Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00868

 

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/00374 дугаар шийдвэртэй, 

нэхэмжлэгч Б.Г-ын

хариуцагч “Т-” ХХК-д холбогдуулан гаргасан

гэрээнээс татгалзаж, 79,163,420 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “Э-” ХХК, “Д- ХХК-ууд нь хамтран “Т-” ХХК-д барилгын материал нийлүүлж, төлбөртөө орон сууц авахаар тохиролцсон байсан. Миний бие “Э-” ХХК-ийн ерөнхий менежер Б.Э-д орон сууцны үнэ болох 54,000,000 төгрөгийг төлж, “Т-” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэвч хариуцагч нь орон сууцыг шилжүүлээгүй, өөр этгээдэд худалдсан байх тул гэрээнд заасан үнэ болох 76,015,000 төгрөг, зээлийн хүү 3,148,420 төгрөг, нийт 79,163,420 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нь “Д- ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр барилгын материал худалдах гэрээ байгуулж, төлбөрийг орон сууцаар төлөхөөр тохиролцсон. “Д- ХХК-ийн хүсэлтийн дагуу нэхэмжлэгч Б.Г-той орон сууц захиалгын гэрээ байгуулсан боловч “Д- ХХК нь гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй, гэрээнд заасны дагуу бараа материалыг нийлүүлээгүй. Мөн нэхэмжлэгч Б.Г- нь орон сууцны үнийг манай компанид төлөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Маргаан бүхий орон сууцыг Б.Б- гэх иргэнд худалдаж төлбөр тооцоо дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар “Т-” ХХК-аас 76,015,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,148,420 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 624,267 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т-” ХХК-аас 538,025 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-од олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх талаар “Т-” ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Б.Б-тэй “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, тус гэрээний дагуу 607 тоот 32,6 м.кв талбайтай орон сууцыг 32,600,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Нэг орон сууцыг хэд хэдэн этгээдэд давхардуулан худалдан борлуулах нь үндэслэлгүй, гэрээ байгуулсан этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл байх бөгөөд “Т-” ХХК-ийн хувьд компанийн засаглалд өөрчлөлт орсон, гүйцэтгэх удирдлага солигдох үед ажлыг дутуу хүлээлцсэн нөхцөл байдлын улмаас орон сууцны гэрээг давхардуулсан буруутай үйл ажиллагаа явуулснаа хүлээн зөвшөөрдөг. “Т-” ХХК нь гэрээнд дурдагдсан орон сууцыг 2 жилийн өмнө өөр этгээдэд худалдсан байх бөгөөд энэхүү үүрэг дуусгавар болоогүй цуцлагдаагүй байхад тухайн 607 тоот орон сууцыг Б.Г-од шилжүүлэн өгнө гэж хэлцэл хийж байгаа нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлд хамаарч байна. Анхан шатны шүүх хууль зөрчсөн хэлцэлд дүгнэлт хийгээгүй. “Т-” ХХК нь иргэн Б.Г-оос нэг ч төгрөгийн төлбөрийг бодитоор хүлээн аваагүй, талуудын хооронд байгуулагдсан орон сууцны захиалгын төлбөрийг бартераар төлөх үүрэг биелэгдээгүй байхад Б.Г-  нь Б.Э- гэх этгээдэд өгсөн 54,000,000 төгрөгөө, манай компаниас 76,015,000 төгрөг болгож авах нөхцөл байдал үүсэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4.а.”Д- ХХК-ийн хүсэлтээр иргэн Б.Г-той гэрээ байгуулсан нь үнэн бөгөөд бодитоор нэхэмжлэгч Б.Г-оос нэг ч төгрөгийн төлбөрийг хүлээн аваагүй болно. Нэхэмжлэгч Б.Г- үүрэг биелэгдэх боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай байсан. “Д- ХХК үүргээ гүйцэтгэж байж  захиалагчиин төлбөр төлөх үүрэг төлөгдсөнд тооцогдох талаар нэхэмжлэгч бүрэн ойлгож, мэдсэн гэж үзнэ. Гэтэл шүүхээс ажил гүйцэтгэх гэрээний төлбөр төлөх үүргийг нэхэмжлэгч нь төлөх үүрэггүй байна, ажил гүйцэтгэгч нь ажлын төлбөрөө гэрээний оролцогч бус этээдээс буюу “Д- ХХК-иас нэхэмжлэх эрх нь нээлттэй гэх дүгнэлтийг хийж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбарууд нь хэрхэн үгүйсгэгдэж, няцаагдаж буй талаар дүгнэлт хийхгүйгээр хэт нэг талыг барьсан, хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх нотлох баримтуудыг ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь дүгнэсэн. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 90 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ нь хүчин төгөлдөр. Тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.Болортунгалаг эрх хэмжээнийхээ хүрээнд хүчин төгөлдөр гэрээ байгуулсан. “Дэлгэр нагал хаан инвестмент” ХХК-аас “Т-” ХХК-д гадна пассатны хөөс буюу барилгын материалыг нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, төлбөрийн баримтуудаар нотлогддог. Анхан шатны шүүх “Дэлгэр нагал хаан инвестмент” ХХК-аас нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.  

            2.Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч “Т-” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, 79,163,420 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, уг шаардлагын үндэслэлээ “... “Э-” ХХК-ийн ерөнхий менежер Б.Э- нь “Д- ХХК-тай хамтран “Т-” ХХК-д барилгын материал нийлүүлж, төлбөртөө орон сууц авахаар тохиролцсон, миний бие орон сууцны үнэ болох 54,000,000 төгрөгийг Б.Э-д төлж, “Т-” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан боловч хариуцагч нь орон сууцыг өөр этгээдэд худалдсан байх тул гэрээнд заасан үнэ болох 76,015,000 төгрөг, зээлийн хүү 3,148,420 төгрөг, нийт 79,163,420 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэх агуулгаар тодорхойлсон.

 

            3.Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзвэл “Д- ХХК нь хариуцагч “Т-” ХХК-д бараа материал нийлүүлж, төлбөртөө орон сууц авахаар тохиролцсон байна. Улмаар “Д- ХХК нь дээрх орон сууцыг нэхэмжлэгч Б.Г-од худалдахаар тохиролцож, хариуцагч “Т-” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулах эрхийг нэхэмжлэгч Б.Г-од олгосон гэж үзэхээр байна.

 

3.а.Хариуцагч “Т-” ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... “Д- ХХК-ийн хүсэлтийн дагуу нэхэмжлэгч Б.Г-той орон сууц захиалгын гэрээ байгуулсан боловч тус компани нь гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй, гэрээнд заасны дагуу бараа материалыг нийлүүлээгүй, мөн нэхэмжлэгч Б.Г- нь орон сууцны үнийг манай компанид төлөөгүй” гэж тайлбарлажээ.

 

            3.б.Хэргийн 8-14 дүгээр талд нэхэмжлэгч Б.Г-, хариуцагч “Т-” ХХК-ийн хооронд 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээ авагдсан хэдий ч энэхүү гэрээ хэрэгжих үндэслэл болсон “Т-” ХХК, “Д- ХХК-ийн хооронд байгуулагдсан бараа материал нийлүүлэх гэрээний үүрэг дуусгавар болсон эсэхийг тодруулах шаардлагатай.

 

            3.в. Анхан шатны шүүх “Т-” ХХК нь “Д- ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй нөхцөл байдлыг анхаараагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн татгалзлыг нотолсон баримт хэрэгт хангалттай авагдаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/00374 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Т-” ХХК-аас төлсөн 538,025 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

              ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ