Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 222

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш.Б 

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 

Гуравдагч этгээд: “М” ХХК 

 Гуравдагч этгээд: “К” ХХК 

Нэхэмжлэлийн шаардлага: ““Т” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг Улсын бүртгэлийн Ү-2206 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0001 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож. Авто зогсоолуудын өмчлөгчөөр иргэн Ш.Б бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудын өмчлөх эрхийг иргэн Ш.Б нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн тасагт /хуучнаар/-т даалгах” 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, гуравдагч этгээд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Ш.Б миний бие 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдөр *******9 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ” болон “Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ”-г "М" ХХК-тай байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Б” хотхоны А байрны 16 тоот, 148. мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг, мөн Г байрны зоорийн давхарт байрлах тоот автозогсоолуудын хамт захиалсан ба дээрх авто зогсоолуудын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно.

Үүний дагуу ”М” ХХК-иас авто зогсоолуудын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгч Ш.Б миний нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар атал тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Б” хотхоны Г байрны зоорийн давхарт байрлах тоот автозогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийг гаргасан юм. Хариуцагч "М" ХХК нь уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/03 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон автозогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр иргэн Ш.Б намайг тогтоосон.

Миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШШ2016/03 дугаар захирамжийг үндэслэн, үнийг нь бүрэн төлсөн авто зогсоолуудын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн тасагт хандсан боловч “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Г байрны зоорийн давхрын тоот автозогсоол нь "М" ХХК болон К.Б хооронд байгуулагдсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн №107/141 тоот барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 дугаартай албан бичгээр уг хөрөнгийн өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн байна” гэх үндэслэлээр өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэрийг хүлээн авсны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гомдол гаргасан боловч тус байгууллагаас “Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс нь таны гаргасан мэдүүлгийг бүртгэхээс татгалзан буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гээд “К "-д хүсэлт гаргаж, өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч, мэдүүлэг гаргана уу” гэсэн хариуг ирүүлж, автозогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэхээс татгалзсан болно.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Г байрны зоорийн давхрын тоот авто зогсоол нь иргэн миний өмч хөрөнгөөр бий болсон, хууль ёсны өмчлөгч нь Ш.Б миний бие байх атал Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар нь “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасныг зөрчиж, автозогсоолуудыг өмчлөх эрхтэй эсэхийг нягтлан, шалгалгүйгээр өмчлөх эрхгүй этгээд болох "М" ХХК-ийн нэр дээр бүртгэсэн нь “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх шинжтэй байх", нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” шаардлагыг ноцтой зөрчсөн байна. 

"М" ХХК нь хууль бусаар нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээд зогсохгүй хууль ёсны өмчлөгчид огт мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр "К" ХХК-тай №Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан, нэхэмжлэгчид огт хамааралгүй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь иргэн Ш.Б миний эрх ашиг, сонирхлыг ноцтой хохироосон үйлдэл юм.

Харин "К" ХХК нь “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Зээлийн барьцаалсан эд хөрөнгө нь хуулиар хориглоогүй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөр баригдсан орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө, түргэн борлогдох бараа материал, үнэт эдлэл, үнэт цаас болон зээлдүүлэгчээс хүлээн зөвшөөрсөн бусад хөрөнгө байж болно. Зээлийн барьцаанд бариулах үл хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч , эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна.”, “Иргэний хууль”-ийн 157 дугаар зүйлийн 157.6,2-т “Барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчиж, хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, иргэн Ш.Б өмч хөрөнгөөр бий болсон үл хөдлөх хөрөнгүүдийг түүнд огт хамааралгүй зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байх тул нэхэмжлэгчийн зүгээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд тус наас зөвшөөрөл авах шаардлагагүй.

Тиймээс авто зогсоолуудын өмчлөгчөөр иргэн Ш.Б намайг улсын бүртгэлд бүртгэснээр "К" ХХК-ийн эрх, ашиг сонирхол зөрчигдөхгүй бөгөөд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан"... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох этгээд” гэдэгт "К" ХХК хамаарахгүй гэж үзэж байна.

Иймд "М" ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн 0001 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Ш.Бийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон тоот автозогсоолыг иргэн Ш.Б нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн тасагт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Ш.Б нь 2016 оны 05 дугаар сарын *******-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан "М" ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б” хотхонд байрлах Г дүгээр байрны зоорийн давхрын дугаар авто зогсоолын улсын бүртгэлийн Ү-2206 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0001 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Ш.Бийг бүртгэж гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолын өмчлөх эрхийг иргэн Ш.Б нэр дээр бүртгэж гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/3 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б” хотхонд байрлах Г дүгээр байрны зоорийн давхрын дугаар авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Ш.Бийг бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу дээрх авто зогсоолын өмчлөгчөөр Ш.Бийг өөрчилж бүртгэхийг хариуцагчид даалгах гэж өөрчилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн үндэслэлээ тодорхой бичсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авна уу” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х цогцолбор /*******021/, Зайсангийн тойруу, а, 6, в, г байрны зоорийн давхарын тоот, 90%-ийн гүйцэтгэлтэй авто зогсоолыг холбогдох нотлох баримтыг үндэслэн 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр "М" ХХК /РД/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 0001 тоот гэрчилгээ олгосон байна. 

К тай байгуулсан 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээ, 2007 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн нэмэлт гэрээ, 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн нэмэлт гэрээ, 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот барьцааны гэрээ бүртгэлтэй байна.

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 4740 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/10599 тоот албан бичгээр "М" ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х цогцолбор /*******021А Зайсангийн тойруу, а, бг в, г тоот байруудыг битүүмжилсэн байна.

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 124 дүгээр захирамжаар "М" ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206 дугаартай хувийн хэрэгт Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 705 дугаартай Б.ын нэхэмжлэлтэй шүүх хуралдааныг хойшлуулсан тухай шүүгчийн захирамж хавсрагдсан байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 102/Ш2016/03 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн  тоот авто зогсоолын өмчлөгчөөр Ш.Бийг тогтоож шийдвэрлэснийг үндэслэн иргэн Ш.Б нь дээрх авто зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасныг дараах үндэслэлүүдээр буцаасан байна.

1. Уг 105 тоот, 90%-ийн гүйцэтгэлтэй авто зогсоолыг холбогдох нотлох баримтыг үндэслэн 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр "М" ХХК /РД/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 0001 тоот гэрчилгээ олгосон бөгөөд уг бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээ нь хүчинтэй байна. Иймд “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т зааснаар улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь. хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно.

2. Шүүхийн шийдвэрээр уг эд хөрөнгийг битүүмжилж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байх тул “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно", “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн тул мөн хуулийн 20.3, 20.5-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр, өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.

3. Уг эд хөрөнгүүд нь К тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байх тул “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх; хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу К наас зохих зөвшөөрлийг авах бөгөөд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна. Ийнхүү мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан нь хуульд нийцсэн байна.

Иймд иргэн Ш.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд "М" ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Монгол улсын иргэн Шагдаржавын Батцэнгэлийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт манай компани гуравдагч этгээдээр оролцож байгаа болно.

Иргэн Ш.Б нь 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай компанитай *******9 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж тус гэрээгээр Хан-Уул дүүргийн төлбөр тооцоог бүрэн барагдуулсан.

Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/03 дугаар шүүгчийн захирамжаар Ш.Бийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,  тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно.

"М" ХХК, "К" ХХК нар 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”, Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, зээлийн өр төлбөрийг "М" ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд барьж буй “Б” хотхоны орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон юм.

Хэдийгээр дээр дурдсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нд "М" ХХК нь 205 автомашины гаражийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно.

Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Бгийн өмчлөлийн Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Х” хотхоны ******* тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм.

Мөн 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т07/252 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-гээр "Ф" ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд "М" ХХК- ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн  Г тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга мөн Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий газар эзэмших эрх зэргийг "К" ХХК-ийн зээлийн барьцаанд байршуулсан бөгөөд иргэдэд Б хотхоны орон сууц, авто зогсоолуудыг худалдан борлуулсан орлогоос зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийн ихэнх хэсгийг төлж барагдуулснаар "К" ХХК нь 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт “Зээлийн барьцааг чөлөөлөх тухай” албан бичгийг хүргүүлж, Хан-Уул дүүргийн 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг зээлийн барьцаанаас өөрсдийн санаачлагаар чөлөөлсөн "К" ХХК-ийн 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн “Зээлийн барьцааг чөлөөлөх тухай” албан бичгийг тайлбарт хавсаргав.

Манай компани "К" ХХК-иас нийтдээ 9 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан борлуулсан орон сууц, авто зогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх замаар 20 орчим тэрбум төгрөгийг тус инд төлж барагдуулсан боловч, "К" ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж буй орон сууцнуудыг 50%-иар үнэгүйдүүлж авах, доллар, юанийн ханш өсөх үед төгрөгөөр өгсөн зээлийг доллар юаньд шилжүүлэх зэргээр зээлийн өрийн дарамтанд хийсвэрээр оруулж, бидний үйл ажиллагааг доголдуулсан.

Ингээд 2010 оны 05 дугаар бид "К" ХХК-ийн шахалтаар бусдад худалдсан орон сууц болон авто зогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн тус бүрээр нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр бүртгүүлэхээр хүсэлт өгч, тус ны ажилтанд итгэмжлэл олгосноор "К" ХХК нь орон сууц болон авто зогсоолуудын гэрчилгээг өөртөө авсан ба манай компанитай 2010 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г шинээр байгуулсан ба энэхүү гэрээгээр иргэн Ш.Б “Б” хотхоны В байрны зоорийн давхарт байрлах тоот авто зогсоолыг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр барьцаалуулсан нь түүний эрх ашгийг хохироосон үйлдэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд "М" ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Ш.Б нэр дээр Хан-Уул Дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “Б” хотхоны В байрны зоорийн давхрын тоот авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ. 

Гуравдагч этгээд "К" ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Монгол Улсын иргэн Ш.Б нэхэмжлэлтэй Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт тус нь шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох болсонтой холбогдуулан дор дурдсан тайлбар гаргаж байна.

Тус нь "М" ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 1,400,000.00 (Нэг сая дөрвөн зуун мянган) ам.долларыг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.

Мөн "М" ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ” байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: 

Зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины гараж, 3 өрөө орон сууц, гаражийн хамт, Зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон "М" ХХК-ийн бараа материалын үлдэгдэл.

Мөн тус нь 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т07/252 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г "Ф" ХХК-тай байгуулж, "Ф" ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байна. Үүнд:

"М" ХХК-ийн өмчлөлийн Ү-2206******* тоот улсын бүртгэлийн дугаартай, 0000******* тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн В тоотод байрлах 1692 м.кв талбайтай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, "М" ХХК-ийн өмчлөлийн Ү-22060******* тоот улсын бүртгэлийн дугаартай, 0000******* тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн Г тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, "М" ХХК-ийн эзэмшлийн 1/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар. 

Харин 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр "М" ХХК-ийн өмчлөлд А, Б, В, Г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр АБВГ дүгээр байрны 1-205 тоот авто зогсоолыг нэг бүрчлэн барьцаалсан.

Тус ны "М" ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм.

Гэтэл "М" ХХК нь иргэн Ш.Бтэй 2009 оны 10 дугаар сарын 28- ны өдөр “Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, тус ны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Б” хотхоны Г дүгээр байрны тоот автозогсоолыг худалдсан байна.

Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.11-т “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасныг мөн Иргэний хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.6-д “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй ” гэсэн зохицуулалтуудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянгол, Хан- Уул, Сонгино-Хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/03 тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус ны 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий болсон үр дагавар байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ш.Б өмчлөх эрх нь тус ны барьцааны эрхээс хойно үүссэн учир "М" ХХК-ийн өмчлөх эрхийг Ш.Бд шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу К наас зөвшөөрөл авахыг бүртгэлийн байгууллага (Бүртгэгч) мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны Дагуу шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Гэтэл нэхэмжлэгч нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу мэдүүлэгт хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль ёсны байна.

Иймд нэхэмжлэгч Ш.Б гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Б төлбөр хийгдэж байсан бол үүнийг гэрчлэх баримт, нэхэмжлэгчийн тайлбараар гарч ирэх ёстой. Мөн "М" ХХК-ийн зүгээс зээлийн эргэн төлөлтийг мөнгөн хэлбэрээр бараг төлөөгүй. Бэлэн мөнгө байхгүй учраас орон сууцаа зээлийн төлбөрт тооцуулахаар төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Орон сууцны үнийн дүнг тохиролцон зээлээс хасч тооцож байсан. Энэ байдлаар зээлийн тодорхой хэсэг төлөгдсөн байдаг. Одоо 1.9 тэрбум төгрөгийн зээлийн төлбөр төлөгдөөгүй үлдээд байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ш.Б нь шүүхэд “"М" ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан гудамж “Б” хотхонд байрлах Г байрны зоорийн давхрын тоот авто зогсоол нь Улсын бүртгэлийн Ү-2206 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0001 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, авто зогсоолуудын өмчлөгчөөр иргэн Ш.Бийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудын өмчлөх эрхийг иргэн Ш.Б нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн тасаг/хуучнаар/-т даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгчээс 20******* оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэх боловч өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь агуулгын хувьд өөрчлөгдөөгүй буюу нэхэмжлэлийн шаардлагаасаа “"М" ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан гудамж “Б” хотхонд байрлах Г байрны зоорийн давхрын тоот авто зогсоолын Улсын бүртгэлийн Ү-2206 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0001 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох” гэснийг хасч багасгасан, “ тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Ш.Бийг бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, авто зогсоолын өмчлөх эрхийг иргэн Ш.Б нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” гэсэн үндсэн агуулга хэвээрээ байх тул нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн гэж үзэхээргүй байна.

Харин нэхэмжлэлийн үндэслэлээ “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/03 дугаар шүүгчийн захирамжийн дагуу” гэж өөрчилсөн байх бөгөөд Ш.Б нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт хандаж гаргасан гомдол болон шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ энэхүү үндэслэлээ дурьдсан, хариуцагч болон гуравдагч этгээдүүд нь энэхүү үндэслэлд тайлбар гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагын өөрчилсөн үндэслэлийг хэргийн оролцогчдод дахин гардуулж тайлбар авах шаардлагагүй гэж үзэж хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.

Иргэн Ш.Б нь "М" ХХК-тай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, B******* ******* хотхоны тоот авто зогсоолыг захиалгаар бариулах гэрээг  2009 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан байх ба дээрх 16 тоот орон сууцны өмчлөгчөөр Ш.Бийг 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дээрх Ү-2206******* дугаарт бүртгэж, 0002******* тоот “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ” олгосон байна . 

Улмаар иргэн Ш.Б нь маргаан бүхий тоот авто зогсоолыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг” гаргасан боловч хариуцагчаас “Г байрны зоорийн давхрын тоот авто зогсоол нь "М" ХХК-ийн өмчлөлд Ү-2206 дугаарт бүртгэгдэж, өмчлөх эрхийн 0001 тоот гэрчилгээ олгогдсон, 2007 болон 2010 онуудад "К" ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэгдсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн” гэсэн үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан байна. 

Нэхэмжлэгчээс “миний бие тоот автозогсоолын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд гуравдагч этгээд "М" ХХК-аас үүнийг хүлээн зөвшөөрсөн тул шүүгчийн захирамж гарсан байхад хариуцагчаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж буй нь хууль бус” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... тоот автозогсоолын хувьд өмнө нь бүртгэгдсэн өмчлөх эрх хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгох үндэслэлгүй, мөн манай байгууллага нь улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн хууль, хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчих эрхгүй тул татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй, мөн уг үл хөдлөх эд хөрөнгө нь барьцаанд бүртгэгдсэн тул барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй тул мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж буцаасан нь хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.

 "М" ХХК нь "К" ХХК-ийн хооронд 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Т07/141 тоот “Зээлийн гэрээ” , уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу барьцаалсан нийт 205 автозогсоолд нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгосон тоот автозогсоол хамаарч байх ба талууд энэ тухайд маргахгүй байна. 

Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж,"М" ХХК-ийн өмчлөлд 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүртгэгдсэн  байна.

Улмаар 2010 онд гуравдагч этгээд "К" ХХК-ийн зээлийн санхүүжилтээр баригдсан гэх барилгын сууцны тоот, автозогсоолуудыг тус бүрээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч "М" ХХК-ийн өмчлөлд дугаар тус бүрээр бүртгэгдсэнтэй холбогдуулж 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г дахин байгуулж, маргаан бүхий автозогсоолуудыг дугаар тус бүрээр барьцаалж, барьцааны гэрээг хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэж заасан болон “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/03 дугаар захирамжаар уг тоот зогсоолын өмчлөгч нь Ш.Б болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсний дагуу өмчлөгч өөрчлөгдсөнийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх үндэстэй. 

Гэхдээ мөн зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэсэн шаардлага тавьсны дагуу “эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай мэдүүлэг”-ийг хүлээн авсан эрхийн улсын бүртгэгч нь маргаан бүхий тоот авто зогсоолыг барьцаалсан “К” ны зөвшөөрлийг ирүүлэхийг шаардах үүрэгтэй байна.

Гэтэл нь нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гаргасан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”-ийн “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа бүртгүүлж баталгаажуулах”  гэсэн хэсгийг чагталсан, “Авто зогсоол захиалгаар бариулах гэрээ”, “Тооцоо нийлсэн акт”, шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг хавсарган өгсөн, мөн нэхэмжлэгчийн гомдол хариу өгсөн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 12/6248 тоот албан бичигт “...К инд хүсэлт гаргаж өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч хавсарган мэдүүлгээ дахин гаргана уу” гэж бичсэн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я “Манай байгууллагад хандаагүй” гэсэн тайлбарлаж байгаа зэргээс үзвэл Ш.Б өмнө хийгдсэн бүртгэлийн дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох хуулийн этгээдийн зөвшөөрлийг авсан эсэх нь нотлогдохгүй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө”, 14.1.6-д “энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол” гэж заасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “уг үл хөдлөх эд хөрөнгө нь барьцаанд бүртгэгдсэн тул барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй тул мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж буцаасан нь хуульд нийцсэн” гэсэн тайлбар үндэслэлтэй.

Нэгэнт эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан нөхцөлд өмчлөгч өөрчлөгдсөнийг бүртгэх эсэх асуудал яригдахгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ тоот авто зогсоолын хувьд өмнө нь бүртгэгдсэн өмчлөх эрх хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгох үндэслэлгүй, мөн манай байгууллага нь улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн хууль, хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчих эрхгүй тул татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй” гэж тайлбарлаж маргаж байгааг хүлээн авах боломжгүй.

Учир нь Ш.Б нь барьцаалагч болох "К" ХХК-аас зохих зөвшөөрөл авсан тохиолдолд "К" ХХК-ийн нэхэмжлэл, хүсэлтээр үүссэн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн барьцаа, битүүмжлэл, тусгай тэмдэглэл зэрэг нь шийдэгдэх боломжтой. 

Иймд нэхэмжлэгч Ш.Бээс гаргасан “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, B хотхоны Г байрны зоорийн давхрын тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Ш.Бийг бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, авто зогсоолын өмчлөх эрхийг иргэн Ш.Б нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Харин шүүхийн энэхүү шийдвэр нь Ш.Бээс дээрх зөвшөөрлийг авсны үндсэн дээр өмчлөх эрхээ бүртгүүлэхээр хандах, шүүхэд маргах эрхийг хязгаарлахгүй болохыг дурьдах нь зүйтэй. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.6, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.2, 19.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, B хотхоны Г байрны зоорийн давхрын тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Ш.Бийг бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, авто зогсоолын өмчлөх эрхийг иргэн Ш.Б нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.МӨНХЗУЛ