Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 87

 

 

 

 

 

 

 

 

 2019        04          08                                             2019/ШЦТ/87

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Энхболд

Хохирогч Б.Нацагдорж

Шүүгдэгч Н.Б, Э.Г, М.А нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н.Б, Шарайд овогт Э.Г, Боржигон овогт М.А нарт холбогдох 1921000500051 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1976 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 3-10 насны 4 хүүхдийн хүүхдийн хамт амьдрах, .................................................... байранд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ......................... регистрийн дугаартай, Боржигон овогт Н.Б.      

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 3-21 насны 4 хүүхдийн хамт амьдрах, ....................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, .................. регистрийн дугаартай, Шарайд овогт Э.Г.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1979 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар, мөн Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл гэх, ........................ регистрийн дугаартай, Боржигон овогт М.А.

 

 Шүүгдэгч Н.Б нь Э.Г, М.А нартай хамтран 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүр” зах худалдааны төвийн хойд талын хаалганы үүднээс иргэн Б.Нацагдоржийн гээгдэл эд хөрөнгө болох 1890000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан,  

Шүүгдэгч Э.Г нь Н.Б, М.А нартай хамтран 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүр” зах худалдааны төвийн хойд талын хаалганы үүднээс иргэн Б.Нацагдоржийн гээгдэл эд хөрөнгө болох 1890000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан,

 

Шүүгдэгч М.А нь Э.Г, Н.Б нартай хамтран 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүр” зах худалдааны төвийн хойд талын хаалганы үүднээс иргэн Б.Нацагдоржийн гээгдэл эд хөрөнгө болох 1890000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж хэлэх зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж хэлэх зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж хэлэх зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... ” гэв.

Хохирогч Б.Нацагдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би  2018 оны 12 дугаар сарын 17-ны орой Улаанбаатар хот явах гэж байхдаа махны  захын Дашка ахад 1900000 төгрөгөө хадгалуулсан байсан. Тэр мөнгө аваад явж байхад миний дээлний бүс сулараад байсан. Дээлний бүсээ чангалаад эргэх хооронд мөнгө байхгүй байсан. Тэгээд намайг явж байхад М.А, дээвэр Төрөө гэдэг хүн чиний мөнгийг аваад СМУ-гийн 20 дугаар байранд очсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүний очсон газарт нь очиж тэр хүнтэй уулзсан. Одоо М.Аээс 500000 төгрөг болон нэмж энэ гурваас замын зардлын нэг удаа явахдаа 200000 төгрөг гэж тооцоод 4 удаа явсан  800000 төгрөг, нийт 1300000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

-Гэрч Д.Бадамхандын мэдүүлэг /хх-ийн 30-31/

-Гэрч Н.Ичинхорлоогийн мэдүүлэг /хх-ийн 32-33/

-Гэрч А.Ариунцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 34-35/

-Шүүгдэгч Н.Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн45-46/

-Шүүгдэгч Э.Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49/

-Шүүгдэгч М.Аийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54-55/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Н.Б, Э.Г, М.А  нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүр” зах худалдааны төвийн хойд талын хаалганы үүднээс хохирогч Б.Нацагдоржийн өмчлөлийн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 1890000 /нэг сая найман зуун ерөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэрлэн сумын 6 дугаар баг “Шүр” захын хойно М.А, Э.Г нартай таараад захын хойд талын хаалгаар гурвуулаа дотогш орох гэж явахад хаалганы үүдэнд гялгар ууттай зүйл харагдсан, тонгойгоод үзэхэд дотор нь мөнгө байхаар нь би аваад куртканыхаа дотор талд хийж М.А, Э.Г нарт мөнгө олчихлоо гэж хэлсэн. ...М.А нэгэнт олсон юм чинь гурвуулаа хуваагаад авъя гэж хэлсэн. Мөн Э.Г тэгж хэлж байсан. ...Тусдаа 2 боодолтой мөнгө байсан бөгөөд 1 боодолтой нь яг нэг сая төгрөг байсныг М.А, Э.Г нар ...500, 500 мянгаар хувааж авсан, харин нөгөө боодолтой мөнгө нь 800 гаран мянган төгрөг байсныг би авсан гэх мэдүүлэг /хх-ийн 46/, шүүгдэгч Э.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Н.Б, М.А нартай хамт явж байгаад захын хойд талын хаалганы тэндээс Н.Б гялгар ууттай мөнгө олсон. Тэгээд уг мөнгийг бид нар хувааж авсан. Би тэр мөнгөнөөс 500000 төгрөг авсан. М.А мөн 500000 төгрөг авсан. Үлдсэн мөнгийг Н.Б өөрөө авсан ... “гэх мэдүүлэг /хх-ийн 49/,  шүүгдэгч М.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хэрлэн сумын 6 дугаар баг “Шүр” зах дээр явж байгаад Н.Б, Э.Г нартай захын хойд талын хаалганы тэнд явж байхад Н.Б газраас гялгар уутанд боосон мөнгө олсон. Тэгээд тэндээсээ захын зүүн талын улаан тоосгон дэлгүүрийн тэнд очоод Н.Б мөнгийг гаргаж тоолсон. 1 сая найман зуун мянга гаран төгрөг байсан гэж байсан. ...Тэгээд Э.Гт 500000 төгрөг, надад 500000 төгрөг тус тус өгөөд өөрөө үлдсэн мөнгийг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52/, түүнийг давхар нотолсон хохирогч Б.Нацагдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн орчим “Шүр” зах дээр өөрийн 1900000 төгрөг хадгалуулсан Цэрэндулам гэгч хуурай эгчээс хадгалуулсан мөнгөө авах гээд очсон юм. ...Мөнгөө хадгалуулсан гээд би Цэрэндулам эгчид 10000 төгрөг өгөөд 1890000 төгрөгийг аваад “Шүр” захын хойд талын хаалгаар гарч явж байхдаа миний дээлний бүс суларч энгэрийн хармаанд байсан 1890000 төгрөгөө хаяж гээсэн юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь хамтран гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан, гэмт халдлагыг хамтын хүчин чармайлтаар санаатайгаар үйлдсэн нь нотлогдож байх тул гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн хувьд бүлэглэн гүйцэтгэгчид гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Прокуророос зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзсэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн тул шүүгдэгч Н.Б. Э.Г, М.А нарыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас  бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг ялгамжтай оногдуулбал зохино.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

 

Хохирогч Б.Нацагдорж нь шүүх хуралдааны явцад унааны зардалд 369600 төгрөгийн 11 ширхэг баримтыг гаргаж өгсөн ба энэ баримтыг нэг бүрчлэн бодож тооцож хянаж үзэхэд 168000 төгрөгийн 5 ширхэг баримт давхардаж байх тул энэ мөнгийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн нэхэмжлэх үндэслэлтэй, нотлох баримтын шаардлага хангасан 6 ширхэг баримт буюу 201600 төгрөгийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн хуваахад нэг хүнд 67200 төгрөг оногдож байх ба энэ оногдсон мөнгийг шүүгдэгч Н.Б, Э.Г нараас, мөн шүүгдэгч М.А нь өөрийн авсан 500000 төгрөгийг төлж барагдуулаагүй тул энэ мөнгөн дээр унааны зардлаас оногдсон 67200 төгрөгийг нэмж нийт 567200 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Нацагдоржид олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогчид шүүгдэгч Н.Б нь 890000 төгрөг, шүүгдэгч Э.Г нь 500000 төгрөг өгсөн болохыг тус тус дурдаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч М.Аийн ...................... регистрийн дугаартай, шүүгдэгч Э.Гийн ..................... регистрийн дугаартай, шүүгдэгч Н.Бгийн .................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Шүүгдэгч М.А нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг удаа дараа зөрчиж, архи ууж эрүүлжигдсэн, дуудсан цагт ирэхгүй алга болж шүүхээс албадан ирүүлсэн, мөн тодорхой оршин суух хаяггүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Н.Б, Шарайд овогт Э.Г, Боржигон овогт М.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Б, шүүгдэгч Э.Г нарыг тус бүр  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч М.Аийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н.Б, Э.Г нарын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,  мөн шүүгдэгч М.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус шүүгдэгч нарт  анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид шүүгдэгч Н.Б нь 890000 төгрөг , шүүгдэгч Э.Г нь 500000 төгрөг өгсөн болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Аээс 567200 /таван зуун жаран долоон мянга хоёр зуу/  төгрөгийг, шүүгдэгч Э.Гоос 67200 /жаран долоон мянга хоёр зуу/ төгрөгийг, шүүгдэгч Н.Бгаас 67200 /жаран долоон мянга хоёр зуу/ төгрөг, нийт 701600 /долоон зуун нэг мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Нацагдоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас давхардсан унааны зардлын 168000 /нэг зуун жаран найман мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч М.Аийн ............ регистрийн дугаартай, шүүгдэгч Э.Гийн .............. регистрийн дугаартай, шүүгдэгч Н.Бгийн ................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Г, Н.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Аэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР