Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019       04          18                                          2019/ШЦТ/99

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Догмиддорж                 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч З.Б, З.Б нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэнх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цээж овогт З.Б, Цээж овогт З.Б нарт холбогдох эрүүгийн 1921000540050 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1986 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, ..................................тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ................................ регистрийн дугаартай, Цээж овогт З.Б.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1993 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын бетон армотурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, .................................. оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, .................... регистрийн дугаартай, Цээж овогт З.Б.

            Шүүгдэгч З.Б нь З.Бтэй бүлэглэж 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Ар хоолой” гэх газраас иргэн П.Гармаа, С.Баатарчулуун, Ц.Батбаяр нарын эзэмшлийн 3 тооны адууг хулгайлж, нийт 1750000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч З.Б нь З.Бтай бүлэглэж 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Ар хоолой” гэх газраас иргэн П.Гармаа, С.Баатарчулуун, Ц.Батбаяр нарын эзэмшлийн 3 тооны адууг хулгайлж, нийт 1750000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй...” гэв.

  Шүүгдэгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй...” гэв.

 

Хохирогч П.Гармаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хот руу явсан юм. Улаанбаатар хотод байж байхад буюу 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 12 цагийн орчим манай малчин Болор-Эрдэнэ над руу залгаад манай адуунаас 3 адуу алга болсон байна гэж хэлсэн. Тухайн алдсан 3 адууны нэг нь манай буурал үрээ байсан, нөгөө 2 адуу нь Баатарчулуун, Батбаяр нарын адуунууд байсан. Тухайн үед манай малчин Болор-Эрдэнэ нь адуугаа хайж яваад Зоригтбаатарын хүүхдүүд нь авсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

Хохирогч С.Баатарчулуун мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хоёр жилийн өмнө Булган сумын алдарт уяач Ганьд гэх хүн надад хурдан удмын охин даага бэлгэнд өгснийг би Сэргэлэн сумын 2 дугаар багт нутаглах Гармаа гэх хүний малд нь тавьсан байсан юм. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Гармаагийн хамтаар Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу явж байхад Гармаа ах руу адуучин нь яриад адуу хулгайд алдагдсан байна. Хулгайд алдагдсан адуун дотор 2 жилийн өмнө надад бэлгэнд өгсөн хурдан удмын гүү байсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/

Хохирогч Ц.Батбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний өөрийн 5 тооны адуу Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутагт байх Батболд гэх айлын малд тавьсан байсан юм. Миний 5 адууны ухаа зүсмийн шүдлэн үрээ маань адуундаа тогтохгүй хойд талын Гармаа гэх айлын адуунд ижилсээд Гармаа гэх хүний адуунд нь нийлсэн байсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн орой Гармаа над руу залгаад би “Улаанбаатар хотод байна” манай адуунд байсан чиний ухаа үрээг хулгайлаад махалсан байна гэж хэлсэн. ...Нийт хохирлын мөнгө болох 1400000 төгрөг авсан. Би хохирлоо бүрэн барагдуулсан тул надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

Гэрч Э.Болор-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 08 цагийн орчим гараад адуугаа дурандаж харахад хээр азаргатай адуунаас 3 адуу дутуу байхаар нь мотоциклтой очиж хараад байхгүй байхаар нь баруун урдуур, урдуур, зүүн талаар хайж яваад байхгүй болохоор нь гэртээ байж байгаад манай гэрээс баруун хойш 2 км орчим зайд байх З.Б гэх айлаас асуухаар очиход манай адууг хараагүй гэхээр нь З.Бийн гэрээс нь гараад зам дагуу явж байхад дугуй нь хагарсан машины мөр зам хөндлөн гарч ирэхээр нь дагаад явахад З.Бийн гэрийнх нь зүүн талаас нь ирээд гэрийнх нь гадаа зогсож байгаад дугуйгаа засаад гэрээс нь урагш 200 орчим метр зайд очоод дугуйн мөрний хажууд малын шинэ сэвс байсан. Тэгээд машины дугуйн мөр нь эргэж З.Бийн гэрийн гадаа очоод урагш чигээрээ явсан мөр байсан. Тухайн үед З.Б нь худаг дээр адуугаа услаж байхаар нь очиж уулзан танайд ямар машин ирсэн, ямар хүмүүс мал махалсан талаар асуухад манайд машин ирээгүй, мөн мал махлаагүй гээд гэр рүүгээ явахаар нь араас нь дагаж яваад уяан дээр нь очоод З.Бийг гэрийнх нь урд байх малын сэвс рүү дагуулж очоод юун малын сэвс болох талаар тодруулж асуухад 3 хоногийн өмнө махалсан малын сэвс гэж хэлсэн. З.Бийн гэрт нь ороод юм ярьж байгаад гар утсаар нь яриад өгье гэж аваад залгасан дугаарыг нь харахад намайг өглөө ирээд явсны дараа З.Б гэх ах руугаа залгасан байхаар нь З.Бийг дуудаад гарч уулзаж чи манай адууг авсан нь тодорхой байна хэлчих гэхэд З.Б нь би аваагүй гээд байсан. Машины дугуйны мөр болон малын сэвс зэрэг зүйлүүд байна гээд ярилцаж байхад З.Б би танай 3 адууг авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би З.Бээс ямар машинтай ямар хүмүүс ирсэн талаар асуухад ганцаараа авсан гээд байхаар нь би гэртээ харилаа хамт авсан хүмүүсээ уулзуулаарай гээд гэртээ харьсан. Удалгүй З.Б над руу залгаад хүрээд ирээч ярих юм байна? гэхээр нь гэрт нь очиход З.Б би З.Б ахынхаа хамтаар махалсан гэж хэлсэн. Удалгүй З.Б ах нь залгаад согтуудаа адууг чинь махалсан байна учраа олъё гээд байхаар нь та нар эзэнтэй нь буюу Гармаа ахтай учраа ол гээд адууны эзэн Гармаа гэх хүнд хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

-Гэрч П.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 29/

-Гэрч Э.Наранхуягийн мэдүүлэг /хх-ийн 33/

-Гэрч З.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 34/

-Малын үнэлгээ /хх-ийн 70/

-Шүүгдэгч З.Баттулгын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 62-63/

-Шүүгдэгч З.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-65/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

              Шүүгдэгч З.Б, З.Б нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Ар хоолой” гэх газраас хохирогч П.Гармаа, С.Баатарчулуун, Ц.Батбаяр нарын эзэмшлийн 3 тооны адууг хулгайлж, нийт 1750000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч З.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Сар шинийн баяр болох гээд мөнгөний хэрэг гарсан тул хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Манай дүү З.Б нь энд хэдэн адуу байна, гэхээр нь би бариад уячих гэж хэлсэн. З.Б нь 3 тооны адууг барьсныхаа дараа дахин над руу залгаад яах вэ? гэж асуухаар нь би очихоор болсон...” гэж /хх-ийн 62-63/, шүүгдэгч З.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...манай гэрээс урд зүгт 1 км орчим зайд өөрийнхөө адууг харангаа өөр айлын 10 гаруй тооны адуу байхаар нь би гэр рүүгээ морьтой туугаад авч ирээд гэрийнхээ гадаа саравчиндаа ганцаараа хашаад дотроос нь хүрэн халзан, ухаа даага, улаан буудай зүсмийн 3 адууг барьж аваад үлдсэн адууг нь саравчнаасаа гаргасан. Тэгээд гэртээ ороод төрсөн ах З.Б руу залган ахаа би хүний 3 адуу барьчихлаа яах вэ? гэж асуухад З.Б ах ах нь жоохон байж байгаад яръя гээд утсаа таслаад удалгүй З.Б ах миний утас руу залгаад за ах нь ингээд очлоо гээд утсаа тасалсан. Тэгээд удалгүй З.Б ах над  руу дахин залган би ингээд найзтайгаа гарч байна гэж хэлсэн. ...Тэд нар ирээд манай гэрт цай уугаад З.Б ах хурдан адуугаа махалчихаад явъя хүн ирэхээс нь өмнө гээд гарцгаасан. Гараад саравчинд байх 3 адууг гаргаад гэрээс урагш 500 метр орчим зайд 3 адуугаа махалсан...” гэж /хх-ийн 64-65/, түүнийг давхар нотолсон хохирогч П.Гармаагийн өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 12 цагийн орчим манай малчин Болор-Эрдэнэ над руу залгаад манай адуунаас 3 адуу алга болсон байна гэж хэлсэн. Тухайн алдсан 3 адууны нэг нь манай буурал үрээ байсан, нөгөө 2 адуу нь Баатарчулуун, Батбаяр нарын адуунууд байсан. Тухайн үед манай малчин Болор-Эрдэнэ нь адуугаа хайж яваад Зоригтбаатарын хүүхдүүд нь авсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/, хохирогч С.Баатарчулууны өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Гармаагийн хамтаар Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу явж байхад Гармаа ах руу адуучин нь яриад адуу хулгайд алдагдсан байна. Хулгайд алдагдсан адуун дотор 2 жилийн өмнө надад бэлгэнд өгсөн хурдан удмын гүү байсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/, хохирогч Ц.Батбаярын ажиллагаанд өгсөн: “...Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн орой Гармаа над руу залгаад би Улаанбаатар хотод байна манай адуунд байсан чиний ухаа үрээг хулгайлаад махалсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/, гэрч Э.Болор-Эрдэнийн өгсөн: “...Машины дугуйны мөр болон малын сэвс зэрэг зүйлүүд байна гээд ярилцаж байхад З.Б би танай 3 адууг авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би З.Бээс ямар машинтай ямар хүмүүс ирсэн талаар асуухад ганцаараа авсан гээд байхаар нь би гэртээ харилаа хамт авсан хүмүүсээ уулзуулаарай гээд гэртээ харьсан. Удалгүй З.Б над руу залгаад хүрээд ирээч ярих юм байна? гэхээр нь гэрт нь очиход З.Б би З.Б ахынхаа хамтаар махалсан гэж хэлсэн. Удалгүй З.Б ах нь залгаад согтуудаа адууг чинь махалсан байна учраа олъё гээд байхаар нь та нар эзэнтэй нь буюу Гармаа ахтай учраа ол гээд адууны эзэн Гармаа гэх хүнд хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/, малын үнэлгээ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

   Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь хамтран гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан, гэмт халдлагыг хамтын хүчин чармайлтаар санаатайгаар үйлдсэн нь нотлогдож байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн хувьд бүлэглэн гүйцэтгэгчид гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч З.Б, З.Б нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокуророос зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд  шинжлэн судлагдсан шүүгдэгч нарын гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан ял оногдуулбал зохино.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, /хохирогч Д.Гармаад 500000 /таван зуун мянга/ төгрөг, хохирогч С.Баатарчулуунд 1 адуу болон 700000 /долоон зуун мянга/ төгрөг, хохирогч Ц.Батбаярт 1400000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг тус тус өгсөн болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдвал зохино.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч З.Баттулгын ...................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар, шүүгдэгч З.Бийн ........................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

                              

1. Шүүгдэгч Боржигон овогт З.Б, Боржигон овогт З.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б, З.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч З.Б, З.Б нарт оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.        

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч З.Б, З.Б нарт мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй /хохирогч Д.Гармаад 500000 /таван зуун мянга/ төгрөг, хохирогч С.Баатарчулуунд 1 адуу болон 700000 /долоон зуун мянга/ төгрөг, хохирогч Ц.Батбаярт 1400000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг өгсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч нарт авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч З.Баттулгын ................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар, шүүгдэгч З.Бийн ................... регистрийн дугаартай иргэний  үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР