Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00869

 

 

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/00526 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Э-ын хариуцагч “М-” ХХК-д холбогдуулан гаргасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай маргаантай хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С (цахимаар),  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие “М-” ХХК-д жолоочоор ажиллахаар болж 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тус компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажилд орсноос хойш өөрийн үүрэгт ажлыг хөдөлмөрийн гэрээ болон компанийн дотоод журамд заасны дагуу хийж гүйцэтгэж байсан бөгөөд энэ хугацаанд ажлын хариуцлага алдаагүй, сахилгын болон бусад шийтгэл авч байгаагүй. Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг надад танилцуулж, ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан. Тус тушаалд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэлээ ажлын байр хасагдсан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримталсан талаар дурджээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй" гэж заажээ. Гэтэл “М-” ХХК-ийн зүгээс надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцлах гэж буй талаараа хуульд заасны дагуу урьдчилан мэдэгдээгүй, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэнэт гэрээг дуусгавар болгох тушаалыг надад танилцуулж, ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан нь үндэслэлгүй. Иймд “М-” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан жолоочийн ажилд эгүүлэн томилуулж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ. 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Б.Э- нь манай компанид жолоочоор ажиллаж байсан ба ажлаас чөлөөлөхөөс өмнөх сүүлийн 5 сарын хугацаанд нэг ч удаа ажилд дуудан ажиллуулаагүй, цаашид тухайн орон тоо байх шаардлагагүй болсон тул ажилтантай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгааг мэдэгдэж, учир шалтгааныг ойлгуулсны үндсэн дээр ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Жолооч Б.Э- нь бидний нөхцөл байдлыг ойлгож өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөхөөр харилцан тохиролцсоны үндсэнд 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б-04 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэтэл өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж олгогдохгүй байна, мөн ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргах хугацаа хожимдуулсан тул дахин нөхөж тушаал гаргаж өгнө үү гээд 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дахиж Б-06 дугаатай тушаал гаргаж өгсөн. Ажилгүйдлийн тэтгэмж олгуулах нөхцөлийг хангах үүднээс ажил хийгээгүй байсан ч 2023 оны 03 дугаар сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгөөр тооцож нийгмийн даатгалыг төлж өгсөн. 2023 оны 02 дугаар сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгаа. Компанийн зүгээс ажилчнаа ойлгоод эрх ашгийг бүх талаараа бодолцоод хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж үзэж байгаа. Хууран мэхэлж дахин тушаал гаргуулсанд харамсалтай байна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “М-” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Э-ыг хариуцагч “М-” ХХК-ийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “М-” ХХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 10,571,428 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-т олгож, хариуцагч “М-” ХХК-д олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлөхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “М-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 184,092 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “... шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн нөхцөл байдлыг зөвтгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Учир нь хариуцагч “М-” ХХК-ийн хуульч ажилтай Г.Мөнхсүрэнд хэргийн оролцогчийн эрх үүргийг танилцуулаагүй, хэргийн материал танилцуулаагүй байх бөгөөд энэ талаар хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр хэргийн материалыг танилцаагүй орсон тухайгаа илэрхийлсээр байхад шүүх тус нөхцөл байдлыг харгалзан үзээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх нөхцөл байдал болох болно. Тодруулбал, тус хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн төлөөлөгч нь хэрэгт “...ямар бичиг баримт гаргаж өгсөн талаар сайн мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн нь тэрээр хэргийн материалтай танилцаагүй эсвэл танилцах эрхээр хангагдаагүй болохыг илтгэн харуулж байна. Мөн түүнчлэн хэрэгт авагдсан баримтын хүрээнд болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар нэхэмжлэгч Б.Э- нь 2023 оны 03 сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар анх удаа мэдсэн гэх боловч 2023 оны 03 дугаар сард түүний үндсэн цалинг 1,000,000 төгрөгөөр бус 550,000 төгрөгөөр тооцон олгосон байхад энэхүү нөхцөл байдалд гомдол гаргаагүй, нэхэмжлэлд дурдаагүй байгаа зэрэг нь хариуцагчийн төлөөлөгчийн “... Б.Э- 2023 оны 02 сарын 27-ны өдрийн Б-04 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн, ....2023 оны 03 сарын 22-ны өдөр дахиж Б-06 дугаартай тушаал гаргаж өгсөн,.. ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөлийг бүрдүүлсэн...” гэх тайлбараар нотлогдож байх бөгөөд хариуцагчийн тайлбар нь шүүхэд нотлох баримтаар үнэлэгдэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д зааснаар шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхсүрэн оролцсон. Шүүгч хариуцагч талаас хүсэлт болон шинээр гаргаж өгөх нотлох баримт байна уу гэж асуухад хариуцагч Шүүх хуралдаанд гаргах хүсэлт болон нотлох баримт байхгүй. Хэргийн материалтай танилцсан, эрх үүргээ ойлгож байгаа гэх тайлбар өгдөг. Иймд хариуцагч талын эрхийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй. Хариуцагч гомдолдоо Б.Э- жолоочоор ажиллаж байсан. Гэхдээ жолооч байхгүй үед ажиллуулж байгаагүй гэж бичсэн байдаг. Б.Э-ыг жолоочоор ажиллуулж байгаагүй ч гэсэн тушаалаа танилцуулах ёстой. Ажил олгогчийн зүгээс 02 дугаар сарын 27-ны өдрийн В/04 дугаар тушаалыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Ийм зүйл болоогүй гэдэг нь тодорхой байхад хариуцагч тал худлаа ярьдаг. Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч “М-” ХХК-д холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Хариуцагч “М-” ХХК нь нэхэмжлэгч Б.Э-тай 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь тус компанид жолоочоор ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 9, 58-61-р тал/

3.а.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан “ажлын байр хасагдсан” гэх үндэслэлийг заасан байна. Тус тушаалыг ажилтан эс зөвшөөрч маргаж байгаа тохиолдолд нотлох үүргийн хуваарилалтын дагуу ажил олгогч тушаалын хууль зүйн үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.

3.б.Нэхэмжлэгч Б.Э-ын ажиллаж байсан жолоочийн албан тушаал хариуцагч “М-” ХХК-ийн орон тооны бүтцээс хасагдсантай холбоотой баримт хэрэгт авагдаагүй буюу хариуцагч байгууллага нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

3.в.Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа тохиолдолд 30-аас доошгүй хоногийн өмнө ажилтанд мэдэгдэх үүрэгтэй. Гэвч хариуцагч “М-” ХХК нь дээрх хуульд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Б.Э-т хүргүүлсэн гэх байдал мөн тогтоогдоогүй.

3.г.Хариуцагч “М-” ХХК нь дээрх байдлаар ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлийг нотолж чадаагүй байх тул анхан шатны шүүх хариуцагч “М-” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Э-ыг хариуцагч “М-” ХХК-ийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 10,571,428 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-т олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2  дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

 

4.Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... шүүх хариуцагчийн төлөөлөгчид эрх, үүрэг, хэргийн материалыг танилцуулаагүй хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд хэргийн оролцогч нь дээрх хуульд заасан хугацааны дотор эрх, үүргээ хэрэгжүүлэх учиртай.

 

4.а.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулан, эрх, үүргийг танилцуулж хэргийг 7 сар гаруй хугацааны дараа буюу 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шийдвэрлэсэн байна. /хх-ийн 13-р тал/. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 210 гаруй хоног үргэлжилсэн байх бөгөөд энэ хугацаанд хэргийн материалтай танилцах, татгалзлаа нотлох, нотлох баримт бүрдүүлэх хариуцагч талын эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 40-41-р тал/

 

4.б.Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч “М-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхсүрэн оролцсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг, шүүх хуралдаанд даргалагчаас хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, талуудаас санал, хүсэлтийг асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрх, үүргийг ойлголоо, шүүх хуралдаанд гаргах санал хүсэлтгүй гэснээр хуралдаан үргэлжилсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон. Иймд хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

4.в.Харин анхан шатны шүүх хөдөлмөрийн эрхийн маргаан урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдсэн нөхцөл байдлыг анхааралгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон, мөн гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоогүй зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/00526 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтаас “... 43.2 ...” гэснийг хасаж, “... 158.2, 158.2.2 дахь ...” гэснийг “158.1.1 дэх” гэж өөрчилж,

2 дахь заалтын “... дурдаж ...,” гэсний дараа “түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Э-т олгож,” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЗОЛЗАЯА

           ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.ДАВААДОРЖ