Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00823

 

 

Х.Е-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/00928 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Е-ийн хариуцагч “Б-” ХХК, Д.М- нарт холбогдуулан гаргасан 20,500,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, хариуцагч Д.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.О, хариуцагч “Б-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Б-” ХХК-ийн лангууг эхний гурван сар 3,000,000 төгрөгөөр, цаашид нэг сарын 5,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Гэрээ байгуулсан өдөр барьцааны 5,000,000 төгрөг, нэг сарын түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн тухайн өдрөө лангууг барааны хамтаар хүлээн авсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр барааны үнэ 30,000,000 төгрөгийг “Б-” ХХК-д шилжүүлсэн. Ингээд “Б-” ХХК нь пос машиныг миний данстай холбож өгөх үүрэг хүлээсэн боловч 2 өдрийн хугацаа алдсан, үүнээс болж 2 өдрийн орлого 1,802,000 төгрөг “Б-” ХХК-ийн захирлын хүү Д.М-ийн дансанд орсон. “Б-” ХХК нь харилцагч компаниудад өртэй байсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн надаас өрийг нь нэхэж бараа өгөхөө больсон. “Б-” ХХК-ийн удирдлагуудад хэлэхэд ямар ч мөнгөгүй байна, чи мөнгийг нь төлөөд бараагаа авч бай гэсэн. Миний бие ажлаа үргэлжлүүлэхийн тулд барааны үнийг төлж, үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хамаг монголд барааны өр 192,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр силвер мент кент тамхины өр 343,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эссэ тамхины өр 1,244,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр пос машины залгуур 30,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Идэрээд зарсан падааны 1,244,000 төгрөг хасаад 334,900 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Д.М-ийн лангуугаас авсан архи, пиво, ундааны мөнгө 159,500 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр кувшин-1, 5 л ус 2 ширхэг, жүүс бараагаар авч 9,500 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дирол бохины өр 345,240 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр касснаас бэлэн авсан 590,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Спирт бал бурам” ХХК-д төлнө гэж авсан барааны төлбөр /касснаас бэлнээр/ 3,326,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Апу” ХК-ийн барааны төлбөрт төлсөн 4,570,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Д.М-ийн данс руу шилжүүлсэн 790,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр банк бус санхүүгийн байгууллагаас миний нэрээр авахуулсан зээлийн төлбөр 3,300,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нотариатын төлбөр 15,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Апу” ХК-ийн худалдааны төлөөлөгчийн данс руу шилжүүлсэн 5,050,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шинэ жилийн барааны үнэ 91,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаад өгнө хэмээн архи, ундаа авсны 39,500 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Буянаад өгсөн барааны үнэ 12,500 төгрөг, нийт 20,442,140 төгрөгийг миний бие төлсөн байна. Ингээд “Б-” ХХК-д түрээсийн төлбөр 9,000,000 төгрөг, барьцаа 5,000,000 төгрөг, барааны өр 22,244,140 төгрөг, Пос машины 2 өдрийн орлого 1,800,000 төгрөг, нийт 66,244,140 төгрөгийг төлсөн байна. Д.М- нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дахин иргэн Эрдэнэчимэгээс 5,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 25 хоногийн хугацаатай зээлж өг хэмээн шаардсаныг миний бие хүлээн аваагүйгээс болж маргаан үүсч, тухайн лангууг буцаан өгөхийг шаардсан. Бид бараагаа тоолж хүлээлгэн өгөхөд нийт 31,909,210 төгрөгийн бараа байсан. Ингээд анхнаасаа манайд 45,000,000 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн хэмээн худал ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд түрээсийн гэрээний дагуу учирсан хохирол болон зээлийн төлбөрт нийт 20,500,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч “Б-” ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Б-” ХХК-ийн худалдааны үйл ажиллагаа явуулдаг лангууг Д.М-, И.О- нар хариуцан ажиллуулдаг байсан ба 2021 оны 09 дүгээр сараас Д.М- хүндээр өвчилсөн учир 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс Х.Е-, Б.А- нарт түрээслэхээр гэрээ байгуулсан. Тухайн өдрөө 47,000,000 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн. Мөн 2021 оны 10 дугаар сарын урамшуулал болох 3,000,000 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн. Дээрх тооллогыг Х.Е-, Б.А- нар өөрсдөө хүлээн зөвшөөрч, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Д.М-ийн дансанд 30,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1,059,646 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 745,795 төгрөг, нийт 31,803,441 төгрөгийг өгөөд үлдэгдэл 18,196,559 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр борлуулалтын орлогоос төлөхөөр харилцан тохиролцсон. Түүнээс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө захиалсан барааны үнэ болох “Апу трейдинг” ХХК-д өгөх 5,050,000 төгрөг, 3,000,000 төгрөг, нийт 8,050,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөх, “Спирт бал бурам” ХХК-д төлөх 3,326,000 төгрөгийг мөн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлөх, Хамаг Монгол архины төлбөр 1,092,000 төгрөг, эссэ тамхины төлбөр 1,244,000 төгрөг, кент тамхины төлбөр 343,000 төгрөг, нийт албан байгууллагад өгөх төлбөр 14,055,000 төгрөгийг Х.Е-, Б.А- нар төлсөн бөгөөд үлдэгдэл 790,000 төгрөг, 590,000 төгрөг, нийт 1,380,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр авсан болно. Дээрх тооцоо нийлээд 15,435,000 төгрөг ба анхны өгсөн 30,000,000 төгрөгтэй нийлээд 45,435,000 төгрөг болсон байна. Үүнийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөх 47,000,000 төгрөгөөс хасаж тооцоход 1,565,000 төгрөгийн үлдэгдэлтэй болно. Үүн дээр 10 дугаар сарын урамшууллын 3,000,000 төгрөгийг нэмбэл Х.Е-, Б.А- нараас манайх 4,565,000 төгрөгийн авлагатай болно. Энэхүү мөнгийг нэхэмжлэгч тал одоо хүртэл өгөөгүй байгаа. Мөн бид өөрсдийн хэрэгцээндээ шинэ жилийн арга хэмжээнд зориулж 91,000 төгрөг, ажил хөөцөлдөж бараагаар 36,500 төгрөг, архи, пиво, ундаа ус 159,500 төгрөг, дирол бохинд 345,200 төгрөг, Буянаад 10,000 төгрөг, бүгд 645,200 төгрөгийн бараа авсан ба үүнийг түрээсийн төлбөрөөс хасаж тооцсон. Нэхэмжлэгч тал түрээсийн төлбөрт сар бүр 3,000,000 төгрөг төлөх ёстой байснаас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,370,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2,050,000 төгрөг, нийт 4,420,000 төгрөгийг төлсөн. Өөрөөр хэлбэл, түүрээсийн мөнгөнөөс 1,580,000 төгрөгийг дутуу шилжүүлсэн бөгөөд бид авсан барааны үнэ 645,200 төгрөгийг хасаад 934,800 төгрөгийн түрээсийн авлагатай байгаа. Х.Е-, Б.А- нараас түрээсийн төлбөр болон урамшууллын төлбөрт 3,919,800 төгрөгийн авлагатай. Х.Е-, Б.А- нарын нэхэмжилж буй 20,500,000 төгрөг нь тодорхой баримтгүй, шунахайн сэдлээр, үндэслэлгүй гүтгэж байна. Мөн түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Дэлгүүр түрээслэх гэрээ”-ний үүрэгт 20,500,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон ба нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул гэрээний үүрэг шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна. Иймд “Б-” ХХК, Д.М- нарт холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 20,500,000 төгрөг гаргуулах тухай Х.Е-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Д.М-ийн тайлбар, татгалзлын агуулга: Түрээсийн гэрээний нэг сарын төлбөр 3,000,000 төгрөг бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн төлбөр 5,000,000 төгрөг болох байсан. Цагаан сарын өмнө борлуулалтын орлоготой үеэр нь үйл ажиллагаа явуулчихаад лангуугаа ирж ав гэж шаардлага тавьсан. Ингээд эхнэр И.О- эгчтэйгээ хамт очиж бараагаа тоолж хүлээн авсан. Тэд гэнэт түрээсийн гэрээгээ цуцлах болсон дараах шалтгаантай гэж үзэж байна. Түрээсийн төлбөр 3,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөг болох байсан. Манайд өгөх ёстой байсан 2021 оны 10 дугаар сарын урамшууллын мөнгө 3,000,000 төгрөгийг өгөхгүй байх зорилготой байсан. Цагаан сарын өмнөх борлуулалтын ашигтай үе өнгөрсөн учир гэрээг цаашид үргэлжлүүлэхийг хүсээгүй байх гэж ойлгож байна.” Спирт бал бурам”, “Апу”, “Жем трейд” ХХК-иуд нь сарын эцэст тооцоогоо хийдэг бөгөөд үүнийг өр мэтээр буруу ойлголт төрүүлж байна. “Б-” ХХК-ийн дансанд 30,000,000 төгрөг ороогүй, харин Д.М- миний дансанд тухайн 30,000,000 төгрөг 2 удаагийн шилжүүлгээр орж ирсэн. Мөн тухайн өдрөө Пос машиныг шилжүүлж өгсөн. Харин Х.Е- “Хаан банк” ХХК-ийн пос машин захиалаад тэр нь 2 хоногийн дараа ирсэн ба энэ хугацаанд манай пос машиныг ашигласан. Тус 2 өдрийн орлого манай данс руу орсон. Уг орлого болох 1,802,000 төгрөгийг бараа хүлээлцсэн тооллогын үлдэгдэл 18,000,000 төгрөгөөс хасаж тооцсон. Харилцагч байгууллагууд бараа өгөхөө больсон талаарх ямар ч яриа болоогүй. Харин ч бид тухайн харилцагч байгууллагын төлөөлөгч нарт бидний нэр дээр зээлээр бараа хүлээлгэн өгч байхыг гуйж өгсөн. Нэхэмжлэгчийн шаардлагад дурдагдсан өр төлбөр гэх асуудал нь сарын сүүлээр харилцагч байгууллагуудтай хийсэн зээлийн гэрээний төлбөр болно. Тухайн төлбөрийг манай тал 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бараа хүлээлцсэн тооллогын үлдэгдэл дүнгээс хасаж тооцсон. Д.М- миний бие Х.Е-өөс 5,000,000 төгрөгийг зээлж өг хэмээн хэзээ ч хэлж байгаагүй. Би түүнтэй ямар ч асуудлаар ярьж, харилцаж байгаагүй тул би энэхүү асуудлыг хариуцахгүй болно гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар хариуцагч “Б-” ХХК-иас 15,496,140 төгрөг, хариуцагч Д.М-өөс 3,447,630 төгрөг, нийт 18,943,770 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Е-өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,556,230 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Е-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б-” ХХК-аас 235,431 төгрөг, хариуцагч Д.М-өөс 70,112 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х.Е-өд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

5.Хариуцагч “Б-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Х.Е- нь “Б-” ХХК, Д.М- нарт холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 20,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба үндэслэлээ түрээсийн гэрээнээс учирсан хохирол гэж тайлбарладаг. Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдах үед буюу 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр лангуунд байсан бараа, материалыг хүлээлцэж, акт үйлдсэн байдаг ба уг актаар нийт 46,703,790 төгрөгийн барааг хүлээлцсэн бол “Б-” ХХК-ийн зүгээс лангууг буцаан хүлээн авахдаа нийт 31,909,210 төгрөгийн бараа хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр акт үйлдсэн байдаг. Нэхэмжлэгч Х.Е- нь “Б-” ХХК-иас 15,496,140 төгрөг гаргуулахаар шаардсан ба шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээний хугацаанд бусдад төлөх ёстой байсан өр төлбөрийг төлснөөс нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзсэн. Хариуцагч “Б-” ХХК-ийн зүгээс гэрээ байгуулагдах үед буюу 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр акт үйлдэн нийт 46,703,790 төгрөгийн барааг нэхэмжлэгч Х.Е-өд хүлээлгэн өгсөн ба тухайн үед бараа хүлээлцсэн актыг 1 хувь үйлдэж Х.Е- авсан юм. Анх “Зөгий” захын лангууг 46,703,790 төгрөгийн бараа, материалын хамт хүлээлгэж өгсөн боловч лангууг буцаан хүлээн авахад 31,909,210 төгрөгийн бараа материалын хамт хүлээж авсан. Бараа материалын зөрүү 14,794,580 төгрөг байгаа юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар тайлбарлаж байсан. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс дан ганц нэхэмжлэгч Х.Е-ийн “бараа хүлээлцсэн акт байхгүй" гэх тайлбарыг үнэн зөв гэж үзсэн нь хариуцагчийн эрхийг зөрчсөн гэж үзэж баигаа. Анх хэдэн төгрөгийн бараа материалыг талууд хүлээлцсэн болохыг бодитой тогтоох нь уг хэргийг үнэн, зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд үүнийг нэхэмжлэгч Х.Е-ийн эхнэр Б.А-ын и-мэйл хаягаас хариуцагч “Б-” ХХК-ийн захирал С.Д-ийн и-мэйл хаягт явуулсан бараа хүлээлцсэн актаар нотлогдоно. Талуудын хооронд үүссэн маргаан нь анх хэдэн төгрөгийн үнэ бүхий барааг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаарх үйл баримт бөгөөд хариуцагч “Б-” ХХК-ийн зүгээс барааны зөрүү төлбөрт 14,794,580 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцох ёстой байсан гэж үзэж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны явцад 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн бараа хүлээлцсэн актыг нэхэмжлэгчид байгаа талаар тайлбарлаж байсан болно. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, лангуу хүлээлцэхдээ хамт хүлээлцсэн бараа, материалын зөрүү 14,794,580 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагч Д.М-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Х.Е-ийн эхнэр Б.А- нь анх бараа тоололцож хүлээж авахдаа өөрөө хүснэгтэлсэн цаас бэлдэж ирэн 2 талаас 5 хүний бүрэлдэхүүнтэй тухайн лангууны барааг тоолж хүлээлцсэн. Уг акт маань эх хувь нь Б.А-, Х.Е- нарт бий. Мөн Б.А-, Д.М- миний болон манай аав Дамдиндорж руу тооцоо нийлэхээр 2 талаас мэйлээр илгээж байсан юм. Гэвч тухайн шүүх дээр 46 сая гаруй төгрөгийн баримт байсаар байхад мөн тухайн барааг тоололцоход байсан хүмүүс байхад шинжлэн, бодит байдлыг тогтоохгүй Х.Е-ийн эх хувь нь байхгүй, алга болсон гэсэн үгийг үнэн зөв гэж үзэн Б.А- түүний өмгөөлөгч нарын 30 сая төгрөгийн бараа тоолж авсан гэсэн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж байгаад гомдолтой байна. Иймд баримтын дагуу мэйлд үзлэг хийж үнэн зөвийг тогтоолгох хүсэлтэй байна. Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн ковид-19 өвчний хүндрэлээс улбаалан өнөөдрийг хүртэл хугацаанд эмчийн хяналтанд байдаг. Тухайн үед биеийн байдал дээрдэхгүй байсан тул лангуугаа түрээслүүлэхээр шийдвэрлэж Б.А-, Х.Е- нарт итгэж, гэрээ хийж хүлээлгэн өгсөн юм. Одоогоор миний биеийн байдал сайжирч өнгөрсөн нөхцөл байдал бичиг баримттай танилцаж байхад Х.Е-, Б.А- нар нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт 60 гаруй сая төгрөг залилуулсан хэмээн гомдол гаргасан тухай хавтаст хэрэгт бий. Энэ нь ямар нэгэн үндэслэл, баримт, үйлдэл байхгүй тул хэрэгсэхгүй болсон. Үүний дараа миний эхнэр И.О-гийн нэр дээр биш Д.М-, “Б-” ХХК-д 20,500,000 төгрөг болгож нэхэмжилсэн байна. Харин ч энэ байдлаас болоод 2022 оноос хойш миний босгосон бизнес Х.Е-, Б.А- нарын гүтгэлэг, дарамт зэргээс болж дампуурахад бас нөлөөлсөн. Нотлох баримтын эх хувийг гаргуулах, тухайн мэйл судлах нь үнэн зөвийг тогтооход маш чухал юм. Иргэн хүний хувьд би маш их гомдолтой байна гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр энэ хэрэгт иргэний хэрэг үүсгэж, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаан болж шүүхийн шийдвэр гарсан. 9 сарын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хариуцагч талаас бүхий л нотлох баримтаа гаргаж өгөх боломжтой байсан. Мэйлээр баримт хүргүүлсэн боловч хүлээж аваагүй, эрүүл мэндийн шалтгаантай байсан гэх тайлбар гаргаж байгаа боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн аль зүйл, заалтыг ноцтой зөрчиж, ямар хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг огт тайлбарлаагүй. Зөвхөн хэрэг доторх үйл баримтыг ярьсан учраас гомдол хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа хуульд заасан хугацааны дагуу нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан ба 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр албадан гүйцэтгэх хуудас гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

            2.Нэхэмжлэгч Х.Е- нь хариуцагч “Б-” ХХК, Д.М- нарт холбогдуулан 20,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            3.Хариуцагч “Б-” ХХК нь нэхэмжлэгч Х.Е-тэй 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Х.Е- нь Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Нүхтийн 19-319 тоот, Зөгий худалдааны төвд, архи, тамхи, ус ундаа худалдаалах тусгай зөвшөөрөл бүхий, 50 м.кв талбайтай лангууг барааны хамтаар эхний 3 сар 3,000,000 төгрөг, цаашид 5,000,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, түрээсийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 117-118-р тал/

 

3.а.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4.Нэхэмжлэгч Х.Е- нь хариуцагч “Б-” ХХК-аас Хамаг Монгол ХХК-д төлсөн барааны өр 192,000 төгрөг, силвер мент кент тамхины өр 343,000 төгрөг, эссэ тамхины өр 1,244,000 төгрөг, Идэрээд зарсан падааны 334,900 төгрөг, дирол бохины өр 345,240 төгрөг,

“Спирт бал бурам” ХХК-д төлсөн барааны төлбөр 3,326,000 төгрөг, “Апу трейдинг” ХХК-д төлсөн барааны төлбөр 4,570,000 төгрөг, “Апу трейдинг” ХХК-ийн худалдааны төлөөлөгчийн данс руу шилжүүлсэн 5,050,000 төгрөг, шинэ жилийн барааны үнэ 91,000 төгрөг нийт 15,496,140 төгрөг,

хариуцагч Д.М-өөс пос машины залгуур 30,000 төгрөг, лангуугаас авсан архи, пиво, ундааны мөнгө 159,500 төгрөг, кувшин, ус берри жүүсний үнэ 9,500 төгрөг, касснаас бэлэн авсан 590,000 төгрөг, данс руу нь шилжүүлсэн 790,000 төгрөг, Банк бус санхүүгийн байгууллагаас нэхэмжлэгчийн нэрээр авахуулсан зээлийн төлбөр 3,300,000 төгрөг, нотариатын төлбөр 15,000 төгрөг, архи, ундааны төлбөр 39,500 төгрөг, Буянаад өгсөн барааны үнэ 12,500 төгрөг, нийт 4,496,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан байна.

 

4.а.Хариуцагч “Б-” ХХК, Д.М- нар нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа нэхэмжлэлээр шаардаж буй нийт 18 төрлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан боловч барааны үнийн зөрүү болон түрээсийн төлбөрөөс хасаж тооцсон гэх агуулгаар татгалзлаа илэрхийлжээ. /хх-ийн 42-43, 45-р тал/.

 

4.б.Түрээсийн зүйл болох лангууг анх хүлээлцэхэд хэдэн төгрөгийн бараа байсан талаар талууд харилцан өөр тайлбар гаргасан. Тодруулбал, нэхэмжлэгч Х.Е- нь анх 30,000,000 төгрөгийн барааг хүлээн авч, үнийг төлсөн гэсэн бол хариуцагч “Б-” ХХК нь “нэхэмжлэгч Х.Е-өд анх 47,000,000 төгрөгийн барааг хүлээлгэн өгч, 30,000,000 төгрөг авсан, нэхэмжлэлээр шаардаж буй төлбөрүүд нь барааны үнийн зөрүү болох 17,000,000 төгрөгт тооцогдсон” гэж тайлбарласан.

 

            4.в.Хэргийн 98 дугаар талд “түрээслэгч Ерөөлтийн нэхэмжлэлийн хариу тайлбар тооцооны задаргаа” гэх баримт авагдсан бөгөөд тус баримтад нэхэмжлэлээр шаардсан нийт 18 төрлийн төлбөрийг жагсаан бичиж “тайлбар” хэсэгт түрээсийн үлдэгдэл болон тооллогын үлдэгдлээс хасаж тооцсон гэж тэмдэглэн, “Б-” ХХК-ийн захирал С.Д-, тус компанийн үйл ажиллагаа хариуцсан менежер буюу хариуцагч Д.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.О- нар гарын үсгээ зурсан байна.

 

            4.г.Хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбарын агуулга болон дээрх тооцооны задаргаанаас үзвэл нэхэмжлэлээр шаардсан нийт 18 төрлийн төлбөртэй холбоотой өглөг, авлагын асуудлыг хариуцагч нар үгүйсгээгүй. Харин түрээсийн төлбөр болон анх хүлээлцсэн барааны үлдэгдэл төлбөрт харилцан тооцсон эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

4.д.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч шаардлага, татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй. Хариуцагч “Б-” ХХК, Д.М- нарын хувьд нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ дээрх хуульд зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

4.е.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэж, хариуцагч “Б-” ХХК-аас 15,496,140 төгрөг, хариуцагч Д.М-өөс 3,447,630 төгрөг, нийт 18,943,770 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Е-өд олгож, нэхэмжлэлээс 1,556,230 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

4.ё.Харин анхан шатны шүүх хариуцагч “Б-” ХХК-аас 15,496,140 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Е-өд олгож шийдвэрлэхдээ түрээсийн гэрээний үүрэг болон гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой хохирлын талаар зохицуулсан Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байна.

 

Учир нь нэхэмжлэгч Х.Е- нь хариуцагч “Б-” ХХК-аас гэрээний үүрэг болон хохирол нэхэмжлээгүй, харин тус компанийн бусдад төлөх өр төлбөрийг төлсөн гэх үндэслээр хариуцагч компаниас 15,496,140 төгрөг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасан. Нэхэмжлэгч нь дээрх хуульд зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой тул энэ агуулгаар шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж заасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн 9 сар гаруй хугацаанд хариуцагч тал татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, мөн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргах зэргээр эрхээ хэрэгжүүлсэн гэх байдал тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэх агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.         

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/00928 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 ...” гэснийг “496 дугаар зүйлийн 496.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Б-” ХХК-аас төлсөн 231,923 төгрөг, хариуцагч Д.М-өөс төлсөн 70,112  төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЗОЛЗАЯА

 

                          ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААДОРЖ