Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 117/2018/0014/З |
Дугаар | 221/МА2019/0485 |
Огноо | 2019-09-12 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2019/0485
“Г-И” ХХК-ийн гомдолтой
зөрчлийн хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гантогтох, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Г, хариуцагч Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.З нарыг оролцуулан Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор “Г-И” ХХК-ийн гомдолтой, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүч, харилцаа холбооны хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 12.8-р зүйлийн 5-д заасныг баримтлан “Г-И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Золжаргалд хариуцагдах Эрчим хүч, харилцаа холбооны улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 0063561 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүч, харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Б.З давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнэсэнгүй гэж үзэж байна. ...улсын байцаагч миний бие хяналт шалгалт хийхдээ 2 суманд ашиглаж байсан зуухнууд нь 2017 оны 11 дүгээр сард улсын комисс хүлээж аваагүй байхад ашиглалтад орчихсон, үйл ажиллагаа явуулаад эхэлчихсэн байсан бөгөөд “Г-И” ХХК-ийн үйлдвэрлэж, ашиглаж байгаа халаалтын зуух нь зураг төслийн дагуу баригдаагүй, барилга байгууламжийн зураг төслийн магадлал хийгдээгүй, өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагаар хянуулж баталгаажуулаагүй зургаар угсрагдсан байсан. Энэ Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан барилгын зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно гэснийг зөрчсөн нь Эрчим хүчний тусгай зөвшөөрлийн шаардлага зөрчсөн гэж үзнэ.
...Говь-Угтаал, Цагаандэлгэр сумын нэгдсэн халаалтын шугам сүлжээний зураганд экспертизийн баталгаажуулалт хийгдээгүй байсан. ...“Мх” ХХК-ийн 2017 онд боловсруулсан “Нэгдсэн халаалтын шугам сүлжээний зураг төсөл”-ийн зөвхөн нүүр хуудас хэсэгт Монголын барилгын зөвлөх үйлчилгээний корпораци гэсэн магадлалын эрхтэй эсэх нь тодорхойгүй хувийн компаниар “экспертизийн баталгаажуулалт” гэсэн тэмдэг даруулсан. Үүнийг экспертизийн баталгаажуулалт хийгдсэн гэж үзэхгүй. Учир нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.16-д заасан шаардлагыг Монголын барилгын зөвлөх үйлчилгээний корпораци хангаж байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт байхгүй.
Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 126 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 3.1-д магадлал хийгдсэн ажлын зургийн архитектур, инженерийн шийдлүүдийг тусгасан зургуудад магадлал хийсэн мэргэжлийн чиглэлийн экспертүүд гарын үсэг зурж, экспертийн хувийн дугаараа бичиж, магадлал хийсэн огноог тавина. Ажлын зургийн нүүр хуудас, ерөнхий дүгнэлтэд нэгжийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан байхад ажлын зургийн зөвхөн нүүр хэсэгт байгаа 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 149/2017, 150/2017 дугаартай экспертизийн баталгаажуулалт байна гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. ...хавтаст хэргийн материалд улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд нөхөж хийсэн баримтуудыг нотлох баримтаар гарган өгсөн байхад шүүх үнэлж дүгнэсэн нь буруу юм. Нөгөө талаас анхан шатны шүүх намайг хяналт, шалгалт явуулснаас хойш гарч ирсэн нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлсэн нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь нотлох баримтыг үнэлсэнгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүч, харилцаа холбооны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 0063561 дугаартай шийтгэлийн хуудсаар “Г-И” ХХК-ийг “...зуух нь батлагдсан зураггүй, тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй” зөрчил гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 5 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Хариуцагчаас уг шийтгэлийг оногдуулах болсон үндэслэлээ “...Эрчим хүчний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасныг зөрчиж “Г-И” ХХК нь эрх бүхий байгууллагаар хянуулж, баталгаажуулаагүй зургаар зуухыг угсарсан, зуухнууд нь ямар стандартаар хийсэн нь тодорхойгүй, механик туршилтаар сорьцоо батлуулаагүй, зуух, ус халаагуур, түүний хэсгүүдэд бат бөх, нягтыг шалгасан болон гагнуурын үзлэг хийсэн актуудыг үйлдээгүй, зуухыг үйлдвэрлэхэд хэрэглэгдсэн металл, хийц, шугам хоолойн гарал үүслийн гэрчилгээгүй, зууханд техникийн магадлал хийгээгүй байсан” гэх зэргээр тайлбарлажээ.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай үндэслэл бүрийг нарийвчлан судалж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулан, ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоосны эцэст түүнд үндэслэж шийдвэр гаргах учиртай.
Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтууд, маргаан бүхий шийтгэлийн хуудас болон хариуцагчийн тайлбараас үзэхэд “Г-И” ХХК нь ямар, ямар хууль тогтоомжийн аль хэсэгт заасан, ямар шаардлагыг хэрхэн зөрчсөн, энэ нь ямар баримтаар хэрхэн нотлогдсон болох нь ойлгомжгүй байна.
Шийтгэлийн хуудсанд бичигдсэнээр “Г-И” ХХК-ийн ашиглаж байсан зуух нь батлагдсан зураггүй нь Эрчим хүчний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д заасан “Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барилга байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж хянуулсан байна” гэснийг зөрчсөн гэх боловч хэрэгт Дундговь аймгийн Ерөнхий архитекторын баталсан, “Эрчим төсөл” ХХК-ийн боловсруулсан, Монголын барилгын зөвлөх үйлчилгээний корпорацийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр экспертизийн баталгаажуулалт хийсэн Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал сумдын нэгдсэн халаалтын шугам сүлжээний ажлын зураг авагдсан байна.
Үүнээс үзвэл, “Г-И” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үед нэгдсэн халаалтын шугам сүлжээний ажлын зураг батлагдаж, экспертизийн баталгаажуулалт хийгдсэн байсан болох нь дээрх баримтаас нотлогдож байхад хариуцагчаас холбогдох баримтыг гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр зөрчилд тооцож, шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасантай нийцэхгүй байна.
Түүнчлэн хариуцагчаас Цагаандэлгэр, Говь-Угтаал сумдын нэгдсэн халаалтын зуухнууд “гагнуурын актгүй” гэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5-д “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, хуульд заасан үүрэг, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар ашиглалт, аюулгүй ажиллагааны норм, стандарт, дүрэм, журам, Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолыг зөрчсөн, эсхүл үйлдвэрлэлийн осол, аваар гаргасан, эд хөрөнгийн хохирол учруулсан, эсхүл техникийн гэмтэл гаргахад хүргэсэн...” гэж заасан зөрчлийн аль нь болох нь ойлгомжгүй, хариуцагчаас зөрчил гэж үзсэн энэ үндэслэлийг тухайн хуулийн заалтын алинд хамааруулж шийтгэл оногдуулснаа тодорхойлж чадаагүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж, мөн хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Мөн шийтгэлийн хуудсанд “...холбогдох дүрмийн заалтыг зөрчсөн” гэж дурдсанаар ямар дүрмийн, ямар заалтыг “Г-И” ХХК зөрчсөнийг шүүхээс өөрөө тогтоохгүй, маргаан бүхий актад тодорхойлон бичсэнийг л шүүхээс үндэслэлтэй эсэхийг хянах учиртай, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны шийдвэр хуульд үндэслэх зарчимтай нийцэхгүй юм.
Захиргаанаас сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийн явуулсан үйл ажиллагаа, түүнд холбогдох үйл баримт, нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоосны дараа шийдвэрээ гаргах ёстой байтал хариуцагчаас шийтгэлийн хуудсанд дурдагдаагүй үндэслэлээр “...зуухнууд нь ямар стандартаар хийсэн нь тодорхойгүй, механик туршилтаар сорьцоо батлуулаагүй, зуух, ус халаагуур, түүний хэсгүүдэд бат бөх, нягтыг шалгасан актуудыг үйлдээгүй, зуухыг үйлдвэрлэхэд хэрэглэгдсэн металл, хийц, шугам хоолойн гарал үүслийн гэрчилгээгүй, зууханд техникийн магадлал хийгээгүй, барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комисст хүлээлгэн өгөөгүй байсан” гэж нөхөн тайлбарлан маргаж буй нь үндэслэлгүй, иймд шүүхээс эдгээр үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхээс “Г-И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүч, харилцаа холбооны улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 0063561 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэнийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Харин “Г-И” ХХК нь нэгдсэн халаалтын зуухны барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комисст хүлээлгэн өгөөгүй байхдаа үйл ажиллагаа явуулсан нь буруу хэдий ч хариуцагчаас энэ үндэслэлээр шийтгэл оногдуулаагүй, энэ талаар шийтгэлийн хуудсанд огт дурдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүч, харилцаа холбооны хяналтын улсын байцаагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН