас/-ээр тогтоогдож байх ба энэ нь Эрүүгийн хуульд заасан эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Иймд шүүгдэгч Т.Өийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Зийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд сайн дураараа эвлэрсэн, хохирогч Б.З нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Т.Өийг бусдад төлөх төлбөргүй байна. 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус ял оногдуулахдаа харгалзан үзлээ. Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч Т.Өт  урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж.х овогтой Тгийн Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Өт 500 “таван зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Өт урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Өийн иргэний үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Өт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.Д