Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00822

 

 

Б.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/00536 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Х-ын хариуцагч “А-” ХХК-д холбогдуулан гаргасан хими цэвэрлэгээний тоног төхөөрөмж чөлөөлүүлэх тухай маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сутай дээд сургуулийн зүүн тал, 1 давхарт байрлах “А-” ХХК-ийн 38 м.кв талбайг түрээсэлж эхэлсэн. Би хими цэвэрлэгээний зориулалттай авто машин, тоног төхөөрөмжөө аваад ус, цахилгаан, түрээсийн төлбөрт нийт 1,200,000 төгрөгөөр тохирч гэрээ байгуулсан. Би анх 380 вольтын цахилгааны утас болон усны заалтаа оруулъя тэгэхгүй бол манайх тог, ус их ордог талаар хэлж байсан. 2022 оны 05 дугаар сараас түрээсийн талбөрийг 2,700,000 төгрөг болгож, 1 м.кв 70,130 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ талаар албан тоот ирсэн боловч, бичгээр гэрээ байгуулаагүй. 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ажил руугаа орох гэтэл гол цоожийг сольсон байсан тул орж чадаагүй. 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тог тасалсан. Энэ хугацаанд би сар бүрийн түрээсийн төлбөр болох 2,700,000 төгрөгийг төлсөн. Харин 380 вольтын цахилгааны төлбөрийг тусад нь төлөх талаар тохиролцоо байхгүй. Тухайн газар хуурай бодисын 15 литрийн SX8D, хуурай хими цэвэрлэгээний машин Toshiya DI223, нойтон цэвэрлэгээний машин XGF25, уураар хатаагч машин, нойтон цэвэрлэгээний 3 ширхэг машин, индүүний машин, бойлуур, өлгүүр 6 ширхэг, хувцасны ширээ, тог цахилгааны тоноглол уртасгагч утас, гадна гэрэл, самбар, компьютер, гэр интернэтийн төхөөрөмж, дотоод камер 4 ширхэг зэрэг 2020 оны үнэлгээгээр нийт 95,566,800 орчим төгрөгийн эд зүйл байгаа. Гэрээний дагуу 2023 оны 04 дүгээр сар хүртэл түрээсэлж байгаад гарсан. Түрээсийн төлбөрт түрээслэгчийн зарцуулж байгаа мөнгөн дүнгээс гадна зах зээлийн үнэлгээ гэж байдаг. Түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлж байсан бөгөөд ямар ч зүйл болсон хүний эд зүйлийг битүүмжилж, барьдаггүй. Иймд хариуцагчийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгчийн эд зүйлийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу урсгал зардлыг түрээслэгч төлөх ёстой. Нэхэмжлэгч нь үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа нийт 380 вольтын 84,515 квт тог хэрэглэсэн. Харин 220 вольтын цахилгааны төлбөр нь тусдаа түрээсийн гэрээний үнийн дүнд орсон. Харин 380 вольтын цахилгааны төлбөрийн нэхэмжлэгч тал өөрөө төлөхөөр тохиролцсон. Энэ төлбөрөө төлчихвөл бидний зүгээс тоног төхөөрөмжүүдийг гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Цахилгааны төлбөрийг төлөөгүйгээс 26,387,880 төгрөгийн төлбөр хуримтлагдсан. Тоног төхөөрөмж нь бүгд бүрэн байгаа. Манай компани хэрэглэж эзэмшсэн зүйл байхгүй. Төлбөрөө төлөөд явж байсан бол одоо ийм зүйл болохгүй байсан. Удаа дараа тогны мөнгөө төлөхгүй байсан тул тогийг нь тасалсан. Өөрөө мэдэгдлээ өгөөд гарсан болохоос бид нар тогийг нь таслаад хөөгөөд гаргасан зүйл огт байхгүй. Төлбөрөө төлөөд тоног төхөөрөмжөө авах хэрэгтэй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 301 дүгээр зүйлийн 301.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х-д GX-8D маркийн хуурай хими цэвэрлэгээний машин, ТОSIE-DI-223 маркийн хуурай хими цэвэрлэгээний машин, XGQP-25 маркийн нойтон цэвэрлэгээний машин, уураар хатаагч /CILANE/, угаалгын жижиг машин 3 ширхэг, индүүний машин, ус халаагч, хөлтэй өлгүүр 6 ширхэг, хувцасны ширээ, тог цахилгааны тоолуур самбар, гаднах гэрэл самбар, үүдний тавиур, компьютер, гэр интернет, 4 ширхэг дотоод камер зэргийг хүлээлгэн өгөхийг хариуцагч “А-” ХХК-нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээн хариуцагч “А-” ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Х-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: “... нэхэмжлэгч Б.Х- нь талбай түрээслэн хими цэвэрлэгээний үйл ажиллагаа явуулж байхдаа өөрийн хэрэглэсэн цахилгааны төлбөр болох 26,115,000 төгрөгийг төлөлгүй түрээсийн гэрээг дуусгавар болгосон. Иймд манай компани тоног төхөөрөмжийг нь цахилгааны төлбөр төлөөд авахыг шаардсан. Түрээсийн гэрээний 3.1 дэх заалтын дагуу түрээслэгч сар бүрийн ашиглалтын төлбөрийг хариуцахаар заасан байдлыг шүүх авч үзээгүй. Энэхүү төлбөр болох 26,115,000 төгрөгийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан тул давж зааадах гомдол гаргаж байна. Иймд шүүхийн шийдвэрийн тоггоох хэсгийн 1, 2 дахь заалтыг хүчинүй болгож манай компанийн нэхэмжлэлийг хамтад нь шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваагүй гэж гомдол гаргасан. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч бие даасан нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04562 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Тухайн хэрэгт Б.Х- хариуцагчаар оролцож нэхэмжлэлээ гардаж аваад хариу тайлбараа өгсөн. Өнөөдрийн байдлаар шүүх хуралдаан товлогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Анхан шатны шүүхэд хэргийг буцааж шийдвэрлэсэн тохиолдолд сөрөг нэхэмжлэл гаргах боломжгүй. Энэ хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжтой. Анх гэрээ байгуулахдаа түрээсийн төлбөрийг 1,200,000 төгрөгөөр тохиролцсон. Дулаан, цахилгааны төлбөр өндөр гарч байна гэдэг үндэслэлээр хэд дахин нугалж төлбөрийг 2,500,000 төгрөг болгож тохиролцсон. Үүний дараа цахилгааныг удаа дараа тасалсан учраас гэрээг дуусгавар болгосон. Хариуцагч талын гомдлыг хүлээн авах боломжгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү  гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

            2.Нэхэмжлэгч Б.Х- нь хариуцагч “А-” ХХК-д холбогдуулан тоног төхөөрөмжийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            3.Талууд 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “А-” ХХК нь 38,5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар нэхэмжлэгч Б.Х-д түрээсэлж, 2023 оны 04 сард түрээсийн гэрээ дуусгавар болсон талаар талууд тайлбарласан байна.

            4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “түрээсийн гэрээ дуусгавар болсон боловч хариуцагч “А-” ХХК нь үндэслэлгүйгээр их хэмжээний цахилгааны төлбөр нэхэмжилж, хими цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг хууль бусаар эзэмшиж байна” гэх агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч “220 вольтын хүчдэл бүхий цахилгааны төлбөрийг түрээсийн төлбөрт оруулж тооцохоор тохиролцсон, гэвч нэхэмжлэгч Б.Х- нь 380 вольтын хүчдэл бүхий цахилгаан хэрэглэж, 26,115,000 төгрөгийн төлбөр үүссэн, уг төлбөрийг нэхэмжлэгч төлөөгүй тул тоног төхөөрөмжийг өгөх боломжгүй” гэжээ.

            4.а.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “А-” ХХК нь цахилгааны зардалд 26,115,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх “үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдох шаардлага” биш гэж үзэж, хүлээн авахаас татгалзсан нь учир дутагдалтай болсон байна.

            4.б.Хариуцагч буюу түрээслүүлэгч “А-” ХХК нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор түрээслэгчийн эд хөрөнгийг саатуулан барьсан гэх агуулгаар татгалзлаа илэрхийлсэн. Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт “Газар, байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй”. гэж заасан хэдий ч хариуцагч “А-” ХХК-д дээрх хуульд  зааснаар түрээслэгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрх үүссэн эсэх асуудлыг тодруулах шаардлагатай.  

            Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээ хэрэгжих хугацаанд хэрэглээний зардал болох цахилгааны төлбөрийг хэн нь төлөхөөр тохиролцсон нь тодорхой бус, анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсантай холбоотойгоор нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн татгалзлыг нотолсон баримт хэрэгт хангалттай авагдаагүй байна.

            5.Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Х- нь өөр, өөр тоо ширхэг, үзүүлэлт бүхий 15 төрлийн тоног төхөөрөмжийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан. Хариуцагч “А-” ХХК нь хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад “нэхэмжлэгчийн тоног төхөөрөмж манай компанид байгаа” гэх ерөнхий тайлбар гаргасан, мөн нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “пос машин шүүхийн шийдвэрт тусгагдаагүй буюу зарим тоног төхөөрөмж орхигдсон” гэх агуулгатай тайлбар гаргажээ.

            5.а.Нэхэмжлэлээр шаардаж буй эд хөрөнгүүд нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдож байх бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийн эзэмшилд байгаа гэх тоног төхөөрөмжүүдийн марк, үзүүлэлт, тоо ширхэг тус бүрийг тодруулах, харилцан баталгаажуулах шаардлагатай.

            6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/00536 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “А-” ХХК-аас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ                                                        

                                                ШҮҮГЧ                                    Д.ЗОЛЗАЯА              

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.ДАВААДОРЖ