Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 00143

 

 

 

 

 

 

 

 

М.Мэндбаярын нэхэмжлэлтэй,

хариуцагч Төрийн банкны Орхон салбарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар :

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 846 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : М.Мэндбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч : Төрийн банкны Орхон салбарт холбогдох,

 

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батмөнх-Очирын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батмөнх-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Мэндбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Мижиддоржовогтой Мэндбаяр миний бие 2000 онд Монгол Улсын их сургуулийн харъяа Эдийн засгийн сургуулийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжпээр төгсөж, 1993-1996 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д Кассын нярав, 2011-2013 онд Хадгаламж банкны Орхон салбарт Борлуулалт үйлчилгээний мэргэжилтний ажил, албан тушаалыг эрхэлж байсан.

Улмаар ажилтан М.Мэндбаяр намайг Төрийн банкны Орхон салбарын захирлын 2015 оны 03 дугаар сарын 24 ний өдрийн 81 тоот "Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 1.4, 40.1.5 дахь заалтуудыг үндэслэн “ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, шат дараалсан хяналт хийгдээгүй, зээлийн ажилтнууд хий орлогын гүйлгээ хаасан, эрхийн хэмжээг хэтрүүлэн барьцаалбар хөрөнгө хангаагүй, үйлдээгүй зээл олгосон, ёс зүйн дүрмийг санаатай зөрчин харилцагчтай санхүүгийн харьцаанд орсон. зээлдэгч өөрийн биеэр ирээгүй байхад 16 сая төгрөгний зээлийг хаалгаж дахин 9 минутын дараа харилцагчийн нэр дээр 18 сая төгрөгний зээлийг гарган зөрүү 1,872,500 төгрөгийг хувьдаа авч ашигласан. өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр 764.300 төгргийн тэтгэвэрийн нэмэлт зээлийг зээлдэгч өөрөө банкинд ирээгүй байхад гэрээгүйгээр гаргэж гэрээ нөхөж хийсэн гэх хууль бус үндэслэлээр ажлаас халлаа.

Тэгвэл ажилтан М.Мэндбаяр би Төрийн банкны Орхон салбарын харъяа Зэст тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулаагүй. бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах үйлдэл гаргаж байгаагүй, ажил олгогч Төрийн банкны эрх, ашиг сонирхолд нь нөлөөлхүйц сөрөг үр дагавар буй болгож байгаагүй болно

Төрийн банкны Орхон салбарын харъяа Зэст тооцооны төвийн захирлын ажлын байрны зорилт нь “Тухайн тооцооны төвийн орон нутгийн банк, санхүүгийн зах зээлд чанартай зээл багц бүрдүүлэх. зээлийн эрсдэлийг бууруулах. сайн харилцагч татаж багцыг тогтмол өсгөх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн зээлийн үйл ажиллагааг явуулах зорилготой юм Зээлийн бодлого журмыг баримтлан үйл ажиллагаандаа чанд мөрдөн ажиллах, Зээлийн эрсдлийг урьдчилан тооцож түүнээс хамгаалах арга замыг тодорхойлох. зээлийн чанартай багц бүрдүүлэх, тооцооны төвийн өдөр тутмын хэвийн ажиллагааг хангахтай холбоотой гэрээний биелэлт, төлбөр тооцоонд хяналт тавих. биөлэлтийг дүгнэх. сунгах зэрэгажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүрэг, хариуцлагыг хүлээн ажилладаг.

Дээр дурдсан тооцооны төвийн захирлын ажлын байрны зорилт үндсэн үүрэг. хариуцлага зэргийг Улсын дээд шүүхийн тайлбартай харьцуулан үзэхэд тооцооны төвийн захирал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40дүгээр зүйлийн 40.1,5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажиптан гэдэгт хамаарахгүй болох нь харагдаж байна.

Ажилтан миний бие хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зорчил гаргаагүй мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан биш байхад ажил олгогч Хөдөлмерийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ажлаас хууль бусаар халсныг хүлээн зөвшөөрөхгүй байх тул зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар танай шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Төрийн банкны Орхон аймаг дахь салбарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.Үүнд:

1.Төрийн банкны Орхон салбарын захиралын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 81 тоот “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачипгаар цуцлах тухай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах:

2.Урьд эрхэлж байсан Орхон салбарын Зэст тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах:

3.Нийгмийн болон эрүүл мэндийн даатггапын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогч Төрийн банкны Орхон салбарт даалгуулах гэжээ.

Хариуцагч Төрийн банк шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн Мижиддорж овогтой Мэндбаяр нь Төрийн банкны Орхон салбарт холбогдуулан Төрийн банкны Орхон салбарын захирлын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 81 тоот "Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах” тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эргэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.Мэндбаярыг ажлаас халсан шалтгаан: Төрийн банкны хяналт шалгалтын газраас Гүйцэтгэх захиралын баталсан удирдамжийн дагуу 2014-11-24-нөөс 2015-2-06-ны өдөр хүртэл хугацаанд Орхон салбар түүний харьяа Зэст тооцооны төв хамрагдсан.

Тухайн шалгалтаар Зэст тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан М.Мэндбаярын гаргасан зөрчлүүд нь шалгалтаар тогтоогдсон. Үүнд:

Ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, тооцооны төвийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг шалгахад, цалин бодолт зөрүүтэй хийдэг, харилцагчаар гүйлгээний баримтанд гарын үсэг зуруулалгүй гүйлгээ хийдэг, дотоодын зардлын данснаас зарлага гаргахдаа шаардах хуудасгүй, удирдах ажилтнаар цохолтгүйгээр гүйлгээ хийсэн зэрэг зөрчлүүдэд шат дараалсан хяналтыг хэрэгжүүлээгүй, мөн шууд удирдлага доорх ажилтнууд нь шалгалт хамрах хугацаанд 34 зээлдэгчийн дансанд нийт 225,414,050 төгрөгийн хий орлогын гүйлгээ хийн хадгаламж барьцаалсан зээлийн үлдэгдлийг хааж нэмэгдүүлсэн дүгнээр зээл олгон зөрүү мөнгийг харилцагчид олгох замаар касс дахь бэлэн мөнгөний бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан ноцтой зөрчил гаргасан, шууд удирдлага доорх харилцааны менежерүүдэд тавих хяналтын тогтолцоо хангалтгүй байснаар тооцооны төвийн зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн зээл олгодог, барьцаа хөрөнгийн шаардлагыг хангуулдаггүй, ҮХХөрөнгө авсан боловч барьцаалбар үйлдээгүй, журмаар заасан тухайлсан бүтээгдэхүүний дээд хэмжээг хэтрүүлэн зээл олгодог, бизнесийн зориулалттай зээлүүдэд ЗҮАжиллагааны журмын 19.4, 19.6 заалтуудын дагуу зориулалтын болон явцын хяналтыг тогтмол хийлгэх шаардлагыг хангалттай тавиагүйгээс нийт 9 зээлдэгчийн 52,159,502 төгрөгийн үлдэгдэл эрсдэх нөхцөлд бүрдсэн, мөн Активыг ангилах эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам”-ын дагуу зээлийн чанар болон хугацааны үзүүлэлтээр 9 зээлдэгчийн нийт 8,416,937 төгрөгийн үлдэгдэлтэй зээлд 2,259,309 төгрөгийн сан байгуулж ангилал бууруулах санал орсон.

Түүнчлэн харилцагч Т.Баясгаланг ятгах замаар хувийн хадгаламжийг нь ашиглан 2013.08.05-ны өдөр 16,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл гаргаж өөрөө авсан, улмаар 2013.08.25-ны өдөр тухайн зээлийг хаах зорилгоор харилцагч Т.Баясгаланг банкинд өөрийн биеэр ирээгүй байхад түүний нэр дээрх 18,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийг хий орлогын гүйлгээгээр хааж, улмаар нэмэлтээр 18,000,000 төгрөгийн зээлийг дахин олгох замаар гаргаж, хувьдаа авч ашигласан.

Мөн өөрийн шууд удирдлагад ажиллаж байсан теллер У.Нарангэрэлд хууль бусаар нөлөөлж 2013.08.05-ны өдөр өөрийн төрсөн эх Я.Шашийгийн нэр дээр 764,300 төгрөгийн тэтгэврийн нэмэлт зээлийг зээлдэгч өөрөө банкинд ирээгүй байхад гаргуулж хувьдаа авч ашигласан.

М.Мэндбаярын гаргасан зөрчлийг Төв банкны Хүний нөөцийн хорооны 2015.03.18-ны өдрийн хурлаар хэлэлцэж, ажлаас халах шийдвэрийг гаргаж, уг шийдвэрийн дагуу түүний ажлаас халах, ажлыг хүлээлцэхийг Орхон салбарын захиралд үүрэг болгож шийдвэрлэсэн.

Хүний нөөцийн хорооны 2015.03.18-ны өдрийн 13 тоот шийдвэрийн дагуу Орхон салбарын захирлын 2015.03.24-ны өдрийн 81 тоот тушаалаар ажлаас халсан болно.

М.Мэндбаяр нь дээрх гаргасан зөрчлүүдээ хүлээн зөвшөөрч арга хэмжээний саналын хуудсанд гарын үсэг зурсан.

Нэхэмжлэгч М.Мэндбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “хууль бус үндэслэлээр ажлаас халлаа” гэжээ.

Банк ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтууд болон Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний зүйл заалтуудыг үндэслэн ажлаас халсан.

М.Мэндбаярын гаргасан дээрх үйлдүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтуудыг тайлбарласан УДШ-ийн тайлбартай хэрхэн нийцэж байгаа болон банкны гаргасан тушаал хууль эрх зүйн хувьд үндэслэл бүхий болох талаар. Үүнд:

1/ М.Мэндбаярын гаргасан зөрчлүүд нь байгууллагын дотоод хяналт шалгалт буюу банкны Хяналт шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон.

2/ Ажилтны банктай байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл гаргасан нь болох нь нотлогдсон.

3/ М.Мэндбаяр нь Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 1.5.1.

“Нэгж” гэж банкны салбар, тооцооны тов, кассыг; 1.5.2. “Удирдлага” гэж Ерөнхий захирал, Ерөнхий захирлын тэргуүн орлогч, орлогч захирал, Дэд захирал болон газар, хэлгэс, алба, Улаанбаатар, Орон нутгийн нэгжийи захирал, кассын эрхлэгчийг;гэж тус тус заасны дагуу Төрийн банкны удирдах албан тушаалтан, удирдах албан тушаалтны хувьд өөрийн удирдаж буй нэгж /Зэсттооцооны төв/-ийн хөрөнгө мөнгө захиран зарцуулах эрх бүхий итгэмжлэн хариуцсан этгээд юм.

4/ М.Мэндбаярын хийсэн үйлдэл нь банкны харилцагчийн мөнгөн хөрөнгөнд харилцагчийн зөвшөөрөлгүйгээр халдсан, банкны нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн үйлдэл болсон.

...М.Мэндбаярын ашиглангийн үйлдэлүүд болон Төрийн банкинд учруулсан бодит хохиролын талаар: Төрийн банкны Хяналтын газрын ээлжит хэсэгчилсэн шалгалт 2015 оны 08-р сарын 24-нөөс 2015 оны 09-р сарын 26-нийг хүртэлх Орхон салбарт шалгалт хийхэд М.Мэндбаярын ашиглалын үйлдэл илэрч банкинд бодит 115,798,223.41 төгрөгийн хохирол учруулсан.

М.Мэндбаяртай холбоотой гарсан цагдаа, прокурор болон шүүхийн шийдвэрийн талаар: 2015 оны 10-р сарын 13-ны өдөр Орхон аймгийн цагдаагийн газарт Мэндбаярын ашиглангийн үйлдэлийг шалгуулахаар гомдол гаргасан.

Уг гомдолын дагуу цагдаагийн газар М.Мэндбаярт201514000505 тоот эрүүгийн хэрэг үүсгэж шалгах явцад М.Мэндбаяр нь ашиглангийн үйлдэл хийж банкинд их хэмжээний хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрсөн боловч 2015 оны 12-р сарын 15-ны өдөр “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх” хуулийн дагуу өршөөлд хамрагдаж прокуророос уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэдий ч Иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсэн.

2015 оны 12-р сарын 14-ний өдөр М.Мэндбаяраас Төрийн банк иргэний журмаар шүүхэ" нэхэмжлэл гарган 2016 оны 2-р сарын 2б-ны өдрийн 284 тоот шүүхийн тогтоол гарч М.Мэндбаяраас 122,286,673 төгрөг гаргуулахаар шийдвэр гарсан. Одоогийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд бодит хохиролоос өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан, өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан бөгөөд Иргэн М.Мэндбаярын 2016 оны 03-р сарын 04-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.

Иймд М.Мэндбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Байгаль шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.1.Нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Мэндбаяр 2015-3-24-ний өдөр ажлаас халагдсан. 2015-4-16-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанд нэхэмжпэгчийн төлөөлөгч ирээгүй тул 5 сарын 26-нд шүүх нэхэмжпэлийг буцаасан.Тэгээд 2016-3-16-нд дахин нэхэмжлэл гаргасан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2.Төрийн банкинд ажиллаж байхдаа олон удаагийн ашиглалын шинжтэй үйлдэл гаргасаныг Цагдаагийн байгууллага шалгаад Өршөөл үзүүэх тухай хуульд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

3.Мэндбаяр өөрөө 125 сая төгрөгний төлбөрийг хүлээн зөвшөөрч шүүхийн шийдвэр гарсан.

4.Тооцооны  төвийн захирал эд хариуцсан албан тушаалтанд хамаардаг.Тооцооны төвийг удирдахдаа хангалтгүй ажиллаж ноцтой зөрчил гаргасан. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 846 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,69 дүээгр зүйлийн 69.1-д заасныг баримтлан М.Мэндбаярын Төрийн банкинд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батмөнх-Очир давж заалдсан гомдолдоо:

Иргэн М.Мэндбаярын нэхэмжлэлтэй хэргийг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэгч М.Мэндбаярын Төрийн банкинд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батмөнх-Очир би эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн иргэний эрхийг биш эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулах нэрээр цагдаа болон прокурорын байгууллагаар далайлган сахилгын зөрчилд эрүүгийн болон сахилгын хариуцлагыг давхардуулан оногдуулж, ажилтнаа ямар ч аргаар хамаагүй албан тушаалаас нь зайлуулах гэсэн Төрийн банкны нэр бүхий удирлагуудын хууль бус шийдвэрийг хамгаалсан үндэслэл муутай шийдвэр болсон байна гэж үзэж байна.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.6, 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна гэжээ.

Гэтэл Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана, 129.3-т Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэсэн заалтыг хэрэглээгүй байна. Учир нь М.Мэндбаярыг ажлаас халсан шийдвэр гармагц Төрийн банкны гомдлоор Орхон аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5/353 дугаартай прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолоор тухайн эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон байдаг ба эрүүгийн хэршйг хэрэгсэхтүй болгосноос хойш Төрийн банк М.Мэндбаяраас эд хөрөнгийн хариуцлага тооцуулах, байгууллагад учруулсан хохирлоо нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч нэхэмжлэлийн зохих хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн байна.

Дээрх хугацааг шүүх хүндэтгэн үзэх шалтгаан гэж тооцолгүйгээр М.Мэндбаяр нь ажил лгогчийн итгэлийг алдсан, албан тушаалаа ашиглаж банк болон банкны харилцагч нарт хохирол гчруулсан үйлдэл хийсэн болох нь нотлогдсон тул тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэсэн байна.

Тухайн нэхэмжлэлийг шийдвэрлэх шүүх хуралдааныг Төрийн банкны зүгээс олон удаа хойшлуулж байсан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөгч миний бие тухай бүрт нь тайлбар гаргаж хамгийн сүүлд хуралдаан хойшлуулах шийдвэр гаргах үед 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажлын шаардлагаар Орхон аймагт байх боломжгүй гэдгээ мэдэгдсэн байтал энэ тухай мэдсээр байж намайг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн М.Мэндбаярыг ажлаас халсан шийдвэр нь Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийг 131.2-ийг зөрчсөн шийдвэр байсан тул ажилгүй болсон иргэний эрхийг давхар давхар зөрчсөн явдал боллоо гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг болон хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах, эсхүл хэрэгт цугларсан нотлох баримтуудын үндсэн дээр үндэслэл бүхий шийдвэр гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М.Мэндбаяр хариуцагч Төрийн банкны Орхон салбарт холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан М.Мэндбаярын Төрийн банкинд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батмөнх-Очир давж заалдсан гомдолдоо:

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.6, 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна гэжээ.Гэтэл Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана, 129.3-т Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэсэн заалтыг хэрэглээгүй байна гэжээ.

      Нэхэмжлэгч М.Мэндбаяр нь 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр  ажлаасаа халагдаж,  халагдсаны дараа шүүхэд гомдол гаргасан ба шүүх 2015 оны 05 дугаар сарын 26-нд нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан, нэхэмжлэгчийн гомдлоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрийг хянаад 2015 оны 06 дугаар сарын 12-нд гомдлыг хангахаас татгалзсан тогтоол гаргасан байна. 2016 оны 03 дугаар сарын 16-ний өдөр буюу 9 сарын дараа нэхэмжлэгч М.Мэндбаяр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.6, 79.7-д заасныг зөрчжээ.

Иймд шүүхээс нэхэмжлэгч Мэндбаярын нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацааг дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Тухайн нэхэмжлэлийг шийдвэрлэх шүүх хуралдааныг Төрийн банкны зүгээс олон удаа хойшлуулж байсан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  миний бие тухай бүрт нь тайлбар гаргаж хамгийн сүүлд хуралдаан хойшлуулах шийдвэр гаргах үед 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажлын шаардлагаар Орхон аймагт байх боломжгүй гэдгээ мэдэгдсэн байтал энэ тухай мэдсээр байж намайг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

2016 оны 06 дугаар сарын 20 ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдсэн ба шүүх хуралдааныг хойшлуулах талаар ямар нэгэн хүсэлт шүүхэд гаргаагүй байна.

Төрийн банкны хяналт шалгалтын газраас Төрийн банкны гүйцэтгэх захирлын баталсан удирдамжийн дагуу 2014.11.24-2015.02.16 ны өдрийг хүртэл хугацаанд Орхон салбарын харьяа Зэст тооцооны төв хамрагдсан байна. Тухайн шалгалтаар Зэст тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан М.Мэндбаярын гаргасан зөрчлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагчийн хариу тайлбар болон Орхон салбарын харьяа Зэст тооцооны төвд хийсэн ээлжит, иж бүрэн шалгалтын тайлан зэргээр М.Мэндбаяр нь 2013 оны 08 дугаар сарын 05 ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 20 ны өдрийг хүртэл хугацаанд дээрх зөрчлүүдийг гаргажээ.

Энэхүү шалгалтыг дүнг үндэслэн Төрийн банкны Орхон салбарын захирлын 2015-3-24-ний өдрийн 81 дугаартай тушаалаар тус салбарын Зэст тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан М.Мэндбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасны зөрчөөгүй байна.

Давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь  хавтаст  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй мөн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 846 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                             ШҮҮГЧИД                                   С.УРАНЧИМЭГ

                                                                                 Б.БАТТӨР