Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2016/00435

 

 

 

 

 

 

 

 

 

     2016 оны 08 сарын 16 өдөр

       Дугаар 182/ШШ2016/00435

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Б.Ж-гийн нэхэмжлэлтэй

      Хариуцагч:  БХТТӨААТҮГ-т холбогдох

     Ажилгүй байсан хугацааны олговорт 3.825.874 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийг сэргээлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015.11.13-ны өдөр БХТ-ийн захирлын Б/123 тоот тушаалаар ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан тул 2015.12.04-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 2016.01.27-ны өдрийн 101 /ШШ2016/01088 тоот шийдвэрээр намайг БХТТӨААТҮГ-ийн архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажил албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт хариуцагч БХТТӨААТҮГ-аас 2.662.617 төгрөгийг гаргуулж, хариуцагчид нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан. Миний бие ИХШХШТХ-ийн 120.1.1-т заасан хугацаа өнгөрснөөс хойш удаа дараа хариуцагчтай биечлэн уулзаж, хэдийд шүүхийн шийдвэр биелэгдэхийг асууж тодруулсан боловч, тухай бүрд нь “хариуцаж байгаа албан тушаалган байхгүй байна, манай байгууллагаас ажилд томилсон шийдвэр гаргах боломжгүй, орон тоо байхгүй” гэсэн тайлбар хэлж байсан тул 2016.03.22-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа хийгдэн, 2016.05.12-ны өдөр БХТ-ийн захирлын Б/37 тоот тушаалаар ажилдаа эргүүлэн томилогдсон юм.

Хэдийгээр тушаал гарч ажилд авсан боловч мииий өмнө нь ажиллаж байсан ажлын байранд ажиллах нөхцөл маань өмнө нь ажиллаж байсан нөхцлөөс дордуулсан байсан тул миний бие 2016.05.16-ны өдөр өөрийн санаачлагаар ажлаасаа гарах хүсэлтээ бичгээр гарган 2016.05.18-ны өдрийн Б/39 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Би ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа аван Нийгмийн даатгалаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу ажилгүй болсноо бүртгүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллагад хандсан боловч БХТТӨААТҮГ нь миний эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг 2016 оны 2 сараас хойш буюу шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилд авсан өдөр хүртэл буюу 2016.05.12-ны өдөр хүртэлх хугацаанд төлөөгүй байна гэдэг үндэслэлээр ажилгүйдлийн тэтгэмж авах эрх маань үүсэхгүй байна гэж тайлбарлан тэтгэмж авах эрх үүсгэхээс татгалзсан. БХТТӨААТҮГ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд “Ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасан заалтыг үгүйсгэн, надад шүүхийн шийдвэр гарнаас хойш ажилд эргүүлэн авсан хугацааны цалин хөлсийг олгохоос, мөн миний эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлөхөөс татгалзан миний хуульд заасан эрхийг минь ноцтой зөрчиж байгаа төдийгүй, Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудыг тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг тус тус зөрчсөн. Иймд миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-т зааснаар БХТТӨААТҮГ-аас 2016.01.27-ны өдрийн 101/ШШ2016/01088 тоот шийдвэр гарсан өдрөөс 2016.05.12-ны өдрийн Б/37 тоот “Ажилд авах тухай” тушаал гарсан өдөр хүртэл буюу ( 1-р сард 2 хоног, 2-р сард 21 хоног, 3-р сард 22 хоног, 4-р сард 21 хоног, 5-р сард 8 хоног) ажлын нийт 74 хоногийн цалин хөлс болох 3,825,874 төгрөг (нэг өдрийн дундаж цалин хөлсийг 101/ШШ2016/01088 тоот шийдвэрт бодсоны дагуу тооцов)-ийг гаргуулах, мөн 2016 оны 2, 3, 4, 5-р сарын төлөгдөөгүй нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийг сэргээхийг нийгмийн даатгалын байгууллагад даалгуулахыг хүсэж байна гэв.

 

          Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч БХТТӨААТҮГ-т холбогдуулж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2016.07.27-ны өдрөөс хойш ажилд орсон 2016.05.12-ныг өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 3.825.874 төгрөг гаргуулах, 2016 оны 2, 3, 4, 5-р сарын төлөгдөөгүй нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

             Нэхэмжлэгч Б.Жг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.27-ны өдрийн 1088 дугаартай шийдвэрээр архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон байх бөгөөд уг шийдвэрийг зохигчдын хэн аль нь давж заалдаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон, хариуцагч шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй шалтгаанаар нэхэмжлэгч 2016.04.11-ний өдөр дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасны үндсэн дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагджээ.

 

            Уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу хариуцагч БХТТӨААТҮГ-ын захирлын 2016.05.12-ны өдрийн Б/37 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Жг сорилт, лабораторийн архив, бичиг хэргийн ажилтнаар томилсон байх боловч нэхэмжлэгч Б.Ж өөрийн хүсэлтээр 2016.05.18-ны өдрийн Б/39 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

 

            Дээрх үйл баримт нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.27-ны өдрийн 1088 дугаартай шийдвэр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.11-ний өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2016.05.12-ны өдрийн Б/37 дугаартай ажилд авах тухай тушаал, 2016.05.18-ны өдрийн Б/39 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг баримтуудаар тогтоогдов.

 

            Хэдийгээр нэхэмжлэгч Б.Ж нь 2016.05.18-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн байх боловч хариуцагч БХТТӨААТҮГ нь нэхэмжлэгч Б.Жд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.27-ны өдрийн 1088 дугаартай шийдвэр гарснаас хойш 2016.05.12-ны өдөр түүнийг ажилд авах хугацаа хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдсон.

 

Тодруулбал нэхэмжлэгч Б.Жд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар шаардах эрх үүссэн байх бөгөөд нэхэмжлэлээ мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааны дотор гаргажээ.

 

Иймд хариуцагч БХТТӨААТҮГ-аас нэхэмжлэгч Б.Жгийн ажилгүй байсан хугацааны 74 хоногийн олговорт 3.825.874 төгрөг /1 сарын дундаж цалин хөлс 1088 дугаартай шийдвэрт дурдсан 1.111.587 төгрөг : 21.5 өдөр = 51.701 төгрөг * 74 өдөр/-ийг гаргуулж нэхэмжлэгч Б.Жд олгож, уг олговроос шимтгэл тооцон нэхэмжлэгч Б.Жгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч БХТТӨААТҮГ-т үүрэг болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцнэ. 

 

Нэхэмжлэгч Б.Ж нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөний дараа ажилгүйдлийн тэтгэмж авахаар харьяа нийгмийн даатгалын байгууллагадаа материалаа бүрдүүлж өгсөн байх боловч нийгмийн даатгалын байгууллагаас хариуцагч БХТТӨААТҮГ-ыг нэхэмжлэгч Б.Жгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй учир ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхгүй гэж материалыг буцааж амаар хариу өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдов.

 

            Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах … эрх үүснэ”,

 

5 дугаар зүйлд “ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

            Гэтэл хариуцагч БХТТӨААТҮГ нь нэхэмжлэгч Б.Жгийн ажилгүй байсан 2016 оны 2, 3, 4, 5-р сарын нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэрийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нөхөн төлөөгүйгээс нэхэмжлэгч Б.Жгийн Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасан ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхгүй болж, мөн хуулийн 2, 5 дахь заалтууд зөрчигдсөн байх тул нэхэмжлэгч Б.Жгийн ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийг сэргээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс хариуцагчийн төлөөлөгч Н.Б-д нэхэмжлэлийг 2016.07.01-ний өдөр гардуулж, зохигчийн эрх, үүргийг, мөн 2016.07.15-ны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон холбогдох нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд ирүүлэх үүрэгтэйг танилцуулсан байх боловч хариуцагч талаас тайлбар болон нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4‑т “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно”, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасны дагуу хариуцагч БХТТӨААТҮГ-ын нэхэмжлэгч Б.Жгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч тал хэргийн материал танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шүүхээс ямар нэгэн байдлаар саад болоогүй, эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм. 

 

            Шүүхээс хариуцагч байгууллагын оршин байрлах хаягаар хурлын товыг хүргэсэн байх ба 2016.08.10-ны өдөр Булган гэх хүн мэдэгдэх хуудсыг хүлээн авсныг хариуцагч байгууллагыг шүүх хуралдааны товыг мэдсэн гэж үзнэ.

 

            Харин хариуцагч байгууллага шүүх хуралдааны товыг мэдсэн байх боловч түүний төлөөлөгч Н.Байгальмаа нь шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон бусад нотлох баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагч тал шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүйг дурдаж байна.

 

            Нэхэмжлэгч Б.Жгийн гаргасан дээрх гомдол нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал 216.564 төгрөг төлсөн, уг мөнгөнөөс түүний гаргасан ажилгүйдлийн тэтгэмж авах эрх сэргээлгэх тухай шаардлагад 70.200 төгрөгийг тооцон суутгаж, илүү төлсөн 146.364 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Жд олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1, 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

             1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч БХТТӨААТҮГ-аас 3.825.874 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Жд олгосугай.

 

   2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Жгийн дээрх олговроос шимтгэл тооцож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч БХТТӨААТҮГ-т үүрэг болгосугай.

 

   3.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Жгийн ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийг сэргээсүгэй.

 

 4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Жгийн гомдол нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 216.564 төгрөгөөс төлбөл зохих 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 146.364 төгрөгийг нэхэмжлэгч Б.Жд буцаан олгож, хариуцагч БХТТӨААТҮГ-ээс 76.164 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

   5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Т.ЭНХТУЯА