| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0083/Э |
| Дугаар | 83 |
| Огноо | 2019-04-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 83
2019 04 04 2019/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Одыг суулган
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун
Шүүгдэгч Ч.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар дэл овогт Ч.Тд холбогдох эрүүгийн 1921002210077 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт амьдрах, ........................оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, .................... регистрийн дугаартай, Хар дэл овогт Ч.Т.
Шүүгдэгч Ч.Т нь Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багийн нутаг “Цагаан дэрс” гэх газар 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр эхнэр Д.Нармандахыг уурганы хуйгаар цохиж, зодон “биед нь хуйханд зүүн зулайн зөөлөн эдийн няцрал, баруун хацар, цээж, зүүн шуу, зүүн бугалга, бүсэлхийн цус хуралт” гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:-
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Д.Нармандах мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ...Энхболд, Болдоо гэх хоёр хүн бага зэрэг архи уучихсан байдалтай орж ирээд нэг шил архи гаргахаар нь би гэртээ архи уулгахгүй, миний төрсөн өдөр болохоор гэртээ тайван баймаар байна гэхэд, тэр хоёр за за гээд гараад явсан. Манай нөхөр Ч.Т босож ирээд “найзуудын дунд эвгүй байдалд орууллаа” гээд гараараа хацар руу алгадсан. Тэгэхээр нь би гэрээсээ гарч аймаг явдаг төмөр зам дагаад гүйсэн. ... 1 км орчим явж байхад нөхөр маань уурга барьчихсан, морьтой ирээд намайг уурганыхаа хуйгаар ороолгоод гэртээ харь гэхээр нь харихгүй гэхэд мориноосоо бууж ирээд толгой руу цохиж, унаган мориныхоо цулбуураар ороолгохоор нь гэртээ харьсан. Гэртээ ороод охиныхоо утсаар бэр Сумъяа руу хэлж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 212 тоот дүгнэлтэд: "1. Д.Нармандахын биед нь хуйханд зүүн зулайн зөөлөн эдийн няцрал, баруун хацар, цээж, зүүн шуу, зүүн бугалга, бүсэлхийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлүүд нь мохоо бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 24/
Шүүгдэгч Ч.Тгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-31/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Ч.Т нь 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багийн нутаг “Цагаан дэрс” гэх газар эхнэр Д.Нармандахтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийг зодож биед нь хуйханд зүүн зулайн зөөлөн эдийн няцрал, баруун хацар, цээж, зүүн шуу, зүүн бугалга, бүсэлхийн цус хуралт” бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ч.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Би эхнэр Нармандахыг “найз нарын дэргэд эвгүй байдалд орууллаа” гэж хэлээд хацар руу нь алгадсан. ...Дараа нь чамайг хүргэж өгье гэхэд “үгүй” гээд байхаар нь уургаараа нэг удаа цохиход уурга хугарахаар нь уурганыхаа хуйваар нь ороолгож, гараараа толгой руу нь нэг удаа цохиж ороолгоод дараа нь аргадаж байгаад гэртээ авчирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/, түүнийг давхар нотолсон хохирогч Д.Нармандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ...Энхболд, Болдоо гэх хоёр хүн бага зэрэг архи уучихсан байдалтай орж ирээд нэг шил архи гаргахаар нь би гэртээ архи уулгахгүй, миний төрсөн өдөр болохоор гэртээ тайван баймаар байна гэхэд тэр хоёр за за гээд гараад явсан. Манай нөхөр Ч.Т босож ирээд “найзуудын дунд эвгүй байдалд орууллаа” гээд гараараа хацар руу алгадсан. Тэгэхээр нь би гэрээсээ гарч аймаг явдаг төмөр зам дагаад гүйсэн. ... 1 км орчим явж байхад нөхөр маань уурга барьчихсан, морьтой ирээд намайг уурганыхаа хуйгаар ороолгоод гэртээ харь гэхээр нь “харихгүй” гэхэд мориноосоо бууж ирээд толгой руу цохиж, унаган мориныхоо цулбуураар ороолгохоор нь гэртээ харьсан. Гэртээ ороод охиныхоо утсаар бэр Сумъяа руу хэлж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 212 тоот дүгнэлт /хх-ийн 24/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Д.Нармандахын биед учирсан “хуйханд зүүн зулайн зөөлөн эдийн няцрал, баруун хацар, цээж, зүүн шуу, зүүн бугалга, бүсэлхийн цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ч.Тгийн хохирогчийн хацар, толгой руу нь санаатайгаар гараараа болон уурганы хуйгаар ороолгосон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ч.Тд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүхээс шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан ял оногдуулбал зохино.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ч.Тгийн ....................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хар дэл овогт Ч.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тгийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Тд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ч.Тгийн ..................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР