Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00826

 

 

“Х-” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2024/00523 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х-” ХК-ийн хариуцагч “Н-” ХХК, З-, Х.Ж-н, Н.Х-, Д.И-, Х.Э- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 378,958,029 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаантай хэргийг хариуцагч Х.Э-, Н.Х-, Д.И- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагч Х.Э-, Н.Х-, Д.И- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Зээлдэгч “Н-” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 400,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө бүрдүүлэх зориулалтаар үндсэн хүү жилийн 13 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Банк зээлийн гэрээнд заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Н-” ХХК-ийн дансанд 400,000,000 төгрөгийг шилжүүлэн гэрээний үүргээ биелүүлсэн. Гэрээнд заасны дагуу үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй. Иргэн Х.Ж-н нь Х-тай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр баталгааны гэрээ байгуулан, “Н-” ХХК-ийн зээлд баталгаа гаргасан. Зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөр төлөлт хийгээгүйгээс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл, 338,495,072 төгрөг, хүү 105,352,546 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,703,178 төгрөг, нотариатын зардал 31,000 төгрөг, нийт 463,581,798 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр З-гаас үндсэн зээлийн төлбөрт 84,623,768.21 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг 378,958,029 төгрөг болгон З-гаас татгалзсан. Хариуцагч Н.Х-, Д.И-, Х.Э- нар нь барьцаа хөрөнгө болох 3 өрөө орон сууцны өмчлөгч юм. Иймд хариуцагч “Н-” ХХК, Х.Ж-н нараас 378,958,029 төгрөг гаргуулах, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр барьцаалсан 2 ширхэг үйлдвэрийн зориулалттай барилга, 3,570 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, мөн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгө болон Х-ны харилцах дансны орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч “Н-” ХХК, Х.Ж-н нарын тайлбар, татгалзлын агуулга: З-гийн гуравласан гэрээгээр үндсэн зээлийн 50 хувийг гаргаж өгөх байтал 25 хувь буюу 84,623,768 төгрөгийг өгсөн байхад батлан даалтын сангаас татгалзсаныг ойлгохгүй байна. Хоёрдугаарт зээлийн гэрээний үүргийг хангаж чадаагүй нь цар тахлын улмаас хугацаа алдсан. Мөнгөн дүн тодорхой бус байгаа асуудлын хүрээнд маргаж байна. 84,623,768 төгрөгийг үндсэн зээлээс хасаж байна уу, хүү алдангиас хассан уу гэдгийг тодорхой болгох нь зүйтэй байна. Нэхэмжилж байгаа үнийн дүн тодорхой бус учраас хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

2.а. Хариуцагч Н.Х-, Д.И-, Х.Э- нарын тайлбар, татгалзалын агуулга: Бид зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг авч байгаагүй, бидний өмчлөлийн орон сууцны барьцаалсан үнийн дүн болох 78,000,000 төгрөгийг хугацаа авч төлөөд байраа барьцаанаас суллуулж авах талаар нэхэмжлэгч банктай тохиролцох хүсэлтэй байна. Мөн хариуцагч “Н-” ХХК, Жамсран нарын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүрэлцээтэй болно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н-” ХХК, Х.Ж-н нараас 378,958,029 /гурван зуун далан найман сая есөн зуун тавин найман мянга хорин ес/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч “Н-” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-20101006548 дугаартай, Баянгол дүүргийн 20-р хороо, Ажилчны гудамж, 40, 40/2 тоот хаягт байрлалтай 72 м.кв, 432 м.кв талбайтай 2 ширхэг үйлдвэрийн зориулалттай барилга, нэгж талбарын 168021/0190 дугаартай, 0003167558 дугаартай гэрчилгээ бүхий 3570 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, хариуцагч Н.Х-, Д.И-, Х.Э- нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201004188 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 дугаар байр, 5 тоот, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц албадан худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х-” ХХК нь нэхэмжлэлийн З-д холбогдох шаардлагаасаа татгалзан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,546,058 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Н-” ХХК, Х.Ж-н нараас 2,546,058 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч Н.Х-, Д.И-, Х.Э- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: “… Бидний зүгээс Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 дугаар байр, 5 тоот орон сууцны өмчлөгч нар бөгөөд энэ зээлийн гэрээнд ямар ч оролцоогүй, зээлээс нь мөнгө аваагүй. Энэ байрыг барьцаалсан үнэлгээ болох 78,000,000 төгрөгийг нь бид төлөөд байраа барьцаанаас суллаж авъя гэдэг хүсэлтийг тавьсан боловч нэхэмжлэгч болоод шүүгч хүлээж аваагүйд гомдолтой байна. Тус банкнаас зээл авсан “Н-” ХХК-ий өөрийн барьцаа хөрөнгийн үнэлгээ нь зээлийн үлдэгдэл дүнд нь хангалттай хүрэлцэхээр байгаад зээлийн тодорхой хэсгийг нь буюу 78,000,000 төгрөгийг нь бид төлье гэж байхад эцэг эхийн маань гал голомтыг хуулиар далайлган, төрийн механизмаар банкинд үнэ бууруулан өгөхөөр шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Давж заалдах гомдол үндэслэлгүй. Манайх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан. 74,000,000 төгрөг төлөх нь дараагийн асуудал гэжээ.

ХЯНАВАЛ:

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч “Х-” ХК нь хариуцагч “Н-” ХХК, З-, Х.Ж-н, Н.Х-, Д.И-, Х.Э- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 378,958,029 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З-д холбогдох шаардлагаасаа татгалзсан байна.

 

3.Нэхэмжлэгч “Х-” ХК нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч “Н-” ХХК /захирал Х.Ж-н/-тай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 400,000,000 төгрөгийг, жилийн 13 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 400,000,000 төгрөгийг хариуцагч “Н-” ХХК-ийн дансанд шилжүүлсэн болох нь зээлийн гэрээ, талуудын тайлбар, дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 9-11, 29-р тал/

 

3.а.Мөн өдөр нэхэмжлэгч “Х-” ХК нь хариуцагч “Н-” ХХК, Н.Х-, Д.И-, Х.Э- нартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, хариуцагч З-тай батлан даалтын гурвалсан гэрээ, хариуцагч Х.Ж-нтай баталгааны гэрээг тус тус байгуулж, хариуцагч “Н-” ХХК-ийн өмчлөлийн, үйлдвэрийн зориулалттай 2 ширхэг барилга, 3,570 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, хариуцагч Н.Х-, Д.И-, Х.Э- нарын өмчлөлийн 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан бөгөөд нэхэмжлэгч “Х-” ХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан тул энэ хүрээнд дүгнэлт өгнө. /хх-ийн 12-25-р тал/

 

3.б.Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасанд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн байна.

 

3.в.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.2, 3.4-т хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг, хэмжээний талаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч “Х-” ХК нь хууль буюу гэрээнд зааснаар зээлийн төлбөрийг зээлдэгчээс шаардах эрхтэй.

 

3.г.2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 338,495,072 төгрөг, хүү 105,352,546 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,703,178 төгрөг, нийт 463,550,798 төгрөгийн үүрэг зээлдэгчид үүссэн болох нь зээлийн тооцооллын баримтаар тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийг багасгаж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 378,958,029 төгрөгийг зээлдэгчээс шаардсан ба анхан шатны шүүх нэхэмжлэлийг энэ хэмжээгээр хангаж, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцсэн, шийдвэрийн энэ хэсэгт хариуцагч “Н-” ХХК болон Х.Ж-н нар гомдол гаргаагүй болно.

 

3.д.Харин анхан шатны шүүх хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй, мөн барьцаа хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаар болон газрын нэгж талбарын дугаар, гэрчилгээний дугаар зэргийг буруу бичсэн алдаа гаргасныг залруулах шаардлагатай.

 

3.е.Хариуцагч Х.Э-, Н.Х-, Д.И- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан үнэлгээ болох 78,000,000 төгрөгийг төлж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүйд гомдолтой.” гэжээ. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.4 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгийн ипотекоор хангагдахаар байвал үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг тухайн шаардлагыг бүхэлд нь хангахад ашиглах бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч шаардлагаа хангуулахдаа аль нэгэн үл хөдлөх эд хөрөнгийг сонгож болно”. гэж заасан тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэсэгчлэн төлүүлэх байдлаар барьцааны эрхийг дуусгавар болгох боломжгүй. Иймд энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Х.Э-, Н.Х-, Д.И- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2024/00523 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтаас “... 234 дүгээр зүйлийн 234.4,...” гэснийг хасаж, “... 451.1 ...” гэсний дараа “452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1” гэж нэмж,

2 дахь заалтын “... Ү-20101006548 ...” гэснийг “Ү-2205020886” гэж, “... 168021/0190 ...” гэснийг “8021/0190” гэж,  “ ... 0003167558 ...” гэснийг “0229680” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                         ШҮҮГЧ                                       Э.ЭНЭБИШ

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ