Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 95

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2019       04        15                                         2019/ШЦТ/95

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогч Ц.Мөнхтөр

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энгээ овогт Б.Бд холбогдох эрүүгийн 1921000240060 дугаартай хэргийг  2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1990 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ....................................... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ..................... регистрийн дугаартай, Энгээ овогт Б.Б.

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 21-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах “Ийст” рестораны гадна Ц.Мөнхтөртэй маргалдан улмаар зодож биед нь зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын цус хуралт, баруун доод 1, 2, 3-р шүднүүдийн сулрал, баруун бугалганы цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний урьд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

  Хохирогч Ц.Мөнхтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний хувьд хавтаст хэрэгтэй танилцсан ба болсон процесс хохирогчоор өгсөн мэдүүлэгт байгаа. Бат-Эрдэнийг хүн зодож байхад нь салгасан. Миний өмнө нь хохирогчоор өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйлгүй байна. Гол нь миний эрүүл мэнд яах вэ? гэдэг асуудлаар энэ хүүхэдтэй ярьсан. Эмчилгээний зардалд 3600000 төгрөг нэхэмжилж байгаа өөр хэлэх зүйл байхгүй” гэв.

 

Гэрч М.Одхүү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Уг арга хэмжээ орой 23 цагийн орчим тарсан бөгөөд би хувцас солих өрөөнд хувцсаа солиод гарч байтал үүдний зааланд манай найз Добумэргэнбаатар болон Б.Б гэх хоёр найз маань хоорондоо маргалдаад заамдалцаад зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хоёр дээр очоод та хоёр одоо боль “битгий муудалцаад бай” гэж хэлсэн. Тэр үед нэг эрэгтэй хүн манай найз Бат-Эрдэнийг салгаад өөдөөс нь түрээд гадагшаа аваад гарсан. Тэр үед би Добумэргэнбаатарыг дотор авч үлдээд битгий муудалц боль гээд тайвшруулсан. Тэгээд би Бат-Эрдэний араас нь гадагшаа гарсан бөгөөд тэр үед рестораны гадаа шатны доор нь Б.Б нэг эрэгтэй хүнтэй дээр доороо орчихсон хоёр биенийгээ зуурчихсан газар хэвтэж байсан. Б.Б тэр ахын дээр нь гараад суучихсан байсан. Тэгээд би Бат-Эрдэнийг хойноос нь татаж тэр хүний дээрээс нь босгосон. Тэр үед доор нь байсан хүн Б.Б рүү янз бүрийн хараалын үг хэлээд дайраад байсан. Тэгэхээр нь би Бат-Эрдэний урдуур нь орж тэр ахад “та согтуу байна” одоо боль гэж хэлээд тэр ахыг өөдөөс нь тэвэрч түлхээд нилээн удаан зогссон. Сүүлдээ тэр ах над руу дайраад намайг хэл амаар доромжлоод байсан. Тэр үед рестораны дотроос өөр хүмүүс гарч ирээд тэр хүнийг дотогшоо аваад орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

 

Гэрч Г.Ууганбилэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр үед Мөнхтөр гэх миний танил ах Добумэргэнбаатартай барьцалдаж байсан залууг салгаад гадагшаа аваад гарч байсан. Тэр үед би рестораны хоёр хаалганых нь голд ороод гадагшаа цонхоор харахад Мөнхтөр ахтай өндөр биетэй болон намхан биетэй хоёр залуу гадаа юм яриад зогсож байсан. Тэр үед Мөнхтөр ахын нүүрэнд нь намхан биетэй залуу нь цохиж байсан ба тэгэхэд Мөнхтөр ах газар унаж байсан. Тэгээд л би дотогшоо үүдний заал руу ороод Мөнхтөр ахыг гадаа хүн цохиод ойчуулчихлаа гэж тэнд байсан НАЗХ-ны зохион байгуулагч нарт хэлсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс гадагшаа гараад Мөнхтөрийг салгаж дотогшоо оруулсан бөгөөд тэр үед Мөнхтөртэй юм яриад зогсож байсан өндөр биетэй залуу нь Мөнхтөрийг цохиж унагаасан намхан биетэй залууг хойноос нь татаад цаашаа аваад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 54 тоот дүгнэлтэд: “1. Ц.Мөнхтөрийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын цус хуралт, баруун доод 1, 2, 3-р шүднүүдийн сулрал, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 44/

-Шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-53/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

      Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 21-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах “East palace” рестораны гадна хохирогч Ц.Мөнхтөртэй маргалдан улмаар түүнийг зодож биед нь зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын цус хуралт, баруун доод 1, 2, 3-р шүднүүдийн сулрал, баруун бугалганы цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Тэр үед намайг боож авч гарсан хүн Мөнхтөр гэх танил ах байсан. Тэгээд би Мөнхтөрд та яаж байгаа юм би тантай маргалдсан юм уу найзтайгаа маргалдаж байхад гэж хэлтэл Мөнхтөр намайг гараараа цохих гээд далайсан. Тэгэхээр нь би гарнаас нь бултаад цээжээр нь тэврээд шатаар доошоо өнхөрч унасан. Газар унаад зогсохдоо би Мөнхтөрийн дээр нь гарч тогтсон. Тэр үед Мөнхтөр доороос маань миний бэлэг эрхтэн орчимд хөлөөрөө өвдөглөсөн. Тэгэхээр нь би зөрүүлж Мөнхтөрийн нүүрэнд 2 удаа цохисон...“ гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/, түүнийг давхар нотолсон хохирогч Ц.Мөнхтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед уг согтуу залуу миний нүүр рүү зангидсан гараараа цохисон. Би тэр үед шатны уруу өнхөрч унасан. Намайг газар унаад байж байх үед тэр согтуу залуу ирээд миний нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/, гэрч Г.Ууганбилэгийн мэдүүлэг /хх-ийн 34-35/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 54 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Хохирогч Ц.Мөнхтөрийн эрүүл мэндэд учирсан “зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын цус хуралт, баруун доод 1, 2, 3-р шүднүүдийн сулрал, баруун бугалганы цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл /хохирол/ нь шүүгдэгч Б.Бийн хохирогч Ц.Мөнхтөрийн нүүр рүү нь санаатайгаар цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүхэс шүүгдэгчийн гэм бурууг нотолсон, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

 

Хохирогч Ц.Мөнхтөр нь шүүгдэгч Б.Бэс эмчилгээний зардалд 3600000 төгрөгийг нэхэмжилж байх боловч энэ нэхэмжлэлийн талаархи нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хохирогчийн дээрх нэхэмжилж байгаа мөнгийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна. Харин  хохирогч энэ нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагын талаархи холбогдох баримтаа бүрдүүлэн тусад нь иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Бийн ..................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч Энгээ овогт Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Ц.Мөнхтөр нь 3600000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогчид мэдэгдсүгэй.

 

6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Б.Бийн ..................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                          

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР