| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батдэлгэр |
| Хэргийн индекс | 1925007560444 |
| Дугаар | 276 |
| Огноо | 2021-10-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.2.1., 17.3.1., 18.6.1., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 276
Б.Д, Н.Б, Г.Э нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Баттулга, Р.Цэрэнханд, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 29 дүгээр магадлалтай, Б.Д, Н.Б, Г.Э нарт холбогдох эрүүгийн 1925007560444 дугаартай хэргийг Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Энхтайваны бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
мөн шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж байсан Ч овогт Б-ийн Д.
2. Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 11-нд төрсөн, 18 настай, эрэгтэй, Төв аймгийн Баянчандмань сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурдаг, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих, 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 160 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, уг ялуудыг нэмж нэгтэн 2 жил 1 сар 20 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг хоёр дахин багасгаж 1 жил 25 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан Т овогт Н-ийн М.
3. Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Э овогт Г-ын Э.
Б.Д нь:
1. 2019 оны 08 дугаар сарын 02-ноос 09-ний өдрүүдийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 17а-2 тоотод оршин суух А.Ц-ийн байшинд нэвтрэн орж 39 инчийн зурагтыг хулгайлан авч 400,000 төгрөгийн,
2. 2019 оны 08 дугаар сарын 03-наас 16-ны өдрүүдийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун дэнжийн 19-05 тоотод оршин суух Б.М-ын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн зурагт, мөнгөн аяга, зэс аяга, микрофон, цахилгаан төгөлдөр хуур, “Кен” брэндийн багаж хэрэгсэл зэрэг эд зүйлийг хулгайлан авч 1,265,000 төгрөгийн,
3. 2019 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 03-ны өдрүүдийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 14б-4 тоотод оршин суух Р.О-ийн байшинд хууль бусаар нэвтрэн орж “Dell" брэндийн зөөврийн компьютер, шаргал өнгөтэй эмэгтэй төмөр бугуйн цаг зэрэг эд зүйл хулгайлан авч 1,515,000 төгрөгийн,
4. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Ундрагын 14-08 тоотод оршин суух С.М-ийн байшингийн цонхоор нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөний гахайнд байсан 50,000 төгрөгийг хулгайлан авч 358,000 төгрөгийн,
5. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Ундаргын 18-02 тоот М.Л-ийн байшингийн цонхоор нэвтэрч эмээлийн мөнгөн тоноглолыг хулгайлан авч 880,000 төгрөгийн,
6. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 10-2б тоотод оршин суух Б.У-ийн байшинд нэвтрэн орж “Hasee” маркийн нөөтбүүк, “LG” маркийн гар утас зэргийг хулгайлан авч 430,000 төгрөгийн,
7. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зураагийн 14-1 тоотод оршин суух Н.Л-ын байшинд нэвтрэн орж мөнгөн аяга, зургийн аппарат зэрэг эд зүйлийг хулгайлан авч 190,000 төгрөгийн,
8. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зураагийн 1-11 тоотод оршин суух Т.Ж-ийн байшинд хууль бусаар нэвтэрч монетон бөгж, мөнгөний гахайг хагалж 100,000 төгрөг зэргийг хулгайлан авч 310,000 төгрөгийн,
9. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 52-22 тоотод оршин суух Б.Ш-ийн гэрт хууль бусаар орж мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, цахилгаан хөрөө, 26 кг самар хулгайлан 807,000 төгрөгийн,
10. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 3-31 тоотод оршин суух В.Б-ийн байшинд нэвтэрч “ТCL” загварын 39 инчийн зурагтыг хулгайлан авч 437,000 төгрөгийн,
11. 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун Дэнжийн 25-28 тоотод оршин суух О.Ц-ын байшинд нэвтэрч “Monel” загварын 44 инчийн зурагтыг хулгайлан авч 500,000 төгрөгийн,
12. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун Дэнжийн 21-07 тоотод оршин суух иргэн Ч.Н-ийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч цахилгаан дрилл, төмөр тасдагч, үүргэвч цүнх зэрэг эд зүйлийг хулгайлан авч 135,000 төгрөгийн,
13. Н.М-тэй бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт байрлах “Хэмнэл” соёлын төвд байрлах “Учралт баяр” өрхийн эмнэлэгт нэвтэрч, “Dell” загварын компьютерын процессор 2 ширхэг, “Асеr” загварын компьютерын процессор 1 ширхгийг хулгайлан авч 853,500 төгрөгийн хохирол учруулсан,
Н.М нь Б.Д-той бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт байрлах “Хэмнэл” соёлын төвд байрлах ‘‘Учралт баяр” өрхийн эмнэлэгт нэвтэрч, “Dell” загварын компьютерын процессор 2 ширхэг, “Асеr” загварын компьютерын процессор 1 ширхгийг хулгайлан авч 853,500 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Г.Э нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун Дэнжийн 25-28 тоотод оршин суух О.Ц-ын байшингаас Б.Д-ийн хулгайлсан “Monel” загварын 44 инчийн зурагт, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 3-31 тоотод оршин суух иргэн В.Б-ийн байшингаас Б.Д-ийн хулгайлсан “TCL” загварын 39 инчийн зурагтуудыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж барьцаанд тавьж эх үүсвэрийг нуун далдалж өөрчилсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Д-ийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон, Н.М-ийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Г.Э-г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж эх үүсвэрийг нуун далдалж, өөрчлөн мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар Б.Д-ийг 5 жил хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Н.М-ийг 2 жил хорих, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Э-г оршин суугаа газар буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 7 жилийн хугацаагаар,
Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялаар тооцож, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 2 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж нийт эдлэх ялыг 1 жил 15 хоногийн хугацаагаар тус тус тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д, Н.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Н.М, шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэж 29 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “... Б.Д-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд ..., 2 дахь заалтыг “... 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 жил ...”, 3 дахь заалтыг “... Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар ...”, 4 дэх заалтыг “... 4 жил ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.М, Б.Д-ийн өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгожээ.
Хяналтын шатны шүүхэд прокурор Л.Энхтайван бичсэн эсэргүүцэлдээ: “Магадлалыг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж эх үүсвэрийг нуун далдалж, өөрчлөн мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан байдаг. Мөн 2015 оны Эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах ялыг шинээр хуульчилсан бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд уг ял нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэхээр хуульчилсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжиж эхлэхээс өмнөх цаг хугацаанд буюу шүүгдэгч Г.Э-ийн 2020 онд үйлдсэн мөнгө угаах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар бус дагаж мөрдөгдөөгүй байсан эрүүгийн хариуцлагын төрлийг сонгон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байна. Б.Д нь ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 13 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогддог ба анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шүүгдэгч Б.Д-ийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх Б.Д-ийн үйлдэл нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байх боловч түүний гэм буруутай үйлдлийг удаан хугацаанд тогтвортой үйлдсэн гэж, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг амьжиргааны эх үүсвэрээ болгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн шинэ ойлголт юм. Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд буюу 07 сарын хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэн нэг төрлийн гэмт хэргийг буюу хулгайлах гэмт хэргийг 13 удаагийн үйлдлээр үйлдэж бусдад нийт 8,080,500 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэрээ болгосон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогддог. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Прокурорын гаргасан эсэргүүцлийг өнөөдрийн шүүх хуралдаанд дэмжиж оролцож байгаа. Шүүгдэгч Г.Э-ийн хувьд мөнгө угаах гэмт хэргийг 2020 оны 2-3 дугаар саруудад үйлдсэнд анхан шатны шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хоёрдугаарт: шүүгдэгч Б.Д-ийн хувьд ганцаараа болон бусадтай бүлэглэж нийт 13 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Үүнийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Д-ийн үйлдлийг удаан хугацаанд тогтвортой үйлдсэн гэж үзээгүй өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг амьжиргааны эх үүсвэр болгосон нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.Д-ийн хувийн байдал өмнө нь 3 удаагийн ял шийтгэлтэй, хулгайн гэмт хэргээр 3 удаа, энэ хэрэг нь 2019 оны 8 сараас 2020 оны 3 сарын хугацаанд нийт 13 удаагийн үйлдлээр үйлдэгдсэн байдаг. Бусдын эд хөрөнгийг хулгайлсан энэ үйлдэл бол түүний зан байдлын хувьд хэвшил болж тогтсон. Бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөрийн болгож амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүгээрээ өөрийнхөө амьжиргааг залгуулж байсан нь тогтоогдсон. Мөн давж заалдах шатны шүүхээс Б.Д-ийн үйлдлийг 12 удаагийн үйлдлээр хулгай хийж, бусдад хохирол учруулсан гэж дүгнэсэн нь нэг үйлдлийг орхигдуулж дүгнэсэн хэргийн бодит байдалд нийцээгүй хууль зүйн дүгнэлтийг хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийг зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хууль зүйн дүгнэлт гаргаж байна гэв.
Шүүгдэгч Н.М-ийн өмгөөлөгч З.Баттулга шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүгдэгч Н.М-ийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг дэмжиж оролцож байна. Иймд хяналтын шатны шүүхэд гаргах гомдол, тайлбар байхгүй. Шүүгдэгч Н.М-ийн хувьд анхан шатны шүүх бодитой шийдвэр гаргасан гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч Р.Цэрэнханд шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Би прокурорын эсэргүүцэлтэй танилцаад хариу тайлбар гаргасан байгаа. Миний бие шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Шүүгдэгч Б.Д-ийн хувьд 2019 оны 8 дугаар сарын 02-ноос 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаанд 9 удаагийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. 2020 оны 02 дугаар сарын 06-наас 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 сар 14 хоногийн хугацаанд 4 удаагийн үйлдэл нь 2 сарын хугацаанд үйлдээд 5 сарын хугацаанд таслан зогсоогдсон. Дахин хулгайн гэмт хэргийг үйлдээгүй байдаг. Ингээд 5 сарын дараа хулгайлах гэмт хэргийг 4 удаагийн үйлдлээр үйлдсэн байдаг. Хугацааны хувьд байнгын тогтвортой, удаан хугацаагаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Б.Д-ийн хувьд удаа дараагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнийг хүлээн зөвшөөрнө. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй. Энэ талаар магадлалд шийдвэрлэгдсэнээр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй. Прокурорын эсэргүүцэл болон тайлбар дээр эд зүйлийг хулгайлж ашиг орлого олсон нь амьжиргааны эх үүсвэр болгосон гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж ярьж байна. Энэ талаар тогтоогдсон зүйл хэрэгт байхгүй. Хэдэн төгрөгний орлого олсон, амьжиргаанд хэдэн төгрөг зарцуулагдсан нь байдаггүй. Амьжиргааны эх үүсвэр болгосон гэдгийг тогтоохын тулд тухайн гэмт үйлдлийн орлого, амьжиргаа залгуулах зардлын хувьд шалтгаант холбоотой байх ёстой. Үүнийг тогтоогоогүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Б.Д-ийг 3 удаагийн ял шийтгэлтэй гэж прокурор сая хэллээ 3 удаагийн ял шийтгэл байхгүй. Анх 2017 онд ял шийтгүүлсэн байдаг. Шийтгэх тогтоол гарахын өмнөх гэмт хэрэг нь илрээд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан байдаг. Прокурор 3 удаагийн ял шийтгэлтэй гэж эрх зүйн байдлыг нь дордуулж байна. Орхон аймгийн давж заалдах шатны шүүх Б.Д-ийн үйлдэлд бодитой үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Амьжиргааны эх үүсвэр болгосон нь тогтоогддоггүй, хугацааны хувьд эхний үйлдлүүд 2 сарын хугацаатай, дараагийн 4 үйлдэл сар гарны хугацаатай байгаа учраас тогтмол, хэвшмэл болсон байнгын гэх үзэх үндэслэл байхгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоол /3 дахь хавтас, 82-91 дэх тал/-оор шүүгдэгч Б.Д-ийг ганцаараа 9 удаагийн үйлдлээр бусдын 6,155,000 төгрөгийн эд хөрөнгийг орон байранд хууль бусаар нэвтрэн хулгайлж, уг хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар 5 жил хорих ялаар шийтгэж, энэ ял дээр нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулж хойшлуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил хорих ял оногдуулсныг мөн аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 50 дугаар магадлал /3 дахь хавтас, 111-117 дахь тал/-аар хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Уг магадлалыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж 462 дугаар тогтоол /3 дахь хавтас, 137 дахь тал/-оор шүүгдэгч Б.Д-ийг гэм буруутайд тооцсон 9 удаагийн хулгайн үйлдлээс гадна түүнд холбогдох хулгайн 4 хэргийг нэгтгэн шалгуулахаар дээрх шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан байна.
Хэргийг анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 307 тоот албан бичгээр /3 дахь хавтас, 144 дэх тал/ прокурорт хүргүүлснийг хяналтын прокурор Л.Энхтайван мөн өдөр хүлээн авсан боловч тэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2, 32.4 дүгээр зүйлд зааснаар хэргүүдийг нэгтгэх, 32.8 дугаар зүйлд заасны дагуу яллагдагчаар татах тогтоолд нэмэлт оруулах, уг тогтоолыг яллагдагчид танилцуулах, эдгээрт үндэслэн яллах дүгнэлтийг шинээр үйлдэхийн оронд Б.Д-ийг хулгайн 9 удаагийн үйлдэлд буруутган үйлдсэн 2002 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 32 дугаар яллах дүгнэлт /3 дахь хавтас, 8-12 дахь тал/-ийн огноог шинэчилж, дугаарт нь А гэсэн үсэг нэмс нээс өөр ямар ч өөрчлөлт оруулахгүйгээр хуулбарлан /3 дахь хавтас, 148-151 дэх тал/ нэг өдрийн дараа хэргийг шүүхэд дахин шилжүүлжээ.
Өөрөөр хэлбэл, хяналтын шатны шүүхийн дээрх тогтоол гарах үед үйлчилж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтнууд уг тогтоолын талаар тусгай санал, дүгнэлт гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй буюу энэ тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болж, заавал биелэгдэх шинжтэй болсон байхад прокурор Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.
Хяналтын шатны буюу Улсын дээд шүүхийн шийдвэрийг Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Энхтайван нь биелүүлээгүй байхад анхан шатны шүүх үүнийг зөвтгүүлэхийн оронд түүний сүүлд үйлдсэн /өмнөхөө хуулбарласан/ Б.Д-т холбогдох яллах дүгнэлттэй хэргийг уг прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюун-Эрдэнийн яллагдагч Б.Д, Н.Б, Г.Э нарт, мөн хяналтын прокурор С.Батмөнх-Очирын яллагдагч Н.М-т холбогдуулан тус тус үйлдсэн яллах дүгнэлттэй /5 дахь хавтас, 139-142, 6 дахь хавтас, 164 дэх тал/ хэргүүдтэй 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 620, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 74 дүгээр шүүгчийн захирамжуудаар нэгтгэн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж хяналтын шатны шүүх дүгнэж, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар тогтоов.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт /7 дахь хавтас, 80 дахь тал/ шүүгдэгч Б.Д-ийн гэмт хэрэг үйлдэж эхэлсэн хугацааг буруу тусгаснаас гадна түүний бусдад учруулсан хохирлын нийт хэмжээг илүү тооцсоныг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 29 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Д, Н.Б, Г.Э нарт холбогдох хэргийг Орхон аймгийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол Б.Д, Н.Б, Г.Э нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн тул хяналтын прокурор Л.Энхтайваны бичсэн эсэргүүцлийн талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ